Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01681

 

 

 

 

 

 

 

 

2023 08 28 210/МА2023/01681

 

 

 

Х.Б ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/01970 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: Э ХК

Нэхэмжлэлийн шаардлага: урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 7,935,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 Х.Б нь Э ХК-д 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэлтэст хэлтсийн даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс Захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

 

1.2 Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э ХК-д Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Г ыг томилсон. Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1320 дугаар тушаалаар Х.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалын үндэслэх хэсэгт ...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Э ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан Захиргаа, удирдлагын газрын дарга Хашбатын Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай гэжээ.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүр тавьж, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн.Х.Б нь эрхэлсэн ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, үүнийг тогтоосон баримтгүй. Мөн компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх арга хэмжээ нь гүйцэтгэх захирал болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэн эрхийн асуудал бөгөөд Х.Б ы ажил үүрэгт хамааралгүй. Х.Б ыг хийж гүйцэтгэсэн ажил үүрэгтэй нь холбогдуулан ажлаас чөлөөлсөн, үүнийг ажлаас чөлөөлөх шаардлагатай тохиолдол гэж үзэхгүй. Хэрэв ажилтан ямар нэгэн зөрчил гаргасан гэж үзвэл Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Х.Б аас тайлбар авах, зөрчлийн талаар танилцуулах байсан. Энэ ажиллагаа огт хийгдээгүй, Х.Б ыг ажлаас үндэслэлгүй халсан.

 

1.3 Х.Б нь улаан хоолойны шархлаа өвчнөөр хүнд өвчилж 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж, шаардлагатай үзлэг оношилгоо, хэвтрийн дэглэм барьсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/3136 тоот албан бичгээр Гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй талаар хариу ирүүлсэн.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хугацаа алдаж хандсан нь эрүүл мэндийн шалтгаантай холбоотой тул баримтыг үндэслэн хугацааг сэргээж, урьд эрхэлж Захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 160 хоногийн цалин нийт 111,976,540 төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлнэ.

 

1.4 Э ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нийт ажилтнуудад хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-д заасны дагуу компанийн дундаж цалин 2,712,745 төгрөгөөр тооцож, ажилтнуудад 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшууллыг олгожээ. Хэрэв Х.Б ажлаас үндэслэлгүй халагдаагүй байсан бол уг урамшууллыг мөн авах байсан. Иймд компанийн дундаж цалингаар 6 сарын цалин хөлстэй тэнцэх буюу 16,276,472 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг гаргуулна.

 

1.5 Мөн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот тушаалаар батлагдсан Цалин хөлс олгох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож 13 дахь сарын цалин хөлс урамшууллыг олгосон. Иймд 13 дахь сарын цалин хөлс болох 7,935,000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1 Нэхэмжлэгч Х.Б ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1320 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тус тушаалыг Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3.1 дэх хэсэгт үндэслэж гаргасан. Уг тогтоолоор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож онцгой харилцаа үүссэн. БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгожээ. Энэ эрхийн хүрээнд Засгийн газрын 385 дугаар тогтоол гарсан бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч шаардлагатай бол ажилтныг томилж, чөлөөлөх эрхтэй, үүнд Хөдөлмөрийн тухай хууль хамаарахгүй.

 

2.2 Нэхэмжлэгч Х.Б ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаалд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж бичсэн. Х.Б нь Захиргаа, удирдлагын газрын даргын ажлаас гадна нууцын ажилтныг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд 40 хувийн нэмэгдэл цалин авч байсан. Ажил үүргээ хүлээлцэхдээ нууцын дүрэм, журмыг баримтлаагүй. Манай байгууллага үүнийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад хандсан ба, хариуцлага тооцох зөрчил гарсан байна гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, Х.Б нь ажлын байрны тодорхойлолт, нууцын ажилтны чиг үүргийг хангалттай хэрэгжүүлж чадаагүй.

 

2.3 Бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр компанид томилогдон ирэхэд 220 орчим ажилтны ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчил байсан. Нэхэмжлэгч Х.Б нь Захиргаа, удирдлагын газрын даргын хувьд захиргааны хэлтэс, хүний нөөцийн, мэдээлэл технологийн гэсэн хэлтсүүдийг шууд удирдах чиг үүрэгтэй ажилладаг байсан бөгөөд компанийн ERP системийг нэвтрүүлэх ажлын хэсгийн багийг ахалж ажиллаж байсан. Энэ ажлаа хангалтгүй биелүүлсэн, компанид 2,2 тэрбумын үр ашиггүй зардлыг бий болгосон, 660,000 орчим ам.долларын төлбөрийн нэхэмжлэл ирсэн. Тиймээс ажлын байрны тодорхойлолтын мэдээллийн технологийн чиглэлээр 3 дугаар зорилтын хүрээнд чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзсэн. Мөн компанид үүссэн нөхцөл байдлыг судалж, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Иймд Х.Б ыг ажлаас нь чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй, ажлаас халах шаардлагатай нөхцөл бий болсон.

 

2.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнийг цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.4.5-д Шагнал, урамшуулал гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал, онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал тус тус хамаарна гэж тодорхойлжээ. Хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин нь шагнал, урамшуулал гэсэн ойлголтод хамаарна. Э ХК-ийн ажилтанд олгох шагнал, урамшуулалтай холбоотой харилцааг ЭТТ-2018/140 тоот хамтын гэрээ, Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-аар тус тус зохицуулдаг бөгөөд шагнал, урамшуулал олгох шийдвэр гарах үед компанид ажиллаж буй үндсэн ажилтан шагнал, урамшуулалд хамрагдах боломжтой болохыг дээрх эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулсан болно.

 

2.5 Түүнчлэн, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн А/752, А/753 тоот тушаалаар үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэх үед нэхэмжлэгч Х.Б нь Захиргаа, удирдлагын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан тул түүнд олгохгүй гэж шийдвэрлэсэн. Үр дүнгийн урамшууллын хувьд хийсэн ажлаа тайлагнаж, үнэлүүлж авдаг. Х.Б ажил хийгээгүй, ямар нэгэн байдлаар ажлаа тайлагнаагүй, үнэлүүлээгүй тул үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин хөлс авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

2.6 Нөгөө талаар нэхэмжлэгч Х.Б нь хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна. Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтэй байх боловч үндэслэл болгож байгаа эмнэлгийн актаар түүний гомдол гаргах хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байна. Тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 25ны өдрөөс эхлэн 6 өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ 6 хоногийн хугацаанаас бусад өдөр нь Х.Б зохих газарт гомдлоо гаргаж болох байсан ч гаргаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед манай байгууллага дээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс ажиллаж байсан боловч Х.Б нь комисст хандахгүйгээр шууд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн гурван талт хороонд хандсан. Дүүргийн гурван талт хороо, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын аль нэгэнд хандсан тохиолдолд заавал шат дараалалтай хандах ёстой болдог. Х.Б ы хувьд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор эрх бүхий этгээдэд хандаагүй, хугацаа хэтрүүлсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт зааснаар Э ХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 7,935,000 төгрөг тус тус гаргуулах тухай Х.Б ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б ы тэмдэгтийн хураамжид төлсөн 279,008 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Б д олгосугай. шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Х.Б нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурдаж, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон нотлох баримтуудыг хавсаргасан. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлалгүйгээр дээрх нотлох баримтууд нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэн.

Монгол улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт ...хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж заасан байна. Шүүх хүндээр өвчилсөн нь Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэхэд саад болоогүй гэж үзсэн нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол болон Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болно гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тэрээр тушаалыг тухайн өдөр мэдсэн. Нэхэмжлэгчийн 30 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах хугацаа нь мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Гэтэл нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн баримтыг гаргаж өгсөн. Шүүх энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн. Тэрээр 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эмнэлгээс гарснаас хойш 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд гомдол гаргах боломжтой байсан. Мөн 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд гомдол гаргах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

5.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад баримтууд байгаа гэсэн үндэслэлийг дурдсан. Шүүгч шүүх хуралдааны явцад одоо тэгээд хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргаж байна гэж ойлгох уу гэж асуухад өмгөөлөгчийн зүгээс тийм гэсэн тайлбар хэлсэн. Энэхүү хүрээнд нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн баримтыг хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

5.3 Мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж баривчлагдсантай холбогдуулан хүсэлт, тайлбарыг гаргаагүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Э ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 7,935,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1320 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Э ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг баримтлан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Х.Б ыг Э ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /хх 5/

 

4. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дэх заалтад Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгохоор заасан.

 

5. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Төлбөрийн тэнцэл алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Э ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, 3.1 дэх заалтаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г ад авч хэрэгжүүлэхийг даалгажээ. /хх 22/

 

6. Э ХК дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3.1-д ...шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г ад ... даалгасугай. гэж заасны дагуу Х.Б ыг Э ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлснийг дээрх хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд гэж үзэхээр байна.

 

7. Анхан шатны шүүх Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1320 дугаар тушаалын талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, онцгой дэглэмийн хүрээнд мөн хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслэн хариуцагч нь нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэхгүй. Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

8. Давж заалдах шатны шүүх дээрх маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүй талаар дүгнэсэн тул мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсгийг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/01970 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг БНМАУ-ын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1-т заасныг баримтлан хариуцагч Э ХК-д холбогдох, урьд эрхэлж байсан Э ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 7,935,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Б ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН