Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1647

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  А.Уламбаяр,                            

улсын яллагч П.Даваасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшин түүний өмгөөлөгч О.Баяраа,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 2180 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч М.Б 1991 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч ажилтай, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн гудамж 72 дугаар байр 49 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 55Б байрны 41 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан өрөөндөө насанд хүрээгүй Э.Өсөхбаярыг үйлдсэн хэргийнхээ талаар ярь гэж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хүү 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гараад явсан. 2017 оны 05 дугаар сарын 27-ны өглөө биеийн байдал нь муу орж ирсэн. Яасан бие нь гайгүй юу, юу болсон бэ гэж асуухад надад тухайн болсон байдлаа хэлсэн. Манай хүүхдийг авч явахдаа машинд нэлээн зодсон байсан. 2017 оны 05 дугаар сарын 28-ны өглөө Батхишигтэй уулзаад манай хүүхдийг зодсон байна гэж хэлэхэд би зодоогүй гэж хэлсэн. Дараа нь манай гэрт ирж уучлалт гуйсан. Хэд хоногийн дараа надад миний хэрэг яаж шийдэгдэнэ танай хүүхдийн хэрэг тэгэж шийдэгдэгдэнэ шүү гэж хэлсэн. Тэрэнд би гомдолтой байна” гэв,

Хохирогч Э.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "Цагдаагийн хэсэг дээр орой 19 цаг хүртэл сууж байтал Батхишиг цагдаа хулгай орсон айлын хүнтэй хамт ирж бид 3-ыг аваад Баянзүрх дүүргийн хажуу талд байрлах Цагдаагийн хэлтсийн байранд авчирсан. Нарантуул захын тэндээс хөдлөхдөө Батхишиг нь нурууруу тохойгоороо цохиод байсан. Цагдаагийн хэлтэс дээр авчраад 4 давхарт гаргаад бид 3-ыг цуг байлгаж байгаад өмнөх хэргүүдээ хэл гээд байсан. Дөлгөөнөө Баатарзориг 2-ыг өрөөнөөс гарч бай гээд гаргасны дараа намайг хэдэн хэрэг хийсэн бэ гээд шүүгээ онгойлгоод резинэн бороохой гаргаж ирээд зүүн гарын булчин хэсэгрүү, зүүн гуя, далруу олон удаа цохьсон. Намайг бороохойгоор цохиулаад унахаар үснээс зулгааж босгож ирээд алгадаад энэ 2 хэдэн хэрэг хийсэн бэ чи мэдэж байгаа гээд зодоод байсан" гэх мэдүүлэг /хх-н 34 дүгээр хуудас/

Гэрч Д.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд орыг нь зассан байхад шууд орлуугаа ороод хэвчихсэн. Эгч нь хувцастайгаа орондоо орлоо гээд загнаад хувцаснаас нь татахад дал, мөр, нуруу, бүдүүн гуя зэрэг нь том том хэмжээтэй улайж, хөхөрсөн, хавдсан байдалтай байсан. 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өсөхбаяр найз нартайгаа хулгай хийгээд цагдаа нарт баригдсан гэсэн. Тэр өдрийн орой Батхишиг Цагдаагийн хэлтсийн байранд авчирж зодсон байсан" гэх мэдүүлэг /хх-н 37-38 дугаар хуудас/

Гэрч Э.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "БЗД-ийн цагдаагийн хэлтсийн төлөөлөгч Б гэх хүн ирээд бид 3-ыг Цагдаагийн хэлтсийн байрны 4 давхарт өрөөндөө авирсан. Бид 3-ыг ээлжлээд ямар овоо муу пизданууд вэ одоо ална за юу гээд хөл рүү өшиглөөд цээжрүү нударгаа зангидаж байгаад цохьсон, мөн хацарлуу алгадаж байсан. Баатарзориг бид 2-ыг коридорт байдаг паартай гарыг холбочихсон. Тэгээд Өсөхбаярыг өрөөндөө үлдээсэн. Гэтэл өрөөнөөс Өсөхбаяр яаая, больёоо гээд орилоод, уйлаад байсан. Батхишиг дуугуй бол, хэдэн хэрэг хийсэн гээд чанга чанга дуугараад байсан. Өсөхбаярыг зодож цохиж байгаа чимээ гарч Өсөхбаяр чанга дуугаар уйлж байсан... Б бос битгий баашлаад бай гэхэд хөл явж чадахгүй байна гээд уйлаад байсан. Б нь анх өрөөнд дагуулж орж ирснийхээ дараа төмөр сейфнээс хар өнгийн бороохой гаргаж ирсэн. Өсөхбаярыг зодсоны дараа Б-ийн өрөөнд ороход 50-60 см-ийн урттай хар өнгөтэй нөгөө бороохойгоо ширээн дээрээ тавьсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

Шинжээчийн 7224 дугаартай дүгнэлтэд "Э.Өсөхбаярын биед дал, бугалга, гуя тахиманд цус хуралт, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна" гэх дүгнэлт /хх-н 15 дугаар хуудас/

Шинжээч эмч Н.Туяагийн "энэ гэмтлүүд нь нарийн урт мохоо зүйл, хязгаарлагдмал гадаргуутай биетийн цохилтын үед үүсэх боломжтой. Ер нь бороохойн үйлчлэлээр үүснэ. Зулгаралт гэмтэл нь унах юм уу, хашаа давах үед үүсэх боломжтой. Зулгаралтаас бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна" гэх мэдүүлэг /хх-ийн 81/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан өрөөндөө насанд хүрээгүй Э.Өсөхбаярыг үйлдсэн хэргийнхээ талаар ярь гэж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Б-ийг хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшин нь хавтаст хэрэгт эмчилгээнд зарцуулсан зардлыг нотлох баримтаар гаргаж нийт 260.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүх уг төлбөрийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2017 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө үйлдэгдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 349.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Б-ийг хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, М.Б нь урьд нийт 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 3. Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Б-ээс нийт 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшинд олгосугай.

4. М.Б-т урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР