Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/0019

 

Ю.К, Ю.Э, Ю.В нарын

нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга,

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны

Засаг даргад тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Х.Батсүрэн

            Танхимын тэргүүн        Ч.Тунгалаг

            Шүүгчид:                            М.Батсуурь

                                                           Ц.Цогт                                                              

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0780 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалтай,

            Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн өмгөөлөгч Х.Б-ын гомдлоор, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Х.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.      

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ээс “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю овогтой А-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

            Хэргийн нөхцөл байдал:

2. Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хашаа (газар)-ыг амины хэрэгцээний зориулалтаар Б.Ю-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Газар эдлэх эрхийн үнэмлэх олгосон, уг үнэмлэх дээр хүү нь болох Ю-гийн Э-т шилжүүлэв. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны зохион байгуулагч Д.А-Э гэх огноогүй, Ю овогтой А-д шилжүүлэв.  Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Ц.Жүгдэрнамжил. 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэх гараар бичсэн цохолт тус тус бичигдсэн байна.

3. Ю.Аээс Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хашааны газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргаж, хамтран өмчлөгчөөр өөрийн төрсөн эх М.Ж-ыг бүртгүүлэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандсан, өргөдөлдөө дээр дурдсан Ю овогтой А-д шилжүүлэв.  Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Ц.Ж. 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэх цохолт бүхий Газар эдлэх эрхийн үнэмлэх, Ю овогтой А нь Жанжины 23-460 тоотод оршин суудаг. Ам бүл 2. Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг уламжилъя. /Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны/ Засаг дарга Ц.Ж гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарууд, маргаан бүхий газрын тойм зургийг хавсаргажээ.

4. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хашааны газрын эзэмшил, өмчлөлтэй холбоотой аливаа шийдвэр Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргаагүй, дээрх өргөдлийн дагуу нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хашааны 700 м.кв газрыг Ю.А, М.Ж нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

5. Маргаан бүхий газрын өмчлөгчөөс М.Ж өөрийн хүсэлтээр хасагдах, Ю.А дангаар өмчлөх хүсэлтийг үндэслэн, нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжаар газар өмчлөгчөөс М.Ж хасагдаж, уг газрыг Ю.А дангаар өмчлөгчөөр үлдсэн.

6. Нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нар нь Б.Ю, М.Ж нарын хүүхдүүд бөгөөд гуравдагч этгээд Ю.А-тэй төрсөн ах, дүүс бөгөөд, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хэмжээтэй хашааны газар нь Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр  Б.Ю-д эзэмших эрх нь олгогдсон газар гэдэг үйл баримтууд болон газрын хэмжээ, байршлийн асуудлаар талууд маргаагүй байна.

7. Анх Ю.К, Ю.Э, Ю.В, Ю.Л, Ю.Н, Ю.Н нараас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хамтран гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ю.Л, Ю.Н, Ю.Н нар нэхэмжлэлээсээ татгалзсан тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны бдрийн 0778 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ю.Л, Ю.Н, Ю.Н нар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, тэдний нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

8. Нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Ю-д олгогдсон уг газар нь гэр бүлийн дундын өмчлөлд хамаарах байтал ... тухайн газар дээр амьдарч байгаа бидэнд мэдэгдэлгүйгээр ...  Ю.А-д өмчлөх эрх олгосон, ...  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-д заасны дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд шаардлагатай 3-4 төрлийн баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр дүүргийн Засаг дарга шилжүүлэх ёстой байтал хорооны Засаг дарга ямар ч бичиг баримт байхгүйгээр “шилжүүлэв” гэсэн цохолт хийж газар эзэмших эрхийг Ю.А-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. ...  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан” гэдэгт хамаарах, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдэгт хамаарах илт хууль бус үйлдэл /захиргааны акт/ байна. Мөн ямар ч бичиг баримт бүрдүүлээгүй байхад газар шилжүүлсэн үйлдэлтэй холбоотойгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” байхад гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх илт хууль бус актын шинжийг агуулж байна. Үүний улмаас Д.Ю-гийн бусад үр хүүхдүүд болох бидний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна...” гэжээ.

9. Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

9.1. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ээс  “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлүүдийг дурдсан бөгөөд иргэн Ю.Аийн өмчлөх эрхийн хувьд энэхүү үндэслэлүүдийн аль нэг тогтоогдохгүй байна. ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9.2. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Х.Б-аас “... нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу дүүргийн Засаг дарга газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, ... өрх тус бүрд судалгаа, бүртгэл хөтлөх үүргийн дагуу хөтлөлт хийсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжаар иргэн Ю.А маргаан бүхий газрын өмчлөгч болсон. ... Засаг дарга нарын гаргасан акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлд хамаарахгүй. ... Нэхэмжлэгч нар нь тухайн маргаан бүхий газарт олон жил амьдарч байгаа, тухайн газрын өмчлөгч нь иргэн Ю.А-ийг болсон гэдгийг сүүлд мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурдаж байгаа нь үндэслэлгүй, тухайн газартай холбоотой ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргах эрх байсан, дээрх эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Гуравдагч этгээд Ю.А-ээс “... маргаан бүхий газар нь эцэг эхийн маань амьдарч байсан газар бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхэд тус газрын өмчлөх эрхийг миний эх М.Ж бид хоёрын нэр дээр гаргуулж байсан. Ээж маань энэ хашааны газраа өөрөө захиран зарцуул гээд хамтран өмчлөгчөөс хасагдаж 2014 оноос миний нэр дээр бүртгэгдсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д газар өмчлүүлэх шийдвэр гаргах эрхийг нийслэлийн Засаг даргад олгосон. Захиргааны акт нь илт хууль бус байхын тулд алдаа нь ноцтой буюу нотолгоо шаардахгүй байх ёстой. Гэтэл Засаг дарга хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан байхад илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар нь миний төрсөн ах, эгч мөн боловч маргаж буй газар нь манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх, дундын хөрөнгө байгаагүй. ...” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

11.1. “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю овогтой А-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан, “... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, 22.2.1-22.2.3 дахь заалтад дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд газар өмчлөх болон эзэмших эрхийн харилцааны алинд ч хорооны Засаг даргад бусдын өмчлөл, эзэмшилд газар өмчлөх, эзэмших эрх олгож, шилжүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. ... 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тухайн үеийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Ц.Жү нь Ю овогтой А-д шилжүүлэв гэсэн цохолт хийсэн нь ... 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтад захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бус байна гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж;

11.2. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522,  2014 оны 06 дугаар 20-ны өдрийн А/518 дугаар захирамжуудын Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж, ... нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжуудыг тус тус гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан холбогдох өргөдөл, бичиг баримтыг үндэслэн шийдвэр гаргасан байгааг бүхэлд нь буруутгах үндэслэлгүй, ... /зарим/ ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй боловч энэ нь нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий 522 болон А/518 дугаар захирамжуудын Ю.А-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй ...” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн:

12.1. “... маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захирамжууд, тус захирамжуудаар Ю.А-д газар өмчлүүлсэнтэй холбогдуулж шүүхэд маргах эрхтэй эсэх нь тогтоогдохгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, мөн маргаан бүхий уг захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгосноор тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй бөгөөд уг захирамжууд нь нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

12.2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3-т заанаар нэхэмжлэгч нарын тухайд өнөөдрийг хүртэл маргаан бүхий газрыг эзэмшиж, өмчлөхөөр хуульд зааснаар зохих журмын дагуу эрх бүхий этгээдэд хандаагүй, эдгээр асуудлуудыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлж байгаагүй тул газар эзэмших, өмчлөх эрх хуульд зааснаар үүсээгүй.

12.3. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын дүү Ю.А, эх М.Ж нарт маргаан бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх ба нэхэмжлэгч нар нь уг захирамжийн М.Ж-д холбогдох хэсэгтэй маргаагүй атлаа М.Ж-ын Ю.А-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөлийг хасах хэлцэл”-ийн дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжаар М.Ж-ын нэрийг өмчлөгчөөс хасч, Ю.А-ийг өмчлөгчөөр үлдээсэнтэй холбогдуулан маргаснаар нэхэмжлэгч нарын ямар нэгэн зөрчигдсөн гэх хууль ёсоор хамгаалагдах эрх, ашиг сонирхол байхгүй байна.

12.4. Анхан шатны шүүх “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 16 зүйлийн 16.1.1-16.1.3 дахь заалтад Баг, хорооны Засаг даргын бүрэн эрхийг, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-22.2.3 дахь заалтад Баг, хорооны Засаг даргын газрын харилцааны асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгайлан зааснаас үзэхэд газар өмчлөх болон эзэмших эрхийн харилцааны алинд ч хорооны Засаг даргад бусдын өмчлөл, эзэмшилд газар өмчлөх, эзэмших эрх олгож, шилжүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй” талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу. 

12.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.1-д зааснаас Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдэл нь газар эзэмшүүлэх эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжийг агуулаагүй гэжээ.

13. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн өмгөөлөгч Х.Б 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

13.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2 үндсэн дүгнэлтийг хийсэн байна. Хянах хэсгийн 2.1.4-д “... Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр ... нэхэмжлэгч нарын тухайд өнөөдрийг хүртэл маргаан бүхий газрыг эзэмшиж, өмчлөхөөр хуульд зааснаар ... эрх бүхий этгээдэд хандаагүй, эдгээр асуудлуудыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлж байгаагүй тул газар эзэмших, өмчлөх эрх хуульд зааснаар үүсээгүй гэж үзнэ” гэж дүгнэжээ. Үргэлжлүүлээд, 2.1.5-д “нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын дүү Ю.А, эх М.Ж нарт маргаан бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх ба нэхэмжлэгч нар нь уг захирамжийн М.Ж-д холбогдох хэсэгтэй маргаагүй атлаа ... М.Ж-ын Ю.А-тэй байгуулсан 2014 оны ... өмчлөгчөөр үлдээсэнтэй холбогдуулан маргаснаар нэхэмжлэгч нарын ямар нэгэн зөрчигдсөн гэх хууль ёсоор хамгаалагдах эрх, ашиг сонирхол байхгүй байна” гэж дүгнэжээ. Уг 2 дүгнэлтээс үзвэл шүүх хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг огт ойлгоогүй, маргааны зүйлийг тодруулаагүй, хавтаст хэрэгт цугларсан материалыг бүрэн хэмжээгээр танилцаагүй, наад зах нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг уншсан бол ийнхүү дүгнэлт хийхгүй байх гэж дүгнэхээр байна.

13.2. 2020 оноос хойш Ю.А 20 гаруй жил амьдарсан хашаанаас нь нэхэмжлэгч нарыг хөөх болсоноос асуудал үүссэн ба үүнтэй холбоотой Баянзүрх дүүргийн ЗДТГ, Газрын алба, БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэлийн Засаг дарга, БЗД-ийн цагдаагийн газарт хандсан асуудлыг шийдвэрлүүлэхээр явсан үйл баримтуудыг тооцсонгүй, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчлөө.

13.3. 2002 оны Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу хянах хэсгийн 2.1.3-д “... Ю.А-д газар өмчлүүлсэнтэй холбогдуулж шүүхэд маргах эрхтэй эсэх нь тогтоогдохгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, ... хэрхэн сэргэх нь тодорхойгүй ...” гэжээ.

13.4. Төрийн захиргааны байгууллага 2004 онд Ю.А-ээс өмчлөх эрхийг авахаар ирүүлсэн материалыг нэг удаа ч болов харсан, нягталсан бол Ю.А-д хууль ёсны дагуу газар эзэмших эрх олгосон байна уу гэдгийг шалгасан бол өнөөдөр энэ маргаан гарахгүй байсан. Илт хууль бус захиргааны акт /ЗЕХ-ийн 47.2/ гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.

13.5. 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийг гаргахдаа нийслэлийн Засаг дарга түүний ажлын алба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3 дахь хэсэгт заасан баримт байгаа эсэхийг түүний агуулгыг нягталсан бол энэ захирамж гарахгүй байсан юм. Мөн үүнийг дагаад 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамж гарахгүй байсан.

13.6. Ямар эрх нь зөрчигдөөд байгаа талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс тодорхой захирамж гарсан байгаа юм. Хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа үед гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг тодорхойлж нэгэнт дүгнэсэн юм. Тэгэхэд нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж дүгнэж байгаа нь хэргийн үйл баримтыг үл тоож, маргааны агуулгыг хянахгүй хийсэн дүгнэлт гэж үзэж байна.

13.7. Мөн ийнхүү дүгнэхдээ, “... эх М.Ж-д холбогдох хэсэгтэй маргаагүй атлаа ...” гэжээ. Газар эзэмших эрх Ю.А /хууль бусаар/ олгогдсон байна. Бүртгэгдсэн байна. Ю.А нь өмчлөх эрхийг авахдаа хэнийг хамтран өмчлүүлэгчээр бүртгүүлэх нь тухайн хүний хүсэл зоригийн илэрхийлэл байхад яагаад хамт орж байгаа хүнтэй маргана гэж, тэгээд ч эх М.Ж нь энэ маргаан явж эхэлснээс болоод сэтгэл санааны хямрал ба бусад шалтгаанаар нас барсан хүнтэй юу гэж, хэрхэн маргах уу.

13.8. Хянах хэсгийн 2.2. “... А-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2.2.1-д “... нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу”, 2.2.2-д “... хорооны Засаг даргын үйлдэл нь газар эзэмшүүлэх эрх зүйн шууд үр дагвар бий болгосон, захирамжилсан шинжийг агуулаагүй байна” гэжээ. Мөн түүнчлэн, 2.2.3-д энэ маргааны хувьд захиргааны акт нь зөвхөн 2004 оны 522, 2014 оны А/518-ыг ойлгоно гэжээ.

13.9. Үндэслэл, Маргаан бүхий үйлдэл нь 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үйлдэл учир нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг баримталсан юм.

13.10. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна; захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэдэгт 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга” гэж заасан байна.

13.11. Тэгэхэд шүүхээс дүгнэлт хийхдээ 2016 онд батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримтлан /хянах хэсгийн 2.2.2-д/ дүгнээд байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь илт байна. Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийн үйл баримт, нөхцөл байдалтай огт танилцаагүй нь дахин батлагдаж байгаа юм.

13.12. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20.1, 20.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан шаардлагыг хянаад нийслэлийн Засаг дарга өмчлөх эрхийг олгоно гэж /хянах хэсгийн 2.2.3/ тодорхойлжээ. Тэгвэл 20.1, 20.2-ыг хангах ёстой гэж заасан бол яагаад 20.3-д заасан баримт байгаа эсэхийг хянах ёсгүй гэж шүүх дүгнээд байгаа нь ойлгомжгүй болжээ. Шүүх яагаад хэт нэг талыг барьж дүгнээд байгаа вэ. Шудрага ёс ноцтойгоор зөрчигдөж байна.

13.13. Хянах хэсгийн 2.2.4-д “... уг газрыг эзэмших, өмчлах эрхийн гэрчилгээ байхгүй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ. Үндэслэл, хавтас хэрэгт дүүргийн Газрын албанаас нотлох баримтын хэмжээнд ирүүлсэн БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны 1974 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх” гэдэг баримт байдаг.

13.14. Түүн дотор анх олгосон бичилттэй, дугаартай, гарын үсэгтэй тамгатай баримт байхад яагаад шүүхээс газар эзэмших эрх олгоогүй тийм баримт байхгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

13.15. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн үийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлтийг оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн үлдсэн 2 шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

14. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн өмгөөлөгч Х.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

15. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Х.Б, гуравдагч этгээд Ю.А-ийн өмгөөлөгч Н.Б нарт 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

16. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522, 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус, нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

17. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “/нийслэлийн Засаг дарга нь/... дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн ... газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”-аар, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “... нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч ... нийслэлийн Засаг даргад уламжлах”-аар, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т “... /хорооны Засаг дарга нь/ газар өмчлөлийн асуудлаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах, нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих”-аар тус тус зааснаар нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрх нь нийслэлийн Засаг даргад хадгалагдана, дүүргийн Засаг дарга нь иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч нийслэлийн Засаг даргад уламжлах, хорооны Засаг дарга нь тухайн хорооныхоо нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн биелэлтийг хангуулах тус тусын чиг үүрэгтэй байна.

18. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь … төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”-ээр, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний /гэр бүлийн хэрэгцээний/ зориулалтаар өмчилж авахыг хүссэн  ...  газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”-аар тус тус зааснаас үзэхэд Газрын тухай хуульд заасны дагуу “газар эзэмших эрх” үүссэн болон үүсээгүй тохиолдолд “иргэнд газар өмчлүүлэх”-тэй холбоотой харилцааг өөр өөрөөр зохицуулахаар тусгайлан заажээ.

19. Маргаан бүхий тохиолдолд, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газарт Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэн нэг этгээдэд газар эзэмших эрх үүсээгүй буюу Баянзүрх дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх захирамж шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн алиных нь нэр дээр гаргаж байгаагүй, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй, талууд энэ үйл баримттай маргаагүй байх тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний /гэр бүлийн хэрэгцээний/ зориулалтаар өмчилж авахыг хүссэн  ...  газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”-аар заасан хуулийн зохицуулалт хэрэглэгдэнэ.

20. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг ... дүүргийн Засаг даргад гаргах”-аар, 20 дугаар зүйлийн 20.1-д “иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана: 20.1.1.гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 20.2-т “Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна”, 20.3“иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана: 20.3.2. гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

21. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх үүсээгүй газрын хувьд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар уг газрыг өмчлүүлэх нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргах үндэслэл нь тухайн хорооны Засаг даргын “гэр бүлийн, ам бүлийн байдлын тухай тодорхойлолт” бөгөөд, уг тодорхойлолтын үр дагавар ньтухайн газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй”, “өмчилж авах эрх бүхий этгээд болох”-ыг нотолж тогтоохоор байна.

22. Тухайн тохиолдолд, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга  Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр  Б.Ю-д олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хашаа (газар)-ын Газар эдлэх эрхийн үнэмлэх дээр Ю овогтой А-д шилжүүлэв гэх бичилт хийж, гарын үсэг зурж, тамга дарсан нь хууль бус бөгөөд, Ю овогтой А нь Жанжины 23-460 тоотод оршин суудаг. Ам бүл 2. Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг уламжилъя гэх тодорхойлолтыг хийж өгсөн нь бодит үнэн байдалд нийцээгүй, уг тодорхойлолтыг үндэслэж нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжуудаар газрыг Ю.А-д өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2-т зааснаар тухайн үед уг хашаанд амьдарч, бодитоор эзэмшиж, ашиглаж байсан гэр бүлийн гишүүд болох нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ талаарх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй.

23. Хорооны Засаг даргын аливаа тодорхойлолт, цохолт нь хууль зүйн агуулгаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт-ын шинжийг агуулдаггүй боловч, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хорооны Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэр дээрээ төрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа, хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг бүхий захиргааны албан тушаалтан бөгөөд, энэ тохиолдолд уг тодорхойлолт, Газар эдлэх эрхийн үнэмлэх дээрхЮ овогтой А-д шилжүүлэв гэх бичилт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар “тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болох”-ыг нотлох үндсэн баримт болсны зэрэгцээ, Ю.А-д газар өмчлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар шийдвэрийн үндэслэл болсон, уг тодорхойлолт, бичилтийг үндэслэн Ю.А газар өмчлөх хүсэлт гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргаас уг хүсэлтийг нийслэлийн Засаг даргад уламжилсан нь хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13/3411 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн “... иргэн Б.А-ийн газар өмчлөлийн хувийн хэргийг шүүж үзэхэд ... 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар иргэн Б.Ю-д амины хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн /газар/-ийн ... гэрчилгээнд тэмдэглэсэн баримтаар иргэн Ю.А-д эзэмших эрхийг шилжүүлсэн гэх тайлбараар тогтоогдож байна.

24. Өөрөөр хэлбэл, газрын эзэмших эрхийг Ю овогтой А-д шилжүүлэв гэх хорооны Засаг даргын бичиглэл, гарын үсгээр газар эзэмших эрх шилжих хууль зүйн үр дагавар үүсэхгүй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Д.Ю-гийн Газар эдлэх эрхийн үнэмлэхэд дээрх байдлаар тодорхойлсон (цохолт) бичилт хийгдээгүй байсан бол Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн дагуу Б.Ю-д олгосон Газар эдлэх эрхийн үнэмлэх нь Ю.А-д уг газрыг өмчлүүлэх шийдвэр гарах шууд үндэслэл болохгүй; тухайн хашаанд бодитоор амьдарч буй гэр бүлийн гишүүдийн талаар үнэн зөв тодорхойлолтыг хорооны Засаг дарга гаргасан бол маргаан бүхий газрыг гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх шийдвэр гарах боломжтой байсан гэж үзэхээр байна.

25. Анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийж, нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522, 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгүүд нь нэхэмжлэгч нарт хамааралгүй буюу нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нарын шүүхэд маргах эрхийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй, хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар заасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийн агуулгад нийцэхгүй дүгнэлт хийжээ.

26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, энэ тохиолдолд шүүх уг зохицуулалтыг хэрэглэх боломжтой, хариуцагч нар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д  тус тус заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий” гэж маргаж буй нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нар болон гуравдагч этгээд Ю.А-ийг оролцуулж, бодит байдлыг тодруулан, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны алдаа, зөрчлийг засах боломжтой гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю овогтой А-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг 4, 5 болгон тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж, 3 дахь заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй бол нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522, 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай гэж нэмэн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.БАТСҮРЭН

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ         

                         ШҮҮГЧИД                                                                М.БАТСУУРЬ

                                                                                                              Ц.ЦОГТ

          Д.МӨНХТУЯА