Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01812

 

2023 09 25 210/МА2023/01812

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01988 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н албанд холбогдох, 137,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: И ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 2,500 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх авсан. Уг газрын дуудлага худалдааны төлбөр болох нийт 137,500,000 төгрөгийг бүрэн төлсөн. Дээрх газартаа үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар барилга барих хүсэлтээ холбогдох байгууллагад гаргасан боловч уг газарт барилга барих боломжгүй гэсэн хариу өгсөн тул газар эзэмших эрхээ цуцлуулах хүсэлтээ 2019 оны 02 сард Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн. Нийслэлийн газрын албанаас бидэнд дээрх төлбөрийг өөр газрын дуудлага худалдааны төлбөрт тооцуулах боломжтой гэсний дагуу ***, *** гэрчилгээний дугаартай ***/***, ***/***нэгж талбарын дугаар бүхий 2 газрын төлбөрт тооцуулах хүсэлт гаргасан боловч уг газруудын төлбөрт тооцоогүй. Иймд дуудлага худалдааны үнэд төлсөн нийт 137,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Газрын тухай хуульд өөрийн хүсэлтээр газар эзэмших эрхээсээ татгалзсан тохиолдолд газар эзэмших эрхийн дуудлага худалдааны үнийг буцаан олгох зохицуулалт байхгүй. И ХХК-ийн хувьд тодорхой хэмжээний мөнгө төлсөн тул өөр газарт тооцуулан компанийн эрх ашгийг дордуулахгүйн тулд манай албанаас арга хэмжээг авч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрсдөө газрын эрхийг цуцлах хүсэлт гаргасны дагуу 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан. Хүсэлтийн дагуу хоёр нэгж талбарын газарт дуудлага худалдааны үнийг харилцан тооцоод явж байсан боловч дээрх 2 нэгж талбарын газрын эрхийг мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цуцалсан. Үүний дараа И ХХК нь Нийслэлийн газрын албанд хандаж 137,500,000 төгрөгийн талаар ямар нэгэн албан хүсэлт тавиагүй. Албан хүсэлт тавьсны дагуу Н алба хүсэлтийг өөр газарт тооцуулах зэргээр тодорхой хэмжээнд арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар тухайн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандана гэсэн боловч нэхэмжлэгч талаас дахин хүсэлт гараагүй буюу шууд шүүхэд хандах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Н албанаас 68,750,000 төгрөг гаргуулан И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 845,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н албанаас 501,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Анхан шатны шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшихэд тавигдах шаардлагыг тусгахдаа 31,4-т Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж зөвшөөрөл авсан байна гэж, И ХХК нь газар эзэмших хүсэлт гаргахдаа хуульд заасан шаардлага, бүрдүүлбэрийг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Учир нь тус хуулийн 31 дүгээр зүйл. Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага-ийг хуульчилсан бөгөөд энэ газар эзэмшигч болон газар эзэмшихээр хүсэлт гаргаж буй этгээдэд хамааралгүй бөгөөд зөвхөн газар эзэмшүүлэх шийдвэр гаргах захиргааны байгууллагад хамаарал бүхий зохицуулалт байхад шүүхээс газар эзэмшихэд тавигдах шаардлага-ыг хуульчилсан гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй захиргааны байгууллагад хамааралтай хуулийн зохицуулалтыг иргэн, аж ахуйн нэгжийн үүрэг мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчил болсон гэж үзэж байна.

4.2.  Газрын тухай хуулиар аж ахуйн нэгж газар эзэмших хүсэлт гаргахдаа тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан бүрдүүлбэрийг хангахаар хуульчилсан бөгөөд уг зүйлд 31 дүгээр зүйлийн 31.4-д заасан дүгнэлт гаргуулах талаар дурдаагүй, аж ахуйн нэгжид үүрэг болгоогүй байна.

4.3.  Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын апба нягтлан хянаж шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна гэж заасан нь аж ахуйн нэгжийн хүсэлт нь бүрдүүлбэр хангасан эсэхийг захиргааны байгууллага шалгах үүрэгтэй болохыг илэрхийлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлыг аж ахуйн нэгжийн хуулиар хүлээсэн үүрэг мэтээр тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Н алба өөрөө төсвийн орлогыг захиран зарцуулах эрхгүй байгууллага юм. Тухайн үед Н алба нэртэй Улаанбаатар хотын банкны дансанд төлбөрийн шилжүүлсэн боловч тус данс тухайн өдөртөө төсвийн орлогыг хаадаг данс юм. Н алба И ХХК-ийн удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэж байсан. Мөн нэр бүхий 2 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэд тооцуулахаар хүсэлт гаргахад тухайн 2 иргэний газар дээр тооцсон боловч Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон. Ийнхүү тооцох боломжгүй болсон үед манай албанд хандаж, эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг буцаах хүсэлт гаргах боломжтой байсан. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг буцааж олгох зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

6.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Нэхэмжпэгч И ХХК нь газар эзэмших эрхээс татгалзах болсон шалтгааныг барилга барих боломжгүй болох нь инжөнер геологийн судалгаа хийлгэх хүсэлт гаргах үед илэрсэн гэх боловч ямар нэг нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т заасан палеонтологи, археологийн олдвор бүхий газар бус судалгаа, шинжилгээний дүнд батлагдсан нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний орон сууцны бүсэд хамаарч, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан газар эзэмших хүсэлтэд хавсаргах материалд палеонтологи, археологийн дүгнэлт ороогүй байхад Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчсөн гэж үзсэн байна.

6.2.  Шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Н албаны саналаар И ХХК-ийн эзэмших эрхийг түдгэлзүүлсэн мэт дүгнэлт болсон. И ХХК нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасны дагуу өөрийн хүсэлтээр газар эзэмших эрхээс татгалзсан. Газрын тухай хуулийн дагуу И ХХК нь газар эзэмших эрх олж авснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэг үүссэн, үүргийн гүйцэтгэлээр газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг авснаар хангагдсан бөгөөд Н албаны санаачилгаар газрын эрхийг дуусгавар болгоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх боломжтой байсан гэж маргасан. Гэтэл газар эзэмшүүлэхтэй холбоотой захиргааны байгууллагаас гаргасан шийдвэртэй холбоотой захиргааны маргаан биш тул урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэгдэхгүй. Хариуцагч нэхэмжлэгч талд хүсэлт гаргаж, мөнгийг буцаан авах боломжтой талаар тайлбарладаг боловч уг тайлбарыг шүүхэд маргаан үүссэний дараа гаргасан. 2 газар дээр тооцуулах хүсэлт гаргасан боловч мөн цуцлагдсан. Үүнд хариуцагч тал маргаагүй. Шүүхийн маргаан үүсэх явцад өөр газар олоод ир, эсхүл манайд газрын төлбөртэй компани олоод манай төлөх мөнгийг авахаар тохиролцоод ир гэх мэтээр хариуцагчаас нэхэмжлэгчид шаардлага тавьсан боловч үйлдвэрийн байрны зориулалтаар олгогдох газар байхгүй бөгөөд Н албанд дуудлага худалдааны үнэ төлөх компани олоод бид мөнгийг авч тооцуулах компани олдоогүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар дуудлага худалдааны анхны үнэ буюу буцаан шаардах эрхтэй хэмээн нэхэмжлэл гаргасан. Иймд уг үндэслэлээр хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Н албанд холбогдуулан газрын дуудлага худалдааны үнэд төлсөн 137,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн, газрын дуудлага худалдааны төлбөр төрийн сангийн дансанд орсон, нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр газар эзэмших эрхээ цуцлуулсан, нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг өөр газрын дуудлага худалдааны үнэд тооцсон боловч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 32/

 

3.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.  Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас И ХХК-д Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын ***/***, *** дугаар бүхий 2,500 м.кв талбайтай газрыг 2018 оны 02 сард үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, гэрчилгээ олгож, И ХХК-тай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан;

3.2.  И ХХК-аас дээрх газрын дуудлага худалдааны үнэд нийт 137,500,000 төгрөгийг төлсөн;

3.3.  И ХХК нь тус газар дээр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар барилга, байгууламж барих хүсэлт гаргасан боловч эрх бүхий байгууллагаас ...тус газар дээр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар барилга, байгууламж барих боломжгүй... гэсэн хариуг өгсөн;

3.4.  Улмаар, И ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын ***/***, *** дугаар бүхий 2,500 м.кв талбайтай газрыг эзэмших эрхээ цуцлуулахаар хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжаар И ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

 

4.   Дээрхээс үзвэл, И ХХК нь дуудлага худалдааны үнэд 137,500,000 төгрөгийг төлж, газар эзэмших эрхийг олж авсан боловч уг газрыг гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээнд дурдагдсан зориулалтаар буюу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдал илэрсэн тул газар эзэмших эрхээ цуцлуулах хүсэлт гаргасныг эрх бүхий байгууллага хүлээн авч, газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцож газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар газрын үнэд төлсөн 137,500,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хуульд заасан ямар зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнг 50 хувь бууруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 68,750,000 төгрөгийн хэмжээнд хангасан болох нь тодорхойгүй, үндэслэл муутай болжээ.

 

5.   Талууд 2018 оны 02 сарын 02-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрээний харилцаанд орсон байхад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжих зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

6.   Хэрэгт авагдсан Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлгэд мөнгөн хөрөнгийг хүлээн авагчийн нэрийг Н алба гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэгч И ХХК нь гэрээний нэг тал болох Н албыг хариуцагчаар тодорхойлсныг буруутгах боломжгүй.

 

7.   Зохигчдын хооронд үүссэн маргаан нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-60.1.4-т заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байх тул ...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх ёстой... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01988 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар хариуцагч Н албанаас 137,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...501,700 төгрөгийг... гэснийг ...845,450 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч И ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 501,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР