Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/00243

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/00912 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 209/МА2023/00074 дүгээр магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ө-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,789,859.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, С.Отгонбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас хариуцагч Ө-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 4,789,859.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/00912 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ө-оос зээлийн төлбөр 4,789,859.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,587 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 209/МА2023/00074 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/00912 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,588 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж заасны дагуу гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан гэрээ гэж дүгнэсэн. 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан байдаг. Мөн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээний 2.2, 2.7, 2.8, 2.9, 3.1.1, 3.1.2, 3.1.4, 3.3.3-д талуудын тохиролцсоны үндсэн дээр тус гэрээ байгуулагдсан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь зээлдэгчийн хүсэлтийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан, гэрээг хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулаагүй бөгөөд зээлдэгч нь гэрээ байгуулах өдрийн байдлаар Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжтой иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байсан.

Зээлдэгч 2020.11.10-ыг хүртэл хариуцагч зээлийн төлбөр төлж байсан бөгөөд 2023.04.12-ны өдөр хариуцагчийг эрх зүйн чадамжгүйг тогтоосон шийдвэр гарсан байна. Тухайн эрх зүйн чадамжгүйг тогтоохоос өмнө уг гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн үүрэг хэвээр байгаа тул эрх зүйн чадамжгүй нь тогтоогдохоос өмнө зээл, зээлийн хүүгээ төлөх боломжтой байсан гэж үзэж байна.

Уг зээлийн гэрээний 2.1-д зээлийн ерөнхий нөхцөлийг дэлгэрэнгүй тусгаж өгсөн бөгөөд зээлийн нэмэгдүүлсэн хүүг гэрээний 3.1.1-д заасан заалтын дагуу тухай бүрт нэмэгдүүлсэн хүүг банк бодсон байдаг.

Иймд шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эгийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.11.17-ны өдрийн 001/ШХТ2023/01389 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч Ө-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 4,789,859.96 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ. “...зээлдэгч Ө 2020.08.31-ний өдөр Г-тай ... тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан, гэрээний үүрэгт үндсэн зээлд 481,398 төгрөг, зээлийн хүүд 188,217 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 44 төгрөг, нийт 669,659 төгрөг төлсөн боловч эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлөлгүй 704 хоног хугацаа хэтрүүлсэн тул гэрээг цуцалж, үндсэн зээл 3,518,601.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,187,736.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 83,522.41 төгрөг, нийт 4,789,859.96 төгрөгийг гаргуулна...” гэж тайлбарласан,

Хариуцагч Ө-ын асран хамгаалагч Н тайлбартаа: “...Ө архины гүн хордлогоос ой тогтоолтоо алдаж, хүний асрамжид орсон, улмаар эрх зүйн чадамжгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох төлбөрийг төлөх боломжгүй, ...иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

8. Анхан шатны шүүх “...“Г” ХХК, Ө нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагчийн цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заасан, ...үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой ба үүрэг гүйцэтгэгч эрх зүйн чадамжгүй болсонд тооцогдсон тохиолдолд үүрэг дуусгавар болохоор Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан тул зээлдэгч эрх зүйн чадамжгүй болсноор үүрэг дуусгавар болно, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт цугларсан баримтаар “Г” ХХК, Ө нарын хооронд 2020.08.31-ний өдөр ЗГ4305137831 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч Б.Өнөрболдод 4,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, Ө гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийг зөрчиж нийт 669,659.92 төгрөг төлсөн боловч 2021.06.22-ноос хойш огт төлбөр хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалсан, зээлийн үлдэгдэл төлбөр 4,789,859.96 төгрөг төлөх үүрэгтэй болох нь Хүү тооцооллын хүснэгт баримтаар тогтоогджээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагч Ө эрх зүйн чадамжгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул түүний асран хамгаалагч Н хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь зохицуулалтыг зөрчөөгүй байна.

11. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр  хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452-т нийцсэн байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлж, хариуцагчид зээл олгосон тул тэрээр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болно гэжээ.

Хоёр шатны шүүх “...хариуцагч цалингийн зээл авсан, тэрээр эрх зүйн чадамжгүй болсон нь зээлийн төлбөрийг төлөх төлбөрийн чадвартай холбоотой тул үүргийн гүйцэтгэл хариуцагчийн хувийн байдалтай салшгүй холбоотой...” гэсэн агуулгаар дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг гэдэг нь эрх залгамжлалын хүрээнд шилжиж болохооргүй, эсхүл үүрэг гүйцэтгэгчийн оролцоогүйгээр тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй байх, эсхүл үүргийг заавал биечлэн гүйцэтгэхтэй холбоотой тохиолдолд дуусгавар болгох логик шаардлага юм.

Хариуцагч зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож өөрийн цалин орлого, банкин дахь харилцах дансыг барьцаалсан байна.

Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсноор үүрэг барьцаагаар хангагдах үр дагавар үүсэхээс бус үндсэн үүрэг дуусгавар болохгүй.

Нэхэмжлэлийн хувьд үүргийн гүйцэтгэлийг заавал хариуцагчийн цалин хөлс, банкинд барьцаалсан дансны орлогоос гүйцэтгэнэ гэж ойлгох боломжгүй тул үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэхгүй.

Дээр дурдснаар хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож барьцаалсан цалин орлого, харилцах дансанд гүйлгээ ороогүй, улмаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, эрх зүйн чадамжгүй болсон байдал нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

12. Гэрээний үүргийн үнийн дүнгийн талаар хариуцагчийн асран хамгаалагч маргаагүй бөгөөд хариуцагч нь үндсэн зээлд 3,518,601.22 төгрөгийн, зээлийн хүүд 1,187,736.33 төгрөгийн, нэмэгдүүлсэн хүүд 83,522.41 төгрөгийн, нийт 4,789,859,96 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь баримтаар нотлогдсон тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулан нэхэмжлэлийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн энэхүү шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хариуцагч Ө-ын асран хамгаалагч Н-ийн хөрөнгө хамааралгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 209/МА2023/00074 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/00912 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ө-оос 4,789,859.96 төгрөгийг гаргуулан “Г” ХХК-д олгосугай.” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Ө-оос 91,587 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-гийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Г” ХХК-аас 2023.10.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                          Н.БАТЗОРИГ

                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД