Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2019/0205

 

2019 оны 03 сарын 27 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.У,

Нэхэмжлэгч: Д.з,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох

Гуравдагч этгээд: Л.М, түүний эрх залгамжлагч М.П

 

Нэхэмжлэгч Б.Уийн нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас Л.Мд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан олгосныг хүчингүй болгох, Б.У миний бие Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчөөгүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох

Нэхэмжлэгч Д.зийн нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Л.Мд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийг хүчингүй болгох

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын аманд зуслангийн газар эзэмшсэн М*******ийн М*******гаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжаар тус газрыг шилжүүлэн авч, 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан ба Сүхбаатар дүүргийн Газрын албатай 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2015 он хүртэл газрын төлбөрийг төлсөн.

2013 оны хавар зуслангийн газартаа байшин барихаар очиход Л*******гийн М******* гэгч нь миний эзэмшлийн газар гээд давхар хашаа, 2 гэр барьсан байсан ба Л.М-дСүхбаатар дүүргийн газрын алба гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан олгосон байв.

Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг иргэн Б.У намайг зөрчсөн гэжээ.

Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1347 дугаар албан бичиг бүхий шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн тул Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны алба иргэн Б.У миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна хэмээн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/267 дугаар албан бичгээр хариу өгсөн тул эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас иргэн Л.М-дгэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан олгосныг хүчингүй болгуулах, Б.У миний бие Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчөөгүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.з шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын аманд зуслангийн газар эзэмшсэн А*******ийн Б*******аас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжаар тус газрыг шилжүүлэн авч, 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан ба Сүхбаатар дүүргийн Газрын албатай 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2015 он хүртэл газрын төлбөрийг төлсөн.

2013 оны хавар зуслангийн газартаа байшин барихаар очиход иргэн Л*******гийн М******* гэгч нь миний эзэмшлийн газар гээд давхар хашаа, 2 гэр барьсан байсан ба Л.М-дСүхбаатар дүүргийн Газрын алба гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан олгосон байна. Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг иргэн Д.з намайг зөрчсөн гэжээ.

Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1347 дугаар албан бичгийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн тул Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны алба иргэн Д.з миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна хэмээн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/267 дугаар албан бичгээр хариу өгсөн тул эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд иргэн Л.М-дгэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...иргэн Д.з, Б.У нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших эрхийн гэрчилгээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамж нь бусдын эзэмшлийн талбайг давхардуулан олгосон хэрэг бус, өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайбар болон бие даасан шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/267 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.У, Д.Знарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн талаар тэдэнд мэдэгджээ.

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандаж байна хэмээн нэхэмжлэлдээ дурдсан атлаа нэхэмжлэлийн шаардлагадаа миний газар эзэмших эрхэд халдаж иргэн Л.М-дСүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь агуулга, шаардлагын хувьд зөрчилтэй, ойлгомжгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийг хүчин төгөлдөр болохыг баталж, нэхэмжлэгч Б.У, Д.Знарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Миний бие 2002 оны 6 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шаргаморьтын зусланд газар эзэмшихээр 3 тал хашаа татсан. Намайг хашаа татах үед тухайн газарт ямар ч хашаа татаагүй, хоосон зэлүүд газар байсан. Хашаагаа татаад газар эзэмшүүлэхийг хүссэн өргөдлийг гар зургийн хамт 2002 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Газрын албаны ажилтанд өгсөн. Өргөдлийг шийдвэрлэхийг хүлээсээр 2004 он болсон. Гэтэл 2004 оны хавар таны өргөдөл, материалыг үрэгдүүлчихсэн юм шиг байна. Та өргөдлөө дахин гаргаад өгчих гэсэн. Үүний дагуу би газар эзэмших тухай өргөдлөө, гар зургийн хамт дахин Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2004 оны 04 дүгээр сарын 21-нд гаргасан. Тухайн өргөдлийг тус дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч хүлээж аваад, миний хашаа татсан газрын очиж үзсэн. Ингээд 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 118 дугаар захирамжаар 049903 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ Л******* овогтой М******* надад олгосон. Тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээ газрын хэмжээнээс үл хамаарч 400 м.кв гэсэн бичвэртэй гарч байсан. Өөрөөр хэлбэл, иргэний эзэмшиж буй газрын хэмжээ 1000 м.кв, 1500 м.кв байгаагаас үл хамаарч татсан хашааны хэмжээгээр газар олгож байсан. Иргэд газар эзэмшихийн тулд эхлээд газартаа хашаа татаж, дараа нь өргөдлөө гаргадаг байсан. Энэ жишгийн дагуу би тухайн газраа 12 жил шударгаар хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байна.

Гэтэл иргэн А.Б, М.Мнар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны газар эзэмшүүлэх тухай захирамж, газрын байршлыг харуулсан гар зураг зэргийг ашиглан газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Д.з, Б.У нарт 2008 онд шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамж гарсан байна.

Миний эзэмшлийн газар нь Мон мет инженер ХХК-ийн 2004 онд хийсэн зураглалаар бүртгэгдэж, мэдээллийн санд орсон байдаг. Иргэн А.Б, М.М нарын шилжүүлсэн гэх газрын гар зургийн хэмжээ, байршил зэргийг маргаан бүхий газрын кадастрын зурагтай харьцуулахад илтэд зөрүүтэй байгаа юм. ...Миний бие 2008 онд өөрийн эзэмшлийн газар дээрээ кадастрын зураг хийлгэхээр кадастрын албанд хандахад таны газар давхацсан байна гэснээр миний хууль ёсоор эзэмшиж авсан газарт захирамж гарсан талаар мэдсэн. Ингээд асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2008 оны 08 дугаар сарын 25, 9 дүгээр сарын 08-нд тус тус өргөдөл гаргаж, газрын албан байцаагч н.Хадбаатар гэх хүнд хуваарилагдсан боловч Д.з, Б.У нар нь олдохгүй байна гэх хариу өгч байсан.

Дээрх хүмүүс үнэхээр хууль ёсоор газар эзэмшсэн юм бол бүхэл бүтэн 12 жилийн турш хашаа татсан байсан газрыг нэг ч удаа манай газар дээр хашаа татсан байна гэж маргаагүй, харин ч асуудлаа шийдэх гэхээр өөрсдөө зугтаж алга болсоор өдий хүрсэн.

Иймд иргэн Л.М миний 12 жил өөрийн эзэмшилд байлгаж, харж хамгаалан хууль ёсоор эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 тоот захирамжийг хүчин төгөлдөр болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь тус шүүхэд Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас иргэн Л.М-дгэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан олгосныг хүчингүй болгуулах, Б.У миний бие Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчөөгүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.з нь иргэн Л.М-дгэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргасан байх бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2004 он/ 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу нэг хариуцагчид холбогдох адил нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар албан бичигт иргэн Б.У, Д.Знарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын захирамж гараагүй... гэсний дагуу нэхэмжлэгч Б.У нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчөөгүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир шүүх уг татгалзлыг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.У, Д.Знар нь тус шүүхэд иргэн Л.М-дгэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын аманд зуслангийн газар эзэмшсэн М*******ийн М*******, А*******ийн Б******* нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжаар тус газрыг шилжүүлэн авсан... гэж, хариуцагч, гуравдагч этгээд нар нь Д.з, Б.У нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамж нь бусдын эзэмшлийн газрыг давхардуулан олгосон хэрэг бус өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр... гэж маргажээ.

Нэгд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухайд,

Анх маргаан бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 154 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар 16.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтуудыг үндэслэн захирамжийн хоёр дахь заалтаар зуслангийн зориулалтаар газраа баталгаажуулах хүсэлтээ ирүүлсэн 905 иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дотор А*******ийн Б*******, М*******ийн М******* нарт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод зуслангийн зориулалтаар 0.04 га газрыг 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж, А*******ийн Б*******д 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0046269 дугаартай, М*******ийн М*******д 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 053022 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Улмаар А.Б, М.М нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээний 0046269, 053022 дугаарт тус тус бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын зусланд 400 м.кв газар эзэмших эрхийг 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.У, Д.Знарт тус тус шилжүүлэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргаж, хүсэлтдээ 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эдэлбэр газрын схем зураг, 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн кадастрын зургийг тус тус хавсаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14/548 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтуудаар болон газрын хувийн хэрэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно, 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гээд мөн хуулийн зүйлд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орохоос өмнө 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог хавсаргана гэж заасны дагуу А.Б*******, М.М******* нар нь өөрийн эзэмшиж байсан газраа бусдад шилжүүлж, нэхэмжлэгч нар нь тус бүртээ газрыг шилжүүлэн авсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмшүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших эрхийг баталгаажуулах, бусдын нэр дээр шилжүүлэх тухай 210 дугаар захирамжаар Б.Ут Шарга морьтод зуслангийн зориулалтаар 560 м.кв газар, Д.зд Шарга морьтод зуслангийн зориулалтаар 561 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн 0189497, 0189556 дугаарт тус тус бүртгэгдсэн гэрчилгээ олгож, 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн байна.

Гэтэл хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамж нь бусдын эзэмшлийн талбайг давхардуулан олгосон хэрэг бус, өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр... гэж маргажээ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь ...газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэсэн-ээр үүсэх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.3-д шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.У, Д.Знар нь 2008 оны захирамжаар газар эзэмшиж, 2009 онд газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр газрын төлбөр тус тус төлсөн, мөн нэхэмжлэгч нар нь 2008 онд газар дээрээ зуслангийн зориулалттай байшин барихаар очиход тус газрыг өөр хүнд олгосон байх тул асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг хариуцагчид хүргүүлж байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдсэн учраас маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хуулийн дагуу шийдвэр гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч нарын газар эзэмшигч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөд хүрчээ.

Учир нь нэхэмжлэгч нар А.Б*******, М.М******* нараас маргаан бүхий газруудыг 2008 онд шилжүүлж авсны дараа гуравдагч этгээдийн газартай давхцалтай болохыг мэдэж, 2008 оноос хойш уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсаар байхад хариуцагч нь уг асуудлыг шийдвэрлээгүй мөртлөө маргаан бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхээс өмнө буюу 2005 онд гуравдагч этгээдэд эзэмшүүлж, хожим нэхэмжлэгч нар шүүхэд хандсаны дараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдсэн учраас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2004 онд А.Б, М. арт газар эзэмших эрх үүссэн байхад 2005 онд гуравдагч этгээдэд газар давхцуулж олгосон нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа юм... гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийн А.Б*******, М.М******* нарт холбогдох хэсэг, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжийн Б.У, Д.Знарт холбогдох хэсэг нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх олж авах, газар эзэмших эрхийг шилжүүлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

Гуравдагч этгээд Л.М нь 2005 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд Шарга морьтод 1997 оноос хойш зуслангийн зориулалтаар амьдарч буй газраа эзэмших хүсэлт гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 118 дугаар захирамжийн хоёр дахь заалтаар зуслангийн зориулалтаар газраа баталгаажуулах хүсэлт ирүүлсэн 382 иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дотор 15 дугаар хороо, Шарга морьтод зуслангийн зориулалтаар 0.04 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана гээд тус зүйлд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулахаас өмнө 32.2.1-д овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3-д газар эзэмших зориулалт, хугацаа гэж тус тус заасан байна.

Үүнээс дүгнэвэл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг заасан бөгөөд ингэхдээ мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хүсэлт гаргагч нь хангасан эсэхийг захиргааны байгууллага шалгах үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Л.М-долгосон газар нь мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан учраас давхацсан эсэхийг тогтоох боломжгүй байсан гэж тайлбарлах боловч газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар тухайн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэхийг шалгаж тогтоох үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэжээ.

Гэтэл захиргааны байгууллага нь иргэнд газар олгохдоо газар эзэмших хүсэлт нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй төдийгүй 2007 оноос эхлэн нийслэлийн хэмжээнд газрын кадастрын мэдээллийн сан үүсгэж, газрыг мэдээллийн санд бүртгэлжүүлэх ажил хийгдсэн гэж тайлбарласан мөртлөө гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газрыг кадастрын мэдээллийн санд бүртгээгүй, гуравдагч этгээд 2008 оноос хойш хүсэлт гаргасан газарт үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр хандаад байхад хариуцагч шийдвэрлээгүй болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн хүсэлтээр анх маргаан бүхий газрыг гуравдагч этгээдийн М ХХК-иар 2004 онд үйлдүүлсэн, мэдээллийн санд бүртгэгдсэн гэх газрын зураглалтай харьцуулж, давхцалтай эсэхийг тогтоолгохоор, дараа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр дээрх компанийн үйлдсэн гэх кадастрын зургийн эргэлтийн цэг, солбилцлыг газарт буулгаж, маргаан бүхий газартай ямар хэмжээний давхцалтай байгааг тогтоолгоор тус тус шинжээч томилжээ.

Улмаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/997, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2/816 дугаар албан бичгээр иргэн Л.М*******ын эзэмшлийн гэх газар нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архивт байхгүй тул давхцуулж харуулах боломжгүй гэх дүгнэлтийг ирүүлснээр гуравдагч этгээдийн 2004 онд Мон мет инженер ХХК-иар хийлгэсэн гэх маргаан бүхий газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Үүнтэй холбоотойгоор Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шинжээчийн зардал урьдчилж төлүүлэхээр 1/298 дугаар албан бичиг ирүүлсний дагуу шинжээчийн зардалд 493,200 /дөрвөн зуун ерэн гурван мянга хоёр зуун/ төгрөгийг дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан нэхэмжлэгч тал төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж гуравдагч этгээдэд газар олгосон болох нь тогтоогдож байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийн Л.М-дхолбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх анх 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар үүссэн бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно гэж заасны дагуу А.Бм, М.Мнараас нэхэмжлэгч нар газар эзэмших эрх шилжүүлж авсан болохоос шинээр газар эзэмших эрх авсан тохиолдол байхгүй учир нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг бусдын эзэмшил газартай давхцуулж олгосон гэж үзэхгүй гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т газар эзэмшигч нас барсан тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан хэдий ч шүүх маргаан бүхий газрын асуудалтай холбогдуулан нэгэнт захиргааны хэрэг үүсгэсэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 20 05 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжаар М.-д олгосон газрын эзэмших эрхийг түүний хүү М овогтой П-д өвлөх эрхийн гэрчилгээгээр олгосон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн дээр дурдсан үндэслэлүүдээр захиргааны байгууллага нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ бусдын газартай давхцуулсан болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасны дагуу гуравдагч этгээд өөрт учирсан хохирлоо захиргааны байгууллагаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У, Д.Знарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийн Л.М-тхолбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уийн миний бие Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчөөгүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.У, Д.Знарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ