Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00822

 

Н.Мандаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00114 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 812 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Мандаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Гэрэлтуяад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17 998 661 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Мандаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Мандаа надаас М.Гэрэлтуяа нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 8 900 000 төгрөг, 7 300 ам.долларыг нэг сарын хугацаатайгаар, хүүгүйгээр бэлнээр тоолж хүлээн авсан. М.Гэрэлтуяа нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр миний Хаан банкны дансаар 8 900 000 төгрөг шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл 7 300 ам.долларыг зээлийн гэрээний хугацаа дуусаад 7 сар өнгөрч байхад өгөлгүй иргэн намайг хохироож байгаа тул шүүхийн журмаар гаргуулан авахаар нэхэмжилж байна. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкны ханшаар 7 300 ам.доллар нь 17 998 661 төгрөг болж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Анх энэ хүнтэй 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5 000 ам.доллар, 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж түүн дээрээ нэмж мөн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр бас 25 000 000 төгрөг авахдаа 1 өрөө байр барьцаанд тавьсан. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэхэд зээлээ төлж дуусгасан. 28 000 000 төгрөгийн үндсэн зээл дээр хүү гэж 13 114 000 төгрөгийг төлж, 41 114 000 төгрөг болсон. Гэхдээ бэлнээр огт хүлээн аваагүй 7 300 ам.доллар гэж бичсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ нь 5 000 ам.долларын хүү гэж 2 300 ам.долларыг нэмж бичсэн гэж ойлгогдож болохоор байна. 1 609 ам.долларыг би хугацаанд нь төлсөн байгаа.

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Н.Мандаатай биечлэн уулзаж, тооцоо нийлсэн. Би Иргэний хуулийн дагуу 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханшаар тооцож ам.долларын зээлийг төлнө. 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр анх Н.Мандаагаас 5 000 ам.долларыг сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тухайн үед миний хүү гадаадад суралцаж байсан бөгөөд сургалтын төлбөрийг нь яаралтай төлөх болсон тул уг мөнгийг зээлж авсан. Сарын 2.9 хувийн ам.долларын хүү бол бусад банкуудтай харьцуулахад даруй 10 дахин их байгаа юм.

Иймд шүүх хүүг хуулийн дагуу багасгаж өгнө үү. Энэ хугацаанд хүүнд нь 1 609 ам.долларыг төлсөн болно. Барьцаанд тавьсан байсан орон сууцаа чөлөөлөхийн тулд Н.Мандаагийн тавьсан нөхцлөөр өмнө зээлсэн мөнгөний хүүг нэмж 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 23 812 075 төгрөгийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан гэжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00114 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Гэрэлтуяагаас 2 548 824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мандаад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гэрэлтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 47 879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мандаад буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 812 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00114 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2 548 824 төгрөгийг” гэснийг “10 134 650 төгрөгийг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 7 864 011 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “47 879 төгрөгийг” гэснийг “177 104 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 442 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие хариуцагч М.Гэрэлтуяатай 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болон 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу бид төлбөр тооцоог хийж дуусгасан учир би шүүхэд эдгээр гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй. Харин энэ гэрээнүүдийг дуусгавар болгосны дараа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шинээр байгуулсан зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийн гүйцэтгэл болох 17 998 661 төгрөгийг би шүүхээр нэхэмжилсэн. Энэ гэрээг байгуулахдаа би Гэрэлтуяад 8 900 000 төгрөг, 7.300 ам.долларыг 1 сарын хугацаатай хүүгүй зээлүүлсэн бөгөөд уг зээлийн гэрээг 239 дугаартай нотариатчаар гэрчлүүлж бүртгэлийн 505 дугаарт бүртгүүлсэн.

Түүнчлэн 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бид өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, зээлийн барьцааг чөлөөлсөн бөгөөд үүнийгээ мөн 239 дугаартай нотариатчаар гэрчлүулэн бүртгэлийн 506 дугаарт бүртгүүлсэн. Бид 2016 оны 04 дугээр сарын 08-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулахдаа уг мөнгийг бэлнээр өгч авалцаж мөнгө хүлээлцсэн тухай баримт үйлдэн гарын үсгээ зурсан. М.Гэрэлтуяагийн өөрийн гараараа бичсэн баримтыг мөн адил 239 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн бөгөөд энэ нь нотариатчийн бүртгэлийн 2351 болон 2352 дугаарт бүртгүүлсэн. Дээрх бүх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэн нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэснийг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх намайг гэрээ байгуулсан өдөр Гэрэлтуяад 7.300 ам.долларыг бодитоор хүлээлгэн өгсөн гэдгийг үнэн зөв, эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй гэжээ. Тэгсэн хэрнээ хариуцагч надаас 7.300 ам.долларыг бодитоор хүлээн аваагүй гэдгээ бусад үйл баримтаар давхар нотлоогүй байхад хариуцагчийн тайлбарыг хэргийн байдалд илүү нийцэж байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зарчимд нийцэхгүй байх тул үүнийг мөн адил шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Би шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ гэрээгээр Гэрэлтуяа надаас монгол төгрөг болон валютаар 1 сарын хугацаатай хүүгүй зээл авч монгол төгрөгийн зээлийг буцаан төлсөн. Иймд би шүүхээр зөвхөн 7.300 ам.долларыг нэхэмжилсэн. Миний өмнө нь Гэрэлтуяад мөнгө зээлүүлж байсан гэрээнүүд, тухайлбал магадлалд дурдагдсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дууссан зээлийн гэрээ, зээлийн хүүтэй холбогдох асуудал миний нэхэмжлэлийн шаардлагад огт ороогүй. Би хариуцагчид хүүгүй мөнгө зээлдүүлсэн маргаанаа шийдвэрлүулэхээр нэхэмжилсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон гэрээг баримтлан “зээлийн хүү нэмж тооцох үндэслэлгүй байна” хэмээн 2.300 ам.долларыг шүүх өөрийн санаачлагаараа миний нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцжээ. Ийнхүү давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтыг баримтласныг шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуульд зааснаар ам.долларыг монгол төгрөгт шилжүүлэн тооцоход миний нэхэмжлэлийн нийт үнийн дүн 14 892 075 төгрөг болж байгаа. Иймд хариуцагчаас 4 757 425 төгрөгийг нэмж гаргуулахаар давж заалдах шатны шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж анхан шатны шүүх “...өөрөөр хэлбэл Н.Мандаа нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу М.Гэрэлтуяад 8 900 000 төгрөг болон 7.300 ам.долларыг бодитоор хүлээлгэн өгөөгүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй ба Н.Мандаа нь уг зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй байна...” гэж дүгнэн үзсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй шаардлага буюу 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5.000 ам.доллар, 3 000 000 төгрөгийн, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн төлбөрийн үүргийн үлдэгдэлд 2 548 824 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн давж заалдах шатны шүүх мөн л нэхэмжлэгч Н.Мандааг 7.300 ам.долларын зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж дүгнэн “...7.300 ам.долларын зээлийн бодитойгоор хүлээлгэн өгсөн гэдэг нь хэргийн бусад баримтаар давхар нотлогдоогүй тул уг үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй, харин 5.000 ам.долларын зээлийн үлдэгдэл дээр 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ныг хүртэлх 19 сарын хүүг нэмж тооцон 7.300 ам.доллар гэж бичсэн хариуцагчийн тайлбар хэргийн бодит байдалд илүү нийцэхээр байна...” гэж дүгнэсэн байх атлаа “...иймд хариуцагч М.Гэрэлтуяаг нэхэмжлэгч Н.Мандаад өмнө нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлж авсан 5.000 ам.долларын зээлийн төлбөр төлөхийг зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэсэн нь хууль бус төдийгүй анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн, харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүйгээр мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглээд зогсохгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хууль болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг хэрэглээгүй, тус хэсэгт заасны дагуу Н.Мандаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа М.Гэрэлтуяа миний бие Н.Мандаагийн өмнөх шаардах эрхгүй, шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5.000 ам.долларын зээлийн талаар тайлбар гаргасан, энэ тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 7.300 ам.долларын зээлийн үүрэгт хамааралгүй тул давж заалдах шатны шүүх энэ тайлбарыг хариуцагчийн зөвшөөрөл гэж үзсэн нь хуульд нийцэхгүй, төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан хөдөлбөргүй баримт гэж үзэх нь хуульд харшилж буй үйл баримт болох юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээр зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Н.Мандаа нь хариуцагч М.Гэрэлтуяад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 8 900 000 төгрөг, 7 300 ам.долларын зээлийн гэрээний үүрэгт 17 998 661 төгрөг гаргуулахыг шаарджээ. Хариуцагч М.Гэрэлтуяа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж, 5 300 ам.доллар төлөхийг зөвшөөрчээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ Н.Мандаагаас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр анх авсан зээлийг зааж, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мөнгө аваагүй, 2013 оны зээлийн үлдэгдлийг тооцож, шинээр гэрээ байгуулсан гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч нь 2013 онд М.Гэрэлтуяад зээлүүлсэн 3 000 000 төгрөг, 5 000 ам.долларын зээлийн гэрээний үүрэг төлбөр төлөгдсөнөөр дуусгавар болсон, нэхэмжлэлдээ 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр өгсөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан гэж мэтгэлцжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №505\12:00 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Н.Мандаа нь зээлдэгч М.Гэрэлтуяад 8 900 000 төгрөг, Монгол банкны ханшаар 7 300 ам.доллар буюу 14 912 075 төгрөг, нийт 23 812 075 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүүгүй зээлүүлжээ. Үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд анз тооцохоор талууд тохиролцоогүй байна \хх-ийн 4 дүгээр тал\.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Н.Мандаа үүргээ биелүүлсэн болох нь М.Гэрэлтуяагийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бичсэн мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогджээ. Уг баримтад “2016-04-08 өдөр М.Гэрэлтуяа би Н.Мандаагаас 8 900 000 \найман сая есөн зуун мянга\ төгрөг, 7 300 $ \долоон мянга гурван зуун\ ам.доллар 20 000 х 445 ш = 8 900 000, 100  $ х 73 ш = 7 300 ам.доллар бэлнээр тоолж хүлээж авлаа. Мөнгө хүлээн авсан М.Гэрэлтуяа, мөнгө хүлээлгэн өгсөн Н.Мандаа” гэжээ \хх-ийн 5 дугаар тал\.

Дээрх баримтыг хариуцагч М.Гэрэлтуяа баримтаар үгүйсгээгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.

 

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон болох нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-ээр тогтоогджээ. Энэ хэлцлийг Н.Мандаа, М.Гэрэлтуяа нар бичгээр байгуулж, “Талуудын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 1700 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээг дуусгавар болсонд тооцов. Үүрэг гүйцэтгүүлэгч тал, үүрэг гүйцэтгэгч талын үүргийн гүйцэтгэлийн барьцаанд бариулсан СБД, 2-р хороо, 5-р хороолол, 30-39 тоот хаягт байрлах № 000011883, Ү-2203000919 тоот улсын бүртгэлийн дугаартай 17 мкв орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг зөвшөөрч байна” гэж тохиролцжээ \хх-ийн 35 дугаар тал\.

Хэрэгт авагдсан дээрх баримтыг хариуцагч мөн баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Зохигчдын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн тооцооны үндсэн дээр хийгдсэн гэж, бодит байдлаар мөнгө зээлүүлээгүй гэж тус тус үзэх үндэслэл хариуцагчийн тайлбараас өөр  баримтаар тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх зээлийн төлбөрийн тооцоог 2013 оны зээлээс бодсон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэл муутай болжээ. 

 

Нэхэмжлэгч Н.Мандаа нь ам.долларын зээлийн үүргийн үнийн дүнг монгол төгрөгт хөрвүүлэхдээ Монгол банкны нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцсон нь зөв боловч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг буруутгах үндэслэлгүй болно.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн багасгаж шаардсан хэмжээгээр хангах үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 812 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ““...шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын” гэснийг “...шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “282 дугаар зүйлийн 282.3., 282.4.-т” гэснийг хасч” гэж, “10 134 650 төгрөгийг” гэснийг “14 892 075 төгрөгийг” гэж, “7 864 011 төгрөгийг” гэснийг “3 106 586 төгрөгийг” гэж, “177 104 төгрөгийг” гэснийг “232 410 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 91 069 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН