Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 86

 

  Ш.Т-, Э.Б-, М.Ч-, М.Д-,

 М.С-, Т.Ө-, Б.Г-, Б.Т- нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч М.С-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 84 дүгээр магадлалтай, Ш.Т-, Э.Б-, М.Ч-, М.Д-, М.С-, Т.Ө-, Б.Г-, Б.Т- нарт холбогдох хэргийг шүүгдэгч М.Д-, М.С-, шүүгдэгч Т.Ө-ын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүгдэгч Ш.Т-ын өмгөөлөгч Д.Уранчимэг, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ***, М овогт Т-н Ө-,

2. Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ***, Г овогт Б-н Г-,

3. Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 27 настай, боловсрол, мэргэжилгүй, малчин, ***, Ш овогт Ш-н Т-,

4. Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, Ш овогт М-н Д-,

5. Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ***, Ш овогт М-н С-,

6. Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ***, Б овогт М-н Ч-,

7. Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ***, Ө овогт Б-н Т-,

8. Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ***, Х овогт Э-н Б-.

М.Д-, Т.Ө- нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Арын шуурагч” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 26-наас 2019 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Б.А-н эзэмшлийн 7 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Т-, М.Ч-, Т.Ө- нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр Ч.Б-н эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Ч-, Б.Ө- нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр гялгар” гэх газраас 2019 оны 02 дугаар сард Д.Д-н эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Б-, Б.Т- нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгийн шарил” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Я.Б- эзэмшлийн 2 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Д-, Б.Т-, М.С-, М.Ч-, Б.Г- нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бумбатын ам” гэх газраас 2019 оны 11 дугаар сарын 12-ноос 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд С.Г-н эзэмшлийн 7 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ө-, М.Ч- нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр Ж.Э-н эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Д-, Б.Ө- нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Халиутайн” гэх гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Ж.Э-н эзэмшлийн 4 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Ө-, М.Ч-, Б.Т- нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр Б.О-н эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Ө-, Э.Б- нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг” Булга” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Л.Х-н эзэмшлийн 18 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 9,050,000 төгрөгийн хохирол учруулсан,

М.С-, Ш.Т-, М.Д-, Б.Г- нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Хар хошуу” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 13-4-нд шилжих шөнө иргэн С.Ч-ийн эзэмшлийн 14 тооны адууг буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 14,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Ч-, Б.Т- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан,

шүүгдэгч Т.Ө-, Б.Г-, М.Д-, Ш.Т-, М.С-, Э.Б- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Ч-, Б.Т- нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Ө-ыг 4 жил хорих ял, шүүгдэгч Б.Г-ыг 3 жил 6 сар хорих ял, шүүгдэгч М.Д-ыг 4 жил хорих ял, шүүгдэгч Ш.Т-ыг 2 жил хорих ял,7 шүүгдэгч М.С-ыг 2 жил хорих ял, шүүгдэгч Э.Б-г 2 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Ч-, Б.Т- нар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Ч-ийн эзэмшлийн... 77-23 БНХ дугаартай тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Б.Ө-, М.Д-, Г.Ч-, Э.Б- нарын эзэмшлийн ... мотоцикл... ийг..., хурааж, шүүгдэгч Э.Б-гийн эзэмшлийн морины үнэ 800,000 төгрөг, шүүгдэгч Г.Ч-ийн эзэмшлийн.. 44-06 БНХ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 900,000 төгрөгийг шүүгдэгч М.Ч-, Б.Т-, Б.Г-, М.Д- нараас тэнцүү хувааж тус бүр 225,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Б.Г- хулгайн гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэж оролцсон хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан”, 1.6-д “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэгт оролцсон” зэрэг хэргийн буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж болно” гэснийг зөрчин хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж дүгнэлтээ гаргаж байна.

Шүүгдэгч Б.Г- хэргээ анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй байж чадахаа удаа дараа илэрхийлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт бүрэн нотолгоотойгоор байгаа төдийгүй ар гэрийн гачигдал, өвчин зовлонтойг холбогдох байгууллагаас илэрхийлсэн баримт байгааг анхаарч үзэхийг мэргэн шүүгчдээс хүсэж байгаагаа илэрхийлж байна.

Иймд гомдлыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хуулийг зөв хэрэглэсэн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч М.Д- гаргасан гомдолдоо “...М овогтой Д- миний бие анх удаа гэмт хэрэг үйлдэж, өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их харамсан гэмшиж байна. Хохирогч нарын хохирол гомдлыг бүрэн төлж барагдуулан гэм хорыг арилгасан. Одоо төлөх төлбөргүй, хохирогчдын зүгээс ямар ч гомдол, санал байхгүй. Одоо би хань, үр хүүхдүүдийнхээ төлөө амьдарч, ариун цагаан хөдөлмөрөөрөө зөв амьдрах болно гэдгээ чин сэтгэлээсээ амлаж байна. Миний эхнэр Даваахүү нь одоо 1 настай, 5 настай, 7 настай гурван хүүхдээ харан хашаандаа ганц гэр, тус дэм болох хүнгүй сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ харж эрхэлсэн ажилгүй гэртээ суудаг болохоор ар гэрийн байдал маань үнэхээр хүнд байгаа.

Тиймээс миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорыг арилгасан, гэм буруутай үйлдэлдээ гэмшсэн болон ар гэрийн маань нөхцөл байдлыг маань харгалзан үзэж надад оногдсон ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.С- гаргасан гомдолдоо “...М.Д- нь 2017 оноос хойш мал мах авдаг байсан. Тэрнээс хойш авсан малаас нь гаргалцаж тусалдаг байсан. 2019 оны 10 сарын дундуур намайг ажил дээр байхад Д- нь утсаар залгаж “та завтай бол хүрч ирээд адуу гаргалцаад өгөөч. Би хүнээс хэдэн адуу авчихлаа, Б ахын хаваржаан дээр хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би 16 цагийн үед очсон. Намайг очиход Д-, Г-, Т- нар нь адуу гаргаж байсан. Тэгээд би 2 адуу хуулж өгчхөөд ажилтай байсан тул ажил руугаа явсан.

Би хулгайн мал байсныг мэдээгүй. Д- нь мал мах авдаг байсан болохоор хулгайн мал байсныг мэдээгүй. Эхнэр Ж нь автомашины осолд орж хөл муутай болсон. Одоо эрхэлсэн ажил байхгүй, бага насны 2 хүүхэдтэй байгаа тул миний 2 жилийн ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т.Ө-ын өмгөөлөгч Г.Пүрэвдаваа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан тул гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалт бөгөөд энэ нь анхан шатны шүүх 2020 оны 01 сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь заалтаас бага ял оногдуулан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэх гэсэн ерөнхий агуулга харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн заалтаас дээрдэх зүйлгүйгээр шүүгдэгчид ялыг оногдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэх үүрэг болгоогүй гэж байгаа боловч давах болон хяналтын шатны шүүх тухайн заалтыг хэрэглэх боломжтой. Гэтэл давж заалдах шатны шүүх үүн дээр дүгнэлт хийлгүй орхигдуулсан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ө-ын хувьд хөдөө мал маллан гэр бүлээн тэжээн тэтгэн авч явдаг бөгөөд түүнийг байхгүйд гэр бүлд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх хүн байхгүй. Ө- нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч энэ нь заавал хорих ял авах хэрэг байсан ч гэсэн анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жил хорих ял /өндөр ял/ нь түүний ар гэрийнхнийх нь сэтгэл зүйд асар ихээр нөлөөлж байгаа, эхнэр нь бага насны 3 хүүхдээ идэх хоол өмсөх хувцастай байлгахын тулд амьжиргааных нь эх үүсвэр болсон малаа маллан хүнд хэцүү цаг үед шүд зуун амьдарч байна. Баянхонгор аймагт өвөлжилт хүндрэлтэй, мөн улсын хэмжээнд ковид-19 цар тахлын улмаас хорио цээр тогтоосон байгаа энэ үед Ө-ын ар гэр болох эхнэр болон бага насны 3 хүүхэд нь хүнд нөхцөлд амьдарч байна.

Ө- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа хохирогч нарт хохирлыг төлж, хор уршгийг арилгасан, цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй гэдэг бөгөөд өөрийн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгч өөрөө болон өөрийн гэр бүл нь түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас яаж хэрхэн хохирч байгааг Ө- бие сэтгэлээрээ мэдэрч байгаа бөгөөд үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлдэг. Ө- нь хэдийгээр олон үйлдэлтэй байгаа боловч тухай гэмт хэрэгт оролцсон оролцооны хувьд гол гүйцэтгэгч нь биш байдаг ба энэ нь гэмт хэргийн улмаас олсон орлого огт аваагүй, мөн зарим үйлдэл дээр хуваан авахдаа бусдаасаа бага авсан байгаа байдал болон хэрэгт байх бусад нотлох баримтаас харагддаг.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ө-ын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог нарийн тогтоогоогүй гэж үзэж байгаа болно.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.3 дахь заалтыг хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Т-ын өмгөөлөгч Д.Уранчимэг гаргасан гомдолдоо “...Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзсэнийг эс зөвшөөрч байна.

Хулгайн гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ш.Т-ыг харуй бүрий болсон байхад Монгол хүн хэзээ мал гаргаж байсан юм, тэгэхээр хулгайн үйлдэлд оролцсон гэж хийсвэр дүгнэлт хийж байна. Д-ы хулгайн үйлдлийг тухайн 14 адууг нядалснаар төгссөн гэж үзэж байгаа бол Т-ын хувьд үнэхээр гаргасан нэг адууг хуулалцах гэж байгаад хулгайн зүйл байж болох сэжиг илрэнгүүт би явлаа гээд гэр рүүгээ явсан нь тухайн үйлдэлд оролцохоос сайн дураараа татгалзсан гэж үзэж ч болохоор нөхцөл байдал тогтоогддог.

1. Ш.Т- нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр гэртээ байж байтал М.Д- гэрт нь ирээд адуу авсан юм, хуулалцаад өгөөч гэхээр нь за гээд 30 минутын дараа очиход 3 адуу унагасан байснаас нэг адууг нь хуулалцаж байтал Бардангийн доод хөтлөөр 2 машины гэрэл гарахад Д- Г-, С- нарт хандан гэрлээ унтраа гэхээр нь хулгайн зүйл байж магад гээд шууд мотоциклоо унаад гэр рүүгээ явсан гэдэг. Энэ байдал нь хэргийн материалд авагдсан Г-, С-, Д- нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

2. Ш.Т-ын хувьд иргэн Г.Ч-ийн 14 тооны адууг хулгайлсан үйлдэлд оролцоогүй, тухайн адууг хэзээ, хаанаас, хэнээс авсан, хэний адуу болох эсэхийг огт мэдэхгүй бөгөөд шүүхээс дүгнээд байгаа Д-тай хамтран адууг авсан, туулцсан, хашаанд шахсан, нядалсан, ачиж зөөвөрлөсөн зэрэг ажиллагаанд огт оролцоогүй. Гагцхүү 10 дугаар сарын 20-ны үед Д-ы гуйлтаар нэг удаа очиж адуу хуулалцах гэж байгаад тэдний үйл хөдлөлөөс хулгайн адуу байж магад гэж бодоод буцсан.

3. Гэтэл шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хэдийгээр үйлдлээрээ бүлэглэсэн гэж байгаа хэдий ч шүүгдэгч нэг бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй. Гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэхдээ оролцогч бүрийг нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоолгүйгээр буруу дүгнэсэн юм.

4. Ш.Т-ын оролцсон гэх хэргийг Д- 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 тооны адууг хулгайлж аваад 7-8 хоног байлгаж байгаад гаргасан нь хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Хохирогчийн нутагладаг газар, адуу нядалсан гэх Бардан хоёрын хооронд 45-48 км-ийн зайтай, хохирогчийн болоод Г-, С- нарын мэдүүлгээр Д- хулгай хийгээд түүнээс хойш 7-8 хоног байлгаж байсан бөгөөд чухам хаана, яаж адгуулж байсныг Д-аас өөр хэн ч мэддэггүй.

5. Иймд Ш.Т-ын тухайд ял оногдуулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг буюу иргэн Г.Ч-ийн адууг хулгайлаагүй бөгөөд хулгайн гэмт хэргийг үйлдэхэд хэн нэгэнтэй бүлэглэсэн үйлдэлгүй, аливаа гэмт хэрэг үйлдэх гэсэн шунахай санаа зорилгогүй, байгаагүй нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Анхан шатны шүүхээс Ш.Т-ын ямар үйлдлээс хор уршиг учирсан буюу ямар үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо үүссэн гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн 84 дүгээр магадлал, анхан шатны шүүхийн 252 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Ш.Т-од 2 жилийн хорих ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч М.С-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч М.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо хэргийн үйл баримтыг тодорхой дурдсан. Түүний эхнэр ажилгүй, бага насны хоёр хүүхэдтэй талаарх баримтууд хэрэгт авагдсан. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хор уршиг, бусдад төлөх төлбөргүй, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Д-, М.С-, Т.Ө-, Б.Г- нарт хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна. Харин шүүгдэгч Ш.Т-ын хувь өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргадаг ба давж заалдах шатны шүүх гомдолд хуульд заасан дүгнэлт хийгээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна.

2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд өөрчлөлт орсон ба хэрэг 2019 онд үйлдэгдсэн учир мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамласан.

Харин Б.Т-, М.Ч- нар нь 8 ба түүнээс дээш бог хулгайлсан үйлдлүүд харагддаг. Иймд тэдэнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Д-, М.С-, шүүгдэгч Т.Ө-ын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүгдэгч Ш.Т-ын өмгөөлөгч Д.Уранчимэг, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Т.Ө-, Э.Б-, М.Ч-, М.Д-, М.С-, Б.Г-, Б.Т-, Ш.Т- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Ө-, Б.Г-, М.Д-, М.С-, Э.Б- нар нь бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нэр бүхий 8 шүүгдэгчээс Т.Ө-, Б.Г-, М.Д-, М.С-, Э.Б- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг бодитой сэргээн тогтоож, эдгээр шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Мөн шүүх дээрх нэр бүхий 5 шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж, заримд нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Үүний зэрэгцээ, анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааны зохицуулалт буюу гэмт хэргийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу тодорхойлдог эрүүгийн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчмыг хангалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийснийг зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тодруулбал, шүүгдэгч нарыг 2019 оны 02 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед 2017 оны 05 дугаар сарын 11-нд батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд “олон тооны мал хулгайлах” нь уг хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байжээ. Харин 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр батлагдан 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуулиар тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нэмэлт орсны дотор “бүлэглэж”, “машин механизм ашиглаж” мал хулгайлсан шинжүүд багтсан байна.     

Гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хууль болон сүүлд батлагдсан хуульд зааснаар тодорхой гэмт хэргийн шинж өөрчлөгдөөгүй, эсхүл шинэ хууль агуулгын хувьд хөнгөн хуульд тооцогдохгүй байгаа бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тусгайлсан зарчим, ойлголт хөндөгдөхгүй, шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу зүйлчлэн шийдвэрлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “Хууль буцаан хэрэглэх” ойлголт нь мөн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан “Хууль үйлчлэх цаг хугацаа” гэсэн эрх зүйн нийтлэг хэм хэмжээнээс урган гарсан тусгай зохицуулалт бөгөөд гагцхүү шинээр батлагдсан хуулийн хэм хэмжээг өмнөх үйл баримтанд хэрэглэхтэй уялдан үүсдэг тул шүүх гэмт хэрэг үйлдэх үеийн хуулийг хэрэглэх үндэслэлийг тогтоохдоо “хууль буцаан хэрэглэж байгаа” гэсэн дүгнэлт хийж буй нь хууль хэрэглээний алдаа буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогдоно.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл нь “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчлагдсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинжийг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтана.

Гэтэл гэмт хэрэг, ял шийтгэлийг хуулиар тодорхойлж, хэрэглэх нийтлэг зарчим болон “Эрүүгийн хууль буцаан хэрэглэх” хэм хэмжээний ойлголт, агуулгыг хооронд нь хольж буруу тайлбарлан, зарим шүүгдэгч нарын үйлдлийг аль аль хуулинд байгаа олон тооны мал хулгайлсан шинжээр, мөн түүнчлэн сүүлд батлагдсан хуульд заасан “машин механизм”  ашиглаж үйлдсэн шинжээр давхар буруутгаж, үүнийгээ хууль буцаан хэрэглэж байгаа мэт зөрүүтэй дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Үүнийг зөвтгөж, шүүгдэгч Т.Ө-, Б.Г-, М.Д-, М.С-, Э.Б- нарын гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлтээс мал хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” гэх шинжийг хэрэгсэхгүй болгосноор эдгээр шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэл, эрх зүйн байдал хөндөгдөхгүй байдлыг харгалзан холбогдох өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзнэ.  

Түүнчлэн дээрх шүүгдэгч нартай хамтран гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдлийн хувьд ижил төстэй буюу нийт 5 удаагийн үйлдлээр бүлэглэн, бусдын 11 тооны бод мал хулгайлсан М.Ч-, мөн түүнчлэн 4 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын 11 тооны бод мал хулгайлсан Б.Т- нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах болон прокурорын шатанд зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлаж, олон тооны мал хулгайлах шинж ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн мэт ойлгогдохоор буруу дүгнэж, хууль хэрэглээний алдаа гаргасныг шүүхүүд зөвтгөсөн дүгнэлт хийж чадаагүй байна.

Шүүгдэгч М.Ч-, Б.Т- нарын үйлдсэн гэмт хэргийн шинжид дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх талаар дээр хийгдсэн хууль хэрэглээний тайлбар, үндэслэлд нийцүүлэн, тэдгээрийн үйлдлийн шинжид тохирох зүйлчлэлийг үндэслэлтэй тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул тэдэнд холбогдох шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.       

Мөрдөгч, прокурор гэмт хэргийн шинжид хамаарах үйл баримтыг бодитой, үнэн зөв байдлаар тогтоохын тулд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж, ингэхдээ яллах болон цагаатгах нөхцөл байдлыг нэгэн адил тогтоох арга хэмжээг авч, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж шалгах үүрэгтэй бөгөөд эдгээр байдлын талаарх талуудын мэтгэлцээнд тулгуурлан шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоодог.

Тодруулбал, шүүх хянан үнэлж буй нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай байх болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох хүмүүсийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Хэрэгт авагдаж, шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянаж үзвэл Ш.Т-ыг бусадтай бүлэглэн, олон тооны бод малыг хулгайлахад хамтран оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй, тэрээр бусдын гуйлтаар гурван адуу нядалж байгаа хүмүүс дээр очиж нэг адуу нядлах ажилд тусалсан, ямар нэгэн хууль бус ашиг сонирхол өвөрлөөгүй, шан урамшуулал авсан зүйлгүй гэх мэдүүлэг нь бусад баримтат мэдээллээр батлагдаж байгаа нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр түүнийг буруутгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Ш.Т- нь шүүгдэгч М.Д-ы гуйлтаар мал нядлахад туслахдаа тухайн малыг ямар арга замаар олсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан буюу урьдчилан амласны дагуу бусад шүүгдэгч нартай санаа зорилго нэгдэж тусалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарыг хулгайн мал нядалж байж болзошгүй болохыг мэдсэн даруйдаа, тухайн газрыг орхиж явсан төдийгүй, түүнчлэн нэг бус удаагийн үйлдлээр мал нядалсны төлөө багагүй мөнгө авсан байгаа нэр бүхий шүүгдэгч нараас үйлдэл оролцоо, үйлдэлдээ хандах хандлага өөр байсан зэрэг нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт хийлгүй гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь буруу байх тул Ш.Т-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч М.Д-, М.С-, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Л.Батбаяр, шүүгдэгч Т.Ө-ын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү, ...ялыг тэнсэж өгнө үү гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Ш.Т-ын өмгөөлөгч Д.Уранчимэгийн гаргасан “...шүүх хэргийн бодит байдлыг үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул Ш.Т-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3, 1.4 -т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 84 дүгээр магадлалд “Шүүгдэгч Б.Т-, Г.Ч- нарт холбогдох хэргийг тусгаарлаж, прокурорт буцаасугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Т.Ө-, Б.Г-, М.Д-, Ш.Т-, М.С-, Э.Б- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “шүүгдэгч Т.Ө-, Б.Г-, М.Д-, М.С-, Э.Б- нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1...” гэснийг хасаж,

“Прокуророос Ш.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-, М.С-, шүүгдэгч Т.Ө-ын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Л.Батбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                             ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                Б.БАТЦЭРЭН

                                Ч.ХОСБАЯР

                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН