Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/319

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                    Хэргийн индекс:166/2020/0298/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяа,

Улсын яллагч:  Г.Уянга,

Хохирогч Ч.Б-,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 2018000000324 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 28 настай, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэ.х хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж 2019 оны 09 дүгээр сарын 10- ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Г.Т- / 11/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан баг Хадан хошууны орчим хамтран амьдрагч Ч.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухай өдөр Ч.Б-тэй найзуудтайгаа голын эрэг гарсан. Тэнд архи пиво ууцгаасан. Тухайн үед Ч.Б- бид хоёр хэрүүлгүй байсан. Тэгээд Д- Ч.Б-ийг үүрээд. Түүнээс болоод би хардаж хэрүүл болсон. Намайг ойлгохгүй орилж хашхираад байхаар нь би өшиглөсөн. Түүндээ харамсаж байнагэв.

     Хохирогч Ч.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үндсэн хуулиар олгогдсон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэнэ. Гомдол санал байхгүй гэв.”

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан баг Хадан хошууны орчим хамтран амьдрагч Ч.Б-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан, илт давуу байдлаар хүч хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь хоёр талын нүдний ухархай, баруун хоншоорын урд хана, зүүн хоншоорын гадна хана, тагнай, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт зэрэг олон тооны гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт  тогтоогджээ.

 

            Шүүгдэгч Г.Т- үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018000000324 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

            Гэрч Э.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг өнгөрч байхад манай найз болох Ч.Б- манай гэрт орж ирээд хэдүүлээ голын эрэг дээр жаахан сууя гэхээр нь би зөвшөөрч Ч.Б-, Т-, Д-, Н- нарын хамт голын эрэг явсан бөгөөд замаараа би өөрийн хамтран амьдрагч Х-ыг аваад дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи, 8 лааз пиво авч Хадан хошууны хажуугийн голын эрэг дээр сууж авсан архиа уусан. Тэгтэл Ч.Б- өөрийн хамтран амьдрагч Г.Т- хамт сууж байхад Н-тай хардаж “чи Г.Т- гар утас руу олон удаа залгасан байна, бас гэрт орж миний өмдийг авсан байна” гэх мэт юм яриад хэрүүл маргаан хийхээр нь бид нар болио, гэртээ харъя гэж хэлээд бөөнөөрөө зам дагаад алхсан. Гэтэл замаар нэг машин явж таараад Н-г жаахан хүүхэдтэй нь суулгаад явуулсан. Тэгээд “Г.Т, Ч.Б-, Х-, Д- бид нар зам дагаад алхаад явж байтал Х- урд гараад түрүүлээд ганцаараа явсан. Харин бид нар араас нь алхаж явахдаа Т- намайг нуруундаа үүрсэн чинь Ч.Б- хардаж Г.Т- “зайл” гэж орилж дахин хоорондоо маргаж, улмаар Ч.Б-ийн гэдэс рүү Г.Т- гараараа нэг удаа цохиж дараа нь замын хажуугийн жалга руу түлхэж унагаад нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж дараа нь цементэн зам дээр нүүрээр нь нэг удаа мөргүүлсэн. Үүний дараа дахин нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн. Энэ үед Ч.Б-ийн хамар амнаас нь цус гарч эргээд голын эрэг орж цусыг нь угаачхаад эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх 09/,

            Гэрч Э.Д-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Г.Т- ах болон түүний хамтран амьдрагч Ч.Б-, Х- ах, түүний хамтран амьдрагч Д-, Н- эгч нарын хамт Шарын гол сумын Хайрхан баг Хадан хошуу гэх газрын ойролцоо голын эрэг дээр хамт сууцгаасан. Гэтэл Г.Т- ах Ч.Б- эгчтэй маргалдаад “Би чамаас салмаар байна” гэж хэлтэл өөдөөс нь Ч.Б- эгч “чи тэгээд зайлаач пизда минь” гээд хараагаад байхаар нь би дундуур нь орж хэрүүл маргаан хийхийг нь болиулсан. Тэгээд тэд нар архи пиво ууж дуусгаад сумын төв рүү алхахаар болж Н- эгч жаахан хүүхэдтэй байсан учир түрүүлээд замын машинд суулгаад явуулсан. Араас нь бид нар алхаж явтал Х- ах бид нараас түрүүлээд алхаад яваад өгсөн. Тэр үед Т- ах Д- нуруундаа үүрээд явсан чинь Ч.Б- дахин уурлаад тэр хоёрыг хардаж хоорондоо маргаж эхэлтэл Т- ах Ч.Б- эгчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохих үед Ч.Б- эгч доошоо тонгойсон, тэгтэл нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь Д- эгч бид хоёр наанаас нь очиж салгасан чинь Ч.Б- эгчийн хамар амнаас цус гараад байхаар нь голын эрэг дээр очоод угаахад цус нь тогтохгүй байхаар нь шууд Шарын гол сумын эмнэлэг дээр ирж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх 10/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 603 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Ч.Б-ийн биед хоёр талын нүдний ухархай, баруун хоншоорын урд хана, зүүн хоншоорын гадна хана, тагнай, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо.гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Ч.Б-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Ч.Б-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулна” /хх 13-14/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,

Шүүгдэгч Г.Т- ”Т***н ач” ХХК-д экскаваторчны оператораар суралцаж төгссөн гэрчилгээ, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 25-30/, арилжааны банкнуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 32-40/, Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт /хх 41-42/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 48-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 50-64/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Г.Т-н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “энэ хуулийн зохицуулалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч хамаарна” гэж хуульчилсан ба гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь эхнэр нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл хийхийг хэлнэ.

Шүүгдэгч Г.Т өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн,  хохирол, хор уршгийг зориуд хүргэж санаатай гэмт үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэснээр шүүгдэгч Г.Т- холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан прокурорын саналыг хүрээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5 оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож  шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Г.Т- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан шүүгдэгч Г.Т 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ