Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01789

 

2023.09.22 210/МА2023/01789

 

Г Ф-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01469 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г Ф-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч К- банкны эрх хүлээн авагч болон Г с- ХХК нарт холбогдох,

Нэмэлт ажлын хөлс 405,450,600 төгрөг, алданги 199,076,244 төгрөг, нийт 604,526,844 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамир, хариуцагч К- банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчГ с- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г Ф-ХХК ньГ с- ХХК-тай 2014 оны 06 сарын 17-ны өдөр Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Д-аймгийн З-ү- суманд 65 айлын орон сууцны барилгыг барьсан. К б-" ХХК нь 2016 оны 02 сарын 20-ны өдөр уг барилгын хөрөнгө оруулагч Г с- ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлэн авснаар тус компанийг барилга байгууламжийн өөрийн эзэмшилд авсан.

1.2. Манай компани барилгыг барихад 186 мэргэжлийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажилласан. Гэтэл хариуцагч нар нь ажилтнуудын цалин 405,450,600 төгрөгийг өгөхгүй гэсэн зорилгоор хууль бусаар улсын комисс ажиллуулж биднийг хохироосныг бид захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар шүүх уг ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, уг комиссын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 26/2016 тоот актыг хүчингүй болгосон.

1.3. Бид анх 700,000,000 төгрөгийн өртгөөр 38 төрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл ажлын явцад нэмэлтээр уурын зуухны, гадна пасад, суурийн хүчитгэл гэх гурван том ажил хийсэн ба эдгээр ажил нь задраад 33 төрлийн 405,450,000 төгрөгийн зардал гарсан. Г с- ХХК-иас манайд 100,000,000 төгрөгийг үе шаттайгаар хувааж өгье, харин манайхыг барилга байгууламжийн ажлыг дуусгасны дараа үлдсэн мөнгийг өгөөд тооцоо нийлье гэдэг санамж бичиг ирүүлсэн. Үүний дараа 2015 оны 04 сарын 28-ны өдөр манай компанид 50,000,000 төгрөг орж ирснээр харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичгийн биелэлт хэрэгжижи байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч К- банкны эрх хүлээн авагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг К- Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.2. Нэхэмжлэгч нь барилгыг 2014 оны 06 сарын 20-ны өдрөөс 2015 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд барьсан гэх үйл баримт захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэн үед тодорхой болсон. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг мэдэгдэл хэзээ өгсөн, ажил хэзээ дууссан гэхээс илүүтэйгээ барилгын талбайг хэзээ орхиж явснаар тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгч барилгын талбайг орхиж явсан 2015 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн тоолоход гурван жилийн хугацаа нь 2018 оны 08 сарын 25-ны өдөр дуусч байна. Гэтэл нэхэмжлэгчээс 2019 оны 04 сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргах үед нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна.

2.3. Гэрээний үнэ 700,000,000 төгрөг бөгөөд нэхэмжлэгчид 2014 онд 564,433,300 төгрөг, 2015 онд 157,400,000 төгрөг, нийт 721,843,000 төгрөгийг ажлын хөлсөнд дансаар олгосон. Нэхэмжлэгч барилгын талбайг орхиж явсны дараа буюу 2016 оны 08 сарын 20-ны өдрийн огноотой санхүүжилт болон ажлын гэсэн хоёр тайлан гаргаж өгсөн нь зөрүүтэй байдаг. Гэрээний 4.2.1-т гүйцэтгэгч нь ажлын төлөвлөгөөг ажил эхлэхээс 7 хоногийн өмнө гаргаж, захиалагчид танилцуулах үүрэгтэй бөгөөд энэ талаар баримтгүй. Гэрээнд шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага хангасан барилга, барилга байгууламжийн бэлэн болсон обьектыг хүлээн авч эцсийн тооцоо хийж, актаар хүлээлцэнэ гэж гэрээний 4.9-т заасан. Өөрөөр хэлбэл түлхүүр хүлээлцэх нөхцөлтэй гэрээ юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Г с- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Манай компани Г Ф-ХХК-тай 2014 оны 06 сарын 17-ны өдөр 01 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь Д-аймгийн З-ү- суманд баригдах үйлчилгээтэй, 6 давхар, тэнхлэгээрээ 46,2*18.0 м. Хэмжээстэй, нийт 5821 м.кв талбайтай, 65 айлын орон сууцны барилгын угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах ажлыг гүйцэтгэх, ажлын хөлс 700,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Санхүүжилтийн 721,843,000 төгрөгийг бэлэн бусаар, 18,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 739,843,000 төгрөг төлжээ. Г Ф-ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийгээгүй тул бусад хуулийн этгээд, иргэдээр ажлыг гүйцэтгүүлж 285,507,000 төгрөгийн зардпал гаргасан.

3.2.К б- болон Г с- ХХК-ийн хооронд 2016 оны 12 сарын 15-ны өдөр зээлийн төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж,К б- ХХК нь 2016 оны 12 сарын 27-ны өдөр Г с- ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч болсон. Тус гэрээний 2.3-т Энэхүү гэрээний дагуу хувьцааг шилжүүлэн авахаас өмнөх Г с- ХХК-ийн өр төлбөр буюу компанийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүргийг үүрэг гүйцэтгэгч тал буюу Б.П- бүрэн хариуцах бөгөөд энэ талаарх мэдээллийг үнэн зөвөөр банкинд мэдэгдэж, тэдгээрт холбогдох асуудлыг хэрхэн зохицуулсан болон зохицуулах талаар тодорхойлох үүрэгтэй гэж тохиролцсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь дээрх гэрээнээс өмнөх хугацаанд хамаарч байх тул Г с- ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч Б.П-аас шаардах байжээ.

3.3.Г с- ХХК, Г Ф-ХХК нарын хооронд байгуулсан гэрээний 7.5-д Хэрэв нэмэлтээр хийх ажил гарсан бол гүйцэтгэгч захиалагчид энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Хэрэв шаардлагатай бол тэрээр нэмэлт ажлын үнийн саналыг бичгээр гаргаж өгнө. Иймд аливаа нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцсон тохиолдолд ажлын хөлсийг нэмэлт гэж үзэн талууд бичгээр баталгаажуулж гэрээнд тусгана. гэж заасан. Гэтэл нэмэлт ажлын хөлсийг тохиролцож бичгээр баталгаажуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад тусгагдаагүй хийсэн ажлууд гэж 535,823,500.00 төгрөгийн тооцоог 2016 оны 08 сарын 20-ны өдрийн бичигт дурджээ. Гэтэл 2015 оны 07 сарын 13-ны өдрийн мэдэгдэлд гэрээний мөнгөн дүнд тусгагдаагүй боловч хийгдсэн ажлын хөлс 237,3750,000 төгрөг гэж мөн бичжээ. Энэхүү тооцоололд зарим ажлыг давхардуулж бичсэн, нэгж үнийг зөрүүтэй /эхний бичигт дүүжин тааз 770 м.кв=3,850,000 гэсэн атлаа дараагийн бичигт дүүжин тааз 770 м.кв=6,160,000 гэжээ. Мөн эхний бичигт хаалганд цоож суулгах нэг бүрийн үнийг 5,000 төгрөг гэсэн атлаа дараагийн бичигт нэг бүрийн үнэ 8,000 төгрөг гэж зөрүүтэй бичсэн/ бичсэн нь эргэлзээ төрүүлж байна.

3.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага үндэслэлгүй тул алданги мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч К- Банкны эрх хүлээн авагч,Г с- ХХК-д холбогдох 604,526,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г Ф-ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Г Ф-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,180,584 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтуудыг шүүх харьцуулан үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй, талуудын гэрээгээр тохирсон, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг харьцуулан үзэж, нэхэмжлэгч ямар нэмэлт ажлыг гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн тайланг үндэслэж хариуцагч санхүүжилт өгсөн эсэх, уг тайланд нэмэлт ажлууд тусгагдсан эсэх, хэрэгт авагдсан санамж бичгийг хариуцагчаас ирүүлснээр нэхэмжлэгч хүлээн авснаар хэрхэн хариу хүргүүлсэн, Э.А- захиалагчийг төлөөлөх эрхтэй эсэх, нэхэмжлэгчийн зүгээс барилгыг хүлээлгэн өгөхөөр Улсын комисст хандсан эсэх, 2015 оны 04 сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс гаргасан мэдэгдлийг хариуцагч компанид хэрхэн хүлээлгэж өгсөн, ажлын үр дүнгийн тухай мэдээллүүд, фото зургууд зэргийг тодруулж дүгнэлт хийх шаардлагатай гэх маргааны нөхцөл байдлыг тодруулаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч К- Банкны эрх хүлээн авагчийн гаргасан тайлбарын агуулга: Урьд нь Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 733 дугаар тогтоолоор хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Хэргийг анхан шатны шүүхэд буцааснаас хойш нэхэмжлэгч нь шинээр нотлох баримт өгөөгүй, төсвийн шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан. Э.А-аас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ба гэрч түлхүүр хүлээлцэх нөхцөлөөр гэрээ байгуулсныг шүүхэд мэдүүлсэн. Мөн тус компани 700,000,000 төгрөгөөс илүү мөнгө авсан ч үлдэх 20 хувийн ажлаа хийж гүйцэтгээгүй талаар мэдүүлсэн. Энэ нь гэрч Б.Б-, Г.Г- нарын мэдүүлэгтэй тохирдог.

Хэргийг анхан шатны шүүх рүү буцаах үндэслэл тогтоогдохгүй, шүүх хангалттай дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагчГ с- ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг үүссэнээс хойш К- Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн бөгөөд охин компаниудын гүйцэтгэх захирал Т.Д- нь хариуцагчГ с- ХХК-ийг төлөөлөх итгэмжлэлийг олгосон. Иймд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс итгэмжлэл авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул гомдол үндэслэлгүй.Г с- ХХК, Г Ф-ХХК нар нь 700,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 721,000,000 төгрөгийг дансаар, 18,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Мөн Г Ф-ХХК-ийн гүйцэтгээгүй ажлыг өөр компаниар 285,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г Ф-ХХК нь хариуцагч К- Банкны эрх хүлээн авагч,Г с- ХХК нарт холбогдуудан нэмэлт ажлын хөлс 405,450,600 төгрөг, алданги 199,076,244 төгрөг, нийт 604,526,844 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, уг нэхэмжлэл нь К- Банкны эрх хүлээн авагчид хамаарахгүй бөгөөд хариуцах эрх зүйн үндэслэлгүй гэж, хариуцагчГ с- ХХК-аас нэхэмжлэгчид 739,843,000 төгрөгийн хөлс төлсөн, гүйцэтгэгч нь ажлаа бүрэн гүйцэтгэлгүй ажил хаяж явсан гэх тайлбарыг тус тус гаргаж маргажээ.

 

3. Г Ф-ХХК, Г с- ХХК-ийн хооронд 2014 оны 06 сарын 17-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Г Ф-ХХК нь Д-аймгийн З-ү-сумын нутаг дэвсгэрт баригдах 65 айлын орон сууцны барилгын угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах ажлыг гүйцэтгэх машин механизмын зардлыг багтааж, батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөл болон БНбД, норм, дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, захиалагч Г с- ХХК нь 700,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч Г Ф-ХХК нь тухайн 65 айлын орон сууцны барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, хариуцагч Г с- ХХК нь гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлс 739,843,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар зохигч маргаагүй байна. Талуудын хооронд барилга угсралтын ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлыг зөв тодорхойлжээ.

 

4. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын хөлс 405,450,600 төгрөгийг алданги 199,076,244 төгрөгийн хамт хариуцагч нараас нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн шүүх хуралдааны явцад мэтгэлцсэн байдлаас үзвэл нэхэмжлэгч Г Ф-ХХК нь нэхэмжлэлдээ дурдсан нэмэлт ажил болох суурийн хүчитгэлийн болон уурын зуухны ажлыг гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдсон бөгөөд уг хоёр ажлыг гүйцэтгэхэд тодорхой зардал гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч уг ажлыг гүйцэтгэхэд 405,450,600 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж 2016 оны 08 сарын 20-ны өдрийн огноотой 283,613,000 болон 252,210,500 төгрөгийн үнийн дүн бүхий нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг шүүхэд баримтаар гаргасан байна.

Нэхэмжлэгч Г Ф-ХХК нь дээрх 65 айлын орон сууцны барилгын ажлыг нэг давхрын өрлөгийн ажлаас эхлүүлэхээр тохиролцсон ба барилгын суурын ажил хийгдсэн байсан гэх, мөн уг барилга нь дулааны төвийн шугамд холбогдохоор зураг төсөл хийгдсэн боловч З-ү- суманд цахилгаан станц нь баригдаагүй учир захиалагчтай тохиролцон инженерийн шугам сүлжээг дахин холбож уурын зуух шинээр барьсан гэж нэхэмжлэгч тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар бодит үнэнд нийцсэн гэж үзнэ.

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай 01 тоот гэрээний хавсралт Барилга угсралтын ажлын тоо хэмжээ, үнэлгээ-нд дээрх суурийн хүчитгэлийн болон уурын зуухны ажлууд нь талуудын тохиролцсон 700,000,000 төгрөгийн төсөвт өртөгт багтаагүй байна. Энэ талаар хариуцагч Г с- ХХК-ийг төлөөлж ажлын талбайд ажилласан Э.А-, Б.Б- нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, захиалагчийг төлөөлөн барилгын суурийг ажлыг газар дээр нь очиж шалгасан Монгол Улсын Зөвлөх инженер П.Доржийн 2014 оны 07 сарын 02-ны өдрийн зөвлөмж, хэрэгт авагдсан барилгын ажлын явцыг илэрхийлсэн гэрэл зургууд, ажлын тайлангаар тогтоогдсон байна.

Хариуцагч Г с- ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн нэмэлт ажлын жагсаалтад дурдсан ажлууд, түүний үнийн дүнгийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад тухайлан маргаж, татгалзлаа баримтаар нотолж няцаагаагүй, уг мөнгөн дүнгийн хэмжээг багасгах, үгүйсгэх нөхцөл байдлыг тогтоолгохтой холбоотой баримт, хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүйг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэмэлтээр гүйцэтгэсэн суурийн хүчитгэл, уурын зуухны ажилд хамаарах 42,580,000 төгрөгийн буюу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2016 оны 08 сарын 20-ны өдрийн огноотой 252,210,500 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт ажлын жагсаалтын 3-т Барилгын суурийн шороог ухаж авч овоолт үүсгэхгүйгээр хөрсийг сольж хуурай хайрган хөрсөөр сольж чигжилт хийсэн ажлын хөлс 5,000,000 төгрөг, 4-т Суурийн хананы хууралт хагаралт бүрийн харалдаа 2 тийш нь 2 м гүн ухаж хөрсний ханасан усыг шавхаж хайрган хөрсөөр сольж чигжилт хийсэн ажлын хөлс 6,000,000 төгрөг, 5-д 60 см өндөртэй 51-ийн ханаар нэмэлт зургийн дагуу хүчитгэсэн бетоны ажлыг гараар цутгав ажлын хөлс 4,680,000 төгрөг, 7-д Зөвлөмжийн дагуу хавтан хоорондын сэтка гагнаж бэлдэж угсрав ажлын хөлс 3,900,000 төгрөг, 14-т Уурын зуух угсрах ажлын хөлс 20,000,000 төгрөг, 15-д Уурын зуухны байрны суурь хийж барилгын ажлыг хийж гүйцэтгэв ажлын хөлс 3,000,000 төгрөг, нийт 42,580,000 төгрөгийн нэмэлт ажлын хөлсийг хариуцагч Г с- ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г Ф-ХХК-д олгож, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 561,946,844 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжид мөн өөрчлөлт оруулна.

 

5. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх Г с- ХХК-ийн төлөөлөх эрхийг шалгаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтыг шүүх үнэлээгүй, нотлох баримт үнэлэх журам зөрчсөн, маргааны нөхцөл байдлыг тодруулаагүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргаж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах гомдлыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч 2019 оны 04 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 4 жил 5 сарын хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд Улсын дээд шүүхээс нэг удаа шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаас хойшхи хугацаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 10 сарын 25-ны өдөр шинжээч томилсон боловч нэхэмжлэгч уг хүсэлтээсээ татгалзжээ. Шүүх зохигч, хэргийн оролцогчийн мэтгэлцсэн байдал, тэдгээрийн шүүхэд гаргасан нотлох баримтыг харьцуулан үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгахгүй учир шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаархи нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

ХариуцагчГ с- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын эрхийг хариуцагч К- Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн Т.Д- хэрэгжүүлж байгаад Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 09 сарын 02-ны өдрийн А-354 дугаар тушаалаар К- Банкны эрх хүлээн авагчаар томилогджээ. Банкийг татан буулгахтай холбоотойгоор банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар банкны хөрөнгийг захиран зарцуулах, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2023 оны 01 сарын 19-ний өдрийн А-15 дугаар тушаалаар батлагдсан Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх, банкны эрх хүлээн авагч томилох, дуусгавар болгох журам-ын 5.2-т зааснаар Банкны эрх хүлээн авагч нь банкны зээлийн өр төлбөрт тооцож, хувьцааг нь шилжүүлэн авсан хуулийн этгээдийн удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ. Иймд хариуцагч К- Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн Д.Дуламсүрэн нь тус банкин дахь Банкны эрх хүлээн авагчийн шийдвэрээр хариуцагчГ с- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй, шүүх хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэж дүгнэхгүй.

 

6. Хэрэгт авагдсанК б- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн хурлын шийдвэр, хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу К б- ХХК нь хариуцагчГ с- ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлэн авч, хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгджээ. Тус шийдвэр, хурлын тэмдэглэлээс үзвэлК б- ХХК-ийн Зээлийн газрын Ахлах эдийн засагч И.Т-ид хувьцаа шилжүүлэн авах болон холбогдох бусад гэрээ байгуулах эрхийг олгосон нь зохигчийн маргаж буй 65 айлын орон сууцны барилгатай холбоотой өр төлбөрийг К б- ХХК хариуцах, уг ажлыг И.Т- төлөөлөн ажиллах эрх олгоогүй байна.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь бусдын өмнө хүлээсэн эрх, үүргээ бие даан хариуцах зохион байгуулалтын нэгдэл юм. Хариуцагч Г с- ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг хариуцах үүргийгК б- гэрээгээр хүлээсэн,К б- ХХК-ийн буруутай шийдвэрийн улмаас хариуцагч Г с- ХХК өр төлбөрт орсон гэх байдал тогтоогдоогүй учир Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч К- Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г с- ХХК-ийн хамт хариуцах үүрэгтэй гэх үндэслэлгүй. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгч Г Ф-ХХК, хариуцагч Г с- ХХК нарын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагч К- Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талыг давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01469 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчГ с- ХХК-аас 42,580,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г Ф-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 561,946,844 төгрөгийн болон хариуцагч К- Банкны эрх хүлээн авагчид холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсныг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г Ф-ХХК-аас 3,180,584 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Г с- ХХК-аас 370,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г Ф-ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ