Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01801

 

 2023 09 25 210/МА2023/01801

 

Б.Б, Д.Я нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02075 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б, Д.Я нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ж, Н.Г нарт холбогдох,

худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч Н.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нар нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн ***-р хороо, *** тоот 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өөрийн эмээ Д.Я-тай хамтран эзэмшиж, өмчилдөг. Улмаар мөнгөний шаардлага гарсан тул тус орон сууцыг Д ББСБ ХХК-д барьцаалан 60,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд өөрийн найз Г.И-ээс 66,000,000 төгрөг зээлж, орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлсэн. Улмаар Г.И-д яаралтай мөнгөний шаардлага гарч үндсэн зээл болон хүүгийн хамт 70,000,000 төгрөгийг шаардсан. Ингээд өөрийн танил н.Б-ээр дамжуулан Н.Г-той танилцаж мөнгө зээлэх гэхэд барьцаа хөрөнгөө миний танил Ж.Ж-ын нэр дээр шилжүүлж барьцаалсан тохиолдолд мөнгө зээлдүүлнэ гэсэн. Ингээд 2021 оны 01 сарын 22-ны өдөр Д.Я, Б.Б болон Ж.Ж нар худалдах-худалдан авах гэрээ байгуулан Н.Г-оос 70,000,000 төгрөг зээлж, тус мөнгийг Г.И рүү шилжүүлж зээлийг хаасан. Зээлийн хугацаанд би 30,000,000 төгрөгийг эгүүлэн төлсөн. Гэтэл Н.Г, Ж.Ж нар бидний 300,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 70,000,000 төгрөгт барьцаалж, нэр дээрээ шилжүүлж аваад одоо Ж.Ж нь худалдаж авсан, байрнаас гар гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Бид тухайн орон сууцыг худалдах зорилгогүй байсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууцыг барьцаалах л хүсэлтэй байсан. Д.Я, Б.Б болон Ж.Ж нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай Чингэлтэй дүүргийн *** тоот 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэн, Д.Я болон Б.Б нарыг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч Ж.Ж хариу тайлбартаа: Б.Б нь надтай худалдах-худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг миний нэр дээр шилжүүлсэн тул би хууль ёсны өмчлөгч нь юм. Б.Б мөнгөний шаардлагатай гэж мөнгө зээлэхээр Н.Г-той тохиролцсон. Бид дарамт шахалт үзүүлээгүй, өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлэн гэрээ байгуулсан. Бид тодорхой нөхцөлтэй мөнгийг түүнд өгсөн. Б.Б энэ хугацаанд өөрийн үүргийг огт гүйцэтгээгүй болно. Одоо хэдэн төгрөгийн тооцоо байгааг Н.Г мэднэ гэжээ.

 

3.   Хариуцагч Н.Г хариу тайлбартаа: Б.Б над руу холбогдож 3.5 хувийн хүүтэйгээр 3 өрөө байраа барьцаалаад зээл авах гэсэн юм гэж утсаар ярьсан. 2021 оны 01 сарын 21-ний өдөр Б.Б, Д.Я нартай н.Б ах, миний найз Ж.Ж-ын хамт уулзаад нотариат орж, байрыг нь 50,000,000 төгрөгөөр үнэлэн, орон сууцыг Ж.Ж-ын нэр дээр шилжүүлэх гэрээ байгуулсан. Байр шилжүүлэхэд төлөх татварын мөнгийг зээлэх мөнгөнөөсөө төлнө гээд бэлнээр авсан. Тэгээд орон сууцыг шилжүүлсний дараагаар буюу 2021 оны 01 сарын 21-ний өдөр Г.И-н данс руу 75,000,000 төгрөгийг Б.Б-ийн өөрийнх нь хүсэлтээр шилжүүлсэн. Б.Б 2021 оны 02 сарын 22-ны өдөр ...түлшний 1,500,000 төгрөгийг аавын данс руу шилжүүлээд өгөөч би өнөө маргаашгүй буцаагаад өгье... гэж хэлсний дагуу мөнгийг нь шилжүүлсэн. Ингээд 1,500,000 төгрөгийг нэхэхэд урьд авсан зээл дээрээ нэмээд хүүгээ тооцуулмаар байна гэсэн. Нийт 76,500,000 төгрөгөөс хүү тооцож, 1 сарын хүү нь 2,677,500 төгрөг болж байгааг хэлэхэд хүлээн зөвшөөрч байсан. Үүнээс хойш янз бүрийн зовлон тоочоод зээлийн хүү болох 2,677,500 төгрөгийг шилжүүлээгүй байж байгаад 2021 оны 08 сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би зээлийн хүү болох 18,742,500 төгрөгийг аваад үлдэгдлийг нь үндсэн зээлээс хаслаа гэхэд Б.Б хүлээн зөвшөөрсөн. Үүнээс хойш 2 сарын дараагаар Б.Б-тэй холбогдон зээлийн хүүгээ төлөх үү гэж асуухад тэрээр нэг байр зараад, эсвэл өөр газар байраа тавиад өгнө гэж хэлээд алга болсон. Миний зүгээс зээлсэн мөнгөний хүү 40,430,250 төгрөг, үндсэн зээл 76,500,000 төгрөг, нийт 57,757,500 төгрөгийг Б.Бэс гаргуулна гэжээ.

 

4.   Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ: Үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 01 сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу Ж.Ж миний нэр дээр шилжүүлэн авч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг мөн тэр өдрөө авсан юм. Бидний хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэрээ бөгөөд би тус байрны өмчлөгч мөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр тус сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд бидний худалдаж авсан Чингэлтэй дүүргийн *** тоот байрнаас Б.Б, Д.Я нарыг нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Ж, хариуцагч Н.Г нарын шүүхэд гаргасан хариу тайлбараар анх маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах зорилго байгаагүй бөгөөд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогддог. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалт нь өмчлөгч зөвхөн хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч Б.Б, Д.Я нар хууль бус эзэмшигч нар биш. Талуудын хооронд зөвхөн зээлийн гэрээ, барьцааны гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нар тус орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5-д зааснаар Б.Б, Д.Я, Ж.Ж нарын хооронд 2021 оны 01 сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байршилтай, 36 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх Б.Б, Д.Я нарын эрхийг сэргээж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 2-р 40 мянгат, 37-р байр, 27 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс Б.Б, Д.Я нарыг албадан чөлөөлүүлэх тухай Ж.Ж, Н.Г нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б, Д.Я нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөг, хариуцагч Ж.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ж, Н.Г нараас 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Д.Я нарт олгож шийдвэрлэжээ.

 

7.   Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.1. Шүүх хариуцагч нарын эрх ашгийг хохироож, илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. 2021 оны 01 сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч Б.Б 76,500,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг.

7.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг удирдлага болгон худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нар байгуулсан бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээний 5.2-д заасан үүргээ худалдагч тал биелүүлээгүй тул худалдан авагч талын хохирлыг шүүх шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна.

7.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал худалдан авсан орон сууцыг худалдан авагч тал хөрөнгөө хүлээн авах үүргийг хэрэгжүүлэлгүй өмчлөх эрхийг Б.Б, Д.Я нарт сэргээсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нарын өмчлөх эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон. Өнөөдрийн байдлаар өмчлөх эрхийн гэрчилгээ Ж.Ж-ын нэр дээр байгаа.

7.4. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болох нь нэхэмжлэгч нарын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар тогтоогдсон гэж буруу дүгнэсэн. Хэрэв худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол энэ нь нэхэмжлэлийн шаардлагаар бус нотлох баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл хэрэгт энэ талаар цугларсан нотлох баримт байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхнаасаа худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гаргахдаа 1 хариуцагч нь орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхэд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг тайлбар гаргасан хэдий ч мөнгөө авах тухай шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүхэд эвлэрлийн тухай яригдаж, зээлийн гэрээний дагуу тодорхой хэсгийг төлөх талаар ярихад хариуцагч тал хүлээн зөвшөөрдөггүй. Ж.Жын хувьд байрыг шилжүүлж авсны хувьд нэг ч төлбөр төлөөгүй, зөвхөн Н.Г-той холбоотой үйлдэл, туслалцаа байсан үүднээс шилжүүлж авч гэрээний харилцаа болон төлбөр тооцоотой холбоотой асуудлыг Н.Г шийдвэрлэсэн гэдэг агуулгаар тайлбарладаг. Анхан шатны шүүх зохигчдын гаргасан хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Б, Д.Я нар хариуцагч Ж.Ж, Н.Г нарт холбогдуулан, 2021 оны 01 сарын 22-ны өдөр байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байршилтай 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, уг орон сууцыг Б.Б, Д.Я нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.   Талууд 2021 оны 01 сарын 22-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Б, Д.Я нар өөрсдийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байршилтай 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдах, Ж.Ж нь орон сууцны үнэд 50,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус тохирсон байна.

 

4.   Дээрх гэрээг нэхэмжлэгч нар ...дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл... гэж тайлбарласан бол хариуцагч нар ...хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл... гэж тайлбарлан маргажээ.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус зааснаар зохигчид хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй бөгөөд зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдоно.

5.1.  Нэхэмжлэгч Б.Б, Д.Я нарын гаргасан ...Н.Г-той уулзан 70,000,000 төгрөг яаралтай зээлэх талаар ярилцахад Мөнгө зээлдүүлж болно. Гэхдээ барьцаа хөрөнгөө миний танил Ж.Ж-ын нэр дээр шилжүүлсэн тохиолдолд мөнгө зээлдүүлнэ гэж хэлсэн... гэсэн тайлбарыг хариуцагч Ж.Ж-ын гаргасан ...Б.Б мөнгөний шаардлагатай байна гээд мөнгө зээлдүүлэх тухай Н.Г бидний танилаар дамжуулан тохиролцсон. Бид тодорхой нөхцөлтэй мөнгийг түүнд өгсөн... гэсэн тайлбар, хариуцагч Н.Г-ийн гаргасан ...Б.Б гэдэг хүн над руу холбогдон 3.5%-ийн хүүтэй Чингэлтэй дүүрэгт байдаг 3 өрөө байраа барьцаалаад зээл авах гэсэн юм гэж утсаар ярьсан. Тэгээд маргааш уулзан байрыг нь үзээд зээл олгохоор тохирсон... гэсэн тайлбартай тус тус харьцуулан дүгнэвэл талуудын хооронд бодитоор орон сууц барьцаалж, мөнгөн хөрөнгө зээлдүүлэх харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

5.2.  Хариуцагч Н.Г нь ...нэхэмжлэгчид 76,500,000 төгрөг өгсөн... гэсэн тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан ...71,650,000 төгрөгийг Н.Г-оос хүлээн авсан... гэсэн тайлбарыг илүү үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, хэдэн төгрөг өгсөн болохоо шилжүүлэн өгсөн тал нотлох үүргийг хүлээнэ.

5.3.  Зохигчдын тайлбараар Б.Б, Д.Я нар маргаан бүхий орон сууцны өмчлөлийг Ж.Ж-ын нэр дээр шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

 

6.   Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Иймд орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Ж-ын өмчлөлд шилжүүлж, Н.Г-той байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талуудын байгуулсан 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг зөрчсөн, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хүсэл зориг хэлцлийн талуудад байгаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

7.   Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу арилгах учиртай. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Б.Б, Д.Я нарын өмчлөх эрхийг хэрхэн сэргээх арга замыг тодорхойлоогүй, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхэд заавал сөрөг нэхэмжлэл гаргасан байхыг шаардахгүй.

 

8.   Хариуцагч Н.Г нь хариу тайлбартаа Миний зүгээс зээлсэн мөнгөний хүү 40,430,250 төгрөг, үндсэн зээл 76,500,000 төгрөг, нийт 57,757,500 төгрөгийг Б.Б-эс гаргуулна гэж бичиж, тайлбарласныг техникийн алдаа гэж үзэв.

Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан ...Б.Б-ийн саналыг хэлсэн. Хурал эхлэхээс өмнө 30,000,000 төгрөг бэлнээр 35,000,000 төгрөгийн тавилгын эрхийн бичиг өгөөд 65,000,000 төгрөг өгөх сонирхолтой байна... гэсэн тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үлдэх үүргийг 65,000,000 төгрөгийн хэмжээнд тодорхойлжээ гэж дүгнэхээр байна.

Хариуцагч талын хувьд шүүхэд бичгээр гаргасан тайлбар нь техникийн алдаатай, мөн үндсэн зээл гэх 76,500,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн буцаан төлсөн 30,000,000 төгрөгийг хасч тооцоогүй байх тул уг тайлбарыг үнэн зөв гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 65,000,000 төгрөгийг хариуцагч Н.Г-т олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан зохицуулалт болон диспозитив зарчимд нийцнэ.

 

9.   Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.Б, Д.Я нарыг Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байршилтай 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй тул холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02075 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д тус тус зааснаар Б.Б, Д.Я болон Ж.Ж нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 2-р 40 мянгат, 37-р байр, 27 тоот хаягт байршилтай 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Б, Д.Я нарын өмчлөлд буцаан шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Ж.Ж-д даалгаж, нэхэмжлэгч Б.Б, Д.Я нараас 65,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Гт олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Н.Г-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР