Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 157

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч М.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшин, түүний өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 827 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Бт холбогдох 201725012180 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

.............. овогт ..............ын .............., 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт .............. тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../,

М.Б нь 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан өрөөндөө насанд хүрээгүй Э.Өыг “үйлдсэн хэргийнхээ талаар ярь” гэж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.Бийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: .............. овогт ..............ын ..............ийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар М.Бт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, М.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль бус, хохирогчийн эрх ашгийг хамгаалаагүй, зөвхөн шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалсан, хэргийн зүйлчлэл буруу байдалтай шийдэгдсэн. Миний хувьд бага насны хүүхдээ цагдаагийн байгууллагын ажилтанд эрүүдэн байцаагдаж, зодуулж сэтгэл санаа эд материалын хохирол амссан. Энэ хэргийг прокурор П.Даваасүрэн зургаан сарын хугацаанд дарж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. П.Даваасүрэн прокурортой уулзах гэж хоёр удаа очсон боловч уулзаагүй. Эхний удаа очиход гадуур ажилтай байсан. Дараа нь Батхишиг над руу яриад “маргааш прокурор дээр хүрээд ир” гэсэн. ...П.Даваасүрэн прокурор надад “та юун хүн бэ, ямар хэргээр явж байна” гэхэд нь “би хохирогч Өсөхбаярын аав байна, та М.Б бид хоёрыг хүрээд ир” гэсэн чинь “М.Б та хоёрын явдал надад хамаагүй, би таныг дуудаагүй” гээд өрөөндөө орсон. П.Даваасүрэн прокурор надтай нэг ч уулзаагүйд гомдолтой байна. Шүүхийн тогтоолыг эхнэр маань уншиж үзээд хүүхдээ зодуулсандаа маш их харамсаж уйлж байсан. Анхан шатны шүүхээр ороход М.Бийн ээж нь надад “хүүхдийг чинь цаашид эмнэлэгт хэвтэх, эмчлүүлэх мөнгө өгнө, та шүүх дээр гомдолгүй гээд хэлээд өгөөч” гэж гуйсан ба би олон хүүхэдтэй тул өрөвдөөд шүүх хурал дээр “гомдолгүй” гэж хэлсэн. Гэтэл шүүх хурлаас хойш нэг ч ирж уулзаагүйд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшингийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэл буруу, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. М.Бийн үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн шууд санаа сэдэлттэй, бусдыг эрүүдэн шүүх, тайлбар мэдүүлэг авах зорилгоор гурван хүүхдийг зодсон. Өсөхбаярын биед гэмтэл учирсан. Энэ хэрэг бүтэн 6 сар тодорхой ажил хийгдээгүй. Сүүлд Авилгатай тэмцэх газрын мөрдөгч Батболд бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж санал гаргасан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчлэхийг хохирогч хүндэтгэн үзэж байгаа. Энэ хэрэг нь өөр зорилготой. Өрөөндөө гавлаж байгаад “бич” гэж 6-7 хэрэг хүлээлгэж бичүүлж авсан. М.Б гав, бороохой хэрэглэх ёсгүй байж хэрэглэсэн. Хэргийн материалд авагдсан Баатарзориг гэдэг хүн байдаг. Энэ хүнээс өөрөөр нь тайлбар бичүүлж аваад зургаан сар болоход энэ хүнийг байцаагаагүй. Хавтаст хэргийн 9 дүгээр талд тайлбар авсан байдаг. Үүнийг сүүлийн мэдүүлгүүд байхгүй, алга болсон. Хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа хэргийн зүйлчлэл буруу байна, энэ хэрэг маш удаан шалгагдсан, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш үү гэж хэлсэн. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Учир нь энэ үйлдэл 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө болсон. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2017 оны 5 дугаар сарын 26наас 27-нд шилжих шөнө насанд хүрээгүй Э.Дөлгөөн, Э.Ө, Б.Баатарзориг нарыг “Нарантуул” Худалдааны төвөөс гарыг нь зиг заг түгжээ бүхий холбогч болон гаваар холбон албан өрөөндөө авчирч “Одоо ална аа...” гэх зэргээр айлган цээж рүү нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, улмаар Э.Дөлгөөн, Б.Баатарзориг нарыг хонгилд гарган халаалтын паарнаас гарыг нь холбож, харин хохирогч Э.Өыг өрөөндөө авч үлдэж резинин бороохойгоор түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, мөн “Үйлдсэн хэргээ цаасан дээр бич” гэж цаас, үзэг өгч газарт хэвтүүлэн бичүүлсэн болох нь хохирогч Э.Ө, гэрч Э.Дөлгөөн нарын мэдүүлэгт тодорхой тусгагджээ. Тухайлбал:

Гэрч Э.Дөлгөөн нь мөрдөн байцаалтын шатанд “...бид гурвыг ээлжлээд ямар овоо муу п... вэ, одоо ална за юу гээд хөл рүү өшиглөөд, цээж рүү нударгаа зангидаж байгаад цохисон. Мөн хацар руу алгадаж байсан.” гэж /хх-40/, хохирогч Э.Ө “...Нарантуул захын тэндээс хөдлөхдөө М.Б нь нуруу луу тохойгоороо цохиод байсан...шүүгээ онгойлгоод резинэн бороохой гаргаж ирээд зүүн гарын булчин, зүүн гуя, дал руу олон удаа цохисон. Намайг бороохойгоор цохиулаад унахаар үснээс зулгааж босгож ирээд алгадаад “Энэ хоёр хэдэн хэрэг хийсэн бэ? Хэлээдэх. Чи мэдэж байгаа” гээд зодоод байсан. Би тэр үед нь орилоод уйлж байсан. Тэр үед Э.Дөлгөөнөө, Б.Баатарзориг хоёр “Үнэн ээ хэлье” гээд ороод ирсэн. М.Б байцаагч тэр хоёрыг дунд нь гав зүүчихсэн байсан. Тэгээд шалан дээр хэвтүүлээд “Хэргээ бич” гээд бал цаас өгөөд бичүүлсэн...” гэж /хх-34-35/ тус тус мэдүүлсэн байхад насанд хүрээгүй Б.Баатарзориг, Э.Дөлгөөн нарыг энэ хэргийн хохирогчоор тогтоогоогүй нь буруу болжээ.

Түүнчлэн шүүгдэгч М.Бийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх” гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, хэргийг зөв зүйлчлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Бт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг энэхүү шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 827 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Ц.ОЧ