Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 811

 

 "Хера Экуйпмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/00229 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хера Экуйпмент” ХХК,

Хариуцагч “Мон Лаа” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 152 254 034 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хера Экуйпмент” ХХК, "Мон Лаа" ХХК-тай харилцан тохиролцож, 2015 ны 06 дугаар сарын 25-ны өдөр ХЭ15/013 тоот түрээсийн гэрээ, мөн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт хэлцэл, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. ХЭ15/103 тоот түрээсийн гэрээгээр “Хера Экуйпмент” ХХК нь "Мон Лаа" ХХК-д R480LC-9S #0476 сериалтай гинжит эксковатор, HL780-7 #0371 авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 cap буюу 320 мото цагийн хугацаатай, мөн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт хэлцлээр HL780 сериалтай техник, R300LC-9S #0263 сериалтай техникийг сарын буюу 320 мото цагийн хугацаатай тус тус түрээслүүлэх, "Мон Лаа" ХХК нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

“Хера Экуйпмент” ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд дээрх техникүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Талууд R480LC-9S #0476 сериалтай гинжит эксковаторын 1 сарын буюу 320 мото цагийн төлбөрийг 32 505 000 төгрөг, HL780-7 #0371 авто ачигч 1 сарын буюу 320 мото цагийн төлбөр 29 150 000 төгрөг, SL765 #0283 сериалтай авто ачигч, 1 сарын буюу 320 мото цагийн төлбөр, МС110Я #0205 сериалтай бутлуур, 1 сарын буюу 320 мото цагийн төлбөр 73 299 600 төгрөг, MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 cap буюу 320 мото цагийн төлбөр 36 278 000 төгрөг, нийт 180 758 600 төгрөг, R300LC-9S 0263 сериалтай техникийг сарын буюу 320 мото цаг нь 18 188 500 төгрөг, HL 780 #0559 сериалтай техникийг сарын буюу 320 мото цаг 29 150 000 төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцсон юм. Гэвч хариуцагч "Мон Лаа" ХХК нь дээрх техникүүдийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн боловч, ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул, түрээсийн төлбөр, алданги шаардаж байгаа болно.

Мөн гэрээний 7.5, 7.6, 7.7 дахь заалт болон гэрээний онцгой нөхцөлийн 4-т заасан “Түрээслэгч талын хариуцах зүйлд ...Операторын ажлын хөлс, байр хоол, түлш, газартай харьцах эд анги, эксковаторын шанага, шүд, дугуйт ачигчийн дугуй болон засварын зардал, бутлуурын түргэн элэгдэх эд анги, / шүд хуяг/, шигшүүрийн түргэн элэгдэх эд анги /тор/, өдөр тутмын тос, тосолгоо, тоног төхөөрөмжийн тээвэр зардлыг хариуцах”-аар тохиролцсон тул эдгээр зардлыг түрээсийн төлбөрт нэмж тооцсон.

Дээрх техникүүдийн түрээсийн төлбөрийг дараах байдлаар нэхэмжилж байна. Үүнд, MS19D #0357 сериалтай шигшүүрийн түрээсийн төлбөр 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэл хугацааны /10 хоног/ 12 488 666 төгрөг, МС110Я #0205 сериалтай бутлуурын түрээсийн төлбөр 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 07 сарын 10-ныг хүртэл хугацааны /10 хоног/ 25 605 066 төгрөг, HL780-7 сериалтай авто ачигчийн түрээсийн төлбөр /7 хоног/ 7 161 666 төгрөг, SL765 #0283 сериалтай авто ачигчийн төлбөр 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 4 931 206 төгрөг, R480 LC-9S гинжит эксковаторын төлбөр 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 12 938 350 төгрөг, нийт 63 124 956 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт хэлцлээр нэмж түрээслүүлсэн, HL780 #0559 сериалтай техникийн үнэ 1 хоногийн түрээс 1 127 666 төгрөг, R300LC-9S гинжит эксковаторын төлбөр 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацааны 4 710 183 төгрөг, нийт 5 837 850 төгрөг, эдгээр техникүүдийг тээвэр, сэлбэг засвар, операторын зардал зэрэг бусад зардалд 16 000 000 төгрөг, нийт 84 996 306 төгрөгийн төлбөрийн тооцоотой байна.

Хариуцагч "Мон Лаа" ХХК нь үндсэн болон нэмэлт гэрээний дагуу дээрх техникүүдийг ашигласан хугацааны төлбөр 84 996 306 төгрөгийг төлөөгүй байна. Тус компанийн зүгээс түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан, "Мон Лаа" ХХК нь ХЭ15/103 тоот түрээсийн гэрээний төлбөрт 84 996 306 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 9, 10 дугаар сард төлнө гэж хариу өгч байсан. Мөн талууд түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлж, актаар баталгаажуулсан.

Гэрээний 7.5 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тоног тутамд 0.5 хувийн алданги тооцох тохиролцоог Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтад нийцүүлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 84 996 306 төгрөгийн 50 хувийн алданги 42 498 153 төгрөг, нийт 127 494 459 төгрөгийг нэхэмжилж байна. "Мон Лаа" ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан сэлбэгийн төлбөрөөс 13 673 050 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 8.3-д заасны дагуу алданги 6 836 525 төгрөг, техникийн засварын хөлс 1 850 000 төгрөг, тээврийн хөлс 1 560 000 төгрөг, "Хера Экуймент" ХХК-ийн охин компани "Майн технологи марк" ХХК-иас авсан сэлбэгийн төлбөр 840 000 төгрөг, нийт 152 254 034 төгрөгийг хариуцагч "Мон Лаа" ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч "Хера Экуйпмент" ХХК-иас надад олгосон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний дагуу шаардаж байгаа алданги 49 334 678 төгрөгийг 50 хувиар багасгаж, нийт 127 586 695 төгрөгийг "Мон Лаа" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Хера Экуйпмент" ХХК-тай харилцан тохиролцож, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ХЭ15/013 тоот гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан. ХЭ15/103 тоот түрээсийн гэрээгээр "Хера Экуйпмент" ХХК нь R480LC-9S 0476 сериалтай гинжит эксковатор, HL780-7 #0371 авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 cap бюу 320 мото цагийн хугацаатай ашиглахаар байгуулсан.

Энэхүү гэрээгээр манай компани тус компаниас техникүүдийг түрээслэхэд бутлуур, шигшүүрийн хүчин чадлыг тооцоолоод өөрт байсан техникүүдийн хүчин чадлыг хүрэхгүй гэж үзэн нэмж эксковатор, авто ачигчийг түрээслэсэн ч бутлуур болон шигшүүрийн сул зогсолтоос шалтгаалаад түрээсийн техникүүд тухайн хугацаанд сул зогсолттой байсан. Улмаар ажиллаж эхэлснээс хойш доголдолтой байсан учраас арга буюу 10 орчим хоног ажиллаж сул зогссон тул буцаан хүлээлгэн өгсөн. Бутлуур 320 мото цаг буюу 73 299 600 төгрөг, шигшүүр нь ажиллаагүй байхад 320 мото цаг буюу 36 278 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Харин сэлбэгийн төлбөр 13 673 050 төгрөг, техникийн засварын хөлс 1 850 000 төгрөг, тээврийн хөлс 1 560 000 төгрөг, "Хера Экуйпмент" ХХК-ийн охин компани "Майн технологи марк" ХХК-иас авсан сэлбэгийн төлбөр 840 000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Мон Лаа" ХХК-иас 124 667 770 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Хера Экуйпмент" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 918 925 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хера Экуйпмент" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 919 225 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч "Мон Лаа" ХХК-иас 919 225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Хера Экуйпмент" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд үйлдвэрийн дарга н.Өлзийсайханыг гэрчээр оролцуулан тайлбар авахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, гэрчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсний улмаас өндөр хэмжээний мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч хүлээгээд байна. Иймд энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийг оролцуулан албан ёсоор энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК нь “Мон лаа” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 152 254 034 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч “Мон лаа” ХХК-иас гаргасан тус компанийн ажилтан н.Өлзийдэлгэрийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2017/00926 дугаар захирамжаар хангаж, нотлох баримт нэмж бүрдүүлэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан ба мөн оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчийг дуудан ирүүлж, мэдүүлэг авах ажиллагааг шүүх хуульд заасан журмын дагуу явуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

            Шүүх хариуцагч талаас гэрчийн хаягийг тодруулж, шүүхэд дуудах ажиллагааг зохих журмаар хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн гэрчийг шүүх дуудаж мэдүүлэг авах, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлэх журамд нийцэхгүй бөгөөд гэрчийг ирүүлэх шүүхийн өмнө хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй. Түүнчлэн гэрчээс мэдүүлэг авахуулах хариуцагчийн хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан гэрчээс мэдүүлэг авахуулах эрхийг, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ шүүх зөрчсөн гэж үзэх ба хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/00229 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ