Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

2019         4             16                                              ДШМ/2019/343

 

 

                                                     А.С-, Я.Х- нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Я.Х-, А.С-, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Атарболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.С-, Я.Х- нарын өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.С-, Я.Х- нарт холбогдох эрүүгийн 1806098080141 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ....... овгийн Я.Х, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ..., .... нарын хамт ..... аймгийн .... сумын ... дүгээр багийн ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

2. .... овгийн А.С, 2... оны .. дүгээр сарын ..-ний өдөр . ...аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .........., эцэг, эх, дүү нарын хамт ........ аймгийн ........ сумын ... дүгээр багийн....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Я.Х- нь 2018 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны 117 тоот өрөөнд Э.Э-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.С- нь 2018 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны 117 тоот өрөөнд Э.Э-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.С-, Я.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... овгийн А.С,..... овгийн Я.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-, Я.Х- нарыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.С-, Я.Х- нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-, Я.Х- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.С-, Я.Х- нарын өмгөөлөгч Ч.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.С- нь Үндэсний батлан хамгаалахын их сургуульд  суралцдаг бөгөөд тус сургуулийн хичээл нь өглөөний 08:00 цагт эхлэн 19:00 цагт дуусдаг бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан, сурч боловсрох эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсэх бөгөөд мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дуудсан цагт хичээлтэй учраас хүрэлцэн очих боломжгүй байдал үүсч байна. Дуудсан цагт ирээгүй тохиолдолд шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар сольж эдлүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг улам дордуулах болно.

Я.Х- нь Зэвсэгт хүчний дугаар ангид ажилд орох хүсэлт өгөн сургалтад хамрагдаж байгаа бөгөөд хариугаа хүлээж байгаа болно. Холбогдох хуулийн дагуу түүний тушаал нь гарвал шүүхээр оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн гүйцэтгэх боломжгүй болж мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудсан үед ирээгүй тохиолдолд шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар сольж эдлүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг мөн дордуулна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, А.С-, Я.Х- нар нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Я.Х- “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч А.С- “тус шүүх хуралдаанд хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Прокурор М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж шударга ёсны зарчмыг тодорхойлсон байдаг. А.С- нь Үндэсний батлан хамгаалахын их сургуульд сурдаг, Я.Х- нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Өөрийн гэсэн тогтсон орлогогүй болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Өөрсдийн гэсэн тогтсон орлогогүй, торгох ялыг биелүүлэх бодит боломжгүй А.С-, Я.Х- нарт торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, харин бусад хүнд тухайлбал, гэр бүлийнхэнд нь эрүүгийн хариуцлагыг халдаан хэрэглэх нөхцөл байдал үүсч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим алдагдахад хүрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.С- нь 2018 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 00 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны 117 тоот өрөөнд Э.Э-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

“Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай дотуур байрныхан шинэ жил болох гээд коридорыг чимэглэж байгаад 00 цаг өнгөрч байхад дууссан. Тэгээд өрөөндөө ороод хоол идэж байсан чинь уг байрны 104 тоотын С Н-г асууж орж ирсэн. Тухайн үед Н байгаагүй. Тэгсэн С намайг шууд босоод зогс гэж хэлээд гэнэт цохиж зодож эхэлсэн. ...” гэсэн хохирогч Э.Э-ын мэдүүлэг /хх 7/,

“Э.Э-ын биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун, зүүн завжинд язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /хх 12/,

“Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 00 цагийн үед дотуур байрны 117 тоотын хөлдөөгчинд хадгалуулсан махаа авч хоол хийх гээд орсон чинь Э ганцаараа чихэвчээрээ юм сонсоод сууж байхаар нь “хөлдөөгчнөөс махаа авъя” гэж хэлсэн чинь намайг харсан хэрнээ тоохгүй үг дуугарахгүй байхаар нь очоод “би юм асуугаад байгаа юм биш үү” гэж хэлээд маргалдаад би түүний нүүрэн тус газар нь 3, 4 удаа алгадаж, гараа атгаж байгаад 2, 3 удаа цохисон. ...” гэсэн шүүгдэгч А.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 46/ зэргээр;

Шүүгдэгч Я.Х- нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 00 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны 117 тоот өрөөнд Э.Э-ын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

“...Дараа нь Содбаярыг гараад явсны дараа 104 тоотын оюутан Хангал гэгч орж ирээд миний нүүрэн тус газар 2, 3 удаа цохиж зодсон” /хх 8/, “С нь миний 2 шанаан тус газар баруун, зүүн гараараа цохиж зодох үед “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун зүүн завжинд язралт”, Х нь миний баруун, зүүн шанаа тус газар 3, 4 удаа алгадах үед “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг учруулсан. Харин “баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Х, С нарт зодуулсны улмаас үүссэн гэмтэл байна. Тэд намайг бүлэглэж зодоогүй” гэсэн хохирогч Э.Э-ын мэдүүлэг /хх 7, 60/,

шинжээч эмч Ц.Н-ийн “Баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн зэрэгт, баруун, зүүн завжинд язралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хоёр ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараа цохих болон алгадах аль алинд нь үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх 39/,

“Э.Э-ын биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доор зовхинд цус хуралт, баруун, зүүн завьжинд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /хх 12/,

“Би Э.Э-ын нүүрэн тус газар 2 удаа алгадсан” гэх Я.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 52-54/ зэргээр тус тус тогтоогджээ.  

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба нэг хохирогчтой боловч тус бүрдээ эхлэл төгсгөлтэй бие даасан гэмт хэргүүд байна.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.А-оос “Шүүгдэгч А.С- нь Батлан хамгаалах их сургуулийн сонсогч, шүүгдэгч Я.Х- нь Зэвсэгт хүчний дугаар ангид ажилладаг нөхцөл байдлуудыг харгалзаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нарын суралцаж байгаа сургууль, ажиллаж байгаа байгууллагын онцлогийг тус тус харгалзаж, өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаарх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзаж, тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-, Я.Х- нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-, Я.Х- нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурьдсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С-, Я.Х- нарын өмгөөлөгч Ч.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ