Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01666

 

 

 

 

 

 

 

 

2023 08 25 210/МА2023/01666

 

 

 

Э.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/03102 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.Б ,

Хариуцагч: А ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие А ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлчилгээний талбайн захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу А ХХК нь Баянзүрх дүүрэг, * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны 1 дүгээр блокийн үйлчилгээтэй орон сууцны 1 давхрын 1 тоот хаягт байршилтай, 49,89 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг ашиглалтад оруулж миний өмчлөлд шилжүүлэх, миний бие үйлчилгээний талбайн төлбөрт 89,802,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.

1.2 Миний бие гэрээний үргээ бүрэн биелүүлж 89,802,000 төгрөгийг төлсөн. Харин А ХХК нь үйлчилгээний талбайг 2023 оны 04 дүгээр сард улсын комисс ажиллуулж ашиглалтад оруулсан. Үйлчилгээний талбайг хариуцагч нь палан зургийн дагуу бусад үйлчилгээний талбайгаас тусгаарласан хана хийж өгөхгүй байхаар нь очиж үзэхэд цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж бусдад худалдахаар бэлдсэн байсан.

Иймд Баянзүрх дүүрэг, * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны 420 айлын орон сууцны 1 дүгээр блокын 1 давхрын 1 тоот хаягт байршилтай 49,89 м.кв талбайтай үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-д Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, *** хотхон, 1 дүгээр блок, * давхар, 1 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 49,89 м.кв талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э.Б өд шилжүүлэн өгөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 606,960 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 40 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хууль зүйн хувьд шүүхээс гарч байгаа шүүхийн шийдвэр бодит байдал дээр бууж хэрэгжих боломжтой байх учиртай. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх нотлох баримтад үндэслэж, хэргийг хөндлөнгийн байр суурьнаас шийдвэрлэх үүрэгтэй. Бодит нөхцөл байдал дээр барилгын Улаанбаатар хот, * дугаар хороо, *** хотхон, 1 дүгээр блок, * давхарт 49.89 м.кв талбайтай тусгайлан хэсэг байхгүй. Түүнчлэн, 1 давхар бүхэлдээ нэг үл хөдлөх байхаар барилгын зурагт төлөвлөгдсөн. Уг нөхцөл байдлаас шалтгаалж уг барилгын 1 давхарт 49.89 м.кв талбайг өгөх боломжгүй нэхэмжлэгчид мэдэгдэж гэрээг цуцалж, мөнгийг өгөхөөр тохиролцсон. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хот, * дугаар хороо, *** хотхон, 1 дүгээр блок барилгад улсын комисс ажиллаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах оруулах актыг үйлдээгүй. Энэ эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Иргэний хуульд зааснаар хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх үүсч, өмчлөгчөөр тогтоолгох боломжтой. Анхан шатны шүүх Улаанбаатар хот, * дугаар хороо, *** хотхон, 1 дүгээр блок барилгыг ашиглалтад орсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2 Шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагаа хуульд нийцсэний дагуу хийгдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлж явуулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгчийн зүгээс 49.89 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээд, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бөгөөд хэрэгт үйлчилгээний талбайн план зураг авагдсан тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.2 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад, эрх үүрэг болон хэргийн материалтай танилцсан. Хуульд зааснаар хариуцагч тал 14 хоногийн дотор хариу тайлбар гаргаагүй, мөн өнөөдрийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй байна. Нэхэмжлэгч 2020 оноос хойш 3 жилийн хугацаанд уг түрээсийн зориулалтаар ашиглах талбайгаас олох байсан орлогоо олоогүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу хариуцагч тал шүүх хуралдааны товыг тодруулах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1 Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлчилгээний талбайн захиалгын гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан. Гэрээгээр гүйцэтгэгч А ХХК нь Баянзүрх дүүрэг, * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, *** хотхоны 420 айлын орон сууцны 1 дүгээр блокын 1 давхарын 1 тоот хаягт байршилтай 49,89 м.кв талбайтай үйлчилгээний талбайг захиалагч Э.Б өд хүлээлгэн өгөх, захиалагч Э.Б нийт 89,802,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх9-12/

 

3.2 Гэрээнд заасан дээрх тохиролцоо болон гэрээний 3.1.2-т ...барилгыг барьж дуусган 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор байнгын ашиглалтад оруулах комиссыг ажиллуулна гэж зааснаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх харилцааг хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөр 89,802,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад шүүхээс тогтоосон хугацаанд тайлбараа гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүйцээгүй, маргаагүй гэж үзнэ.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь хөрөнгийн үнэ болон гэрээний зүйл байдаг. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу худалдан авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний зүйл болон түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн 49,89 м.кв талбайтай үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шийдэл зөв.

 

6. Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн эсэх нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэх маргаанд ач холбогдолгүй байх тул хариуцагчийн ...шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, шүүхээс түүнд эрх, үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулсан. /хх 25-29/

 

8. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т д утсаар мэдэгдсэн нь /хх35/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагаа хуульд нийцсэний дагуу хийгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/03102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...343 дугаар зүйлийн 343.1 гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 610,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН