Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2019/0359

 

Б.У, Д.З нарын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М-О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0205 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.У, Д.З нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0205 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У, Д.З нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийн Л.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У-ийн “... миний бие Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчөөгүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч  этгээдийн өмгөөлөгч Т.М-О давж заалдах гомдолдоо: “... 1. Л-ийн А, А-ийн Б, М.М нар нь 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд “Зуслангийн газрыг өөрсдийн эзэмшилд бүртгүүлэх” хүсэлт гаргаж ингэхдээ Л.А, А.Б нар нь өргөдөлдөө зуслангийн байшин бүхий газрыг бүртгүүлэх тухай бичсэн, Сүхбаатар дүүргийн Газрын алба нь тэдний өргөдлийг 2510 гэсэн ижил дугаараар бүртгэсэн, мөн А-ийн өргөдөлд А- 0,05 га, А.Б-д 0,04 га, М.М-д 0,04 га талбай бүхий газар олгохоор цохолт хийсэн нь тэдний газар нэг доор байршилтай, байшинтай газар байсан гэж үзэхээр, хавтаст хэргийн 196 дугаар хуудаст авагдсан Шарга морьт зуслангийн  айлуудын газрын байршлыг харуулсан зураг /нэхэмжлэгч Д.З-ийн газрын хувийн хэрэгт байсан/ дээр 3 айлын гэхээр том газар дундаа байшинтай зурагдсан байх ба уг газар нь одоогийн Л.А-ийн эзэмшил газрын кадастрын зурагт /хэргийн материалын 2 дугаар хавтас 72/ байгаа газартай газар, байшин бүгд яв цав тохирч байна. Энэхүү газар нь одоогоор Шарга морьтын зуслангийн хотоос ирэх төв замаас хойд чиглэлд байршдаг.

Гуравдагч этгээдийн газар нь төв замаасаа урд зүгт дээрх зурагт байгаа байршлын хувьд өөр газарт байршилтай байгаа бөгөөд гуравдагч этгээдийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээрх зөрүүтэй байдлыг шалгуулахаар хүсэлт гаргаж байсныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан /хэргийн материалын 2 дугаар хавтаст 166-167/.

2. Гуравдагч этгээд Л.М нь 2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 118 тоот захирамжаар уг газраа эзэмших эрхтэй болж гэрээ гэрчилгээг авсан боловч уг газартаа 2002 оноос хойш харж хандаж байсан Б.Ч, Б.А, Газрын албаны ажилтан О.Х, Т нар биднийг уг газрын талаар хөөцөлдөж явсныг гэрчилсэн байхад уг гэрчийн мэдүүлгүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

3. А.Б, М.М нарт 2004 онд тус бүр 0.04 га газар эзэмшүүлсэн байх ба 2008 онд газраа нэхэмжлэгч нар шилжүүлэхдээ тэд ямар ч байшингүй, кадастрын зураггүйгээр манай хашаатай газрыг зааж, гар зураг үйлдэж Сүхбаатар дүүргийн Газрын албанд өгөөд Сүхбаатар дүүргийн Газрын алба нь Б.У-т 560 м.кв, Д.З-т 561 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрээ гэрчилгээ олгосон нь тэдний өмнө эзэмшиж байсан газраас хэмжээний хувьд болон одоо манай эзэмшлийн газраас хамаагүй том, манай урд талын айлын газартай зарим хэсгээрээ давхцсан байхад энэ талаар шалгаж учрыг олж тогтоогоогүй.

4. Л-ийн А, А-ийн Б, М.М нар нь 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд “Зуслангийн газрыг өөрсдийн эзэмшилд бүртгүүлэх” хүсэлт гаргаж байсан тэр газар болон Л.М-т 2005 онд эзэмшүүлсэн газарт хэргийн газрын үзлэг хийж тодруулах зэрэг ажиллагааг хийх үүргээ шүүх биелүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ... анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбоотой Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 118 дугаар захирамжийн Л.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.У нь “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчөөгүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан[1] тул анхан шатны шүүх уг татгалзлыг баталж, үлдэх шаардлагын хүрээнд хэргийг хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасантай нийцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэг. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд  Б.У, Д.З нар “маргаан бүхий газрыг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан, газрын төлбөрийг 2015 он хүртэл төлсөн, 2013 оноос газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай гомдол гаргасан, хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг давхардуулан гуравдагч этгээдэд олгосон” гэсэн үндэслэлээр маргаж,  “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийн Л.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээдээс “Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2002 оны 09 сар, 2004 оны 04 дүгээр сарын 21-нд газар эзэмших хүсэлтээ гаргасан тул газар эзэмшүүлэх захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, тухайн газрыг 12 жил шударгаар хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа” гэж маргаж, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг /2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нэмэлт оруулах тухай хууль дагаж мөрдөгдөхөөс өмнө/” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл А.Б, М.М нар нь дээрх хуулийн заалтад заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 захирамжаар А.Б, М.М нарт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод “Зуслангийн зориулалт”-аар 0.04 га газрыг 15 жилийн хугацаатай анх эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0046269, 053022 дугаартай гэрчилгээг тус тус олгосон, тухайн үед уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байжээ. Улмаар А.Б, М.М нар нь дээрх эзэмшил бүхий газраа нэхэмжлэгч Б.У, Д.З тус тус шилжүүлэх тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргасан тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжаар Шарга морьтод зуслангийн зориулалтаар Б.У-т 560 м.кв, Д.З-т 561 м.кв газрыг тус тус шилжүүлэн эзэмшүүлж, 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн 0189497[2], 0189556 дугаартай гэрчилгээг олгож, 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж заасантай нийцсэн байна.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “гуравдагч этгээдийн урд талын айлын газартай зарим хэсгээрээ давхацсан энэ талаар тодруулаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Хэрвээ гуравдагч этгээдийн урд талын айлын газартай нэхэмжлэгч нарын газар хэсэгчлэн давхцаж байгаа бол энэ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, өөрийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ... болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, ... үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-д “хураамж төлсөн тухай баримт” гэж /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль дагаж мөрдөгдөхөөс өмнө/ тус тус заажээ

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.У, Д.З нар нь маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, энэ нь А.Б, М.М нараас Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлт, уг хүсэлтдээ хавсаргасан 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эдэлбэр газрын схем зураг, 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн кадастрын зураг зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 А.Б, М.М нарт холбогдох хэсэгт, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжийн Б.У, Д.З нарт холбогдох хэсэг нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх олж авах, газар эзэмших эрхийг шилжүүлэх хуульд заасан журмын зөрчөөгүй” гэж дүгнээд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

Мөн хариуцагчаас “нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн, маргаан бүхий 2005 оны 118 дугаар захирамж нь бусдын эзэмшлийн талбайг давхардуулан олгосон хэрэг бус, өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр” гэж маргасан нь үндэслэлгүй.

Учир нь, хэрэв Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тохиолдолд эрх бүхий этгээд юуны өмнө иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой бөгөөд тэрхүү шийдвэр нь хүчин төгөлдөр болсны дараа тухайн газрыг хуульд зааснаар бусад этгээдэд  эзэмшүүлэх хуулиар тогтоосон журмыг мөрдөх үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн “ ... нэхэмжлэгч нарын газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх болсон шалтгаан үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдсэн...” гэх агуулга бүхий тайлбарт дурдсан үндэслэл нь маргаан бүхий актыг зөвтгөх үндэслэл болохгүй. 

Хоёр. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн тухайд авч үзвэл Л.Мягмаржав нь 2005 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт гаргасан тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжаар хүсэлтэд дурдсан “Шарга морьтод байрлах 0.04 га газрыг “Зуслангийн зориулалт”-аар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан болох дүүргийн Газрын алба, Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа газар эзэмших хүсэлтэд хавсаргасан баримтыг нягтлан шалгахаас гадна тухайн эзэмшихийг хүссэн газарт хээрийн судалгаа хийх буюу эзэмшихээр хүссэн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаж буй эсэхийг тогтоосны үндсэн дээр бусад этгээдийн зөвхөн хууль ёсоор эзэмшиж буй газраас гадна ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцуулахгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 захирамжаар А.Б, М.М нарт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод “Зуслангийн зориулалт”-аар эзэмшүүлсэн 0.04 га газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн, мөн эдгээр иргэдийн газар эзэмших эрх цаг хугацааны хувьд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх үүсэхээс өмнө үүссэн болох нь тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахын өмнө тус газрыг эзэмшүүлж болох эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, бусдын эзэмшил бүхий газартай давхцалтай эсэхийг нягтлан шалгаагүй нь буруу.

Тодруулбал, хариуцагч 2005 онд Л.М-д Шарга морьтод 0.04 га газрыг эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийгээгүй, тус газрыг иргэнд эзэмшүүлснээр бусдын эзэмшиж буй газартай давхцаж буй эсэхийг тогтоогоогүй, А.Б, М.М нарт 2004 онд эзэмшүүлсэн газартай давхцуулан газар эзэмшүүлсэн, улмаар А.Б, М.М нарын газрыг 2008 онд нэхэмжлэгч нарт шилжүүлэн эзэмшүүлэх үед нөхцөл байдлыг шалгаж, газрын давхацлыг арилгаагүй, өмнөх шийдвэрээ засаагүйгээс хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, тус захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх хөндөгдсөн байна.

Иймд анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийн Л.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь буруу биш байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М-О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч  этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ  

 


[1] 1ХХ-ийн 16 дугаар хуудас

[2] 1ХХ-ийн 4