Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 223/МА2023/00033

 

 

 

 

 

 

 

 

2023          06            28                                                     223/МА2023/00033

 

 

Д.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2023/00332 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Т,

Хариуцагч: М.Сд холбогдох,

Хамтын амьдралтай байснаа тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 105,765,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь

1.Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б.О нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч М.Стай 2008 оноос 2013 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд хатын амдралтай байсныг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс 105,765,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дараах үндэслэлээр дэмжсэн. Үүнд:

М.Стай 2007 онд Төв аймгийн Баянхангай суманд танилцсан. 2008 оноос 2013 оны 8 дугаар cap хүртэл Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт шилжин ирж амьдарсан. 2013 онд сумандаа буцаж ирцгээсэн. 2014 оны 01 дүгээр сараас сумын эмнэлэгт сувилагчаар ажиллах болсон.

 

Би 2018 оны 10 дугаар сараас 2018 оны 12 сард хүртэл Солонгос улс руу явж ажил хийж байгаад ирсэн. Гэтэл М.Сгийн харилцаа хандлага өөр болсон байсан. 2020 оны 12 дугаар сарын эхээр маргалдаад 7 хоног тусдаа байсан. Тэгээд эвлэрээд хамт амьдарсан. Гэтэл М.С өөр хүнтэй болсон байсан.

 

М.С 2020 оны 12 сарын сүүлээр, 2021 оны 01 дүгээр сард 2 удаа гар хүрч зодсон.

 

Д.Т нь хүүхэдтэй болохгүй байсан учир 2016 он, 2017 он, 2018 онд 3 удаа үр шилжүүлэн суулгасан.

 

Тэд хамтран амьдрах хугацаанд Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол 1 дүгээр гудамж, 5 тоотод 80 м.кв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлах 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, М.Сн нэр дээр тоологдсон адуу 80, үхэр 9, хонь 350, ямаа 208 нийт 647 тооны малыг хамтын амьдралын хугацаанд бий болгосон.

Хамтын амьдралын хугацаанд М.С нь малаа маллаж амьдарч, Д.Т нь тус сумынхаа эмнэлэгт сувилагчаар ажилласан.

Хамтын амьдралын хугацаанд үүссэн хөрөнгүүд нь тэдний хөдөлмөр, мөнгө зэргээс үүссэн учраас эд хөрөнгө нийлсэн, холилдсон гэж үзэж байна.

Дээрх хувийн орон сууц, газрыг 20,000,000 төгрөгөөр, 647 тооны малыг 30,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг тул өөрт ногдох 25,000,000 төгрөгийг гаргуулна.

...Бидний хамтын амьдралын хугацаанд үүссэн хөрөнгийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аас Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол, 1 дүгээр гудамж, 5 тоотод 80 м.кв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлах 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 83,820,000 төгрөгөөр, М.Сн нэр дээр тоологдсон адуу 80, үхэр 9, хонь 350, ямаа 208, нийт 647 тооны малыг 123,710,000 төгрөгөөр үнэлсэн.

Иймд хамтын амьдралтай байсныг тогтоож, бидний хамтын амьдралын хугацаанд үүссэн дундын эд хөрөнгийн нийт үнийн дүн 207,530,000 төгрөг тул өөрт ногдох хэсэгт 103,765,000 төгрөгийг шаардаж байна.

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой баримт байхгүй тул энэхүү шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсайханы хариу тайлбарт болон хариуцагч М.С, түүний өмгөөлөгч Д.О нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...М.С Д.Т нар нь 2007 оноос 2020 он хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд хамтран амьдарч байх хугацаандаа таарамжгүй харилцаатай байсан тул тусдаа амьдрах болсон.

Хамтран амьдарч байсан гэх хугацаанд Д.Т нь сумын төвд ажилладаг, гэр бүлийн гадуур харилцаанаас харилцаа үүсэгдэг тул би эхнэрээсээ салах болсон өөр шалтгаан байхгүй.

 М.Сн өөрийн эцэг эхээс өвлөгдөж ирсэн мал болон ээж, ах дүү нарынхаа малыг хамтад нь маллаж байсан бөгөөд өөрөөр хэлбэл мал маллах ажилд Д.Т нь оролцож байгаагүй, М.Сн маллаж байгаа мал нь бүгд түүнийх биш бөгөөд ээж, ах дүүгийнх нь мал байдаг. Нэхэмжлэлд 647 тооны малыг хамтын амьдралын хугацаанд бий болгосон гэж дурдаж байгаа нь худал ор үндэслэлгүй зүйл байна.

Мөн Төв аймгийн Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол, 1 дүгээр гудамж, 5 тоот хаягт байрлах орон сууц, газрын М.Сн ээж П.О нь 2014 оны 8 дугаар сард өөрийн мөнгөөр худалдан авч байсан бөгөөд одоо тухайн газар, орон сууц нь ээж П.Оын нэр дээр бүртгэлтэй байдаг, түүний хөрөнгө болно.

Иймд М.С, Д.Т нарын хамтын амьдралын хугацаанд тэдний өмч хөрөнгө холилдоогүй, шинээр дундын эд хөрөнгө бий болоогүй, хариуцагч М.С нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Тийн 2008-2021 хүртэл хугацаанд М.Стай хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагыг хариуцагч М.С хүлээн зөвшөөрснийг баталж,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Сгаас 41,910,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 61,855,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М.Сгаас 437,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгон шийдвэрлэжээ.

4.Хариуцагч М.Сгийн давж заалдах гомдлын агуулга: “...Хариуцагч М.С миний бие Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 сарын 10-ны өдрийн 151/ШШ2023/00332 дугаартай шийдвэрийн зарим хэсгийн хүлээн зевшеерехгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

Д.Т нь надад холбогдуулан хамтын амьдралтай байснаа тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 103,765,000 төгрөг гаргуулах тухай нэхэжлэл гаргасан. Анхан шатны шүүх миний төрсөн эх П. Оын өмч болох Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот 185413130988484 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн г-1408000051 дугаартай, 80м.кв гэр бүлийн Д.Т бид хоёрын дундын өмч мөн гэж үзэж Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1-д заасны тус тус баримтлан хариуцагч М.С надаас 41,910,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д. Т олгож шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Д.Т бид хоёр тодорхой хугацаанд хамтын амьдралтай байсан нь үнэн боловч хамт амьдрах хугацаанд бий болсон миний нэр дээр бүртгэлтэй байсан эд хөрөнгөд Д.Т хүч хөдөлмөр, хөрөнгө оролцсон зүйл байхгүй, бидний хөрөнгө нийлж холилдож шинээр эд хөрөнгө бий болсон зүйл огт байхгүй болно. Шүүх дундын хөрөнгө гэж дүгнээд байгаа газар, хувийн сууцыг анх 2013 онд миний бие өөрийн алтны уурхайд ажиллаж олсон мөнгө /хэрэгт дансны хуулгыг гаргаж өгсөн/ болон өөрийн төрсөн эх П.Оаас мөнгө авч худалдан авч, засвар хийж байсан, тухай үед Д.Т нь дөнгөж ажилд орж байсан үе бөгөөд түүнд хадгалж хуримтлуулсан мөнгө байгаагүй./шүүхэд надад мөнгө байсан түүнийгээ өгсөн гэж худал мэдүүлсэн, баримт байхгүй/ Харин хамт амьдарч байх хугацаанд Д.Т нь өөрийн нэр дээр хашаа газар авч байсан бөгөөд түүнийгээ бусдад зарж төлбөрт нь ямаа авч, авсан ямаагаа өөрийн хэр дээр бүртгүүлэн малын А данс үүсгэсэн, дараа нь ямаагаа зарж борлуулан мөнгийг өөрөө хэрэглсэн байсан. Энэ нь бидний өмч хөрөнгө нийлж, холилдоогүй гэдгийг харуулж байна.

Анхан шатны шүүх миний төрсөн эх П.Оын өмч болох Тев аймгийн Баянхангай сумын 1-р баг, Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот байрлах газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Д.Тийн хувь нэмэр, хөрөнгө оролцсон талаар нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад тухай хөрөнгийг Д.Т бид хоёрын дундын хөрөнгө гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, шүүх илт Д.Тийн талд үйлчилж байна гэж үзхэд хүргэж байна.

Д. Т нь нэхэмжлэлдээ болон шүүхэд тайлбар гаргахдаа худал ярьсан. Нэхэмжлэлдээ М.С намайг муухай харагдуулхын тулд намайг өөр хүнтэй харилцаа үүсгэснээс болж тусдаа амьдрах болсон гэж худал бичсэн байсан үнэн хэрэг дээрээ бол Д.Т нь өөрөө айл гэр үймүүлж, бусдын нөхөртэй харилцаа үүсгэснээс болж бид хамт амьдрах боломжгүй болсон, үүний манай сум орон нутгийхан бүгд мэднэ. Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэгт гэрчээр оролцсон Д.Сэлэнгэ нь нэхэмжлэгч Д. Тийн үеэл эгч нь бөгөөд шүүхийн ажилгааны явцад талууд шүүхэд хүрэлцэн ирэх бүрт Д.Т хамт шүүхийн байранд ирдэг, шүүх хуралдааны явцад шүүхийн байрны үүдэнд байж байдаг байсан, ингэхдээ шүүхийн ажилтанууд болон үүдний цагдаа нартай дотно харилцаатай, танил болох нь харагдаж байсан. Дээрх нөхцөл байдлуудаас харахад нэхэмжлэгч Д. Т нь шүүхийн байгууллагад танил талаараа нелөөлсөн, шүүхийн байгууллага түүний үйлчилсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна.

Иймд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж өмчлөх эрхэнд минь халдаж байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оын давж заалах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Д.О /2309/ миний Д.Тийн нэхэмжлэлтэй, М.Сд холбогдох хамтын амьдралтай байснаа тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 103,765,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Сгийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 сарын 10-ны өдрийн 151/ШШ2023/00332 дугаартай шийдвэрийг 2023 оны 5 сарын 01-ний өдөр шуудангаар хүлээн авч, тус шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Сгаас 41,910,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт М.Сг нэхэмжлэгч Д.Тийн нэхэмжлэлийн хариуцагч шаардлага, тайлбарыг няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүний татгалзлын үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, гэрч мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн дунд хөрөнгө гэж маргаж байгаа Төв аймгийн Баянхангай сумын 1-р баг, Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот 18541313098484 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн г-1408000022 дугаартай 3339 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн ү-1408000051 дугаартай, 80 м.кв хувийн сууц, мал зэрэг хөрөнгө бий болоход нэхэмжлэгчийн хувь нэмэр, хөрөнгө оролцоогүй, тухайн хөрөнгүүд нь хариуцагч М.Сгийн хөрөнгө болон түүний эх П.Оын хувь нэмэр, хөрөнгийн оролцоотойгоор бий болсон нь хангалттай нотлогдон, тогтоогдож байгаа болно.

Мөн хэрэгт авагдсан Д.Тийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, мэдээлэл, малын "А" данс зэрэг баримтаар М.С, Д.Т нар нь хамтран амьдарч байх хугацаандаа эд хөрөнгө нь тусдаа бүртгэлтэй байсан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хамтран амьдрах хугацаандаа хамтын хүч хөдөлмөр, эд хөрөнгөөр шинээр эд хөрөнгө бий болгосон, тэдний эд хөрөнгө нийлж холилдсон үйл баримт тогтоогдохгүй байна.

Тев аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал, Шинэ хороо, 1 дүгээр гудамж, 05 тоот хаягт байрлах газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө 2021 оны 06 сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр П.Оын өмчлөлд шилжиж М.Сгийн өмчлөх эрх дуусгавар болсон /хариуцагчийн өмч биш/, нэхэмжлэгч дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй, тухайн үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгөөр худалдсан нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Т нь тухайн газар, үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийнхээ үнийг шаардах эрхтэй, хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 83,820,000 төгрөгийн тал хувь буюу 41,910,000 төгрөгийг хариуцагч М.Сгаас гаргуулж шийдвэрлэсэн хуульд нийцэхгүй байна.

Маргаж буй эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахдаа хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын өмчийн эд хөрөнгө мөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн тал хувийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Д.Т нь өөрийгөө дээр дурьдсан хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Тээс маргаж буй газар, хувийн сууц, мал бий болоход оруулсан хувь нэмэр, хөрөнгийн талаарх нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зааснаар нэхэмжлэгч Д. Тт шаардах эрх үүсээгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх талууд хуульд зааснаар шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж дурьдсан атлаа 3339 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцны зориулалттай 80 м.кв үл хөдлөх хөрөнгийг зохигчид худалдан авсан, зохигчдын мөнгө, хүч хөдөлмөр оролцоотойгоор засч сайжруулагдсан Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж дүгнэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар нэхэмжлэгч Д. Т шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг баримталж нэхэмжлэгч талд үндэслэлгүйгээр давуу байдал бий болгосон гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна./, 2 дахь хэсэг /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.../, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг 1... шударга шүүхээр шүүлгэх... эрхтэй...../. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана./-т заасантай нийцэхгүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 151/ШШ2023/00332 дугаартай шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...М.Стай 2007 онд танилцаж, 2008 оноос Улаанбаатар хот руу орж хамт амьдарсан. Би 2008 оноос 2013 онд хүртэл Улаанбаатар хотод оюутан болж суралцсан. Суралцаж байх хугацаандаа хажуугаар нь ажил эрхэлдэг байсан.  Хоёулаа Улаанбаатар хотод хамтдаа ажил хөдөлмөр эрхэлж байсан. Сургуулиа 2013 оны 8 дугаар сард төгсөөд Атарт ирж газар дээрээ 5 ханатай гэрээ барьж амьдарсан. Бид хоёрыг 2 талаас хамт амьдрахыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул юу юу ч үгүй л амьдралаа эхлэж байсан. Би М.Стай хамт амьдрахаас өмнө амьдралтай байсан. Хүү 5 настай, охин 12 настай байхад нь М.Стай танилцсан. Би нөхрөөсөө салж хүү, охин хоёрынхоо амьдрлыг золиослоод би энэ хүнийг дагаж 14 жил амьдарсан. Би энэ хүнтэй хамтрах хугацаандаа нэг удаа ч зүгээр гараа хумхиж үзээгүй. Би М.Сг малдаа яваад ирснийх нь дараа ажлаа тараад хамтдаа мал руугаа явдаг байсан. Энэ амьдралд бид хоёр хайраар сууж, халуун дулаан уур амьсгалтай байсан. Тэр үед миний хоёр хүүхэд нялх байсан. Хоёр хүүхдээ аав руу явуулах гэхэд М.С нь чи нэг талд нь багтаасангүй, нэг талдаа багтаа гээд л эцгээс нь салгаад эмээ, ах дүү нартай ч харьцуулаагүй. Тэгж явахад эгч нар намайг хүүхдүүдээрээ энэ хүний мал ахуйг хариулуулж, хүйтэнд дааруулж, халуунд харлуулж явуулж байна, ямар ч нэр хүнд байхгүй хүүхдүүдийг зарцлууллаа гээд л загнуулсан ч би болох байлгүй гээд л өнгөрөөдөг байсан. Манай ах дүү нар хүүхдүүдийг минь өөр сургуульд шилжүүлэх гэтэл хүлээн зөвшөөрөхгүй байсаар байгаад энэ хүний зарцыг бид гурав 14 жил хийсэн байна. Миний хоёр хүүхэд М.Сг ааваа гэж дуудаж, одоо ч аавыгаа үгүйлж байна. Би сургуулиа төгсөөд сумынхаа эмнэлэгт сувилагчаар ажиллаж байхдаа Солонгос улс руу амьдралаа дээшлүүлэхээр явж ажиллаж байсан: Би тэтгэмж 3.000.000 төгрөг аваад Эрээн рүү яваад угаалгынхаа өрөөг тохижуулаад, байшингийн дотор талын засвар үйлчилгээг М.Сгийн найзаар нь хийлгэсэн. Баялаг Ундраа зах руу яваад бүх тавилгын засвар хийх зүйлсүүдийг өөрөө авч хийлцэж байсан. Гэтэл намайг хуруу хумсаа ч хөдөлгөөгүй гэж хэлж байгааг гайхаж байна. Баяр болгоноор М.Сд шинэ хувцас өмсүүлэхийг хичээдэг байсан. М.Сг хоол цайгүй явуулж үзээгүй, өдрийн 3 хоол хийгээд, ажлынхаа зав чөлөөгөөр ирээд хоолыг нь хийж өгдөг байсан. 2013-2021 он хүртэл ажилласан цалин хөлс минь хаашаа алга болсон юм бэ. Гэтэл энэ хүн надаас салсныхаа дараа хамаг эд хөрөнгөө ээжийнхээ нэр дээр, ах дүү нарынхаа нэр дээр шилжүүлсэн. Би энэ хүнтэй 14 жил хамт амьдарсан. Миний хүүхдүүдийн эрх нь зөрчигдөөд, хоёр хүүхдээ чичлүүлээд, зодуулж нүдүүлээд энэ хүртэл явсандаа одоо харамсаж байна. Миний хоёр хүүхэд хүн биш юм уу, ээж аавтайгаа аз жаргалтай амьдарч байхад энэ хүн намайг хамт амьдаръя болно, бүтнэ гээд л эцгээс нь хүүхдүүдийг минь салгаад амьдарсан. Гэтэл миний хоёр хүүхдийг тоохгүй хаяж байна. Миний охин бол миний ах дүү нар дээр амьдарч, хичээл сургууль гэж явдаг, миний хүү М.Сгийн гал голомтод өсөж хүмүүжсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үл хөдлөх хөрөнгөөс Д.Тт ногдох хэсгийг гаргуулж шийдвэрлэсэн. Үл хөдлөх хөрөнгө хариуцагчийн нэр дээр байгаа боловч энэ хөрөнгийг анх амьдарч байсан гэр бүлийн 4 гишүүн гэр бүлийнхээ суурь хэрэгцээ болгох зорилгоор орон сууцыг авсан. Уг орон сууцыг зарсан хүн гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн гэрч хоёр хүн ирээд бэлэн мөнгө өгөөд байрыг худалдаж авсан гэж хэлдэг. Хэргээс үзэхэд 2014 онд хувийн сууцыг авсан харагддаг. 19.000.000 төгрөгийн баримт нь 2014 онд бэлэн зарлагдсан баримт байгаа. Түүнээс биш байр авсан хүнд өгсөн баримт байхгүй учраас тэр ярьж байгаа зүйл нь худлаа. Нэхэмжлэгчээс Улаанбаатар хотод ажиллаж байсан, мөн Баянхангай сумын Эрүүл мэндийн газарт ажиллаад цуглуулсан мөнгөөрөө хоёулаа нийлээд л авсан гэдэг зүйл ярьдаг. Үүнээс хойш 10 жилийн хугацаа болж байна. Бэлэн мөнгө өгсөн гэдгийг нотолсон зүйл байхгүй ч гэсэн гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны баримтууд зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна. Гэр бүлийн хэрэгцээнд авсан орон сууцандаа засан сайжруулалт хийсэн. Хариуцагч тусдаа амьдарсныхаа дараа ээжийнхээ нэр дээр байшинг шилжүүлсэн. Тэгэхээр шилжүүлж авсан хүн байрыг зассан гэх баримт хэрэгт байхгүй. Энэ хоёр хүн өөрсдөө амьдарч байхдаа л засан сайжруулалт хийсэн. Шүүхээр хөрөнгийн үнэлгээний шинжээч томилоод үзлэг хийх үед хамт очиход яг нь байдгаараа тэр хэвээрээ л байсан. Хөрөнгө нь дундын эд хөрөнгө байсан учир шүүхийн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хамтын амьдралтай байх үед үүссэн хөрөнгө учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч эрх зүйн ач холбогдол бүхий үр дагавар үүсгэж байгаа үйл явдлыг тогтоолгүй хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон мөнгөн дүнг тооцож гаргахдаа алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.Т 2008 оноос 2021 он хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох, хамтран амьдрах хугацаанд хамтын хүч хөдөлмөр, хөрөнгөөр бий болгосон хөрөнгө болох 647 толгой малын үнэ 123,710,000 төгрөгийн тал хувь 61,855,000 төгрөг. Мөн 2013 онд Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдал Шинэ хороо гудамж 5 тоот 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв газар, Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдал Шинэ хороо гудамж 5 тоот 80 м.кв талбайтай хувийн орон сууц худалдан авахад 8,000,000 төгрөг өгсөн. Уг байшин, хашааг засан сайжруулахад өөрийн мөнгө, хөдөлмөр хүчийг оролцуулсан тул 83,820,000 төгрөгийн тал хувь 41,910,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Харин нэмэгдүүлсэн шаардлага болох Сонгинохайрхан дүүрэгт байсан хашааг худалдсан 4,000,000 төгрөгийн тал хувь болох 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан байна.

Хариуцагч М.С хамтын амьдралтай байснаас бусад нэхэмжлэлийн шаардагыг эс зөвшөөрч маргахдаа “...Бид хамт амьдарч байсан ч тус тусдаа хөрөнгөтэй байсан ба нийлсэн зүйл байхгүй. Д.Т өөрийн хөрөнгөө зараад мал авч байсан. Малаа яасан талаар мэдэхгүй. Харин би үл хөдлөх хөрөнгө болох Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдал Шинэ хороо гудамж 5 тоот 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв газар, Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдал Шинэ хороо гудамж 5 тоот 80 м.кв талбайтай хувийн орон сууц худалдан авахдаа өөрийн хадгаламжаас 20,000,000 төгрөг гаргасан. Мөн эх П.О 8,000,000 төгрөг өгсөн. Одоо уг үл хөдлөх хөрөнгө П.Оын өмчлөлд байдаг. Д.Т ажилтай учир хүүхдүүдийнхээ хамт сумын төв дээр байдаг байсан. Би эх П.Оаас өгсөн малыг маллаж өсгөсөн. Үүнд Д.Тийн оролцоо байхгүй...” гэсэн үндэслэлээр мэтгэлцсэн.

Харин нэхэмжлэгч Д.Т дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах зорилгоор хариуцагч М.Стай 2008 оноос 2021 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.С зөвшөөрсөн.

Мөн шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээр “2020 онд тоологдсон 647 толгой малыг 123,710,000 төгрөг, Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал шинэ хороолол, 1 гудамж, 05 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 83,820,000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээний талаар зохигчид маргаагүй байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Т, хариуцагч М.С нарт эрх зүйн үр дагавар үүсгэх, ач холбогдол бүхий үйл явдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоож шийдвэрлэхээр байхад энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч М.Сгийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Д.Т, хариуцагч М.С нарыг 2008 оноос 2021 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрт уг үндэслэлээр өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзэв.

4. Харин зохигчид 2008 оноос 2021 он хүртэл нийт 13 жил хамтын амьдралтай байсан ч гэрлэлтээ батлуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;” гэж заасан гэр бүл гэж үзэхгүй. Мөн бие биеийнхээ өмнө гэрлэгчдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхгүй юм.

Иймд зохигчид хамтран амьдарч байх хугацаанд бий болгосон хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.” гэж заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй.

5.Харин нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч М.Сн өмчлөлд бүртгэлтэй байгаа 123,710,000 төгрөгийн үнэлгээтэй адуу 80, үхэр 9, хонь 350, ямаа 208 нийт 647 толгой мал, гэрч П.Оын өмчлөлд шилжсэн 83,820,000 төгрөгийн үнэлгээтэй Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдал Шинэ хороо гудамж 5 тоот 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв газар, Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдал Шинэ хороо гудамж 5 тоот 80 м.кв талбайтай хувийн орон сууц худалдан худалдан авахад хүч хөдөлмөр, хөрөнгө оруулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотолсон тохиолдолд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 108.8-д заасны дагуу шаардах эрх үүснэ.

6.Хэргийн үйл баримтаас үнэлбэл, зохигчид хамт амьдарч байх хугацаанд буюу 2020 онд хариуцагч М.Сн нэр дээр адуу 80, үхэр 9, хонь 350, ямаа 208 нийт 647 толгой мал тоологдсон ч гэрч П.О хүү М.Сд анх 108 толгой мал өгснийг өсгөж үржүүлсэн болох нь 2011 оны мал тооллогын “А” данс, 2020 оны мал тооллогын “А” данс болон гэрч П.Оын “Яг тасдаж өгсөн зүйл байхгүй, Малын А данс дээр тоолуулж байсан. ... Тухайн үеэс малын тоо 128 байж байгаад 647 болж өссөн байна. Тухайн малыг өсөж, үржихэд М.С, Д.Т нар хааяа л ирдэг байсан” гэсэн  мэдүүлгээр тогтоогдсон. Харин нэхэмжлэгч Д.Т 647 толгой мал бий болоход хувь нэмэр оруулсан нь баримтаар нотлогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлон, хэрэгт авагдсан үйл баримтыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгч Д.Тийн нэхэмжлэлээс 41,910,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хуулийн үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 41,910,000 төгрөгийн талаар гомдол гаргаагүй тул диспозитив зарчимд нийцүүлэн маргаагүй үйл баримт гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

7.Хариуцагч М.С нь 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдал Шинэ хороо гудамж 5 тоот 18541313098484 нэгж талбарын дугаартай 3339 м.кв газрыг 23,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрийг өөрийн эзэмшдэг ХААН банкан дахь 5741042022 тоот данснаас 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан 20,000,000 төгрөг, эх П.Оыг өгсөн 8,000,000 төгрөгөөр төлсөн. Нэхэмжлэгч Д.Т ямар ч мөнгө өгөөгүй гэж маргаж байгаа ч С.Гансүхтэй 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Газар бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлж авсан нь хавтаст хэргийн 126, .....хуудсанд авагдсан баримтаар тогтоогдсон.

Мөн нэхэмжлэгч Д.Т нь ажил хөдөлмөр эрхлэж тогтмол цалин орлоготой байсан болохоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотолж байх ч уг үл хөдлөх хөрөнгийг авахад 8,000,000-9,000,000 төгрөг оруулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаанд дундаа хамтран эзэмшиж, ашиглаж байсан үл хөдлөх хөрөнгийг бий болгоход оруулсан хувь хэмжээгээр өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй ч хэн нь хэдэн төгрөг оруулсанаа нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1.-д зааснаар тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж үзэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, зохигчид таарамжгүй харилцааны улмаас одоо тус тусдаа амьдарч байгаа ч хамтран амьдрах 13 жилийн хугацаанд нэг санаа сэтгэлтэй, хэн хэн нь ажил хөдөлмөр эрхлэн, бие биеэ тэжээн тэтгэж ирсэнийг үгүйсгэх боломжгүй юм.

8.Хариуцагч М.С нэхэмжлэгч Д.Тээс тусдаа амьдрах болсон хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийг гэрч П.Од 15,000,000 төгрөгөөр худалдахаар 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000825112 дугаар гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000651075 дугаар гэрчилгээгээр нотлогдсон.

Иймд анхан шатны шүүх “...Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал, Шинэ хороо 1 дүгээр гудамж, 05 тоот хаягт байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр худалдан худалдан авах гэрээгээр П.Оын өмчлөлд шилжүүлэн өгснөөр маргааны зүйл гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд хариу төлбөртэйгээр шилжсэн, М.Сн өмчлөх эрх дуусгавар болжээ...” гэсэн үндэслэлээр хариуцагч М.Сгаас 41,910,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгосон нь үндэслэл бүхий болжээ.

Харин нэхэмжлэгч Д.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 105,765,000 төгрөг шаардсан байхад нэхэмжлэлээс 61,855,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 41,910,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 367,500 төгрөг байхад 437,700 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан байгаа тул 63,855,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамж 367,500 төгрөгийг хариуцагч М.Сгаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 9.Хариуцагч М.С, өмгөөлөгч Д.О нарын гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 367,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2023/00332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т...” гэснийг "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т" гэж,

2 дахь заалтын "...61,855,000 төгрөг..." гэснийг "...63,855,000 /жаран гурван сая найман зуун тавин таван мянган/ төгрөг..." гэж,

4 дэх заалтын "...437,700 төгрөг..." гэснийг "...367,500 /гурван зуун жаран долоон мянга таван зуун/ төгрөг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.С, өмгөөлөгч Д.О нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч М.С, өмгөөлөгч Д.О нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,450 /гурван зуун жаран долоон мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

       ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

 

                                                                                         З.ТҮВШИНТӨГС