Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01610

 

2023 08 16 210/МА2023/01610

 

 

Б.Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/02882 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Ц ,

Хариуцагч: М ТӨХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 101,398,129 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие Б УТҮГ-ын даргаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр томилогдон ажилласан бөгөөд М газрын даргатай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр контрактын гэрээ байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б УТҮГ-ыг өөрчлөн зохион байгуулж, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосон.

 

1.2 М газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар намайг мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, контрактын гэрээг цуцалсан. Уг тушаалыг М газар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гардуулан өгч мэдэгдсэн.

 

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Х-ийнын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Б" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 2.1, Контрактын гэрээний 4.4-т заасныг тус тус үндэслэл болгосон.

 

1.2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41.1.3-т зааснаар контрактад заасан үндэслэл бий болсон шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1.3-т ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу контрактыг цуцалж байгаа тухайгаа ажилтанд 2 сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй боловч энэхүү хуулийн заалт огт хэрэгжээгүй.

 

1.2.2 Х-ийнын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Б УТҮГ-ын дүрмийн 2.1-д зааснаар Б үйлдвэрийн даргыг зөвхөн М газрын дарга томилох эрхтэй бөгөөд чөлөөлөх эрхийг олгоогүй.

 

1.2.3 Миний бие 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл эмнэлгийн магадалгаатай байсан бөгөөд үүнээс хойш хязгаарлалтад байсан. Энэ талаар шинжилгээний хуудас, магадалгааг ажил олгогчид явуулж мэдэгдсэн байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.5, Корона вируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.2.5-д заасныг зөрчсөн.

 

1.2.4 Контрактын гэрээний 4.1, 4.4-т тус тус заасны дагуу гэрээг 2 жилээр дүгнэх бөгөөд хугацаанаас цуцлах тохиолдолд гэрээг заавал дүгнэсэн байх зохицуулалттай. Гэтэл контрактын гэрээг дүгнээгүй, дүгнэх талаар надад огт мэдэгдэлгүйгээр гэрээг шууд цуцалсан. Б улсын төсөвт үйлдвэрийн газар хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилсөн нь контрактын гэрээг үндэслэл болохгүй бөгөөд улсын бүртгэлд энэ байгууллагын регистрийн дугаар хэвээрээ, зөвхөн хэлбэр өөрчлөгдсөн.

 

1.3 Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 101,398,129 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М газрын татгалзал, тайлбарын агуулга:

2.1 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б ТӨААТҮГ-ыг Б ТӨХХК болгон өөрчлөн зохион байгуулсан.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Х-ийнын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-08 дугаар тушаалаар ажлын хэсэг томилсон. Тус ажлын хэсэг 2021 оны 07 дугаар сард хаалтын балансыг баталж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд Б ТӨХХК-ийг бүртгүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Б ТӨХХК-ийн дүрмийн 9.1, 9.2-т заасны дагуу гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл томилох тул урьд үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Б.Ц г чөлөөлсөн.

 

2.2 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор Б төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулж Гүйцэтгэх удирдлагыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд томилж чөлөөлөхөөр дүрэмд өөрчлөлт оруулсан тул контрактын гэрээг дүгнэж улсын төсөвт үйлдвэрийн газрын даргыг чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Б ТӨХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1 Б.Ц г М газрын даргын тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б УТҮГ-ын даргаар томилж, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр контрактын гэрээ байгуулсан. Улмаар түүнийг мөн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, контрактын гэрээг цуцалсан.

3.2 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Б төрийн өмчит /ХХК/ буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулж, компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Х яам байхаар тогтоож, компанийн дүрмийг баталсан.

Үүнээс хойшхи хугацаанд Б ТӨХХК нь Монгол Улсын Засгийн газраас баталсан дүрмийн дагуу хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэн ТУЗ-ийн шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулж, компанийн гүйцэтгэх удирдлагаа томилон ажиллуулж байгаа. Иймд Б ТӨХХК нь уг маргаанд хариуцвал зохих этгээд биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч М ТӨХХК-д холбогдох Б улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 101,398,129 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх хамтран хариуцагчтай маргаанд ажил олгогчийг тодорхойлоогүй.

5.2 Хэрэгт авагдсан контрактын гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг дүгнэх, цуцлах журмыг шүүх анхаарч үзээгүй. Зөвхөн төрийн өмчит хуулийн этгээд хэлбэрээ өөрчилж байгаа тул контрактын гэрээг дүгнэх, гэрээнд заасны дагуу цуцлах, гэрээ цуцлах мэдэгдлийг хуульд заасан хугацаанд ажилтанд өгөх шаардлаггүй хууль зөрчөөгүй гэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1 Төсвийн тухай хуулиар Засгийн газар нь төрийн өмчийн хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах эрхтэй. Энэ дагуу гарсан Засгийн газар тогтоолыг Х хэрэгжүүлэхдээ тушаал гарган ажлын хэсэг томилсон. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Б.Ц байсан тул бүтцийн өөрчлөлтийн талаар мэдэж байсан. Б.Ц г 06 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаатай байснаас хойш түүнийг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийг өвчтэй байхад нь ажлаас чөлөөлсөн гэх тайлбар үндэслэлгүй.

6.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн гэх үндэслэлийг тушаалд баримталсан нь хууль зөрчөөгүй. Контрактын гэрээг дүгнээгүй нь Б.Ц г ажлаас чөлөөлсөн тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч М ТӨХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 101,398,129 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1 М газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар Б.Ц г Б улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар түүнийг тус үйлдвэрийн даргын албан тушаалд томилж, контрактын гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар, М газар, Б улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Б.Ц той 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр контрактын гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Ц Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг М газрын харьяа Б улсын төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай ажиллахаар тохиролцсон байна.

 

3.2 М газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар Б улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Б.Ц г мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, контрактын гэрээг цуцалжээ. /хх165/ Уг тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41.1.3, Хүнс, хөдөө аж ахуй, хөрнөг үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт Б улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 2.1, Контрактын гэрээний 4.4-т заасныг үндэслэл болгосон байна. /хх5/

 

4. Анхан шатны шүүх маргааны зүйлд хамаарах хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

4.1 Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлөх тухай М газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгохоор маргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

 

4.2 Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2021/12117 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. /хх 29/

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд мөн зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. Түүнчлэн, мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

 

Нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын хугацааг мөн өдрөөс тооцно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай.

 

4.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2021/20306 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. /хх 32/

 

Дээрх захирамжаар нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хугацааг дахин шинээр эхлэн тооцох 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хуульд заасан нэг сарын хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гарсан гэж үзэх үндэслэлийг нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2021/20306 дугаар захирамж нотолж чадахгүй байна.

 

Иймд шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно. Мөн энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай хэрэгт ажил олгогчийг тодорхойлолгүй хэргийг шийдвэрлэсэн, контрактын гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг дүгнэх, цуцлах журмыг анхаараагүй гэх агуулгатай гомдлыг хангахгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/02882 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...128 дугаар зүйлийн 128.1.2-т гэснийг ...129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН