Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 133

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд  даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Д.О , С.Б , А.Б , Г.С , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б , иргэний нэхэмжлэгч Б.Г ,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Д.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М ад холбогдох эрүүгийн 2015000700076 дугаартай, 163/2020/0127/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ... газарт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Э овогт Д.М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М ын өгсөн: Булган аймгийн ХутагӨндөр суманд байрлах гэрээсээ гараад найзындаа жаахан пиво уучихаад Булган сум руу явсан. Явж байх замдаа пиво уусан байсан. Машин жолоодож чадна гэж бодож байсан. Тэгээд явж байх замдаа том оврын машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад урдаас ирсэн машиныг мөргөсөн. Би хол явж байна гэж харсан. Миний буруутай үйлдлээс болсон. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О ийн өгсөн: Би Хөвсгөл аймгийн Тариалан сум орох гэж яваад осолд орсон. Эмчилгээний зардал, замын зардалд нийт 5000000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед цалингийн зээлээ төлж чадахгүй байсан. Цалин 467000 төгрөг. Энэ хугацааны цалингаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б ийн өгсөн: Хутаг-Өндөр сум руу орно гэхэд “замд буучих” гэсэн. Өглөө 10-11 цагийн хооронд гэрээсээ гараад өдөр 2-3 цагийн үед хотоос гарсан. Шөнө 23:40 минутын үед “Арвай” зоогийн газарт хоол, цай уугаад цаашаа хөдөлсөн. 20 км орчим явж байтал эсрэг урсгалаас машин гарч ирээд мөргөлдсөн. Ухаан эрүүл байсан. Бага зэрэг шоконд орсон. Би суудлын бүсэнд боогдсон бөгөөд нуруунаас их өвдөж байсан. Миний бүсийг М  хутгаар огтлоод замын хүний машинтай эмнэлэгт хүргэж өгсөн. Замдаа түргэнд дуудлага өгсөн. Яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр өдөр маш их зовиуртай байсан. 2 дугаар сарын 5-ны өдөр яаралтай хагалгаанд ор гээд зардлыг М  гаргаж өгсөн. 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр яаралтайгаар хагалгаанд орсон. Данснаас 5 022 758 төгрөг гарсан. Ослоос болж маш олон зүйл гэмтсэн. Аарцаг, нуруу, хавирга гэмтсэн. Надаас нийт эмчилгээний зардал болон замын зардалд 7 000 000 төгрөг гарсан. Эмчилгээ дутуу хийгдсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмнэлгээс гарсны дараа сувилалд хэвтэх байсан. Гэр бүлийнхэн маань зээл авч эмчилгээ хийлгэсэн. Санхүүгийн маш хүнд байдалд орсон. 6 дугаар сарын 3-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 6 сараар тогтоосон. Цаашид хэр сунгахыг мэдэхгүй. Би одоо 18 настай. 1 000 000 төгрөг авсан. Одоо 6000000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б гийн өгсөн: Би жолоочийн зүүн хойно сууж байсан. Унтаж байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй. Нийт 7 000 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: хүн хөлсөлж ямаа самнуулсны хөлс, мал хариулсан хөлс 900 000 төгрөг нэхэмжилж байна. Унааны баримт хавсаргасан байгаа. Эмнэлгийн эм тарианы баримт байгаа. Урьдчилж өгсөн баримт байгаа.

Сүүлийн баримт эмнэлэгт хэвтсэн баримтууд байгаа юм гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.С гийн өгсөн: Хөвсгөл аймаг явах зар тавиад 12 цагийн үед гэрээс авсан. Болсон үйл явдлыг санахгүй байна. Эмнэлэг дээр ирснээ мэднэ. Уушги бяцарсан. Эмнэлэгт 16 хоног хэвтсэн. 5000000 төгрөгөөс 2400000 авсан. Одоо 2600000 нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б гийн өгсөн: Би яваагүй болохоор мэдэхгүй. Гэмтлийн эмнэлэг дээр ирж уулзсан. Гомдолтой байна. Өөрөө нялх хүүхэдтэй хүн байж нэг ч удаа яриагүй. Эгч нь нэг удаа ирсэн. Хувийн эмнэлэгт байхад 300000 төгрөг өгсөн. “Яасан, юу болж байна” гэж нэг ч удаа яриагүй. Би ажилтай болохоор эгчтэйгээ хөдөө яваад замд ийм зүйл болсон. Хүүхдээ харах гэж ажлаасаа нэг сарын цалингүй чөлөө авсан. Нэг сар цалинтай чөлөө авсан. Бүх мөнгөөрөө эмчилгээ хийлгэсэн. Нийт 5 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоо байнга хамраас нь цус гарч байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Г ийн өгсөн: 2 дугаар сарын 4-ний өдөр 23 цаг өнгөрөөгөөд “Арвай” зоогийн газарт хоол идчихээд хөдөлсөн. Миний өөдөөс том ачааны машин гарч ирээд зөрсөн. Хойноос нь М  гүйцэж түрүүлэх үйлдлээ буруу хийсний улмаас миний урдаас мөргөсөн. Осол болсны дараа буугаад хүмүүсээ гаргасан. Тэр хооронд М  ирсэн. Тэгээд хойно явсан 2 машин ирсэн. Тэгээд тэр 2 машинаар хүмүүсээ эмнэлэг рүү явуулсан. М ын эхнэр хүүхэд багтаагүй. Миний араас ирсэн жижиг машиныг гуйж эхнэр хүүхдийг нь явуулсан. Түлүүгийн давааны цаанаас цагдаа нар ирсэн. Цагдаа ирээд “хүмүүсээ яасан юм” гэж асуугаад бид хоёрыг эмнэлэг авч яваад цусны шинжилгээ авсан. Үүр цайж байхад цагдаа нартай хэргийн газрын үзлэг хийсэн. Лхагвадорж гэж байцаагч дээр байцаалт өгөөд намайг явж болно гэсэн. Булганд нийт 5 дахь удаагаа ирж байна. Албан журмаар 3 удаа, хувийн журмаар 2 удаа ирсэн. Одоогоор машиныхаа үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг нэхэмжилнэ.

Энэ хүнээс болж ар гэрийн зөрчилдөөн нэмэгдээд байна. Хувийн журмаар гэр оронд үүсэж байгаа маргаанаас болж ирсэн. Машинаа хурдан засуулмаар байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөнгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000700076 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М  нь 2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас Булган аймгийн чиглэлд **-** БУЛ улсын дугаартай, “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож явахдаа Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Ханжаргалант гэх газарт өмнөх тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд Б.Г ийн жолоодож явсан **-** ХӨҮ улсын дугаартай, “Toyota Probox” загварын, 4 том хүн, 2 хүүхэд бүхий зорчигч тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Г ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Д.О , А.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Б , Н.Б , Г.С  нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учруулж, **-** ХӨҮ улсын дугаартай, “Toyota Probox” загварын тээврийн хэрэгсэлд 8017500 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд:  2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн буюу зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн: “хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын нутаг байх ба Булган аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун явсан асфальтан зам дагуу 22 км гэсэн шонгийн ойролцоо асфальтан зам дээр болсон байв. Осол болсон гэх газар нь үзэгдэх орчин чөлөөтэй, асфальтан зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй, хуурай бөгөөд уг осол болсон гэх асфальтан замаас баруун, зүүн тийш 100 метрийн газарт ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10 тал/,

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15 тал/,

Хохирогч Д.О ийн өгсөн: “...Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Тариалан сум орох зарын дагуу замын унаа болох **-** ХӨА улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” загварын тээврийн хэрэгсэлд сууж явсан юм. Тэгээд замдаа би унтаж сэрээд явсан. Гэнэт их чимээ гараад сэрэхэд ухаан санаа орж гараад бие суларч, толгой дүүрээд хамаг бие хөндүүрлэж өвдөж байсан. Би тухайн зам тээврийн осол гарах үед **-** ХӨҮ улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн харалдаа арын суудалд зорчиж явсан бөгөөд жолооч бид хоёроос гадна тээврийн хэрэгсэлд 3 том хүн, 2 хүүхэд зорчиж явсан. Тээврийн хэрэгслийг жолооч Б.Г  жолоодож явсан. …Зам тээврийн ослын улмаас миний нүүрний зүүн талын хацар, шанаа хэсэгт махны тасрал, хөхрөлт үүссэн, баруун хөлний шагай мултарч шилбэний яс хугарч няцарсан, зүүн шилбэ хөхөрч хавдсан. Миний ойлголтоор бол миний сууж явсан **-** ХӨҮ улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” загварын тээврийн хэрэгслийг **-** БУЛ улсын дугаартай “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөсөн нөхцөл байдалтай байсан. ...Одоогийн байдлаар миний эмчилгээний зардалд зөвхөн 2000000 төгрөгийн зардал гарч байгаа бөгөөд би 7 хоногт багадаа 1-2 удаа Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж үзүүлдэг, нэг удаа явахдаа 50000-60000 төгрөгийн зардал гаргаж байна. Цаашид хэзээ ажилдаа орохоо мэдэхгүй, одоо болтол цалингаа авч чадаагүй цалингийн зээлээ төлж чадахгүй байна. Иймд дээрх хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй.

...Ойролцоогоор 5 сая төгрөг нэхэмжилмээр байна. ...Надад М  гэх залуу 300000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-25-28 тал/,

Хохирогч С.Б ийн өгсөн: “...Тэгээд би машины хурдны хайрцаг болон замын хажуу талын километр заасан шонг тоолоод явж байгаад эгц урагшаа хартал бид нарын явж байсан урсгал руу машин ороод ирсэн. Тэгээд гэрлийн гялбаанд ороод мөргөлдсөний улмаас машин эргэлдэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тухайн үед би нүдээ аньчихсан байж байгаад нүдээ нээсэн чинь овоолчихсон шороо мөргөөд зогсчихсон юм шиг санагдсан. Тэгээд хойно сууж явсан хүмүүс орилолдоод байсан. Жолооч буугаад хойно суусан хүмүүсийг гаргасан. Би гарах гэсэн боловч суудлын бүс гацсан байсан. Миний бүсийг аймаар архи үнэртүүлсэн ах ирж хутгаар тайрч өгөөд намайг буулгасан. Тэр ах бид нарыг мөргөсөн машины ах байсан юм байна лээ. Миний санаж байгаагаар хар өнгийн “Nissan X-Trail” загварын машин урсгал сөрж бид нарын явж байсан эгнээнд орж ирснээр мөн тэр жолооч согтуу байснаас осол болсон. ...Би эрүүл мэндээрээ хохирсон маш их гомдолтой. …Гэм буруутай этгээдээс ойролцоогоор 6 сая төгрөг нэхэмжилмээр байна. Мөн цаашид хийгдэх эмчилгээний мөнгийг гаргуулмаар байна. ...Надад М  гэх ах эмчилгээний зардалд эхлээд 200000 төгрөг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараагаас 800000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б гийн өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай хадам эгч А.Б  хүүг маань аваад хөдөө явж байгаад зам тээврийн осолд орсон байсан. А.Б  эгч 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө манай нөхөрт “бид нар Булган аймагт осолд орчихлоо, Б н бие муу эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн орой нь гэмтлийн эмнэлэгт ирсэн. Зүүн чамархайн ясны хугарал, зулайн зөөлөн эдийн гэмтэл гэж байсан. Толгой болон нүүрэн хэсэг нь хавагнаад тэгширчихсэн байсан. Одоогийн байдлаар хөмсөгний хоорондох цусны бөөгнөрөл нь хэвээрээ байгаа. Гомдолтой байна. …Гэм буруутай этгээдээс одоогийн байдлаар 2800000 төгрөг нэхэмжилж байна. …Ойролцоогоор 1 сая орчим төгрөгний зарлагын баримт байгаа. Надад М  гэх залуу 300000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-38-40 тал/,

Хохирогч А.Б гийн өгсөн: “...Фэйсбүүк хаягаас “Хөвсгөл аймгийн Тариалан сум явна” гэсэн зар харж утсаар холбогдоод Баянзүрх дүүргийн Сансар клонкын хажуугаас жижиг суудлын машинд суусан. ...Миний хувьд дүүгийнхээ хүүхдийг аваад машины зүүн хойд талын суудал буюу жолоочийн эсрэг талын арын суудалд сууж явсан. Намайг машинд суухад Г  гэх хүн тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд жолоочийн хажууд үл таних эмэгтэй хүн сууж явсан, арын суудалд мөн нэг үл таних хүүхэдтэй хүн байсан. …Би замдаа унтаж явсан бөгөөд нэг сэрэхэд Булган аймгийн эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн үедээ миний ухаан санаа эрүүл бус байсан юм шиг байна. Би гэрийнхэнтэйгээ утсаар яриад би хүүхдээ алга болгочихлоо гэж уйлж явсан гэсэн. ...Ослын улмаас миний толгой болон зүүн талын гар хөл гэмтсэн. Аман дотор мөн шүд үүрсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон ирж, очих бүх зардлаа нэхэмжилнэ. Нийт 7 сая төгрөг нэхэмжилж байна. М  гэх залуу Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад 300000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-44-46 тал/,

Хохирогч Г.С гийн өгсөн: “...Замд явж л байсан нэг мэдэхэд мөргөлдсөн байсан. Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр үед унтаад явж байсан. ...Миний сууж явсан машинтай мөргөлдсөн машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоноос болсон гэж бодож байна. Намайг эмнэлэгт үзүүлж байхад тэр жолооч миний урд ирээд намайг уучлаарай гээд байсан. Тухайн үед тэр хүнээс архи үнэртэж байх шиг байсан. Би гомдолтой байна. Өөрийн эмчилгээний төлбөр мөнгөө гаргуулан авмаар байна. Тухайн жолооч намайг хагалгаанд орох үед 2 сая төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь эмчилгээндээ зарцуулсан. Одоо би байнга өвчин намдаах эм хэрэглэж байгаа, мөнгө санхүүгийн хувьд хэцүү байна. Нийт 5 сая төгрөг нэхэмжилж байгаа. М  гэх залуу 2400000 төгрөг өгсөн. Одоо би 2600000 төгрөг авна” гэх мэдүүлэг /хх-49-51 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г ийн өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Япон улсад үйлдвэрлэсэн “Тоуоtа Ргоbох” загварын гэх нэртэй тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тэгээд би өөрийн таньдаг хүнээр дамжуулан фэйсбүүкээр “Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Тариалан сум орно” гэж зар тавьсны дагуу нийт 4 том,  2 хүүхдийг аваад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын зүгт хөдөлсөн. ...Булган аймаг өнгөрөөгөөд шөнийн 01 цагийн орчимд явж байхад эсрэг урсгалаас том оврын ачааны маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан. Тэгээд яг том оврын ачааны маркийн тээврийн хэрэгсэлтэй зөрж байх үед эсрэг урсгалаас нэг тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд би зогсоож амжилгүй уг тээврийн хэрэгсэлтэй өөд өөдөөсөө мөргөлдсөн. Осол болсны дараа би ухаан ороход тээврийн хэрэгсэл маань замын хойд талд байрласан байсан. Машинаасаа бууж харахад эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн тээврийн хэрэгслийн жолооч залуу хүрч ирээд “бие зүгээр үү” гэж асуусан. Тэр үед нь “би гайгүй, харин энэ хүмүүс” гэж хэлээд машинд байсан зорчигч нарыг машинаас буулгасан. Нэг суудлын тээврийн хэрэгсэл ирэнгүүт гараа өргөж зогсоогоод гуйж байгаад зорчигч нарыг эмнэлэг рүү явуулж, би нөгөө жолоочийн хамтаар хэргийн газарт үлдсэн. Миний биед зүүн өвдгөнд шархтай, уг шархандаа 3 оёдол хийлгэсэн, мөн одоо босч суухад баруун талын хавирган доогуур хатгаж өвдөж байгаа. Хөнгөн гэмтэл гарсантай санал нийлж байгаа. Би тухайн үед 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Би өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотойгоор мөнгө нэхэмжлэхгүй, харин өөрийн эзэмшлийн **-** ХӨҮ улсын дугаартай “Probox” загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,

Гэрч О.Ц ын өгсөн: “...тухайн үед тээврийн хэрэгслийг манай нөхөр М  барьж байсан. Арын суудалд том хүүхэд М  ганцаараа сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-63 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай: “шинжилгээнд ирүүлсэн М  37/эр гэж хаяглан ирүүлсэн цусанд 2.1% спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-66-67 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай: “шинжилгээнд ирүүлсэн Б.Г  47/эр гэж хаяглан ирүүлсэн цусанд 0.5% спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-72-73 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаартай: “Б.Г ийн биед зүүн өвдгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-80 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гэх 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2874 дугаартай: “А.Б гийн биед тархины дунд зэргийн няцрал, тархины мэдрэлийн аксоны тархмал гэмтэл, дух, эрүүний төвгөр, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн өвдөг, шилбэ, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-102-103 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3248 дугаартай: “Д.О ийн биед баруун тахилзуур ясны доод 1/3-ийн ясны хэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй ил хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-117-119 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2914 дугаартай: “С.Б ийн биед зүүн талын ууц-сүүжний үений салсан хэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун умдаг, суудал ясны далд хугарал, симфиз үений салсан хугарал, бүсэлхийн 4-5-р нугаламын хөндлөн сэртэн, баруун 8-р хавирганы далд хугарал, хэвлийн арын зайн  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-97-99 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаартай: “Н.Б н баруун зулай ясны хугарал, зүүн чамархай ясны хугарал, дух, баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-112-113 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2915 дугаартай: “Г.С гийн биед баруун уушигны дээд дэлбэнгийн урагдал, цээжний хөндийн баруун талд хий, шингэн хуралт, баруун уушигны авчилт, баруун 1, 2-р хавирганы хугарал, хоёр шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх122-124 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “Жолооч Д.М  нь 2016 оны 12 дугаар сарын 15ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан ба уг осол болох үед жолооч Д.М ын жолоодох эрх сэргээгүй хасагдсан төлөвтэй байсан байна. Жолооч Д.М , Б.Г  нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Д.М  нь **-** БУЛ улсын дугаартай “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “жолоочид дараахь зүйлийг хориглоно: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13.1-т “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Д.М  нь **-** БУЛ улсын дугаартай “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэсний улмаас уг зам тээврийн осол гарсан байна" гэх дүгнэлт /хх-131-133 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16ны өдрийн 200085 дугаартай: “Тоуоtа Ргоbох загварын **-** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 8017500 төгрөг” гэх дүгнэлт /хх-138-148 тал/,

Шүүгдэгч Д.М ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татах тогтоолтой санал нийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Урьд өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд би гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгал руу орсон. Тухайн үед би жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-164-165 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.О , С.Б , А.Б , Г.С , иргэний нэхэмжлэгч Б.Г  нарын өгсөн мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгч Д.М ын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр уг осол гарах шалтгаан нь шүүгдэгч Д.М ын замын хөдөлгөөний дүрмээр хориглосон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодон хөдөлгөөнд оролцсон, гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байх, хөдөлгөөнд аюул саад учирсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Б.Г ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Д.О , А.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Б , Н.Б , Г.С  нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.М ын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а,  13.1, 12.3 дахь заалтуудыг  зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.М ын үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хохирол хор уршигт хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдсан гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.М ын гэм буруутай үйлдэл нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн “согтуурсан үедээ”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар эмчилгээ, оношлогоотой холбоотой зардал, дутуу авсан цалин зэрэгт хохирогч Д.О  5000000 төгрөгийн, хохирогч С.Б  6000000 төгрөгийн, хохирогч А.Б  7000000 төгрөгийн, хохирогч Г.С  5000000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Н.Б н хууль ёсны төлөөлөгч Ц.Б  5000000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Г  тээврийн хэрэгсэлд учирсан 8017500 төгрөгийн шууд болон шууд бус хохирлыг гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтаа ирүүлж, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ.

Шүүх хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянав.

  1. 1. Хохирогч Д.О ийн 5000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийнтухайд: Хэргийн 197 дугаар талд авагдсан 43 ширхэг баримтаас баримтаас хүнс, барааны  зүйлийн үнэ /10700, 16300, 2600, 38546, 1500, 17200, 53400, 9200, 2400, 5000, 2600, 16650, 1600, 14400, 3000, 30000, 14700/ 239796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эм тариа, оношлогоо, бинзений зардалд 685248 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.М ын төлсөн 300000 төгрөгийг хасаж 385248 төгрөгийг олгох;

  2. Хохирогч С.Б ийн 6000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн тухайд: Хэргийн 214-227 дугаар талд авагдсан 47 хуудас баримтаас хүнс, барааны зүйлийн үнэ /69500, 11200, 7000, 5600, 1500, 4400, 55000, 10000, 9200, 12000, 17650, 2600, 11900, 19600, 13200, 5800, 7500, 6600, 5350, 16050, 3700, 4300, 30000, 2300/ 490800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эм тариа, оношлогоо, бинзений зардалд 2464881 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 35 ширхэг баримтаас хүнс, барааны  зүйлийн үнэ /4500, 6900, 12000, 13300, 9900, 9000, 1400, 2000, 13800, 4800, 3500, 4500, 6200/ 91800 төгрөг буюу нийт 582600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эм тариа, оношлогоо, бинзений зардалд нийт 2849851 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.М ын төлсөн 1000000 төгрөгийг хасаж 1849851 төгрөгийг олгох;

  3. Хохирогч Г.С гийн 5000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийнтухайд: Хэргийн 205-209 дүгээр талд авагдсан 24 хуудас баримтаас банкны гүйлгээний баримттай /10000, 300, 7200,18000, 20000, 149000/ 204500 төгрөгийг, мөн ГССҮТ-д эмчилгээний зардалд төлсөн /1544180, 142000, 1225800, 142000/ нийт 3053980 төгрөгнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн /957453, 106500, 1042780, 106500/ 2213233 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, ГССҮТ-д эмчилгээний зардалд төлсөн 3053980 төгрөгнөөс хувь хүнээс төлөгдсөн /586727, 35500, 184020, 35500/ 841747 төгрөг болон эм тариа, оношлогооны зардалд 611580 төгрөг буюу нийт 1453327 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.М  нь нэхэмжлэл 2400000 төгрөгийг төлсөн;

  4. Насанд хүрээгүй хохирогч Н.Б н хууль ёсны төлөөлөгчЦ.Б гийн 5000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн тухайд: Хэргийн 236 дугаар талд авагдсан 42 хуудас баримтаас нотлох баримтын шаардлага хангаагүй, энэ хамааралгүй гэж үзсэн шаардлага 2694009 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эм тариа, оношлогоо, бинзений зардалд /16000, 5000, 5244, 13867, 25000, 25520, 5000/ 195631 төгрөгийг, “Б ” ХХК-ний захирлын Ц.Б д цалингүй чөлөө олгосон тухай тушаал болон түүний цалингийн тодорхойлолтыг үндэслэн насанд хүрээгүй хохирогч Н.Б г асарсан хугацааны цалинд /22 хоног х 50000 / 1100000 төгрөгийг,  шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 10 хуудас баримтаас эм тариа, оношлогоо, замын зардалд /550000, 9300/ 559300 төгрөг, нийт 1754931 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.М ын төлсөн 300000 төгрөгийг хасаж 1454931 төгрөгийг олгох;

  5. Хохирогч А.Б гийн 7000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийнтухайд: Хэргийн 229-232 дугаар талд авагдсан 165 хуудас баримтаас нотлох баримтын шаардлага хангаагүй, энэ хамааралгүй гэж үзсэн 2663270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эм тариа, оношлогоо, бинзений зардалд /320000, 64600, 2800, 2200, 32300, 900, 11000, 4000, 83000, 32650, 84200, 9980, 3700, /40000, 1000, 21000, 16500, 20000, 65000, 8500, 30000, 30000, 5000, 30000, 10000, 3000, 5000, 1800, 30000, 10000, 5000, 3700, 5000, 10000, 10000, 20000/  1022800 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 80 хуудас баримтаас мөн дээрх үндэслэлээр 582570 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эм тариа, оношлогоо, бинзений зардалд  /18980, 7000, 15320, 35000, 6000, 5000, 10000, 40000, 20000, 10000, 10000, 20000, 10000, 10000, 5000, 7000, 27983, 28000/ 254983 төгрөг буюу нийт 1277783 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.М ын төлсөн 300000 төгрөгийг хасаж 977783 төгрөгийг олгох;

  6. Иргэний нэхэмжлэгч Б.Г ийн тээврийн хэрэгсэлд учирсан 8017500 төгрөгийн шууд болон шууд бус хохирол, өмгөөлөгчийн уналгын зардалд 60600 төгрөгийг гаргуулах иргэний нэхэмжлэлийн тухайд: Иргэний нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн харилцаанд орж өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулсан байх тул өмгөөлөгчийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй тул 60600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тээврийн хэрэгсэлд учирсан шууд болон шууд бус хохирлыг “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 200085 дугаартай дүгнэлтийн дагуу 8017500 төгрөгийг шүүгдэгч Д.М аас гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Г эд олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч нарын дутуу авсан цалин, мал маллагааны болон ямаа самнуулсаны хөлс, түүнчлэн эмчилгээ оношлогооны болон бусад гарсан зардлын нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, жагсаалт гаргаж нэхэмжилсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.М ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн “согтуурсан үедээ”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”,  “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч Д.М  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хэргийн 167-175 дугаар талуудад авагдсан нотлох баримтаар урьд ял шийтгүүлж байгаагүй анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршиг, хохирогч нарт хохирол төлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т “ .... үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, ... эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Д.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э овогт Д.М ыг Авто тээврийн хэрэгслийнжолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Д.М ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэххэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М аас нийт 12685313 /арван хоёр сая зургаан зуун наян таван мянга гурван зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О т 385248 /гурван зуун наян таван мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг, хохирогч С.Б д 1849851 /нэг сая найман зуун дөчин есөн мянга найман зуун тавин нэг/ төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Б н хууль ёсны төлөөлөгч Ц.Б д 1454931 /нэг сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг, хохирогч А.Б д 977783 /есөн зуун далан долоон мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Г эд 8017500 /найман сая арван долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.О ийн нэхэмжлэлийн шаардлагаас 239796 төгрөгийг, хохирогч С.Б ийн нэхэмжлэлийн шаардлагаас 582600 төгрөгийг, хохирогч Г.С гийн нэхэмжлэлийн шаардлагаас 2417733 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Б н хууль ёсны төлөөлөгч Ц.Б гийн нэхэмжлэлийн шаардлагаас 2694009 төгрөгийг, хохирогч А.Б гийн нэхэмжлэлийн шаардлагаас 3245840 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Г ийн нэхэмжлэлийн шаардлагаас 60600 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь өвчтэй байсан хугацааны цалин, мал маллагааны болон ямаа самнуулсаны хөлс, түүнчлэн эмчилгээ оношлогооны болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

  5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдоогүй, хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэхтогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД