Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

А.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

ялтан А.Эрдэнэбатын өмгөөлөгч З.Ганчимэг,

хохирогч С.Хишигдэлгэр,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Эрдэнэбатын өмгөөлөгч З.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201625022592 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хариад овогт Аюулгүйн Эрдэнэбат, 1988 оны 6 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Манхайттан лоунж”-ийн тогооч ажилтай байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны 96 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП88060958/;

            А.Эрдэнэбат нь 2016 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Түшиг” төвийн урд талд С.Хишигдэлгэрийг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: А.Эрдэнэбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, А.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Эрдэнэбатаас 400.000 төгрөг гаргуулан хохирогч С.Хишигдэлгэрт олгож, А.Эрдэнэбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан А.Эрдэнэбатын өмгөөлөгч З.Ганчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол гарсны дараа А.Эрдэнэбат хохирлыг хохирогч С.Хишигдэлгэрт бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж гэм хорыг арилгасан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ. Иймд А.Эрдэнэбатад холбогдуулж Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч С.Хишигдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол, саналгүй, эвлэрсэн...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг бүртгэлтийн шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт А.Эрдэнэбатын гэм буруугийн асуудал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй учраас хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй, 80.1.3 дахь хэсэгт гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг нотолно гэсэн заалтуудыг хангаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

             Тээврийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 3061 дугаартай прокурорын тогтоолоор “А.Эрдэнэбатад зам тээврийн осолтой холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, захиргааны арга хэмжээ ногдуулахыг даалгасан” байх бөгөөд прокурорын тогтоол хэрхэн биелэгдсэн нь тодорхойгүй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулагдсан газар А.Эрдэнэбат бусдыг зодсон нь нийгмийн хэв журам ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Ийм байхад зөвхөн түүний үйлдлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзсэн нь буруу ба хуулийг буруу хэрэглэхэд хүргэжээ.

             А.Эрдэнэбатад холбогдох хэргийн сэдэлт, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд зэргийг эргэлзээгүй нэг мөр тогтоосны эцэст хэргийг зүйлчлэх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх А.Эрдэнэбатад баривчлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгах” заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан нь буруу болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201625022592 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол А.Эрдэнэбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

        

                                    ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХТУУЛ

 

                                                                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ