Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0033

 

 

 

 

 

Ц.П-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0717 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.П-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0717 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.П-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажлын 746 өдрийн хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар Үндэсний статистикийн хорооны хэрэгжүүлж байсан чиг үүргийг статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өөрчлөлт оруулж, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчлөн энэхүү тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Дээр дурдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “7.Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “б.Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчилсөн болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 31.2-т “Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааг тус тус зогсоож, түүний хэрэгжүүлж байсан чиг үүргийг шинээр бий болсон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт шилжүүлсэн болно.

Энэхүү төрийн байгууллагыг өөрчлөн байгуулсан асуудал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1-д “Агентлагийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулна” гэж, мөн хуулийн 6.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсны дагуу Засгийн газар хуулиар өөрт олгосон эрхийн хүрээнд авсан арга хэмжээ юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрыг өөрчлөн байгуулснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гэсэн албан тушаал үгүй болж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын албан тушаал шинээр бий болсон тул Ц.П-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоол нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн болно.

Харин шинээр байгуулагдсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын ажлын байрны тодорхойлолтод “Мэргэжил” гэдэгт “Математикч, эдийн засагч-статистикч” мэргэжилтэй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.П “Эрх зүйч” мэргэжилтэй байсан тул тэрээр уг шаардлагыг хангаагүй юм.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан С.М-ыг тус агентлагийн даргаар томилсон болно.

Харин Ц.П-ийн тухайд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасан нэмэгдэл баталгаагаар хангаж, Хууль зүйн сайд (хуучнаар)-ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр тушаалаар түүний мэргэжил, мэргэшилд нь тохирсон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн асуудал хариуцсан дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, мөн Хууль зүйн сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус албан тушаалд нь жинхлэн томилсон.

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсан бөгөөд уг тогтоолоор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсан.

Нэхэмжлэгч Ц.П-ийн нэхэмжлэлийн шаардлагад анх дурдсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь ийнхүү Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон өөрчлөн байгуулагдсанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Гэвч Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэснийг Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж өөрчилсөн.

Дээр дурдсан Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг тус тус шинээр байгуулсан.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгч Ц.П шинээр байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоогүй байдлыг харгалзан үзэлгүй, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шинээр байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нэхэмжлэгч Ц.П оролцоогүй, оролцох эрхийг нь хариуцагчаас хязгаарлаагүй.

Тодруулбал шинээр байгуулагдсан агентлагийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтад оролцож тэнцэн томилогдсон Б.Б-ийн эрх зүйн байдлыг илт дордуулж, маргааны үйл баримтад хамааралгүй шинээр байгуулагдсан агентлагийн даргын албан тушаалд ямар нэгэн хуульд заасан сонгон шалгаруулалтад оролцолгүйгээр шүүхийн шийдвэрийн дагуу томилогдох нь хуульд үл нийцсэн, биелэгдэх боломжгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй шүүхийн шийдвэр боллоо.

Иймд маргаан бүхий акт, маргаан бүхий акт гарах болсон хэрэгцээ шаардлага, маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0717 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Ц.П-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажлын 746 өдрийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж...” гэх хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зөв байна.

Нэхэмжлэгч Ц.П нь “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргажээ.

1. “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 351 дугаар зүйлийн 351.1.6, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.П-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилжээ.

Харин Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 100 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралт буюу “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “7.Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “6.Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчилсөн байна.

Улмаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Ц.П-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасантай нийцсэн байна.

Тодруулбал, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт орж, “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэсэн байгууллагыг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж шинээр өөрчлөн байгуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсанд хамаарна. Нөгөөтэйгүүр Улсын бүртгэлийн ерөнхий газар гэдэг бие даасан байгууллага үгүй болж улмаар уг газрын даргын албан тушаалын орон тоо нь хасагдсан тул нэхэмжлэгч Ц.П-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй юм.

Нэгэнт нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоол хуульд нийцсэн байх тул энэхүү захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

2. “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 100 дугаар тогтоолоор “Улсын бүртгэлийн ерөнхий газар” нь “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчлөн байгуулагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалын орон тоо нь хасагдаж уг орон тоо байхгүй болсон байхад нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй.

“Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж байсныг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчлөн байгуулагдсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөнд хамааруулахгүй.

Тодруулбал, “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэсэн төрийн захиргааны байгууллагыг татан буулгаж, “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэсэн төрийн захиргааны байгууллага шинээр өөрчлөн байгуулагдсанаар тус газрын даргын албан тушаалын орон тоо цөөрөөгүй бөгөөд шинэ байгуулагдсаны байгууллагын даргын албан тушаалын орон тоо бий болсон байна.

Иймд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.П, Статистикийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.М нарын хэн нь тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар шалгаруулах ёстой” гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын албан тушаалын орон тоо /төрийн удирдах ажилтны/-нд сонгон шалгаруулалт зарлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйн талаар, мөн С.М-ыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томилсон захиргааны акттай нэхэмжлэгч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийн хянан шийдвэрлэх учиртай.

Мөн Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчлөн байгуулагдсанаас хойш Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэснийг “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” болгож, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолоор “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэх зэргээр төрийн захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн байгуулсан байна.

Гэтэл Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдон ажлаагүй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Улсын ерөнхий бүртгэлийн газрын даргын албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцоогүй нэхэмжлэгч Ц.П-ийг шууд шинээр зохион байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилох эрх зүйн үндэслэл байхгүй байхад түүнийг уг албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2018/0085 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэхдээ “...Ц.Т-ийн нэхэмжлэлээр...” гэж алдаатай бичсэн байна. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөлгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0717 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.П-ийн “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР