Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2023/00074

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/00912 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,789,859.96 төгрөг гаргуулах” тухай

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           Хариуцагч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******тай ЗГ******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 4,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч ******* нь ЗГ******* тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй 704 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний 3.3.4-т заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. 2022 оны 12-р сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: зээлийн төлбөрт 3,518,601.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,187,736.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 83,522.41 төгрөг, нийт 4,789,859.96 төгрөгийн өртэй байна. Иймд зээлдэгч *******оос *******тай байгуулсан ЗГ******* тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 4,789,859.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн асран хамгаалагч Н.Наранцэцэгийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь архины хамаарлын улмаас олон хоног ухаан алдан ой тогтоолтоо алдаж тэнэгрэл гэдэг оноштойгоор хүний асрамжинд орсон тул *******наас нэхэмжилсэн 4,789,859.96 төгрөгийг төлөх боломжгүй байна. *******ыг эрх зүйн чадамжгүй болохыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 135/ШШ2023/00483 дугаартай шийдвэрээр тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******оос зээлийн төлбөр 4,789,859.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,587 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар давж заалдах гомдлын агуулга:

             Талуудын хооронд зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгчийн хүсэлтийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан. Зээлдэгч нь гэрээ байгуулах өдрийн байдлаар Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжтой Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байсан.  2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хариуцагч зээлийн төлбөр төлж байсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчийг эрх зүйн чадамжгүйд тооцсон шийдвэр гаргасан байна. Тухайн эрх зүйн чадамжгүйг тогтоохоос өмнө уг гэрээ байгуулагдсан бөгөөд үүрэг хэвээр байгаа тул эрх зүйн чадамжгүй нь тогтоогдохоос өмнө зээл, зээлийн хүүгээ төлөх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж шийдвэрлэсэн нь  шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангасан байна.  

Хэргээс судлан үзвэл:

3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч  *******оос зээлийн гэрээний үүрэгт нийт 4,789,859.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг нь зээлдэгч эрх зүйн чадамжгүй болсноор дуусгавар болох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэн нэхэмжлэгч “*******” ХХК-н гаргасан зээлийн гэрээний үүрэг  шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч *******ыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг түүний төрсөн эгч гэх Н.Наранцэцэг нь анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар Нацагдоржийн Өнөрболдыг эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар Нацагдоржийн Наранцэцэгийг тогтоосон байна. /хх-24,28/.

           5. Хэргийн 28-30 дугаар талд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 483 дугаар шийдвэр авагдсан байх ба уг шийдвэрт:

            Н.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ ******* нь архины гүн хордлогын улмаас 2021 оны 03 сард Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй  аппараттай олон хонож, ухаан орохдоо эрүүл ухаанаа алдсан, сэтгэцийн тасаг руу шилжиж удаан хугацаагаар эмчлүүлсэн ч сайжраагүй, ... эд,эсийн оношилгоо хийлгэж F02.8 буюу тодорхой өвчний үеийн тэнэгрэл гэж тогтоогдсон, MRI,томографын оношилгоо хийлгэхэд тархины хатангиршил,тархи жижгэрч хатсан гэдэг тогтоогдсон. Ой тогтоол, цаг хугацааны баримжаа байхгүй болсон, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоогдсон гэх үндэслэлээр  эрх зүйн чадамжгүйд тооцуулах гэж, 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  шүүх, *******ын сэтгэцийн эрүүл мэндийн байдал, эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийг шинжээчээр томилсон байх ба тус эмнэлгийн магадлагаанд ... Бусад бүлэгт ангилагдсан тодорхой өвчний үе дэх тэнэгрэл оноштойгоор эрх зүйн чадамжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан гэж тус тус тусгажээ.

6. Хариуцагч ******* нь “*******” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 31-нд “зээл болон барьцааны гэрээ” байгуулан 4,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өөрийн цалингийн орлогыг барьцаалж авсан болох нь хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ/хх-7/, зээл эргэн төлөлтийн хуваарь/хх-8/, хүү тооцооллын хүснэгт/хх-9/, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

7. Иргэний эрх зүйд үүрэг гүйцэтгэснээр/ИХ-н 236/, үүргийн зүйлийг хадгалалтад шилжүүлснээр/ИХ-н 237/, харилцан шаардлага бүхий үүргийг тооцсоноор /ИХ-н 238/, өрийг хүчингүй болгосноор/ИХ-н 239/ тус тус үүрэг дуусгавар болохыг Иргэний хуульд хуульчлан зохицуулснаас гадна мөн бусад тодорхой үндэслэлүүдээр үүрэг дуусгавар болохыг Иргэний хуулийн 240 дугаар зүйлээр зохицуулагдсан байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, ...-д тооцогдсон,... үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж заасан.

8. Анхан шатны шүүхийн хариуцагч буюу зээлдэгч *******ыг цалингийн  зээл авсан, энэхүү цалингийн зээл нь  түүний хувийн байдалтай салшгүй  холбоотой үүргийг үүсгэнэ. Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг нь зээлдэгч эрх зүйн чадамжгүй болсноор дуусгавар болох тул ******* ХХК-н *******оос зээлийн үүрэгт 4,789,859.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

9. Иймд нэхэмжлэгч талын ... эрх зүйн чадамжгүйг тогтоохоос өмнө уг гэрээ байгуулагдсан, тухайн үүрэг хэвээр байгаа тул эрх зүйн чадамжгүй нь тогтоогдохоос өмнө зээл, зээлийн хүүг төлөх боломжтой байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий бичгээр гаргасан гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ... зөвхөн үндсэн зээлийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх агуулга бүхий тайлбар зэргийг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/00912 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,588 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Я.ТУУЛ                                                               

                                            ШҮҮГЧИД                           Л.АМАРСАНАА                                                                            

                                                                                              Х.БАЙГАЛМАА