Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/0013

 

Г.Н-гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Д.Мөнхтуяа,

Шүүгчид:                         Х.Батсүрэн,

                                        П.Соёл-Эрдэнэ,

                                        Ц.Цогт,

Илтгэгч шүүгч:               М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 664 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Г.Н-гээс Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан “... тус газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны /5 сарын/ цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Г.Н нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 24 цагийн хугацаатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өглөө ажлаас бууж, томилгоот хуваарийн дагуу тухайн өдрийн 16 цагаас 21 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр (24/48) хуваарьт амралтаа эдэлсэн ба тухайн өдөр өөрийн төрсөн өдрөө тэмдэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ...

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд цагдаагийн албан хаагчийг халах 4 үндэслэл байдаг. Гэтэл намайг 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтаар ажлаас халсан, уг заалт надад тохирохгүй, энэхүү сахилгын шийтгэл хүндэдсэн. Би цагдаагийн дэд ахлагч цолтой, гэтэл тушаалд надад байхгүй ахлагч цолыг хураасан. Миний бие 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэж, архи ууснаа хүлээн зөвшөөрнө, гэхдээ ажил үүргийн хуваариар амралтын өдөр, цагдаагийн дүрэмт хувцасгүй байсан, мөн Б.Н-ыг архи дарсаар шахаж дарамталсан зүйл байхгүй ...” гэж тодорхойлон маргажээ.

2.2. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Н өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн ахлагч” цолыг хураахаар шийдвэрлэсэн байна.

2.3. Хариуцагч маргаан бүхий тушаалын үндэслэлдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 81 дүгээр зүйлийн 81.4.5, 97 дугаар зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Байгууллагын даргын тушаал гаргах /код-136/ журам”-ын 136.5.2-ын “г” заалтыг тус тус баримталсан, “... албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг хугацаанд Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ... сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан нь ... “ноцтой зөрчил”-д тооцох үндэслэлтэй ...” гэж шүүхэд тайлбар гаргажээ.

3. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх “... Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн ноцтой зөрчилд тооцогдох үндсэн шаардлагад сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй үед 2 буюу түүнээс дээш зөрчил гаргасан байхыг шаардах хийгээд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тус газрын даргын Б/35 дугаар Г.Н-д сануулах арга хэмжээ оногдуулсан шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулсан эсэх, мэдэгдэх сонсгох ажиллагааг хэрэгжүүлсэн эсэх, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зөрчлийг хэзээний ямар баримтаар илрүүлсэн зэрэг нь ойлгомжгүй,  ... Г.Н жижүүрийн амралттай байх хугацаанд, энгийн хувцастай, тухайн өдрийн 20-22 цагийн орчимд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоогүй зэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон, ... Цагдаагийн төв байгууллагын дарга албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах эрхтэй гэж заасан боловч энэ шийдвэрийг шүүхэд ирүүлээгүй, зөрчлийн хэрэг материалд нотлоогүй зэрэг нь хариуцагчийн хувьд зөвшөөрөгдөх үндэслэл биш бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г.Н-д тус цагдаагийн газрын удирдлагаас ямар нэгэн үүрэг даалгавар өгөгдөөгүй болохыг хэргийн оролцогчид тайлбарладаг, шүүхэд нотлоогүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад, “... Г.Н 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу амралттай байх үедээ цагдаагийн дүрэмт хувцасгүй, албаны бус хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн дэд ахлагч Б.Н-т зодуулсан нь “цагдаагийн албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх” гэсэн нөхцөл байдлыг бүрдүүлээгүй, цагдаагийн албан хаагчид хориглох зүйлийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхээргүй, ... албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах ... шийдвэрээ шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, зөрчлийн хэргийн материалд авагдаагүй, ... 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г.Н-д тус цагдаагийн газрын удирдлагаас ямар нэгэн үүрэг даалгавар өгөгдөөгүй, ... нэхэмжлэгч Г.Н цагдаагийн дэд ахлагч цолтой байх бөгөөд маргаан бүхий тушаалд түүнд олгогдоогүй цагдаагийн ахлагч цолыг хураахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, ... Цагдаагийн байгууллагын нягтлан бодогч Ц.Нт-оос тодруулга хүсэхээр шүүхээс дуудсан байх бөгөөд тэрээр өвчний улмаас тусгаарлалтад байгаа ирэх боломжгүй гэх хариуг шүүхэд мэдэгдэж, шүүхээс шүүх хуралдааныг товлосон цагтаа үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй, ... нэхэмжлэгч Г.Н өөрийг нь албан тушаал бууруулсан захиргааны актын талаар маргаж байгаа бөгөөд уг актын улмаас тус Цагдаагийн газарт шилжүүлэн томилогдсон М.Ёндонгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.1. “Нэг: ... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код 101/ журам”-ын 101.5-д “Албаны өндөржүүлсэн бэлэн байдал” гэж эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч, техник хэрэгслийг ажлын тусгай графикт оруулан, ажил, албаны зохион байгуулалтын горимыг өөрчлөн тухайн нөхцөл байдалд тусгайлан өгөгдсөн үүрэг, шийдвэр, тушаалыг биелүүлж ажиллах чадвартай байхыг ойлгохоор заасан. Өөрөөр хэлбэл, “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын үед цагдаагийн алба хаагч ажлын болон ажлын бус ямар ч цагт албан үүрэг гүйцэтгэх чадвартай байхыг ойлгох бөгөөд гүйцэтгэж буй үүргийн онцлог, үргэлжлэх хугацаанаас хамаарч өндөржүүлсэн бэлэн байдлыг №1, №2 гэсэн 2 зэрэглэлтэй байхаар мөн журмын 101.8-д заажээ. Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/272  дугаар тушаалаар мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байсан.

    1.  

5.2. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрийг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй тул удирдлагаас ямар нэг үүрэг даалгавар өгөгдөөгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-д заасан ... чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна ... 

5.3. Хоёр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

5.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 17 дахь талын 13 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг үндэслэн гуравдагч этгээд татан оролцуулаагүй талаар дурдсан бөгөөд уг дүгнэлт нь Төрийн албаны тухайн хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... уг асуудалд давж заалдах шатны шүүх ямар нэг дүгнэлт хийлгүй шийдвэрийг хэвээр үлдээж буй нь шүүхийн практикт цаашид хууль хэрэглээний хувьд буруу жишиг тогтоож болзошгүй. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглох тухай хуулийн зохицуулалт бөгөөд гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай харилцааг зохицуулаагүй.

​​​​​​​5.5. Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хэрэгт Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчоос гэрчийн мэдүүлэг авахаар шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа захирамжийн биелэлтийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсныг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэж буй нь үндэслэлгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дахь талд “цагдаагийн байгууллагын нягтлан бодогч Ц.Нт-оос тодруулга хүсэхээр шүүхээс дуудсан байх бөгөөд тэрээр өвчний улмаас тусгаарлалтад байгаа ирэх боломжгүй гэх хариуг шүүхэд мэдэгдэж, шүүхээс хурлыг товлосон цагтаа үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.6. Нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, үнэлэх ажиллагаанд “Тодруулга хүсэх” гэж бие даасан ажиллагаа байхгүй бөгөөд тухайн этгээдийг шүүхэд дуудаж тодруулга авах тохиолдолд энэхүү ажиллагаа нь “гэрчээс мэдүүлэг авах” ажиллагаа болно гэж хариуцагчийн зүгээс ойлгож байгаа бөгөөд энэ тохиолдолд гэрчээс мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн атлаа авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болох нь магадлалд дурдсан дээрх дүгнэлтээр тогтоогдож байна. 

5.7. Шүүхийн шийдвэр, магадлалд тусгагдсан дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, уг асуудалд давж заалдах шатны шүүх ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэрэгт татан оролцуулбал зохих бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулаагүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан захирамжийн биелэлтийг хангаагүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү”  гэжээ.

6. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаар тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж, нэхэмжлэгч Г.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... хариу тайлбар болон давж заалдах гомдолд нэхэмжлэгчийг “ноцтой зөрчил” гаргасан гэж хариуцагчийн зүгээс үздэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа Д.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “... ноцтой зөрчил гэж үзэж, энэ нь өмнө нь сахилгын шийтгэл гаргасан байхдаа дахин зөрчил гаргасан нь ноцтой зөрчил болно...” гэж үзсэн учраас халах сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарладаг. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар 1 ширхэг шийтгэлийн хуудас дутааж, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудасны мөнгийг 3 дахин нэмэгдүүлж 1.200.000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан. Гэвч 03 дугаар сарын 18-ны өдрийн тушаал нь өөрөө үндэслэлгүй болох нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн газрын нягтлан бодогч, цагдаагийн ахмад Ц.Нт-т хийсэн 20210450000030 дугаартай албаны шалгалтаар тогтоогдож, “Ц.Нт- нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.15 дахь заалтыг зөрчсөн байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.2-т зааснаар албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулж шийдвэрлэсэн” талаар тус Цагдаагийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36/3311 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Үүнээс харахад Дундговь аймгийн Цагдаагийн газрын  2021 оны 03 дугаар сарын 18-ны шийтгэл оногдуулсан, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ажлаас халсан тушаалуудыг хуулийн үндэслэлтэй, хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “... Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.6-д “Цагдаагийн төв байгууллагын дарга албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах эрхтэй” гэж заасан боловч энэ шийдвэрийг шүүхэд ирүүлээгүй, зөрчлийн хэрэг материалд авагдаагүй байх тул 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г.Н-д тус цагдаагийн газрын удирдлагаас ямар нэгэн үүрэг даалгавар өгөгдөөгүй болох нь тогтоогдож байна.” гэсэн дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

10. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 81 дүгээр зүйлийн 81.4.5, 97 дугаар зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Байгууллагын даргын тушаал гаргах /код-136/ журам”-ын 136.5.2-ын “г” заалтыг тус тус үндэслэн Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Н-г “өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр түүнд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн ахлагч” цолыг хураахаар шийдвэрлэсэн байна.

11. Дээрх актад баримталсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Байгууллагын даргын тушаал гаргах /код-136/ журам”-ын 136.5.2-ын “г” заалтад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/255 дугаар тушаалаар өөрчлөлт орсон байх бөгөөд хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код 101/ журмын 101.5 дугаар зүйлийн 101.5.1 дэх хэсэгт зааснаар “албаны бэлэн байдал”, “албаны өндөржүүлсэн бэлэн байдал” гэдгийг тодорхойлсон гэх тайлбарыг шүүхэд гаргажээ. 

12. Түүнчлэн маргаан бүхий Б/67 дугаар тушаалд “... Г.Н нь өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ...”; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хариуцагчийн тайлбарт “... албаны шалгалт явуулахад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны “Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” А/260 дугаар тушаал, мөн даргын 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэсэгчлэн бууруулах тухай” А/55 дугаар тушаалууд цуцлагдаагүй /хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд/ байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ...”; хяналтын гомдлын үндэслэлд “... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/272 дугаар тушаалаар мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байсан ...”; шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “... Тушаал дээр техникийн алдаа гарсан юм шиг байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжсэн, тайлбарт зөв бичсэн ...” гэх зэргээр өөр хоорондоо зөрүүтэй тайлбарууд гаргасаар байхад тайлбарт дурдсан үйл баримтыг тогтоох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

13. Гэтэл анхан шатны шүүхээс “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичгийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт удаа дараа явуулсан байх хэдий ч 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дүгээр албан бичигт “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /хэргийн 109-112 дугаар талд байгаагаас өөр байгаа эсэх/ ...” гэж зааснаас өөрөөр дээрх баримтыг бүрдүүлэх талаар ажиллагаа хийгээгүй, тухайн маргаанд хамааралтай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар тушаал, түүнд холбогдох бусад баримтыг цуглуулаагүй, давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг алдааг залруулаагүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүх талуудын маргаж буй гол үйл баримтад хамааралтай нотлох баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөх учиртай.

15. Иймээс, “... Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрийг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй тул удирдлагаас ямар нэг үүрэг даалгавар өгөгдөөгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ...” гэх хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлын энэ үндэслэлийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 664 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

                                                               ШҮҮГЧИД                                                              Х.БАТСҮРЭН

                                                                                                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                                             Ц.ЦОГТ

                                                                                                                                             М.БАТСУУРЬ