Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01650

 

 

 

 

 

 

 

 

2023 08 23 210/МА2023/01650

 

 

 

З СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02100 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: З СӨХ

Хариуцагч: М.Б

Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 751,245 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтансүх, түүний өмгөөлөгч О.Баяржаргал, Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М.Б нь 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй. Иймд М.Б ээс 751,245 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1 2017 оноос 2019 оны хооронд З СӨХ-ны гүйцэтгэх захирлаар А.Л ажиллаж байгаад үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед С.Б нь З СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн байсан ба бусад Удирдах зөвлөлийн гишүүний тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдон, хууль бусаар СӨХ-ны үйл ажиллагааг явуулж байна.

Уг СӨХ нь одоо удирдах зөвлөлийн хоёр гишүүнтэй ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.1, 10.8.2, 12.1 дэх хэсэгт заасныг зөрчин өөрөө өөрийгөө томилсон. Дээрх хууль бус үйлдлийн дагуу оршин суугчдын төлөөлөл Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт шалгуулахаар хандахад хууль зөрчсөн болохыг тогтоосон.

С.Б нь удирдах зөвлөлийн 3 гишүүний 1 нь байж шууд гүйцэтгэх захиралд томилогдсон нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэл гаргах төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.

 

2.2 Нэхэмжлэгч хэдэн сарын хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хэрхэн, яаж тогтоож 751,245 төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй, хууль бус шаардлага.

Хуульд заасны дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн төлбөрийг тогтоох байтал Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасныг зөрчиж эрх мэдлээ урвуулан ашиглан СӨХ-ны төлбөрийг тогтоосон.

Хэрэв дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал шаардахаар бол бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны зардлыг хэлэлцэн тогтоож, үүнээс гарсан шийдвэрийг удирдах зөвлөл баталж, бүх гийшүүдийн хурлын шийдвэр, тогтоол гаргасны үндсэн дээр шаардах эрхээ гишүүдээс хэрэгжүүлэх ёстой.

 

2.3 Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг хийх, улмаар гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөл нь тухайн жилийн тайлан, тооцоог бүх гишүүдийн хурлаар тайлагнах үүрэгтэй. С.Б нь улирал бүрийн санхүүгийн тайлангаа оршин суугчдад тайлагнаагүй, СӨХ-ны төлбөр хэрхэн юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, ил тод биш байгаа нь төлбөр төлөхгүй байх нэг үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-т тус тус зааснаар хариуцагч М.Б ээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 711,009 төгрөгийг гаргуулж, З СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,236 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Зурагт Сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зурагт Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1 2017-2019 оны хооронд тус СӨХ-ны гүйцэтгэх захиралаар А.Л ажиллаж байгаад үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед С.Б нь З СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн байсан ба нөгөө хоёр Удирдах зөвлөлийн гишүүний тогтоолоор З СӨХ-ны гүйцэтгэх захиралаар хууль бусаар томилогдон СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулж төлбөрийг гишүүдээс хураан авч, захиран зарцуулж байгаа нь тус байрны оршин суугчид болоод СӨХ-ын нийт гишүүдийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөөр байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

 

4.2 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т Холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрхийг хуульчилсан. Удирдах зөвлөл гэдэгт холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 3 гишүүнийг ойлгох бөгөөд бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 2 гишүүнийг удирдах зөвлөлд оруулан тооцохгүй байх хуулийн зохицуулалтыг шүүх анхаарч үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

 

4.3 Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч З СӨХ-ны Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэхийг тодруулах, нотлох баримт бүрдүүлэх үүднээс Баянгол Дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтсээс энэ талаарх лавлагааг гаргуулах тухай хүсэлтийг гаргасныг шүүх хүлээж авалгүй хариуцагчийн нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт цуглуулах эрхэнд халдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

 

4.4 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар С.Б ыг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирлын ажилд тушаал авагдсан хэдий ч тушаалын тогтоох хэсэгт оршин суугчдын өргөдлөөр С.Б ын хүсэлтээр гэсэн атлаа С.Б ыг захирлын ажилд томилсон СӨХ-ны нийт гишүүдийн хуралдааны тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр, тогтоол зэргийн бичгийн нотлох баримтуудад байхгүй зэргээс үзэхэд С.Б нь хууль бусаар СӨХ-ны үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа нь нотлогдож байна.

 

4.5 Нэхэмжлэгч шүүхэд хандан хариуцагчаас СӨХ-ны төлбөр 751,245 төгрөгийг шаардахдаа ямар бичгийн нотлох баримтад үндэслэж шаардаж байгаа нь тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Бүх гишүүдийн хурлын шийдвэр, тогтоолыг үндэслэн З СӨХ нь М.Б ээс 751,245 төгрөг буюу нэг сарын төлбөр нь хэдэн төгрөг болохыг тодорхойлж шаардах эрхээ хэрэгжүүлэх байтал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад дээрх бүх гишүүдийн шийдвэр, тогтоолд авагдаагүй байхад шүүх ямар бичгийн нотлох баримтад тулгуурлан шаардах эрхтэй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэдийгээр хэрэгт Төрийн банкны дансны хуулга авагдсан боловч уг баримтад дурдагдсан сарын төлбөрийг яаж тогтоогдсон нь тодорхойгүй буюу сар бүр өөр /тогтмол биш/ байхад шүүх ямар нотлох баримтад тулгуурлан шийдвэрлсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч З СӨХ нь хариуцагч М.Б т холбогдуулан 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 751,245 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг ...З СӨХ-ны захирал С.Б тус сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөх эрхгүй, ...СӨХ-ны зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй, ...тус СӨХ нь тайлангаа танилцуулдаггүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч З СӨХ-ны удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/62 дугаар тушаалаар С.Б ыг гүйцэтгэх захирлын ажилд томилсон, уг тушаал хүчингүй болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул тэрээр З СӨХ-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. /хх4/ Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Баянгол дүүргийн Засаг дарга нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43, 43А байруудыг хамруулан, Зурагт сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, 217 дугаар гэрчилгээг олгосон. /хх3/ Хариуцагч М.Б нь 43 дугаар байрны 73 тоотод оршин суудаг болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.1 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох, 13.2.4 дэх хэсэгт зааснаар ... мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүргийг сууц өмчлөгч хүлээнэ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчөөс сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргийг нарийвчлан зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлох учир хууль хэрэглээний хувьд оновчтой зохицуулалт болно. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-т заасныг баримталсан хэсгийг хасах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. З СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/19 дүгээр тогтоолоор оршин суугчид ба орон сууцны байр хонгилын хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс авах засвар үйлчилгээний сарын хураамжийг Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн жишиг тарифт нийцүүлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. /хх50, 52/

5.1 Дээрх тогтоолд заасан засвар, үйлчилгээний сарын хураамжийн хэмжээг Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолд заасан жишиг тарифийн хэмжээтэй харьцуулан үзэж, жишиг тарифийн хэмжээний дотор байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг засвар үйлчилгээний сарын хураамжийн хэмжээг бүх гишүүдийн хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоолоор тогтоосон гэж үзнэ.

 

5.2 Харин анхан шатны шүүх ...СӨХ-ийн төлбөр, үнэ тарифтай холбогдуулан шаардлагыг эс зөвшөөрсөн тохиолдолд, мөн СӨХ-ны төлбөрийн шаардлага нь тухайн тарифт нийцээгүй гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг няцаах, нотлох үүрэг хариуцагчид ногдоно гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтаар дээрх үндэслэлийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...засвар үйлчилгээний сарын хураамжийн хэмжээг тогтоосон шийдвэр хэрэгт авагдаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагч нь 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй үйл баримтыг үгүйсгээгүй. Анхан шатны шүүх уг хугацааны төлбөрийг Төрийн банкны нэхэмжлэгчийн дансанд үүсгэсэн нэхэмжлэхэд үндэслэн нэхэмжлийн шаардлагаас 711,009 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт нийцсэн байна. /хх 5-6, 78-80/ Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг дээрх баримтыг үндэслэн тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байхаас гадна хариуцагч нь үүнийг нотлох баримтаар няцааж чадаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...751,245 төгрөгийг шаардахдаа ямар бичгийн нотлох баримтыг үндэслэж шаардаж байгаа нь тодорхойгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. З СӨХ-ны гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа болон түүнийг томилсон нь хуульд нийцэж буй эсэх нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас З СӨХ-ны гэрчилгээ, холбогдох лавлагааг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2023/11612 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Учир нь, тухайн гэрчилгээ болон дүрэм хэрэгт авагдсан /хх 3, 85-88/ байхаас гадна уг гэрчилгээ хүчинтэй эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх хүсэлтийг хүлээн авалгүйгээр ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-д тус тус гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН