Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2021/0152/З |
Дугаар | 001/ХТ2022/0012 |
Огноо | 2022-03-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2022/0012
“Ю” ХХК-ийн гомдолтой,
СБД-ийн ТХ-ийн ТУБ нарт холбогдох
зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 257 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 483 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Г.О, хариуцагч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага: СБД-ийн ТХ-ийн ТУБ нарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0298742 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс 37,537,009 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: СБД-ийн ТХ-ээс “Ю” ХХК-ийн 2014-2017 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0298742 дугаар шийтгэлийн хуудсаар 122,605,037 төгрөгийн төлбөр тогтоосон, хэргийн оролцогчид нь тооцооллын маргаангүй, харин “төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй” гэх зөрчилд холбогдох алданги тогтоосон хэсгийг эс зөвшөөрч, гомдол гаргагчаас “...зөрчил үйлдсэн гэж шийтгэх хуудсаар хариуцлага хүлээлгэсэн учир Татварын ерөнхий хуулийг баримтлахгүй, Зөрчлийн хуулийг баримтлах учиртай, Зөрчлийн тухай хуулиар алданги тооцохгүй болсон тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй” гэж, хариуцагчаас “...тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй, шийтгэлийн хуудас үйлдэх үед хүчин төгөлдөр болоогүй 2020 оноос мөрдөгдөх Зөрчлийн хуулийг хэрэглэхгүй” гэж тус тус маргажээ.
3.Анхан шатны шүүх: “...Хууль тогтоогч Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 3-д зааснаар хуулиар ногдуулсан албан татвар төлөх, үндсэн үүргийг тогтвортой мөрдүүлэхийн тулд Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу эрх бүхий этгээдээс шалгаж тогтоосон шийтгэлийг хэвээр үлдээх хүсэл зоригийг агуулсан, Татварын ерөнхий хуульд гомдол гаргагчийн маргаж байгаа харилцааг буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тогтоосон татварын зөрчилд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг дагаж мөрдөхөөр зохицуулсан зохицуулалт тусгаагүй” гэсэн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.Давж заалдах шатны шүүх: “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлтөөр “алданги”-ийн талаар зохицуулаагүй, татварыг хугацаа хэтрүүлж төлсөн тохиолдолд хүлээлгэх шийтгэл нь зөвхөн торгууль хэлбэртэй байхаар, мөн торгуулийн дээд хэмжээг тогтоосон байх бөгөөд энэ нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх боломжтой, шүүх маргааныг шийдвэрлэх үед шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгээгүй, зохих төлбөр төлөгдөөгүй, төлбөрийг өрд тооцож, программд шивсэнг албадлагын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн гэж үзэхгүй. Төлбөр бүрэн болон хэсэгчилсэн байдлаар бодитоор төлөгдсөн тохиолдолд л тухайн шийдвэрийг гүйцэтгэсэн, эсхүл гүйцэтгэж байгаа гэж үзнэ” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СБД-ийн ТХ-ийн ТУБ ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0298742 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс 37,537,009.14 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагч ТУБ нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Үүнд:
5.1.Албан ёсоор мөрдөгдөж эхлээгүй хуулийг буцаан хэрэглэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүтэй, илт хууль бус шийдвэр болсон.
5.2.Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн утгат маргаан бүхий шийтгэлийн хуудас хамаарч байгаа.
5.3.Татвар төлөгчийн эрх ашгийг дээрдүүлэх гэдэг нь тухайн хариуцлагыг хүлээлгэхэд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн үйлчлэлийн хүрээнд хэрэглэгдэх болохоос хэрэгжиж эхлээгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэх ойлголт биш.
ХЯНАВАЛ:
6.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
7.Татварын ерөнхий хууль (2008)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасан, энэхүү маргааны тухайд гомдол гаргагч хуулийн этгээд нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн буюу тогтоосон хугацаанд татвар төлөөгүй болох нь тогтоогдсон, уг асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй, харин зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ аль хуулийг хэрэглэх талаар маргаж байна.
8.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна” гэж, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд “татварыг хуулийн хугацаанд төлөөгүй”-тэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь Татварын ерөнхий хууль байна.
9.Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх…” гэж заасан, маргааны гол үйл баримт нь татвар төлөх үүрэгтэй холбоотой учраас уг харилцааг тусгайлан зохицуулсан Татварын ерөнхий хуулийг хэрэглэх зарчим үйлчлэх тул гомдол гаргагчийн “Зөрчлийн тухай хуулиар зөрчил хэмээн тооцож, шийтгэх хуудсаар хариуцлага оногдуулсан тул Татварын ерөнхий хууль бус, Зөрчлийн тухай хуулийг баримтална” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
10.Энэхүү маргааны тухайд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харъяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж тус тус заасан нь гомдол гаргагч хуулийн этгээдийн гаргасан үйлдлийг зөрчилд тооцох нарийвчилсан зохицуулалт юм.
11.Улмаар ТУБ нараас хариуцлага тооцохдоо Татварын ерөнхий хууль (2008 он)-ийн 74 дүгээр зүйлд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан буюу 74 дүгээр зүйлийн 74.1-д “...хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэл болгож, Татварын ерөнхий хуулийн (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ” гэж зааснаар Зөрчлийн тухай хуулийн 10 хувиар алданги тооцох зохицуулалтыг хэрэглээгүй нь нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэх зарчимд нийцсэн байна.
12.Өөрөөр хэлбэл, татварын хуулиар нэгэнт хариуцлага хүлээлгэсэн бол татвар төлөх үүрэг хэвээр үргэлжлэхээр, түүнд оногдуулсан хариуцлагыг өөрчлөхгүй байхаар хууль тогтоосон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
13.Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан нь энэхүү маргаанд хэрэглэгдэхгүй буюу маргаан бүхий шийтгэлийн хуудсаар алданги ногдуулахдаа 2019 оны Татварын хуулийг буцааж хэрэглээгүй тул хамаарахгүй.
14.Түүнчлэн шийтгэлийн хуудас үйлдэх үед буюу 2019 онд Зөрчлийн тухай хууль (2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн)-ийн 11.19 дүгээр зүйл хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй тул уг маргаанд хэрэглэгдэхгүй юм.
15.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д “зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэх зохицуулалт нь ерөнхий зохицуулалт бөгөөд тодорхой тохиолдлыг зөрчилд тооцох, түүнд ямар хариуцлага хүлээлгэх харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд өөрөөр заасан байхад Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д заасныг баримталж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
16.Давж заалдах шатны шүүхээс “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлтөөр “алданги”-ийн талаар зохицуулаагүй, татварыг хугацаа хэтрүүлж төлсөн тохиолдолд хүлээлгэх шийтгэл нь зөвхөн торгууль хэлбэртэй байхаар тогтоосон” гэж дүгнэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь “татварыг зөвхөн татварын хуулиар тогтоох” зарчимд нийцээгүй, нарийвчилсан зохицуулалттай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
17.Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 483 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
Д.МӨНХТУЯА
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ