Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 209/МА2023/00081

 

 

******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2023/00940 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс Дархан сумын 16 дугаар баг 9 дүгээр байрны 5 дугаар орцны зоорины давхрыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:


           Тус зоорын давхрын үйл ажиллагаанд тухайн байрны оршин суугчдын гомдол ирсний дагуу эрүүл мэндийн газар, захирагчийн албанаас ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүгнэлтээр 16, 9 дүгээр байрынд үйл ажиллагаа явуулдаг Бор зөгий хивс цэвэрлэгээний газрыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч уг шаардлагыг хүлээн авахгүй гэсэн. Тус зоорын давхрын гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сард дууссан, дахин гэрээ хийх боломжгүй  зоорын давхрыг чөлөөлж өгөх мэдэгдэл удаа дараа хүргүүлж байсан боловч одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Уг зоорын давхрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

   Би 2010 онд анх энэ подвалыг эзэмшихээр тухайн үед СӨХ-ны дарга байсан н.Бямбасуу гэж хүнтэй уулзаж байсан. Анх уг подвалыг үзэхэд баас шээстэйгээ хутгалдсан, хорхой жоомондоо баригдсан, хүн орох эцэсгүй подвал хүлээж авч байсан. Би  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг учраас мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж үйл ажиллагаа явуулахаар анх энэ ажлыг эхлүүлсэн. 2010 оноос эхэлж уг подвалыг янзалж, засвар хийж 2013 оны 08 дугаар сард СӨХ-ны даргатай нь гэрээ хийж Бор зөгий цэвэрлэгээний газраа нээсэн. Тухайн үед манайх дуудлагаар цэвэрлэгээ хийдэг, бусад үед багаж хэрэгслээ хадгалдаг байсан. Манай үйл ажиллагаа 7 хоногт 2-3 удаа ажилладаг. Ажиллахдаа 2-3 цагийн хугацаатай ажилладаг. Ковид гарснаас хойш манайх ажлын байрандаа хивсээ авч цэвэрлэж байгаа. Үүнээс өмнө дуудлагаар, авчирч цэвэрлүүлэх боломжтой бол ажлын байрандаа цэвэрлэдэг. Дээд, доод айлд ямар нэгэн хүндрэл учруулахаар өдөр шөнөгүй ажилладаг том байгууллага биш тоос сорогч, ус сорогчийг зэрэг ажиллуулаад дуу чимээтэй байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн 1 давхрын айл руу орохдоо манай нөхрийг дагуулж ороогүй, ингээд дуу чимээтэй гэсэн дүгнэлт гаргуулаад Захирагчийн албанд хүргүүлсэн байсан. Би нүдээрээ хараагүй учраас энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ус сорогч, тоос сорогч хэзээ ч зэрэг ажилладаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар *******ын хууль бус эзэмшлээс Дархан сумын 16 дугаар баг 9 дүгээр байрны 5-р орцны зоорийн давхарыг чөлөөлж, ******* СӨХ-н эзэмшилд шилжүүлж,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар бусад баримтуудыг нэг бүрчлэн харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг буруу дутуу үнэлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгч тухайн хэрэг маргааны талаар нэг мөр ойлгоогүй, хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцаагүй, хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар илтэд алдаатай дүгнэлт хийсэн байна.

Энэ нөхцөл байдал нь хэрэг шийдвэрлэсэн шүүгчийг хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. 2010-2023 он буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ариун цэврийг чандлан сахиж ажилладаг байсан бөгөөд энэ хугацаанд оршин суугчдаас ямарваа нэгэн гомдол мэдээлэл ирдэггүй байсан. Манайх 7 хоногт 2-3 удаа л цэвэрлэгээ хийж ажиллахдаа 2-3 цагийн хугацаатай ажилладаг, анхан шатны шүүхээс дээрх тайлбарт дүгнэлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан шийдвэр болсонд гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах  нь зүйтэй гэж дүгнэв. 

1. Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, хэргийн оролцогчоос нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг анхаараагүй зэргээс  шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангаагүй  байна.  

2. Нэхэмжлэгч ******* СӨХ-н дарга ******* нь хариуцагч  *******д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 9 дүгээр байрны 5-р орцны зоорины давхрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч *******  эс зөвшөөрч “...хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад баримтуудыг нэг бүрчлэн харьцуулан үзэж  үнэлээгүй, нотлох баримтыг буруу дутуу үнэлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ./хх-54/

Хэргээс судлахад :

3. Нэхэмжлэгч ******* СӨХ-н төлөөлөгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл:  “зоорины давхрын үйл ажиллагаанд тухайн байрны оршин суугчдаас удаа дараа гомдол ирсэн,

Эрүүл мэндийн газар, Захирагчийн албанаас ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн ба уг шалгалтын дүгнэлтээр “*******” хивс цэвэрлэгээний газрыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний дотор чөлөөлөх  мэдэгдэл өгсөн, сууц өмчлөгчийн холбооноос зоорины давхрыг чөлөөлөх мэдэгдэл-ийг удаа дараа өгсөн,

тус зоорины давхрыг ашиглах гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сард дууссан” гэсэн үндэслэлүүдийг тусгаж  “Бор зөгий” хивс цэвэрлэгээний газрын эзэмшиж, ашиглаж буй  зоорины давхрыг  чөлөөлүүлэх шаардлага гаргасан байна.  /хх-1,41,43-45/

           4. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, тус зоорины давхарт  2013 оноос “Бор зөгий” хивс цэвэрлэгээний үйлчилгээ явуулж ирсэн. Анх маш бохир подвалийг цэвэрлэж арчилж байж үйлчилгээгээ явуулсан. ...2023 оны 3 сарын сүүлээр СӨХ-н дарга ирээгүй, Мэргэжлийн хяналт, Захирагчийн алба, Эрүүл ахуй халдвар хамгаалал, багийн засаг дарга нар  дуу чимээний  хэмжилт  хийхдээ  манай талаас хүн байлцуулаагүй, дуу чимээ өндөр байна гэсэн дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй,  айлууд гомдол гаргасан гэх боловч тэр талаар баримт танилцуулаагүй, ...3 сард ирж дүгнэлт гаргасан,дуу чимээний хэмжилт хийсэн гээд байгаа үүнийг давтан шалгуулмаар байна. Гомдол гаргаад байгаа оршин суугчид, СӨХ-н дарга нь өөрөө байж байгаад холбогдох байгууллагаар дахин дүгнэлт гаргуулмаар байна гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж  маргажээ. /хх-26,30,42,45,46/

5. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн этгээдийн зөрчигдсөн эрхэд хамааралтай бөгөөд нэхэмжлэгч шүүхэд юу хүсэж буйг тодорхойлдог, харин нэхэмжлэлийн үндэслэл нь тухайн шаардлагын боломж нөхцөлийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээдийн ямар эрх, юуны улмаас яаж зөрчигдөж байгааг, уг шаардлагаа зөвтгөж буй үндэслэлээ тусгасан байх ёстой.

Тодруулбал, нэхэмжлэгчийн зоорины давхрыг чөлөөлүүлэх шаардлагын  үндэслэл болсон хэргийн 14,15 дугаар талд авагдсан “Зоорийн давхарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн ажил үйлчилгээнд хяналт хийсэн тухай” гэх бичгийн баримт нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангаагүй,

улмаар нэхэмжлэгч нь дээрх баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн гэж үзэхээр байх  боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч ... сүүлд мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулахыг хориглосон бичиг байхгүй байх шиг байна/хх-44/ гэх, ... дараа нь гарсан дуу,чимээний дүгнэлт байхгүй байна/хх-45/ гэх тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргасан байх ба үүнийг шүүх, анхаараагүй,    

мөн  оршин суугчдаас удаа дараа гомдол ирсэн гэх ба үүнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон атал энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй, 

хэргийн 10 дугаар талд авагдсан 9 дүгээр байрны зоорийн давхрыг чөлөөлөх гэх утга бүхий 2023 оны 04 дүгээр сарын 11-ний № 01 тоот мэдэгдэл-г хэн, хэзээ, хэнд өгсөн нь тодорхойгүй,

хариуцагч нь шүүх хуралдаан дээр ...3 сард ирж дүгнэлт гаргасан, дуу чимээний хэмжилт хийсэн гээд байгаа үүнийг давтан шалгуулах, гомдол гаргаад байгаа оршин суугчид, СӨХ-н дарга нь өөрөө байж байгаад холбогдох байгууллагаар дахин дүгнэлт гаргуулмаар байна гэх тайлбар, хүсэлтийг гаргасан байгааг анхаараагүй зэрэг зөрчилтэй байхад шүүх, “гэрээ”- ний хугацаа дууссан, дахин сунгагдаагүй гэх ганц үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

 6. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус хэргийг шийдвэрлэснээр маргааны талаар талуудын мэтгэлцэх эрх бүрэн бодитойгоор хэрэгжээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл болон хэргийн үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

7. Түүнчлэн  талуудын мэтгэлцээний дүнд маргааны үйл баримтыг тогтооход  дахин нотлох баримт шаардлагатай болохыг хариуцагч  тайлбартаа  дурдсан, энэ нь нотлох баримт бүрдүүлэх талаарх хүсэлт эсэхийг тодруулж, улмаар  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, ... дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай”  Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.1 дэх заалтын дагуу ... нотлох баримт бүрдүүлэх зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах  боломжтой  байсан эсэхийг анхаараагүй байна.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2023/00940 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд хэргийг буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Я.ТУУЛ                                                     

                                            ШҮҮГЧИД                                         Л.АМАРСАНАА                                                                             

                                                                                                       Х.БАЙГАЛМАА