Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01604

 

 

 

 

2023 08 14 210/МА2023/01604

 

 

Н.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/02331 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Б ,

Хариуцагч: Ц.Д

Нэхэмжлэлийн шаардлага: 186,623,803 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б , түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч Ц.Д , түүний өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2021 оны 03 дугаар сард Ц.Д той хамтарч хөрөнгө нийлүүлж, шинэ давхар чиргүүлтэй автомашин худалдан авч, тээвэр хийн, олсон ашгаа тэнцүү хуваах, хөрөнгө хүрэхгүй бол үлдсэн санхүүжилтийг зээлээр шийдэж, тээврийн орлогоосоо нэн тэргүүнд банкны зээлээ төлж, үлдсэн ашгаа ижил тэнцүү хувааж авахаар амаар тохиролцсон. Ингэхдээ зээлийн шалгуур хангаж чадах аль нэгнийхээ, эсхүл гэр бүлийн хүмүүсийнхээ нэр дээр зээлийг гаргуулан авахаар тохиролцсон.

 

1.2. М ХХК-иас ачаа тээврийн давхар чиргүүлтэй автомашиныг 77,000 юань буюу 340,000,000 орчим төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа 150,000,000 төгрөгийг тус бүр 75,000,000 төгрөг гарган, үлдэх санхүүжилтийг зээлээр шийдвэрлэхээр болсон.

 

1.3 Урьдчилгаа төлбөрт бид тус бүр 65,000,000 төгрөг гаргасан. Ц.Д нь Х банк ХХК-тай 211,600,000 төгрөгийн үнийн дүнд санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, Ц.Д нь өөрийн орон сууцыг барьцаалсан.

 

1.4 Ийнхүү бид М ХХК-иас автомашин болон тавцант хоёр ширхэг чиргүүл худалдан авсан бөгөөд тэдгээр нь Хаан банкны нэр дээр бүртгэлтэй. Тус зээлийн төлбөр бүрэн дуусмагц автомашиныг Ц.Д болон түүний заасан гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлнэ.

 

1.5 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр анхны тээвэрлэлтэд бид хамт явсан ба түүнээс хойшх бүх тээврийг миний бие хийхээр болсон. Автомашиныг анх Т ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн тээвэр хийж, дараа нь Шинэст Өргөө ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн тээвэр хийсээр өдийг хүрсэн. Өнгөрсөн 8 орчим сарын хугацаанд миний бие нийт 10 удаа тээвэрт явсан.

Энэ бүх хугацаанд тээврээ хийн олсон орлогоосоо банкны зээлээ төлж, үлдсэн мөнгийг тэнцүү хуваан авдаг байсан. Бид ойролцоогоор 260,000,000 орчим төгрөгийн орлого олсон. Үүнээс банкны зээлд 70,000,000-80,000,000 орчим төгрөгийг төлж, үлдэх 190,000,000 орчим төгрөгийг хамтран ажиллах гэрээний үр шим болгон хуваан авсан.

 

1.6 Бид үл ойлголцолын улмаас 2022 оны 05 дугаар сараас хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон тул өөрт ногдох хөрөнгийг гаргуулна.

Тус автомашин нь 2021 онд үйлдвэрлэгдсэн ба өнөөдрийн зах зээлийн ханш нь 530,000,000 төгрөг. Үүнээс Х банк ХХК-ийн зээлийн үлдэгдэл 156,752,393 төгрөгийг хасаж, үлдэх 373,247,607 төгрөгөөс өөрт ногдох 50 хувь болох 186,623,803 төгрөгийг Ц.Д оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие Н.Б аас 63,000,000 төгрөг зээлсэн. Н.Б нь 2021 он дуустал миний өмчлөлийн дээрх автомашиныг жолоодож, бид ашгаа хуваахаар тохиролцсон.

2.2 Тухайн автомашин бидний дундын өмч биш. 2021 он дуустал автомашины зээлийн төлбөрт Н.Б нь төлбөр төлж байгаагүй. Хэрэв бид дундаа автомашин авсан бол зээлийн төлбөрийг Н.Б төлөх байсан. Тэрээр автомашинд оруулсан 63,000,000 төгрөгөө хоёр нугалаад олсон тул ...хамтарч ажиллахаа больё гэж түүнд хэлсэн.

2.3. Фидуцийн гэрээ миний нэр дээр байдаг ба автомашиныг 343,100,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл нэхэмжлэгч нь автомашины үнийг 530,000,000 төгрөг гэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь өөрийн биш эд хөрөнгөнийн үр ашгийг бусдаас шаардах эрхгүй гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Х банк ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

3.1. Ц.Д нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж, том оврын автомашиныг чиргүүлийн хамт авсан. Тус зээлийн барьцаанд худалдан авч байгаа том оврын автомашиныг чиргүүлийн хамт фидуцийн гэрээнд барьцаалуулсан. Нэхэмжлэгч нь Х банк ХХК болон Ц.Д нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргаан гаргаагүй гэж үзэж байна.

Иймд шүүхээс тус хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Д ид холбогдох, хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хувь 186,623,803 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,107,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх Харин хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурьдагдаж буй, Н.Б ыг жолоочоор ажиллуулж, тээврийн хэрэгслийг худалдан авахад урьдчилгаанд өгсөн 63,000,000 төгрөгийг хоёр дахин их болгож өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй" гэх дүгнэлт нь хариуцагчийн тайлбар татгалзлыг дэмжсэн, талуудын маргаагүй нэхэмжлэгч талд ашигтай нөхцөл байдлыг зориуд үгүйсгэж хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарласан.

Талууд автомашны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн үлдэх, төлбөрийг хамтран ажиллагч Ц.Д ийн нэр дээр зээлээр авахаар тохиролцсоны дагуу зээл авч, улмаар хамтын ажиллагааг эрхлэн ашиг олж зээлийн эргэн төлөлтөө төлж хуваан хүртэж Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллаж байсан нь гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар, шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилгаа төлбөрийг төлсөн болон талуудын харилцаж байсан мессеж чат, машинаа хамтран хүлээж авах үеийн фото зураг, олсон ашгийг хуваасан талаарх тооцооны бүртгэл зэрэг баримтуудаар нотлогдсон.

5.2. Анхан шатны шүүх гэрчид хууль сануулан мэдүүлэг авсан атлаа гэрч Б.Эрдэнэчимэгийн мэдүүлгийг эх сурвалж тодорхой бус гэж хуульд заагаагүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

5.3. Ц.Д болон Х банк ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь дангаараа татгалзлын үндэслэлийг нотлохгүй.

5.4. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа талуудын хооронд ямар харилцаа үүссэн болохыг дүгнээгүй, хамтран ажиллах хүртэлх хугацаанд олсон орлогоо хувааж авч байсан үйл баримтад нэхэмжлэгч тал маргаагүйг хэрхэн дүгнэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй.

5.5. Шүүх зөвхөн шаардлагыг үгүйсгэсэн байдлаар дүгнэлт хийж, хэрэг маргааныг шийдвэрлэснээс гадна шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа ...Ц.Д нь 63,000,000 төгрөгийг зээл байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж нотлоогүй гэж хэлсэн. Гэвч шүүхийн шийдвэр бичгээр гарахдаа энэ талаар дурдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж. нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

6.1. Тээврийн хэрэгслийг хамтарч худалдаж авснаар, үүрэг хариуцлагын асуудал яригдах ба Н.Б тээврийн хэрэгсэл худалдаж авахад урьдчилгаа төлбөрийг тэнцүү хуваасан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан 5 удаагийн дансны гүйлгээгээр Н.Б ын мөнгийг тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахад хэрэглээгүй.

 

6.2. Х банк ХХК-тай байгуулсан гэрээ болон бусад даатгалын гэрээний харилцааны үүргийг Ц.Д хүлээж байсан. Хамтран ажиллах гэрээ байгуулсан бол зээлийн харилцаанд үүрэг хүлээх этгээд нь Ц.Д болон хоёр, гуравдагч этгээд зайлшгүй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Н.Б болон Ц.Д нар санхүүгийн түрээсийн гэрээнд хамтран оролцох ёстой байсан.

Санхүүгийн түрээсийн гэрээгээр Ц.Д сард 7,800,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Ц.Д ганцаараа байгуулсан. Ц.Д өөрийн хамтран амьдрагч н.Дэжидмаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн. н.Дэжидмаа үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж буй үйлдэл нь Н.Б ын өмнөөс хариуцлага хүлээгээгүй.

 

6.3. Тээврийн хэрэгслийг худалдаж авах төлбөрийг Ц.Д 100 хувь хариуцан Х банк ХХК-аас зээл авч төлж байсан. Харин Н.Б аас 63,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний харилцаа үүссэн. Талуудын хооронд зээлийн гэрээний болон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн.

 

6.4. Нэхэмжлэгч өөрийн эхнэр, дүүг гэрчээр асуулгаж, хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж хэлүүлдэг. Энэ хоёр гэрч ямар гэрээ байгуулагдсан, тээврийн хэрэгслийн улсын дугаар, өнгө болон хэдэн төгрөгийн ашиг орлого хувааж байгаа, хэдэн төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авахад зарцуулсан талаар мэдүүлдэггүй. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заагаагүй тохиолдолд гэрчийн мэдүүлэг нотолгооны байдлаа алдана.

 

6.5. Нэхэмжлэгч гэрэл зураг, өөрсдийн тооцоолсон эргэн төлөлтийн хуваарь, нотлох баримтын шаардлага хангахгүй мессеж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх эдгээр 3 нотлох баримтыг үнэлэх боломжгүй талаар тайлбарласан.

 

6.6. Мөнгөн гүйлгээний дансны хуулга, Ш ХХК-ийн мөнгө шилжүүлсэн баримтууд болон албан мэдэгдэлээр Н.Б 2, 3 удаа мөнгө авсан нь тогтоогддог. Ш ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1/28 тоот тодорхойлолтод ...Н.Б руу шилжүүлсэн мөнгө нь Ц.Д ийн тээврийн хэрэгслийг ашиглуулсны хөлс гэдгийг үүгээр дахин мэдэгдэж байна гэдэг.

 

6.7. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэрээ байгуулсан гэх баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ц.Д ид холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 186,623,803 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай хамтран ажиллахаар харилцан тохиролцож, тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт 63,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн, улмаар автомашинаар ачаа тээвэрлэлт хийж, ашгийн тодорхой хэсгээр зээлээ төлж, үлдэх хэсгийг талууд хуваан авч байсан... гэж тайлбарласан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...тээврийн хэрэгслийг худалдан авахаар Н.Б аас 63,000,000 төгрөг зээлсэн, түүнд уг мөнгийг нугалаад буцаан өгсөн, түүнтэй хамтран ажиллаагүй, жолоочоор ажиллуулдаг байсан, тухайн автомашиныг Х банк ХХК-ийн санхүүгийн зээлийн гэрээгээр худалдан авсан гэж үгүйсгэсэн.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн харилцаанд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар залруулан дүгнэнэ.

 

4. Талууд хамтран ажилласан эсэх, нэхэмжлэгчээс 63,000,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний хураамжид тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулж хариуцагчид өгсөн эсэх, тээврийн хэрэгсэл нь хамтран ажиллах явцад үүссэн дундын хөрөнгө мөн эсэх, нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн үнийг буцаан төлж байсан эсэх, нэхэмжлэгч нь дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх, тээврийн хэрэгслийн бодит үнэ цэнэ нь маргааны зүйл болжээ.

 

5. Х банк ХХК болон М ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 5006 дугаартай худалдах-худалдан авах гэрээнд худалдан авагч Х банк ХХК нь санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах зорилгоор маргааны зүйл болсон 00-00 *** улсын дугаартай, ** маркийн зүтгүүр, **-** МЧ улсын дугаартай, ***** маркийн тавцант чиргүүл, **-** ТЧ улсын дугаартай, *****1 маркийн тавцант чиргүүлийг нийт 770,000 юанаар худалдан авах, худалдагч М ХХК нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан борлуулах үүргийг тус тус хүлээхээр заасан. /1хх87-88,150-152/

 

6. Түүнчлэн, Х банк ХХК, Ц.Д нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ/202146346852 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд дээрх тээврийн хэрэгслийг түрээслүүлэгч Х банк ХХК нь түрээслэгч Ц.Д ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч 211,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй төлөхөөр заасан. /1хх 95-99, 169-173/

 

7. Маргааны зүйл болох дээрх 1 ширхэг зүтгүүр, 2 ширхэг тавцант чиргүүлийг М ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ц.Д ид хүлээлгэн өгсөн, Ц.Д нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 341,438,940 төгрөгийг М ХХК-д шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх 91, 92/

 

8. Дээрх тээврийн хэрэгслийг М ХХК-аас худалдан авах үнэ болох 770,000 юанийн урьдчилгаа төлбөрийн зарим хэсэг болох 63,000,000 төгрөгийг хариуцагч, үлдэх хэсэг болох 63,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр, үлдэх төлбөрийг хариуцагч болон Х банк ХХК-ийн хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 211,600,000 төгрөгөөр худалдагч М ХХК-д төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

8.1 Хэргийн 48-49, 214-216 дахь талд авагдсан Н.Б ын гадаад паспортын хуулбар, 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны нүүрс тээврийн тооцоог нэгтгэсэн баримтын жагсаалт болон Ж ХХК, Х ХХК, Ш ХХК, Т ХХК, У ХХК, М ХХК-уудын пүүний баримт зэргээр уг хугацаанд тус тээврийн хэрэгслээр нэхэмжлэгч ачаа тээврийг гардан гүйцэтгэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслээр 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарыг дуусталх хугацаанд ачаа тээвэрлэсэн ажлын хөлсийг тээвэрлүүлэгчээс Х банк ХХК дахь нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд болох н.Э ийн эзэмшлийн данс болон хариуцагчийн дансууд руу, мөн н.Э нь тухайн мөнгөн хөрөнгөөс хариуцагчийн данс руу тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /1хх 9-17, 117-132, 217-221/

 

8.2 Хариуцагч нь ...нэхэмжлэгчээс дээрх 63,000,000 мөнгөн хөрөнгийг зээлсэн, ...түүнийг жолоочоор ажиллуулж тухайн зээлийг буцаан төлсөн гэх татгалзал болон тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг харьцуулан дүгнээд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, талууд тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг худалдан авах үнийн урьдчилгаа төлбөрийг тэцүүү хэмжээгээр буюу тус бүр 63,000,000 төгрөгийг хамтран ажиллах хураамжид төлсөн, мөн үлдэх үнийг хариуцагч нь Х банк ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлснөөр талуудын дундын эд хөрөнгө бий болсон байна. Улмаар нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт хийсэн ажлын хөлсийг хариуцагчид шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

 

9. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар талууд хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хамтран ажиллах гэрээ дуугавар болох бөгөөд мөн зүйлийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.

9.1 Талууд 2022 оны 05 дугаар сараас хамтран ажиллах боломжгүй болсон, тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд байгаа талаар зохигч маргаагүй.

9.2 А ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлангаар маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн нийт үнэ цэнийг мөн өдрийн байдлаар 530,000,000 төгрөгөөр, харин Х ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлангаар 295,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /1хх 53-58, 2хх 24-33/

Нэхэмжлэгч нь А ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний тайланг үндэслэн тээврийн хэрэгслийн нийт үнийг 530,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна. /1хх 53-58/ Учир нь, тухайн тээврийн хэрэгслийг талууд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нийт 341,438,940 төгрөөр худалдан авч, 2022 оны 05 дугаар сар хүртэл ачаа тээвэрлэсэн байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнэ цэнийг нэхэмжлэгч нь анх шинээр худалдаж авсан үнэ цэнээс илүү үнээр тодорхойлсон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Харин хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн Х ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлан буюу тээврийн хэрэгслийн үнийг 295,000,000 төгрөгөөр тодорхойлсон нь анх худалдаж авсан үнэ болон ашигласан хугацаатай харьцуулахад бодит үнэ цэнэ гэж үзэхээр байна.

9.3 Х банк ХХК болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/202146346852 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний үлдэх үүрэг буюу гэрээний хугацаанд гүйцэтгэвэл зохих үүрэг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 156,752,393 төгрөг байгаа талаар хариуцагч, гуравдагч этгээд нар маргаагүй. /1хх 173/

9.4 Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар 00-00 *** улсын дугаартай, ** маркийн зүтгүүр, **-** МЧ улсын дугаартай, ***** маркийн тавцант чиргүүл, **-** ТЧ улсын дугаартай, *****1 маркийн тавцант чиргүүлийн нийт үнэ цэнэ болох 295,000,000 төгрөгөөс санхүүгийн түрээсийн гэрээний үлдэх үүрэг болох 156,752,393 төгрөгийг хасаж, үлдэх 138,247,607 төгрөгийн 50 хувь болох 69,123,803 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрч байж болохоор зохицуулсан. Анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгийг хэргийн үйл баримтыг нотлоогүй, мэдүүлгийн эх сурвалж тодорхой бус гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч талын энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо Ц.Д нь 63,000,000 төгрөгийг зээл байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж нотлоогүй гэж хэлсэн атлаа бичгээр гаргасан шийдвэрт энэ талаар дурдаагүй гэх гомдол нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гомдлыг хангах үндэслэлгүй.

 

12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагчаас 69,123,803 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/02331 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д оос 69,123,803 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 117,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...56.1 гэснийг ...56.2 гэж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагчаас 503,569 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоусгай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,107,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН