Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01819

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01819

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 02 210/МА2023/01819

 

 

Д.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02174 дугаар шийдвэртэй

Д.Г-гийн нэхэмжлэлтэй,

АТҮТ- ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 2014 онд АТҮТ- ТӨҮГ-ын Өмнөговь аймаг дахь салбарын даргаар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 06 сарын 04-ний өдрийн Б/274 дугаартай тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаалд шуурхай ажиллагааны журмын дагуу төвийг мэдээллээр хангаагүй, техник хяналтын үйлчилгээний инженерийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллагаагүй сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр халсан нь зориуд зохиосон үйлдэл юм. Тээвэр зохицуулагч нь тухайн асуудлыг АТҮТ-ийн хөдөлгөөн хяналтын хэлтсийн 70070012 дугаарт заавал мэдэгдэх ёстой бөгөөд 24 цагийн үйл ажиллагаатай 80903708, эсхүл шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч авто тээврийн улсын хяналтын байцаагчийн 88105404 дугаарт мэдээлэх үүрэгтэй байдаг.

Дээрх дугааруудад мэдээлсний дагуу 24 цагийн үйл ажиллагаатай 80903708, эсхүл шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч авто тээврийн улсын хяналтын байцаагчийн 88105404 дугаараас надад мэдэгдэх ёстой атал шууд надад мэдэгдэх ёстой юм шиг хандаж байгааг ойлгохгүй байна.

1.2. Тус осол болсон өдрүүд нь амралтын өдөр байсан ба 2020 оны 06 сарын 02-ны өглөө 10 цагийн үед АТҮТ-ийн мэргэжилтэн н.Г-над руу 70070012 дугаараас залгаж та ослын талаар мэдсэн үү гэж асуусан. Тэр хүртэл би мэдээгүй байсан тул үнэнээ хэлсний төлөө ажлаасаа халагдсанд гомдолтой байна.

1.3. Өмнөговь аймаг дахь салбарын даргын ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг 2020 оны 06 сарын 04-ний өдөр Д/274 тоот тушаалаар халагдсан, 2023 оны 07 сарын 04-ний өдөр, Б/274 тоот тушаал гарсан өдрөөс хойш нийт ажилласан хугацаа 37 сар байна. Үүнээс 2022 оны 5, 4, 3 сарын цалингийн дунджаас тооцоход 1 сарын цалин 1,84,.000 төгрөг, нийт 68,376,000 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн төлүүлэх баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Д.Г- нь Ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн 1.1-д заасан Автотээврийн салбарын талаарх хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр баталсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 4.4-т заасан байгууллагын үйл ажиллагааны талаар удирдлагыг хуурамч мэдээллээр удаа дараа хангасан.

2.2. Мөн Д.Г- өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн. Албан үүрэгтэй хайнга хандан дахин зөрчил гаргасан.

2.3. Түүнчлэн 2020 оны 05 сарын 30, 2020 оны 06 сарын 01-ний өдөр осол гарч 2 хүний амь нас хохирсон байдаг. Энэ талаар Э.С- нь шуурхай бүлгийн дарга, ахлагчид мэдэгдэх гэсэн ч утас нь болохгүй байсанд төвийн дарга буюу Д.Г-д мэдэгдэх гэж 2 удаа холбогдсон ч утас нь холбогдоогүй байсан. Д.Г- ажлын байрны тодорхойлолтоор энэ утсан холбоог ажлын болон ажлын бус цагаар нээлттэй байлгах үүрэгтэй байтал төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажил үүргээ гүйцэтгээгүй. Өдөр тутмынхаа ажилд нь хяналт тавьж ажиллаагүй.

2.4. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-г хариуцагч АТҮТ- ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч АТҮТ- ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 68,289,642 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож, олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч АТҮТ- ТӨҮГ-т даалгаж, үлдсэн 86,358 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч АТҮТ- ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 499,398 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.2. Аймгийн автотээврийн төвийн даргын ажлын байр, албан тушаалын тодорхойлолтыг үнэлээгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг баримтлалгүй хэргийн оролцогчийн тайлбарыг нотлох баримт биш гэж үзэн нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй нь хуульд нийцэхгүй. Гэтэл шүүх хэрэгт авагдсан баримт бүрийг үнэлсэн байх шаардлагатай. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 6-д даргалагчаас осол хэзээ гарсан, хэнээс мэдсэн талаар асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "2020 оны 06 сарын 02-ны өдөр 10 цагийн үед төвөөс залгах үед мэдсэн" талаар хариулсан байдаг.

4.3. Аймгийн автотээврийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 9-т зааснаар төв байгууллагадаа мэдээлэл өгч газар дээр нь зохион байгуулалт хийх ёстой ч төв байгууллагаасаа мэдээлэл авч байгаа хэрэгт авагдсан. 2020 оны 06 сарын 01-ний өдрийн 16 цагт болсон Онцгой байдал, Боомтын зөвлөлийн хурлуудаас гарсан шийдвэр танилцуулах хурлын тэмдэглэл зэргийг үнэлж үзээгүй. Учир нь тухайн хуралд Тээвэр гүйцэтгэгч 34 компани, 4 уурхай, төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ба шүүхээс дээрх үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна.

4.4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх шуурхай ажиллагааны журмын дагуу удирдлагыг мэдээллээр хангаж ажиллаагүй зөрчил гаргаагүй байх тул сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна" гэжээ. Гэтэл "АТҮТ-" ТӨҮГ-ын захирлын 2020 оны Б/274 тушаал нь Д.Г- нь албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан ажил, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн хяналт тавьж ажиллаагүй тул ажлаас чөлөөлснийг зөвхөн шуурхай ажиллагааны журам зөрчөөгүй гэж нэг талыг барьж байна. Сахилгын зөрчил нь заавал хохирол учруулсан байхыг шаардахгүй атал шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил нь хохирол учруулсан байхыг шаардах мэтээр тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй ба шүүхээс үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Сахилгын шийтгэл давтан гаргах үндэслэлд утсаа унтраасан, өмнө нь зөрчил гаргасан гэж тайлбарласан. Гэтэл тушаалд 2 хүний амь эрсэдсэн, онцгой нөхцөл үүссэн, мэдээллээр хангаж ажиллаагүй гэсэн нь давтан зөрчил мөн эсэх талаар ярьдаг. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дугаарлуу дохисон гэх баримтыг манайх хүлээн зөвшөөрсөн гэж байна. Гэтэл манайх үүнийг нь зөвшөөрөөгүй учраас байгууллагын өгсөн 89894955 дугаарын тухайн өдрийн ярианы жагсаалтыг үүрэн телефоны байгууллагаас авч хэрэгт өгсөн. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг шалгахад нэхэмжлэгч рүү залгаагүй байдаг. Ослын талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул нэхэмжлэгч мэдэх боломжгүй, утсаа ч салгаагүй нь үүрэн телефоны байгууллагын баримтаар нотлогдсон. Э.С- шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгчийн дугаар луу залгасан гэж зөрүүтэй мэдүүлснийг анхан шатны шүүх хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн.

5.2. Нэхэмжлэгчийг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хангаж ажиллаагүй гэж буруутгасан. Дүрэм, журмын дагуу Э.С- нь шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч О.Б-т мэдэгдэж, улмаар О.Б- нь дараа дараачийн удирдлагуудад мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл Э.С- нь энэ үүргээ биелүүлэлгүй шууд АТҮТ-ийн даргад мэдээллийг өгсөн. Гэтэл АТҮТ- нь ослыг мэдэгдсэн байхад Д.Г- л хэлэх байсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 9-т зааснаар онцгой нөхцөл байдал зарласан тохиолдолд Засаг дарга, шаардлагатай шуурхай бүлгийг мэдээллээр хангаж ажиллана гэсний дагуу уг хурал нь болсон бөгөөд АТҮТ-ийн дарга мэдээллээр ханган гэх ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Авто тээврийн үндэсний төвийн дарга болон төв нь мэдээд Д.Г- руу 1 дэх өдрийн 10 цагт ослын талаар ярьсан. Тэгээд Э.С-ыг дуудаж асуусан. Хөдөлмөрийн тухай хуулиараа тэтгэвэрт гарсан хүн ажил, хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчин бүрдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч АТҮТ- ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. АТҮТ- ТӨҮГ-ын захирлын 2020 оны 06 сарын 04-ний өдрийн Б/274 дугаартай Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт болон АТҮТ- ТӨҮГ-ын дүрмийн 6.12, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 5.1.3, 5.1.26, 11.6.1, 11.6.11, 11.6.23, 11.6.33, Хөдөлмөрийн гэрээний 4.6.1-д заасныг тус тус үндэслэн тус үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн дарга Д.Г-г албан тушаал/ажлын байр/-ын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэж, хяналт тавьж ажиллаагүй, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байхад 2 хүний амь нас эрсэдсэн онцгой нөхцөл байдал үүссэн байхад шуурхай ажиллагааны журмын дагуу удирдлагыг мэдээллээр хангаж ажиллаагүй, техникийн хяналтын үзлэгийн инженерийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйгээс хуурамчаар үзлэгт хамруулсан зөрчил гарсан, 2019 оны 09 сарын 04-ний өдрийн Б/395 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч АТҮТ- ТӨҮГ нь нэхэмжлэгч Д.Г-г ажлаас үндэслэлгүй халсныг зөв тогтоож, Д.Г-г өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

 

5. АТҮТ- ТӨҮГ-ын 2016 оны 11 сарын 18-ны өдрийн А/305 дугаар Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам батлах тухай тушаалаар Онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам, Улс, хот хооронд, орон нутгийн гэрээтэй ачаа болон зорчигч тээвэрлэлтийн явцад зам тээврийн осол, техникийн болон цаг агаарын саатал гарсан үед мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвч, Шуурхай ажиллагааны бүлгийн Яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжуулах бүдүүвч-ийг тус тус баталж, онцгой нөхцөл байдал үүссэн үед уг журам, заавар, бүдүүвчийн дагуу төв, орон нутгийн автотээврийн байгууллагууд ажиллах чиг үүрэгтэй байна.

Энэхүү журам, бүдүүвчид нийцүүлэн Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн А-5 дугаар Шуурхай ажиллагааны бүлэг байгуулах тухай тушаалаар Онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах шуурхай ажиллагааны бүлэг байгуулж, бүлгийн ахлагчаар О.Б-/АТХУБ/-ийг, нарийн бичгийн даргаар О.Болд/Тээвэр зохицуулагч/-ыг, гишүүдээр тээвэр зохицуулагч нарыг томилж, шуурхай ажиллагааны бүлгийн Яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжуулах бүдүүвчийг хавсралтаар баталсан нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 2020 оны 05 сарын 31, 06 сарын 01-ний өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч онцгой нөхцөл байдал үүссэн тухай мэдээллийг тус аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагч Э.С- хүлээн авч АТҮТ- буюу төв байгууллагад мэдэгдсэн боловч батлагдсан бүдүүвчийн дагуу Өмнөговь аймаг дахь шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч О.Б-тод мэдэгдээгүй нь хэрэгт авагдсан 2021 оны 12 сарын 14-ний өдрийн тодорхойлолт, 2022 оны 10 сарын 27-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Иймд тухайн үйл явдлын талаар Д.Г-д мэдээллээгүй байсан, төв байгууллагыг мэдээллээр шуурхай хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Түүнчлэн тээвэр зохицуулагч Э.С- албан үүргийн дагуу хүний амь нас хохирсныг хариуцагчид шуурхай мэдэгдсэнээр хариуцагчийг мэдээллээр хангагдсан гэж үзэх ба мэдээллийг зөвхөн харъяа орон нутгийн байгууллагын удирдлага нь төв байгууллагад биечлэн мэдэгдэх үүргийг журамлаагүй, хэн мэдээллэх нь ач холбогдолгүй учир хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Нэхэмжлэгч нь улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж онцгой нөхцөл байдал үүссэн үед гар утсаа унтраасан, тээвэр зохицуулагчаас ирүүлсэн хоёр удаагийн дуудлагыг аваагүй зөрчил гаргасан гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Нэхэмжлэгчид ослын тухай мэдээг түүний 89894955 дугаараар мэдэгдэх үед утсаа унтраасан байсан талаар гэрч Э.С-ын мэдүүлэг нь нэхэмжлэгч Д.Г-гийн 89894955 дугаарын 2020 оны 05 сарын 31-ний өдрийн ярианы жагсаалтаар үгүйсгэгдсэн буюу уг өдөр нэхэмжлэгч 89894955 дугаараар бусадтай 14 удаа ярьсан байх тул утсаа унтраасан байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын давтан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс Д.Г-г ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-д зааснаар хариуцагч АТҮТ- ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь зөв болжээ.

 

8. Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2020 оны 06 сарын 09-ний өдрөөс 2023 оны 07 сарын 05-ны өдрийн хугацаагаар тооцож, хариуцагчаас 68,289,642 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг 30 жил 5 сар төлсөн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлд хамаарч, тэрээр 2021 оны 02 сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ 55 нас 2 сартай байсан нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан болон нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсоныг үндэслэн нэхэмжлэгч Д.Г-гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаагаар хязгаарлан түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нөхөн олгох нь хуульд нийцнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингийн /Д.Г-гийн 2020 оны 3-5 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингийн хүснэгтээр/ дүнгээс зөрүүтэй тооцсоныг /2020 оны 03 сар 1,848,000, 04 сар 1,848,000, 05 сар 1,841,000=5,537,000. 5,537,000/3=1,845,666/ зөвтгөн залруулж, нэг сарын дундаж цалин хөлс 1,845,666 төгрөгөөс нэхэмжлэгчийн ажлаас халагдсан 2020 оны 06 сарын 09-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2021 оны 02 сарын 16-ны өдөр хүртэлх 8 сарын цалин /1,845,666х8=14,765,328/ 14,765,328 төгрөг, 15 хоногийн цалин /1,845,666/21.2=87,059. 87,059х15=1,305,885/ 1,305,885 төгрөг, нийт 16,071,213 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Мөн хариуцагч нь энэ хугацаанд хамаарах нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлж баталгаажилт хийх үүрэгтэй болно.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02174 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...68,289,642 төгрөг... гэснийг 16,071,213 төгрөг гэж, ...олговорт ноогдох... гэсний ард 2020 оны 06 сарын 09-ний өдрөөс 2021 оны 02 сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны гэж тус тус нэмж өөрчилж,

2 дахь заалтын ...57 дугаар зүйлийн 57.1... гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж, ...499,398 төгрөг... гэснийг 238,306 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ