Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0768/З |
Дугаар | 221/МА2019/0018 |
Огноо | 2019-01-09 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0018
|
|
|
“Х М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0650 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн Хяналтын улсын байцаагч Б.Г-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0650 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 10 дугаар зүйлийн 10.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н Агийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газар дарга, мөн тус газрын хяналтын улсын байцаагч Б Г нарт холбогдох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №458 дугаар дүгнэлт, мөн тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №А/255 дугаар тушаал, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 00000 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг тус тус хүчингүй болгуулах, “Х М” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 0000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон 111111 дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг тус тус сэргээж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Х м ХХК-ийн 2016 оны 06 сарын 15-ны өдөр дахин шинээр 00000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байдаг. Гэтэл 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 458 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн 2017 оны 03 сарын 14-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/255 тоот тушаалаар дээрх улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг тус тус хүчингүй болгосон нь үндэслэлгүй болсон. Улсын байцаагч шалгалт хийхдээ үнэн зөв бодит нотлох баримтуудыг үндэслээгүй, мөн бүрдүүлж өгсөн тогтоол, шийдвэр, итгэмжлэл гаргах үйл ажиллагаанд эрх бүхий этгээд болох Н Аг огт оролцуулаагүй, шалгалтын явцад Хаяаши Шигэнобугийн итгэмжлэгдсэн этгээдийн гаргаж өгсөн нотлох баримтууд хуурамч, зөрчилтэй байсан зэргийг шалгаж үзэхгүйгээр дүгнэлт гаргасан байдаг. Улсын байцаагч нь шалгалт хийхдээ үндэслэсэн материалуудаа хавтаст хэрэгт нотлох баримтаар хийлгэсэн байгаатай танилцахад:
2016 оны 05 сарын 31-ний өдөр Япон улсад хийгдсэн итгэмжлэл нь ямар нэгэн хуулийн этгээдийн бланкан дээр хийгдээгүй атлаа Хаяашия конкрет индастри корпорэйшн компанийн ерөнхийлөгч Ш Х нь 2015 оны 06 сарын 01-ний өдөр өгсөн итгэмжлэлээр Хаяаши конкрет индастри корпорэйшн компанийн ажилтан н.О-ыг манай компанийн ....итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилов гэснээс харахад “Х М” ХХК-ийн толгой компани гэх “Н” ХХК-ийг төлөөлж байгаа этгээд биш болж байна. Мөн энэхүү итгэмжлэлийг олгоход толгой компанийн болон “Х М” ХХК-ийн тус бүрийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Н Агийн зөвшөөрөл байхгүй байдаг. Энэхүү итгэмжлэлийг Япон улсад хийгдсэн 2016 оны 05 сарын 31-ний өдөр н.О нь Японд байхгүй байсан байхад яаж гарын үсэг зурагдсан байдаг билээ. Хавтаст хэргийн материалд байгаа Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар н.О нь 2016 оны 06 сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарч 2016 оны 06 сарын 27-ны өдөр орж ирсэн байдаг. н.О нь 2016 оны 10 сарын 20-нд Дачэн нөхөрлөлтэй “зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэгчийг хийснээ Улсын байцаагчид өгсөн байдаг бөгөөд уг гэрээнд “Х М” ХХК-ийн гэрчилгээ, тамганы асуудлаар Улсын бүртгэлийн газарт хандах ямар ч заалт байдаггүй. Энэхүү гэрээ нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байдаг атлаа Сингапур улсад үйл ажиллагаа явуулдаг толгой компани болох Накахарахаяашия холдингс компанийн тамга дарагдсан байдаг нь хууль бус гэрээ болох нь давхар нотлогдож байхад улсын байцаагч анхаарч үзээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.
Хавтас хэргийн 102-р талд хариуцагчийн нотлох баримтаар гаргасан Япон ханз үсгээр бичигдсэн бланкан дээр Д.А гэгчид 2016 оны 10 сарын 20-нд Улсын бүртгэлийн газарт хандах итгэмжлэлийг Улаанбаатар хотод хийж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх 3 хүний гарын үсэгтэй, Сингапур улсад үйл ажиллагаа явуулдаг Н х компанийн тамга дарагдсан итгэмжлэл байдаг. Гэтэл ханз үсгээр бичигдсэн бланк нь Хаяаши конкрет индастри корпорэйшн компанийн бланкан /Шигэнобугийн гэр бүлийн компани/ дээр Н А, Х Ш нарын 50/50 хувийн хөрөнгө оруулалттай Сингапур дахь Н х компанийн тамгыг дарсан байхад Улсын бүртгэлийн газрын улсын байцаагч яагаад анхаарч үзэхгүйгээр шалгалт хийсэн нь алдаатай болсон байна. Мөн итгэмжлэл дээр гарын үсэг зурсан 3 хүн нь тухайн үед Монгол Улсын хилээр орж, гараагүй талаар Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаанаас тодорхой харагддаг.
Дачэн нөхөрлөлөөс 2017 оны 02 сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн газарт итгэмжлэл олгох тухай гэсэн бичигт: “манай компани нь Хаяаши конкрет индастри корпорэйшн компанитай 2016 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Улсын бүртгэлийн газраас “Х М” ХХК-ийн тамга, гэрчилгээг гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх, уг асуудлаар компанийг төлөөлөх эрхтэй” /хх-145/ гэсэн утга бүхий итгэмжлэлийг өгснийг үндэслэн Улсын байцаагч шалгалт хийж дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл “Х М” ХХК-д ямар ч хамааралгүй Ш Х-ийн эцгээс уламжлагдан ирсэн гэр бүлийнх нь гишүүдийн компанитай Дэчан нөхөрлөл гэрээ хийсэн байхад улсын байцаагч анхаарч үзээгүй хууль бус итгэмжлэлүүдийг үндэслэн шалгалтыг явуулсан байдаг.
Улсын байцаагчийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 458 дугаар дүгнэлтийн 2.2-т ”Хаяаши монгол” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 сарын 30-ны өдөр олгосон компанийн тэмдгийн ... дугаар бүхий хяналтын дугаарыг тус тус Улсын ерөнхий бүртгэгч бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болгосонтой холбогдуулан Улсын бүртгэлийн мэдээллийн санд уг мэдээллийг хүчингүй төлөвт бүртгэх” гэж бичсэний дагуу 2017 оны 03 сарын 14-ний өдөр А/255 тоот тушаалаар гэрчилгээ, тамга хүчингүй болсон. Энэхүү дүгнэлтийн 2.2 дах заалт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын даргын тушаал гараагүй /гарах эсэх нь тодорхойгүй/ байхад тушаал нь дүгнэлтээсээ түрүүлж гарсан мэтээр бичигдсэн байна.
“Х М” ХХК-тай холбогдон гаргасан эрх зүйн актуудыг Н Ад мэдэгдээгүй байгаа нь түүний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж түүний санал, тайлбарыг сонсохгүй, бодит нөхцөл байдлыг судлаагүй дангаараа захиргааны шийдвэр гаргасан нь хамааралтай этгээдийн эрхийг эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь захиргааны ерөнхий хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
“Х М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н А нь “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 458 дугаар дүгнэлт, мөн тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/255 дугаар тушаал, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 00000 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг тус тус хүчингүй болгуулах, “Х М” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 00000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон 111111 дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг тус тус сэргээж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн “Х М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, тус газрын хяналтын улсын байцаагч Б Г нарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШЗ2017/6090 дугаар захирамжаар үүсгэсэн байна.
Тиймээс хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, тус газрын хяналтын улсын байцаагч Б Г нарын үйл ажиллагааны, тэдний гаргасан маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч “Х М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эсэхэд шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.
Тодруулбал, Япон Улсын иргэн Н Агийн нэхэмжлэлээр бус Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, тус газрын хяналтын улсын байцаагч Б Г нарт холбогдох “Х М” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүссэн байна.
Бүгд Найрамдах Сингапур улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох “Н” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Х Ш, мөн 50 хувийн хугацаа эзэмшигч Н А нарын зөвшөөрлөөр уг компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Х М” ХХК-ийн Монгол Улсад үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, улмаар “Х М” ХХК-ийн дүрмийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталжээ.
Анх 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай “Х М” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн 000000 дугаар гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгожээ.
Гэтэл “Х М” ХХК-ийн үүсгэн байгуулагч тус компаний 50 хувийн хувьцаа эзэмшигч Н А нь “Х М” ХХК-ийн үрэгдүүлсэн бичиг баримтыг дахин бүрдүүлэх тухай 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрт Сингапур улсын хуулийн этгээд “Н” Холдинг-г төлөөлж захирал А Н гэж гарын үсэг зурж, “...компанийн бичиг баримт болох компанийн гэрчилгээ, дүрэм тамгыг үрэгдүүлсэн тул холбогдох бичиг баримтыг дахин бүрдүүлэх” тухай өргөдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргах итгэмжлэлийг иргэн А.О-т олгосон гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Дээрх итгэмжлэлийн дагуу А.О нь “РД00000 регистрийн дугаар бүхий “Х М” ХХК-ийн тамга нь өөрийн компанийн ажилтан Л.О-д хадгалагдаж байсан бөгөөд одоогоор энэ хүн ажлаас гараад Япон Улсад яваад холбоо барьж чадахгүй, тамгаа авч чадахгүй байгаа тул компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс уг тамгыг хүчингүйд тооцож шинээр тамга авахыг хүсч байна” гэсэн хүсэлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргажээ.
Уг хүсэлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Х М” ХХК-ийн улсын бүртгэлийн 00000 дугаар гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 11111 дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг дахин нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх байдлаар нэхэмжлэгч “Х М” ХХК-д дахин олгосон улсын бүртгэлийн 00000 дугаар гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 11111 дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар “Х М” ХХК-ийн үүсгэн байгуулагч компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох Хаяаши Шигэнобү нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гарсны дагуу улсын байцаагч хяналт шалгалт явуулж, “Гэрчилгээ, тэмдгийн хяналтын дугаар хүчингүй болгох” тухай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 458 дугаар дүгнэлт гаргасан байна.
Улмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн А/255 дугаар тушаалаар “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, хяналтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 458 дугаар дүгнэлтийг үндэслэн “...өмнө олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн тэмдэг хүчин төгөлдөр байсаар атал компанийн 50 хувийн хугацаа эзэмшигч Х Ш-д мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээ компанийн тэмдгийн хяналтын дугаарыг дахин авсан болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон 11111 дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг тус тус хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 458 дугаар дүгнэлт, мөн тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/255 дугаар тушаал нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10-д заасанд нийцсэн байна.
Учир нь “Х М” ХХК-ийн үүсгэн байгуулагч тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Н Агийн /Сингапур улсын хуулийн этгээд “Н” Холдинг-г төлөөлж захирал А Н гэж гарын үсэг зурж/ иргэн А.О-т олгосон итгэмжлэл, иргэн А.О-ийн гаргасан хүсэлт зэргийг үндэслэн “2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Х М” ХХК-д улсын бүртгэлийн 000000 дугаар гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 11111 дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг дахин “Х М” ХХК-д олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж улсын бүртгэлийн үйл ажиллагаа хийхийг хориглосон заалтыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучнаар/ зөрчиж эрхийн улсын бүртгэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн анх Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай “Х М” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн 00000 дугаар гэрчилгээг үрэгдүүлээгүй нэхэмжлэгч “Х М” ХХК-д хадгалагдаж байхад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Хаяаши Шигэнобугаас зөвшөөрлийг авалгүйгээр дахин компанийн гэрчилгээ, тэмдгийн хяналтын дугаарыг “Х М” ХХК-д олгосон нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 458 дугаар дүгнэлт, мөн тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/255 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад “Х М” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Н А шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал, “Х М” ХХК-д дахин олгосон 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн улсын бүртгэлийн 00000 дугаар гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 11111 дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн анхны эрхийн улсын бүртгэл нь хүчинтэй байх тул маргаан бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 458 дугаар дүгнэлт, мөн тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/255 дугаар тушаал нь тус “Х М” ХХК-д эрхийн нөлөөлөлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР