Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 242

 

 

 

 

 

 

 

 

    2019        02          11                                   242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч М.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Я.Х, А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цахар овогт Я.Х, Бүргэд овогт А.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09808 0141 дүгээр хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн эдийн засаг менежментийн 2 дугаар курсэд суралцдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн 32-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Цахар овогт Я.Х. /регистрийн ЖЙ99111812 дугаартай/,

Монгол улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн 37-14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Бүргэд овогт А.С. /регистрийн ЖИ00290411 дугаартай/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Я.Х нь 2018 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны 117 тоот өрөөнд Э.Эрдэнэбаярын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Шүүгдэгч А.С нь 2018 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны 117 тоот өрөөнд Э.Эрдэнэбаярын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.С, Я.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч А.С, Я.Х нар нь хохирогч Э.Эрдэнэбаярын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Э.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 12 дугаар сарын 08-нд дотуур байрны 104 тоот өрөөнд байж байхад А.С манай өрөөнд орж ирээд Намсрайг асууж орж ирсэн, тухайн үед Намсрай байгаагүй. Тэгсэн А.С намайг шууд босоод зогс гэж хэлээд гэнэт цохиж зодож эхэлсэн. Тухайн үед А.С намайг миний нүүрэн тус газар гараа атгаж байгаад цохиж зодсон. Ямар учраас намайг цохиж зодсоныг мэдэхгүй байна. Дараа нь А.Сыг гараад явсны дараа 104 тоотын Я.Х гэгч орж ирээд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиж зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 37 тал/,

 

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун шанаа хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн зэрэгт, баруун, зүүн завжид язралт гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараар цохиж болон алгадах аль алинд нь үүсгэгдэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай:

Э.Эрдэнэбаярын биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун зүүн завжид язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 12 тал/,

 

Шүүгдэгч А.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Шүүгдэгч Я.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч А.С, Я.Х урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44, 56 тал/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-34 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрсдийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.С, Я.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.С, Я.Х нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Иймд шүүгдэгч А.С, Я.Х нар иргэн Э.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Э.Эрдэнэбаяр нь 675.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба ..................................... авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд заасан цагаар хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бүргэд овогт А.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

      Шүүгдэгч Цахар овогт Я.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Я.Х нарыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, А.Хангал нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.С, Я.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С, Я.Х нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ