Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2023/00073

 

 

******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/00855 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

                     *******,

                    ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохирол 73,626,277 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 6 дугаар байрны 86 тоот 18 м.кв улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн өргөтгөлийн орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “*******” ХК нь засварын ажил хийж байхдаа нурааснаас болж орон сууцны хажууд баригдсан бидний өргөтгөлийн орон сууц юу ч үгүй нуран унаж дотор нь байсан эд хөрөнгө бүгд эвдэж гэмтэж эд хогшлоо авах аргагүй болсон.
           Энэ өргөтгөлийн орон сууцыг 1999 онд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар барьж ашиглалтад оруулахад улсын комисс хүлээж авсан баримт нь байдаг бөгөөд 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ******* нь Л.Алтангэрэл гэдэг хүнээс орон сууц худалдах худалдан авах гэрээгээр 28,000,000 төгрөгөөр худалдан авахад эгч ******* минь 30 хувийн мөнгийг төлж, өндөр настан ээж******* нь тэр үеэс эхлэн оршин сууж орон сууц нурах хүртэл 12 жил өргөтгөлөөр барьсан орон сууцанд амьдарсан билээ. Энэ орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн ХААН банкны ипотекийн зээлд хамрагдсан байгаа. Нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хотод байсан орон сууцаа зарж борлуулсны дараа доторх тавилга цахилгаан хэрэгсэл, өөрийн болон хүүхдийн хувцас зэргийг бүгдийг нь Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4/6 байрны 86 тоотод авчраад өөрөө хүүхдийнхээ хамт ирж очин амьдарч байсан.

Гэтэл “*******” ХК 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед нь шугам засах ажил хийж гүйцэтгэх үедээ хөдөлмөр хамгаалалтыг хангалгүй орон сууцны хажуудах хөрсийг ухаж хариуцлагагүй хандсанаас болж бидний амьдралд хүнд хэцүү хохирол учирсан байхад ямар ч хохирол төлөөгүй.

Иймд нэхэмжлэгч *******, *******,******* бид нарт эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан “*******” ХК-иас дахин өргөтгөлийн барилгыг барьж ашиглах аргагүй болсон тул шинээр барих шаардлагатай болсон барилгын үнэ 48,028,277 төгрөг, хөдлөх эд хөрөнгө буюу эд хогшлын үнэ 14,240,000 төгрөг барилгын нуранга дор дарагдаж сүйдэж хогийн машинаар ачуулсан эд хогшил хувцас, эд хөрөнгийн үнэ 10,958,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээчнээр үнэлгээ гаргуулсан хөлс 400,000 төгрөг, нийт 73,626,277 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 526,085 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 ...Тухайн орон сууцны оршин суугч хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн өргөтгөлийн талаар Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 10-07-026\198 дугаартай дүгнэлт гарсан байна. Дүгнэлтэд тухайн өргөтгөл зайрмагны цехийн зориулалтаар хүлээн авсан актын үнэлгээгээр дунд үнэлгээтэй, хүлээн авсан гэх актад 2 гишүүн, гүйцэтгэгч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй, 6-р байрны барилгын үндсэн хийцэд эвдрэл гэмтэл үүсээгүй. Өргөтгөлийн зураг төсөл ирүүлээгүй гэж дурджээ. Үүнээс үзэхэд улсын комисс хүлээж авсан гэж үзэх боломжгүй байна.

Тухайн өргөтгөл нурсан өдөр ямар эд хөрөнгө байгаа талаар манай зүгээс зургийг авч баталгаажуулсан. Үнэлгээ дээр дурдсан зарим эд хөрөнгө байгаагүй болно. Байсан эд хөрөнгийг дурдвал: 1. хөргөгч, 2. жижиг явган сандал ягаан, З. даллагын уут номнууд, 4. индүү, 5. халуун сав, 6. шилэн стаканууд, 7. хоолны аяганууд, 8. будаа агшаагч, 9. шашны эд зүйл, 10. зурагт самсунг, 11. түргэн тогоо, жигнүүрийн хамт, 12. жижиг гал тогооны шкаф болон орны хавтангууд, 13. автомат угаалгын машин, 14. тень, 15. орны матарас, 16. DVD уншигч, 17. хувцас хатаагч, 18. Эмнэлгийн бичиг баримт, 19. Ханын цаг, 20. гурилын мод эдгээр байсныг зургаар баримтжуулсан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байдал: 1. Хууль дүрэм зөрчиж барьсан, 2. Хүн амьдрах зориулалт байхгүй, 3. Улсын комисс хүлээж аваагүй, 4. “*******” ХК-аас тухайн өргөтгөл нь хууль дүрэм зөрчсөн талаар оршин суугч өрхөд мэдэгдэл хүргүүлж байсан, 5. Манай ажиллаж байсан техник өргөтгөлтэй ямар нэг байдлаар шүргэж, хүрэлцсэн асуудал байхгүй.

Ийм байдлаар дураараа барилга байгууламж барьдаг, гэмтэл гарсан үед шуурхай үйл ажиллагаанд саад учруулдаг тохиолдлууд гардаг. Газрын зөвшөөрөл авсан ч бусад хууль дүрэмд захирагдах үүрэгтэй. Барилга байгууламж барихдаа “*******” ХК-наас зохих зөвшөөрлийг аваагүй манайхаас зөвшөөрөл хүссэн бол зөвшөөрөхгүй байсан. Гэмтлийг шуурхай илрүүлж, засварлан хэвийн үйл ажиллагаатай болгох нь манай үүрэг. Тэнд оюуны ирээдүй бага сургууль түүний багш суралцагсдын болон олон байрны оршин суугчдын эрх ашиг яригддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ХК-аас 38,640,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, *******,******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 34,986,277 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526,085 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-аас 351,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, *******,******* нарт олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...Өргөтгөлийн байр нь бүр мөсөн нурж унасан бөгөөд дахин сэргээх боломжгүй тул 18 м.кв байр барих барилгын төслийг “” ХХК-иар хийлгэсэн. Дахин шинэ байр барихад байрны үнийн дүнгээс элэгдэл хорогдол яригдахгүй, шинээр барилга барих асуудал яригдаж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Өргөтгөлийн орон сууц нурж маш том хавтангууд дарснаас болж хувцас хунар эд хогшлоо авч чадаагүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул хувцас, эд хөрөнгийн үнэ 10,958,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 34,986,277 төгрөгийг хариуцагч “*******” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 6 дугаар байр 86 тоотод байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өргөтгөлийн барилгыг хууль дүрэм зөрчиж барьсан, хүн амьдрах зориулалтгүй, улсын комисс хүлээж аваагүй, тус барилгыг хууль дүрэм зөрчиж барьсан талаар оршин суугчид мэдэгдэл хүргүүлж байсан, эрүүгийн шугамаар шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан, манай байгууллага засварын ажлыг хууль дүрэмд заасны дагуу хийж гүйцэтгэсэн, техник өргөтгөлийн барилгад шүргэж хүрсэн асуудал байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зөв гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож
өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:


           1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

            Хэргээс судлан үзэхэд:

3. Нэхэмжлэгч *******, *******,******* нар нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан орон сууцны өргөтгөлийн барилгыг нурааснаас учруулсан гэм хорын хохирол 73,626,277 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч нар нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагч “*******” ХК нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна гэж дүгнэн гэм хорын хохирлыг нотлох баримтаар нотлогдсон хэмжээгээр буюу 38,640,000 төгрөгийг хариуцагч “*******” ХК-аас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,986,277 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ...Өргөтгөлийн байр нь бүр мөсөн нурж унасан бөгөөд дахин сэргээх боломжгүй тул 18 м.кв байр барих барилгын төслийг “” ХХК-иар хийлгэсэн. Дахин шинэ байр барихад байрны үнийн дүнгээс элэгдэл хорогдол яригдахгүй, шинээр барилга барих асуудал яригдаж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Өргөтгөлийн орон сууц нурж маш том хавтангууд дарснаас болж хувцас хунар эд хогшлоо авч чадаагүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул хувцас, эд хөрөнгийн үнэ 10,958,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 34,986,277 төгрөгийг хариуцагч “*******” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Дархан-уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 6 дугаар байр 86 тоотод байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өргөтгөлийн барилгыг хууль дүрэм зөрчиж барьсан, хүн амьдрах зориулалтгүй, улсын комисс хүлээж аваагүй, тус барилгыг хууль дүрэм зөрчиж барьсан талаар оршин суугчид мэдэгдэл хүргүүлж байсан, эрүүгийн шугамаар шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан, манай байгууллага засварын ажлыг хууль дүрэмд заасны дагуу хийж гүйцэтгэсэн, техник өргөтгөлийн барилгад шүргэж хүрсэн асуудал байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зөв гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хэргийн үйл баримт болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

8. 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “*******” ХК-ийн ажилчид Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, Хээтэй хороолол 4/6 дугаар байрны хажууд цэвэр усны шугам хоолойд гарсан гэмтлийг засварлах ажлыг хийж гүйцэтгэх явцад цэвэр усны шугамын гэмтлийн улмаас хөрс дэвтэн гулгалт нуралт үүсч Дархан-уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 6 дугаар байр 86 тоотод байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өргөтгөлийн барилга нурсан үйл баримт тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Харин хариуцагч “*******” ХК нь уг өргөтгөлийн барилгыг хууль дүрэм зөрчиж барьсан, хүн амьдрах зориулалтгүй, улсын комисс хүлээж аваагүй, тус барилгыг хууль дүрэм зөрчиж барьсан талаар оршин суугчид мэдэгдэл хүргүүлж байсан, манай байгууллага засварын ажлыг хууль дүрэмд заасны дагуу хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

9. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно” гэж, 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна.” гэж заажээ.

2002 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-т “төвлөрсөн ус хангамжийн ус түгээгүүрийн гол түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш 5 метрт хамгаалалтын бүс тогтооно.” гэж,

2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батлагдаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-т “төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно.” гэж тус тус хуульчилсан бөгөөд Дархан-уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 6 дугаар байр 86 тоотод байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өргөтгөлийн барилгыг 1999 онд ашиглалтад оруулжээ.

Хэргийн 49 дүгээр талд авагдсан 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаартай “Үйлдвэр үйлчилгээ явуулах зориулалтаар засвар, шинэтгэл хийсэн орон сууцыг хүлээн авсан комиссын акт”-аар Дархан-уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 6 дугаар байр 86 тоотод байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өргөтгөлийн барилгыг хүлээн авах үед дээрх хуулийн зохицуулалт хуульчлагдаагүй байсан байх тул уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “барилгыг хууль дүрэм зөрчиж барьсан, хүн амьдрах зориулалтгүй, улсын комисс хүлээж аваагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

10. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх гэм хорын хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлд заасан “Болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн обьёоктив шинжийг агуулсан болох нь тогтоогдож байгаа хэдий ч  мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохирлын хэмжээнд хүрэхгүй Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж дүгнэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 41 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тогтоолоор хэрэг бүртгэлтийн 221800444 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.  /хх-ийн 52-53/

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд гэмт хэрэг нь хуульд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ...их хэмжээний хохирол учруулсан бол...” гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Их хэмжээний хохирол гэдэгт Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-т “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгох ба энэ 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээг хэлнэ.

Мөрдөн байцаалтын шатанд “*******” ХК-ийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч *******, *******,******* нарын эд хөрөнгөнд 38,240,000 төгрөгийн хохирол учирсан гэж хохирлын хэмжээг “Капитал зууч” ХХК-ны гаргасан үнэлгээний дагуу тогтоож, хохирогч нарт учирсан гэм хорын хохирлын хэмжээ нь хуульд заасан их хэмжээний хохирол буюу 50 сая төгрөгт хүрээгүй гэж дүгнэсэн байна.

Дээрх “Капитал зууч” ХХК-ны гаргасан үнэлгээний дагуу “*******” ХК-ийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлын хэмжээ нь хуульд заасан их хэмжээний хохиролд хүрээгүй учир Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн үндсэн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан бөгөөд энэ нь “*******” ХК-ийг огт гэм буруугүй гэсэн дүгнэлт биш юм.

Дээрх байдлаас дүгнэвэл ******* ХК-ийн болгоомжгүй үйлдлийн улмаас  *******, *******,******* нарын эд хөрөнгөнд гэм хор учирсан нь тогтоогдсон, гэм хор учруулагчийн үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой тул ******* ХК нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

11. Хэргийн 51 дүгээр талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээгээр Дархан-уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 6 дугаар байр 86 тоотод байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* бүртгэгджээ.

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч нар нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагч ******* ХК нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “эрүүгийн шугамаар шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан, манай байгууллага засварын ажлыг хууль дүрэмд заасны дагуу хийж гүйцэтгэсэн, техник өргөтгөлийн барилгад шүргэж хүрсэн асуудал байхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

13. Анхан шатны шүүх шинжээчээр томилогдсон Капитал зууч ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайланг үндэслэн хохирлыг тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь тухайн хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг арилгах дарааллыг зохицуулсан байх бөгөөд эхлээд эвдэрсэн зүйлийг засаж болох эсэх, харин хуучин байдалдаа эргэж сэргээгдэх боломжгүй тохиолдолд хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр заажээ. 

Нэхэмжлэгч нарын орон сууцны өргөтгөл нь хуучин байдалдаа эргэж сэргээгдэх боломжгүй болсон нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь тухайн барилгыг барих барилгын ажлын төсвийг “” ХХК-иар тооцуулан 48,028,277 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Орон сууцны өргөтгөл нь хуучин байдалдаа эргэж сэргээгдэх боломжгүй болсон байх тул тухайн барилгыг барихад гарах зардлыг ХХК-ийн гаргасан 48,028,277 төгрөгөөр тооцон  хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

            14. Нэхэмжлэгч нар  нь орон сууцны өргөтгөл нурснаас үүдэн  хувцас хунар эд хогшлоо авч чадаагүй тул хувцас, эд хөрөнгийн үнэ 10,958,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”,

38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх тухайн эд зүйлс нурсан барилгад байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй, Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүй гэж дүгнэн эд зүйлийн үнэ 10,958,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

15.  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.

Анхан шатны шүүх хариуцагч “*******” ХК-аас гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй орхигдуулсан байна. 

            Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон бусад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхих  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            16. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Сүхбат нь “******* ХК-ийн буруу гэж харж байна” гэж дүгнэснийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж зөв дүгнэжээ. 

            17. Хэргийн 131 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын архивд хадгалагдаж байсан хэрэг бүртгэлтийн 221800444 дугаартай хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн баримт, гэрэл зургууд хх-ийн 6-8, 88-92/, 134 дүгээр талд авагдсан н.Ариунболдын мэдүүлэг, хэргийн 143 дугаар талд авагдсан гэрч н.Нэргүйгийн мэдүүлэг, 147-148 дугаар талд авагдсан гэрч н.Баатарзоригийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан боловч  нотлох баримтын шаардлага ханган хэрэгт хавсаргаагүй хэрэг бүртгэлтийн хэргийг бүхэлд нь хэрэгт хавсарган ирүүлсэн зөрчил гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1.  Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/00855 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “*******” ХК-аас 38,640,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, *******,******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 34,986,277 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “*******” ХК-аас 62,668,277 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, *******,******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 10,958,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...хариуцагч ******* ХК-аас 351,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  *******, *******,******* нарт олгосугай” гэснийг “хариуцагч “*******” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 471,291 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  *******, *******,******* нарт олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж,   шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 351,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 332,881 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.БАЙГАЛМАА                                              

                                            ШҮҮГЧИД                              Я.ТУУЛ                                                             

                                                                                                 Г.МЯГМАРСҮРЭН