Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 58

 

                                           Г.Т-д холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж, нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалтай, Г.Т-д холбогдох хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Мөн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Мөн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Б овогт Г-н Т-.

Г.Т- нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан баг Хадан хошууны орчим хамтран амьдрагч Ч.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Т-г 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т- нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.3-т тус тус зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Т- нь нь тэнссэн хугацаанд энэ шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн хязгаарлалт зөрчсөн, үүргийг биелүүлээгүй, мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй гэж, тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Т-д тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай, гэсэн заалт нэмж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Г.Уянга бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, ...шүүгдэгч Г.Т-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1-д заасныг журамласан ...өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Г.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа бөгөөд, анхан шатны шүүх энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нэмж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг давхар баримталж журамласан өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийгдэж байгаа дүгнэлтээс шалтгаалж эдгээр зохицуулалтын аль нэгийг нь баримтлахаар зохицуулагдсан гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээний хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.

Уг хэргийн хувьд шүүгдэгч Г.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогч Ч.Б-ийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул эдгээр нөхцөл байдалд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх тухай прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ. 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардлыг төлж, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг давхар хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна. Иймд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлд заасныг журамласан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Г.Уянгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Т- согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан баг Хадан хошууны орчим хамтран амьдрагч Ч.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Г.Т-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Т-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэмжээ, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа холбогдсон хэргийн зүйл, заалтыг бичилгүй орхигдуулсан байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй болно.

Хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх Г.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх шүүгдэгчийг “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”-дээ Эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсгийг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасан гэж дүгнэн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг давхар баримталж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийж буй дүгнэлтээс шалтгаалж эдгээр зохицуулалтын аль нэгийг нь баримтлах нь зүйтэй болно.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг давхар журамлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгох” агуулгатай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Т-г мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,...” гэсэн өөрчлөлт оруулж, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянгын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                Б.БАТЦЭРЭН

                                Ч.ХОСБАЯР

                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН