Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2018/0717

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж,

Нэхэмжлэгч: Ц.П

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Гуравдагч этгээд: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ц.П миний бие 2009 оны 04 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар, 2012 оны 09 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2013 онд Төрийн албаны зөвлөлөөс зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад орж, хуулийн шаардлагыг бүрэн хангаж, тэнцэн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 110 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдон, төрийн албанд ажиллах хугацаандаа хоёргүй сэтгэлээр, шударгаар ажиллаж ирсэн.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Монгол улсын Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Улсын Их Хурлын 2015 оны 100 дугаар тогтоолыг үндэслэн намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Гэвч ажлаас чөлөөлсөн тухай 19 дүгээр тогтоолыг надад албан ёсоор өгөөгүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний ажлыг хүлээлцсэнээр ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн.

Монгол улсын 2016 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Төрийн байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт орсноор Улсын бүртгэлийн ерөнхий газар-ыг Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсан байдаг.

Ийнхүү өөрчлөлтөөр байгууллагын нэр өөрчлөгдөж, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлд шинээр статистикийн чиг үүрэг нэмэгдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаал хэвээр хадгалагдаж байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх; гэж заасныг зөрчин Ц.П намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолын үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасныг баримтлан намайг ажлаас чөлөөлсөн атлаа дээрх тохиолдол тус бүрийн аль нь хамаарч буйг нэрлэн заагаагүй. Тодруулбал уг тогтоол эх сурвалжийг хэрэглэсэн байдлын хувьд тухайн эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Улсын Их Хурлын 100 дугаар тогтоолоор Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Улсын бүртгэлийн ерөнхий газар ын чиг үүрэг дээр Үндэсний статистикийн чиг үүрэг нэмэгдэж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг хэвээр хадгалагдаж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нэртэйгээр шинэчлэн зохион байгуулагдсан.

Дээрхээс үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэх замаар өөрчлөн байгуулсан бөгөөд Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааг зогсоож, түүний хэрэгжүүлж байсан чиг үүргийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар-т шилжүүлсэн нь статистикийн хорооны даргын албан тушаал хасагдаж харин Улсын бүртгэлийн газрын даргын албан тушаал хэвээр хадгалагдаж, миний бие үүрэгт ажилдаа үргэлжлүүлэн ажиллах ёстой.

Ийнхүү хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтад орж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлыг хуулийн дагуу гүйцэтгэж байсан намайг төрийн жинхэнэ албан хаагч буюу удирдах албан тушаалаас чөлөөлөх үндэслэлгүй байхад Засгийн газар нь Төрийн албаны тухай хууль зөрчин хууль бус 19 дүгээр тогтоолыг гаргасан байна.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Ц.П-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, Ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  

... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон. Маргаан бүхий албан тушаал өнөөдрийг хүртэлх хугацаанд 3 удаа өөрчлөгдсөн. Анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраар томилогдох гэсэн байдаг боловч тухайн байгууллага Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөгдсөн. Үүний дараа тухайн байгууллага татан буугдаж Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар гэж байгуулагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй гэж тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл тухайн албан тушаал 3 сарын дотор шинээр бий болсон албан тушаал биш. Нэхэмжлэгчийн маргаж байсан албан тушаал болох Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь татан буугдаж шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн байгууллагыг байгуулсан. Шинээр байгуулсан учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтын журмаар холбогдох албан хаагчийг шалгаруулж томилохоор нэр дэвшүүлэн Б.Б тэнцэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгчийн маргааны гол зүйл нь Статистикийн ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газар нийлсэнтэй холбоотойгоор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга болох ёстой байсан гэдэг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын ажлын байрны тодорхойлолтод Статистикч байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Нэхэмжлэгч нь эрх зүйч мэргэжилтэй хүн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар мэргэжил, мэргэшлийнх нь дагуу нэхэмжлэгчийг зохих албан тушаал болох Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн асуудал хариуцсан дэд даргаар томилсон. Тухайн албан тушаалтай холбоотой ямар нэгэн маргаан гараагүй. Мөн нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан гэдэг. Гэтэл нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах төсөл явагдаж байсан нь хавтас хэрэгт авагдсан. Ажлын байрны тодорхойлолтод заасан, чиг үүргийг хангахгүй байсан учраас түүнийг эрхэлж байсан албан тушаал болох дэд даргаар томилж байсан. Одоогийн Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан

байгууллага бөгөөд тухайн тогтоолын 1 дэх заалтаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар татан буугдсан бөгөөд 2 дахь заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг шинээр байгуулсан. Тухайн албан тушаалд томилогдох тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Хэрэв тус албан тушаал томилогдохыг хүсэж байсан бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж, журмын дагуу 1 дүгээр байранд орж тэнцсэн тохиолдолд томилогдон ажиллаж бүрэн боломж байсан. Гэвч тийм үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч тайлбарлахдаа Б.Б-ийг томилсон Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа боловч түүнийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлээ тодорхойлж тайлбарлаагүй бөгөөд тухайн албан тушаал шүүх дээр маргаантай явж байгаа учир Б.Б-ийг жинхлэн томилохгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр томилох шаардлагатай байсан гэдэг. Гэвч тухайн байгууллага нь шинээр байгуулагдсан агентлаг. Иймд Монгол Улсын Засгийн газрын 19 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, түүний эрх ашгийг хөндөөгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно. гэж заасны дагуу Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг тус тусад нь шинээр байгуулсан.

Нэхэмжлэгч анх шүүхэд хандсан гэх 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш тухайн үеийн хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар С.М, Р.С нар тус тус томилогдон ажиллаж байгаад улмаар тус агентлагийг татан буулгасан болно.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зарыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нийтэд нээлттэй зарласан.

Б.Б нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохих журмын дагуу оролцож тэнцсэн.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө. гэж зааснаар Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол улсын Засгийн газраас томилж чөлөөлдөг.

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 19 дүгээр тогтоолтой холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар-ыг өөрчлөн байгуулсан, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар-ыг татан буулгасан. Ц.П-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэснээр хууль ёсны дагуу томилогдсон Б.Б-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.П-с Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох[1] тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.П нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогджээ.

Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралт буюу Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч-ийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар гэснийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар гэж өөрчилсөн байна.  

Улмаар маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор[2] Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Улсын Их Хурлын 2015 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.П-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч ... Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэх замаар өөрчлөн байгуулсан бөгөөд Улсын бүртгэлийн даргын албан тушаал хэвээр хадгалагдаж үлдсэн тул би үүрэгт ажилдаа үргэлжлүүлэх ажиллах ёстой гэсэн үндэслэлээр дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар нь өөрчлөн байгуулагдаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болсон тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Ц.П-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (хуучин нэрээр)-ын даргын албан тушаалаас чөлөөлсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно; гэж заасны дагуу мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажилд шилжүүлэн томилсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2-т Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө. гэж зааснаар Монгол Улсын Засгийн газар нь Засгийн газрын агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг томилж, чөлөөлөх эрхтэй боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар гэж өөрчилсөнтэй холбогдуулан хоёр газрын даргын орон тоонд ажиллаж байсан хүмүүсээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтанг сонгон шалгаруулж авахаар байжээ.

Гэтэл Ц.П болон С.М нарын хэн нь тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа талаар сонгон шалгаруулалт хийлгүйгээр С.М-ыг шууд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилсон нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын[3] болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын ажлын байрны тодорхойлолтоос[4] үзвэл ажлын байрын зорилт, түүний хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж үлдсэн байх бөгөөд байгууллагын нэр өөрчлөгдөж, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлд шинээр статистикийн чиг үүрэг нэмэгдсэн нь өмнөх чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажлын 746 хоногийн хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, 2 дахь заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулж Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолоор[5] Б.Баасандоржийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилсон байна.  

Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж зааснаар илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт агентлагийн даргыг томилж, чөлөөлөх эрхийг Засгийн газарт олгосон бөгөөд Б.Б-ийг агентлагийн даргаар томилсон маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй юм.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.П-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажлын 746 өдрийн хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН