Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01775

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01775

 

2023.09.18 210/МА2023/1775

Т н-СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/03360 дугаар шийдвэртэй

Т н-СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Ч.Э-т холбогдох,

Орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Т н-СӨХ нь 2014 оны 01 сарын 15-ны өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус СӨХ-ны дундын өмчлөлийн техникийн өрөөнүүд болох 3 өрөөнд 1111111 дугаартай улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд олгогдож орон сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 111 дугаар магадлалаар иргэн Г.М-гийн нэр дээр бүртгэгдсэн 1-1- байрны Б- тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 111111 дугаарт бүртгэгдсэн, 222222222 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.2. СӨХ-ны дундын өмчлөлд байх техникийн өрөөг Ч.Э- нь 2018 оноос эхлэн эзэмшиж ашиглаж байгаагийн улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх боломжгүй болж, улмаар өмчлөгчдийн эд хөрөнгө, аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл бүрдсэн. СӨХ-ны зүгээс Баянзүрх дүүргийн 1-1- байрны Б- тоот техникийн өрөөнд амьдарч байгаа Ч.Э-ийг тухайн өрөөг суллаж өгөхийг удаа дараа мэдэгдэж мэдэгдэл өгсөн боловч чөлөөлөөгүй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар техникийн өрөө нь хуульд заасны дагуу СӨХ-ийн дундын өмч юм. Иймд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ч.Э-ийн хууль бус эзэмшлээс техникийн өрөөг суллахыг СӨХ нь шаардах эрхтэй тул тус 1-1- байрны Б- тоот техникийн өрөөг Ч.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, Т н-хотхоны 1-1- байрны Б- тоот байрыг 2018 онд иргэн Г.М-, Н.Мөнхбат нараас худалдан авсан бөгөөд миний хөрөнгө юм. Тухайн үед мөнгөний боломжгүй байсан тул байрны урьдчилгааг төлж байрандаа нүүж орсон бөгөөд үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаанд төлж дуусгахаар Г.М-, Н.Мөнхбат нартай тохиролцон гэрээ байгуулсан. Миний зүгээс үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж дуусгаж чадаагүй ба 2019 оны 07 сард төлж дууссаны дараа Г.М-, түүний нөхөр Н.Мөнхбат нараас байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхээр ярьсан. Гэвч нэр шилжих боломжгүй болсон, шүүх дээр маргаан үүссэн байгаа гэж надад хэлсэн ба энэ асуудлыг дуусахаар шилжүүлнэ гэж хэлсэн. Миний хувьд энэ байрны мөнгийг бүрэн төлсөн, 5 жилийн хугацаанд энэ байрандаа амьдарч байгаа. Иймээс би маш их гомдолтой байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Т н-хотхон, 1-1- байрны 13 давхрын Б- тоотыг хариуцагч Ч.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т н-СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Э-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т н-СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Миний бие дээрх Б- тоот орон сууцыг 2018 онд худалдан авсан миний хөрөнгө юм. 2019 онд Н.Мөнхбатад урьдчилгаа төлбөр болох 12,500,000 төгрөгийг өгч, байрандаа нүүж орсон. Байранд орохдоо дотоод засал болон 2 давхар болгож хувааж иж бүрэн засвар хийсний өртөг нь 20 орчим сая төгрөг болсон. Энэ байрны мөнгийг би бүрэн төлж, сүүлийн 5 жилийн хугацаанд гэр бүлийн хамт амьдарч байна. Тус байр нь техникийн өрөө байсныг болон маргаантай байсан учрыг мэдээгүй. Тухайн үед Б- тоот байр нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах сууцны бус зориулалттай, техникийн өрөө болох нь тогтоогдоогүй, орон сууцны зориулалттай, өмчлөгчөөр иргэн Г.М- улсын бүртгэлд бүртгэлтэй, түүний өмчлөлийн хөрөнгө байсан.

4.2. Т н-СӨХ нь 2022 оны 06 сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойшхи хугацаанд СӨХ-ны бүх гишүүдийн хурал болж удирдах зөвлөл, хяналтын зөвлөл нь гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинэ бүтэц бүрэлдэхүүн томилогдоод ажиллаж байгаа. Шүүхэд нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргасан Н.Ганбат нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх нь эргэлзээтэй байгаа.

4.3. Тус байр нь Н.Мөнхцолмонгийнх биш гэж тогтоогдсон болохоос Т н-СӨХ-ны дундын хөрөнгө гэж тогтоогдоогүй. Тухайн хөрөнгийг СӨХ-ны дундын хөрөнгө гэж тайлбарлаж байгаа ч хуульд зааснаар маргаан бүхий техникийн өрөө нь СӨХ-ны бүртгэлд байгаа талаархи баримтгүй. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг дутуу үнэлсэн бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Захиргааны хэргийн шүүхээс дээрх өрөөг техникийн өрөө, оршин суугчдын дундын өмч гэж дүгнэж, холбогдох гэрчилгээнүүдийг хүчингүй болгон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т н-СӨХ нь хариуцагч Ч.Э-т холбогдуулан 1-1- байрны Б- тоот хаягт байрлах техникийн өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг Б- тоот орон сууцыг худалдан авсан, миний хөрөнгө гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. 1-1- байрыг Бэрэн констракшн ХХК барьж 2013 онд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан, тус байрны Б- тоотын өмчлөгчөөр Г.М- 2017 оны 06 сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2204089689 дугаарт бүртгэгдэж, 222222222 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Дээрх гэрчилгээг хүчингүй болгуулахаар Т н-СӨХ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 000дугаар шийдвэрээр 1-1- байрны Б- тоотын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2204089689 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 111 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

5. Маргааны зүйл болох 1-1- байрны Б- тоот нь техникийн өрөө болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэртэй тэмцэх улсын хяналтын байцаагчийн 2018 оны 30 тоот дүгнэлтэд техникийн өрөөнүүдийн зориулалтыг орон сууцны болон ажлын өрөөний зориулалтаар ашигласан нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасныг зөрчсөн гэх, Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 1/2651 тоот шинжээчийн дүгнэлтэд 36/б байрны Б- тоот техникийн давхрын өрөөнүүдэд цэвэр, бохир усны шугам сүлжээ төлөвлөөгүй бөгөөд тус өрөөнүүдэд цэвэр, бохир усны шугам сүлжээ угсарсан, зориулалтын бусаар ашигласан нь Барилгын тухай хуулийг зөрчсөн гэх, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.В-ийн 2018 оны 50 тоот дүгнэлтэд 1-1- байрны Б- тоот сууцууд нь техникийн өрөөг орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан хориглолтыг зөрчсөн гэх дүгнэлтүүдээр Г.М-гийн өмчлөх эрхийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн сууцны бус зориулалттай техникийн өрөө нь тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул нэхэмжлэгч Т н-СӨХ-г өмчлөгч гэж үзнэ.

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор оршин суугчид Т н-СӨХ-г байгуулсан нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Тус СӨХ-д 1-1- байр хамаардаг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Т н-СӨХ нь маргааны зүйл болох Б- тоот техникийн өрөөний өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж байгаа эрх бүхий этгээдийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Э-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч Ч.Э- маргаж буй Б- тоот техникийн өрөөг сууцны зориулалтаар тохижуулан 2018 оноос хойш амьдарч байгаа үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

 

Хариуцагч нь дээрх техникийн өрөөг Г.М-гоос худалдан авч өмчлөгч болсон, тус техникийн өрөөг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно..

 

Зохигчдын маргаж буй Б- тоот техникийн өрөө нь тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байгаа нөхцөлд нэхэмжлэгч Т н-СӨХ-ийг тухайн хөрөнгийн өмчлөгч гэж, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх 1-1- байрны Б- тоот хаягт байрлах техникийн өрөөг хариуцагч Ч.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

8. Нэхэмжлэгч Т н-СӨХ-ны 0096 дугаартай гэрчилгээнд 2019.06.17-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирлаар Ч.Г-ыг томилсныг бүртгэв гэж, мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн хөгжлийн төв ОНӨААТҮГ-аас ирүүлсэн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн №267 дугаар албан тоотод ...Т н-СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Удирдах зөвлөлийн 22/01 тоот тогтоолыг үндэслэн Ч.Г-ыг 2019 оны 06 сарын 17-ны өдөр бүртгэсэн болно гэснээс үзвэл Ч.Г- нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т н-СӨХ-г төлөөлөх эрх бүхий этгээд байна. Иймээс хариуцагчийн Ч.Г- нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй нь эргэлзээтэй байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 111дугаар магадлалаар зохигчийн маргаж буй Б- тоотыг орон сууцны байшингийн техникийн өрөө болохыг шүүх тогтоосон байх тул Б- тоот нь нэхэмжлэгч Т н-СӨХ-ны дундын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг баримталсан алдаа гаргасныг залруулна. Энэ хуулийн зохицуулалт нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасч, мөн шийдвэрийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг нэмж баримталсан өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/03360 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 гэснийг хасч өөрчилж,

2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ