Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 84

 

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, хохирогч С.Б-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 133 шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Д.М-д холбогдох хэргийг хохирогч С.Б-н гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 3 дугаар багийн “Доод хөшиг” гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Д-н М-.

Д.М- нь 2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас Булган аймгийн чиглэлд 90-23 БУЛ дугаартай “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Ханжаргалант” гэх газарт өмнөх тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа эсрэг чиглэлд Б.Г-ийн жолоодож явсан 10-16 ХӨҮ дугаартай “Toyota Probox загварын тээврийн хэрэгслийг мөргөн уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Д.О-, А.Б-, нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Б-, Н.Б-, Г.С- нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, Б.Г-ийн тээврийн хэрэгсэлд 8,017,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-аас нийт 12,685,313 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О-т 385,248 төгрөгийг, хохирогч С.Б-д 1,849,851 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Б-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д 1,454,931 төгрөгийг, хохирогч А.Б-д 977,783 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Г-д 8,017,500 төгрөгийг тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хэрэгсэхгүй болгож, тэдгээр нь бусад холбогдох зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

3 дахь заалтыг “Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж,

4 дэх заалтад “Шүүгдэгч Д.М-ыг нь шүүхээс тэнссэн тодорхой хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.” гэж нэмж,

4, 5, 6, 7, 8 дугаар заалтыг 5, 6, 7, 8, 9 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч С.Б- гаргасан гомдолдоо “...Ослын улмаас хэвтэрт орж, одоо явж чадахаа больж, цаашид урьдынх шигээ эрүүл саруул хөл дээрээ босох боломжгүй. Шүүгдэгч Д.М-ад гомдол санал байхгүй гэж бичгээр илэрхийлсэн хүсэлт гаргаж уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, гомдолтой байхад давж заалдах шатны шүүх хохирогч гомдолгүй гэсэн үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч болон түүний ар гэр одоо болтол миний гэм хорыг арилгаагүй доромжилж тавладаг. Би энэ этгээдээс болж үүрд тахир дутуу болж залуу насаа эмгэнэлт байдлаар дуусгах болсон нь хавтаст хэрэгт авагдаж, тогтоогдсон байтал давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Би Д.М-аас болж амь амьдралгүй болж сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохирч, хүний асаргаанд байсаар насаа дуусгах байтал энэ ялтан гомдолгүй гэсэн хуурамч нотлох баримт бүрдүүлж, намайг доромжлон тавлаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, миний эрүүл мэндийн хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Одонсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, шүүгдэгч Д.М-ыг тэнсэж шийдвэрлэсэн нь гэмт үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарт тохироогүй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдалд нийцээгүй байна. Д.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан. Тухайн гэмт хэрэг нь болгоомжгүй боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн нөхцөл байдалд нөлөөлж байгаа учир тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч С.Б-н гаргасан гомдлыг үндэслэн Д.М-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг чиглэлд явсан тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгслийн жолоочийн эрүүл мэндэд хөнгөн, зорчиж явсан 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, тээврийн хэрэгсэлд нь 8,017,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн байна.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах нь шүүхийн үүрэг бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Дээрх үндэслэл шалгуурын дагуу дүгнэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Учир нь тус шүүх хохирогч С.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй, түүнийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулж, ингэхдээ уг гэмт хэргийн улмаас хохирсон нэр бүхий 5 хохирогчийн хүсэлт, гомдол бүрийг нэг бүрчлэн дүгнэлгүй, “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж, улмаар шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.  

Тухайлбал, давж заалдах шатны шүүх уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаарх дүгнэлтийг бүрэн гүйцэд хийлгүйгээр, анхан шатны шүүхээс зарим нэгэн хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг шүүгдэгч Д.М- төлсөн талаар баримтуудыг дүгнэснээр хязгаарлаж, харин хохирогч С.Б-н хууль ёсны эрх ашигт хамаарах асуудлаар ямар нэгэн дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн барагдуулсан гэж хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх Д.М-д холбогдох хэргийн шинжийг тодорхойлон бичихдээ түүнийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт огт хамаарахгүй буюу хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.3 болон уг хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг бүрдүүлж байна.

Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан хохирогч С.Б-н гомдлыг хүлээн авч магадлалыг хүчингүй болгож, Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 133 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэх хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                    Б.БАТЦЭРЭН

                                    Ч.ХОСБАЯР

                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН