| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2016/00080/И |
| Дугаар | 212/МА2016/00007 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 212/МА2016/00007
О.Мын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр шийдвэртэй, У овогт Он Мын нэхэмжлэлтэй, тус аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн төлөөлөгч Р.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс цалингийн зөрүү 1919088 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2007 оноос англи хэлний багшаар ажиллаж байна. 4 хүүхэдтэй, бага хүү 1 нас 8 сартай. Намайг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн англи хэлний багшаар томилсон боловч 11 дүгээр сарын цалин гаргахдаа цагийн багшийн цалингаар тооцож 96000, 12 дугаар сард 180000 төгрөгийн цалин хөлс олгосон. Иймд 2015 оны 11 дүгээр сард миний цалинг 394000 төгрөг, 12 дугаар сард 310000 төгрөгөөр тус тус дутуу гаргаж намайг 704000 төгрөгөөр хохироосон. Хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын цалин 394000 төгрөг, 12 дугаар сарын цалин 310000 төгрөг бүгд 704000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2015 оны 11 дүгээр сарын цалингийн зөрүү 381000 төгрөг, 12 дугаар сарын цалингийн зөрүү 216000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын цалингийн зөрүү 450000 төгрөг, 2 дугаар сарын цалингийн зөрүү 302800 төгрөг, нийт 1349000 төгрөг гаргуулж өгнө үү. ... нэхэмжлэлийн шаардлагыг 2 дахь удаагаа ихэсгэж, хариуцагчаас 1919088 төгрөг гаргуулж өгөхийг хүсч байна. гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий эрдмийн 20, мэргэжлийн 46 багштай сургалтын үйл ажиллагаа явуулсан. 2014 онд 954 сурагчтай байсан. 2015-2016 оны хичээлийн жилд элсэлт багасч, 809 хүүхэд суралцаж байна. Нэг багшид 15-18 сурагчаар дундаж төсвийн коэффициентийг тооцож өгсөн. Үүнд, а) 809/15=53,9 б) 809/18=44 гэсэн үг. Сургалтыг кредитээр тооцох Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар тушаал, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/258 дугаар тушаалаар баталсан журмын дагуу багшийн ажлын нормыг тооцдог. О.М багш 45х=765-774 цагийн гүйцэтгэлтэй байж үндсэн багш болох ёстой. О.Мад 414 цаг ноогдож байгаа. О.М багшаас гадна 6 багш цагийн багш болж байгаа учраас зохицуулалт хийж түүнийг үндсэн багш болгох боломжгүй. Нэхэмжлэлд хавсаргасан 96 тоот тушаал албан ёсны биш болох нь 2015 оны 73 дугаар тушаал, бүтэц, орон тоог батлах тухай 78 дугаар тушаалаар тус тус батлагдана. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаар шийдвэрээр:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар нэхэмжлэгч О.Мын Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс цалингийн зөрүү 1919028 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Мын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62315 төгрөгийг улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 16661 төгрөгийг төрийн сангийн Х банкин дахь 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч О.Мад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай тушаал хүчингүй болох нь нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн.
Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тушаалыг нэхэмжлэгч О.М Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бичиг хэргийн ажилтнаас албан ёсоор гардаж авсан. Тушаалыг гардаж авсны дараа уг тушаалыг алдаатай гарсан, буцааж авч ирж өг гэж хэлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байгаа.
Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гардуулж өгсөн тушаалыг сүүлд нөхөж гаргасан хуурамч тушаал гэж үзэж байна. Захирал Р.Г шүүхэд О.Мын дутуу 90 цагийг бусад багш нарын цагаас авч үндсэн багшаар ажиллуулах оролдлого хийж байсан гэж тайлбарлаж байгаа нь түүнийг үндсэн багшаар томилсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Шүүх О.Мыг цагийг багш болгосноор хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийх талаар Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулалт хийгдээгүй болно гэж дүгнэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил олгогч ажилтантай зөвшилцөлгүйгээр дур мэдэн тушаал гаргаж О.Мыг цагийн багш болгож, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны эрх ашгийг ноцтой зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: О.Мын нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болохыг тодорхой заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг шүүхээс тодруулаагүй, хэрэгт авагдсан зарим баримтууд хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүхээс үнэлсэн зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн учраас шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.
1. Нэхэмжлэгч О.М нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын цалингийн зөрүү 394000 төгрөг, 12 дугаар сарын цалингийн зөрүү 310000 төгрөг, нийт 704000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч[1] нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж[2], 2015 оны 11 дүгээр сарын цалингийн зөрүү 381000 төгрөг, 12 дугаар сарын цалингийн зөрүү 216000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын цалингийн зөрүү 450000 төгрөг, 02 дугаар сарын цалингийн зөрүү 302800 төгрөг, нийт 1349000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаарджээ.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2 дахь удаа ихэсгэж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 1919088 төгрөг гаргуулахыг хүссэн ба уг шаардлагын агуулгыг /2016 оны хэддүгээр сарын цалингийн зөрүүг нэмж нэхэмжилсэн эсэх/ шүүхээс тодруулаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн 2 дахь удаагаа ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын төлөөлөгчид гардуулж, түүнд уг шаардлагын талаар тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх, уг шаардлагыг үгүйсгэх боломж хугацаа олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2.-т заасан журмыг, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-т заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг тус тус зөрчсөн байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас нийт 1919088 төгрөгийн цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжилсэн ба улсын тэмдэгтийн хураамжид нийт 62315 төгрөг төлж байсныг тэмдэглэх нь зүйтэй.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 624 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс О.Мын 2015 оны 10, 11, 12 дугаар сарууд, 2016 оны 1, 2 дугаар сарын цалингийн хүснэгтийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүгчийн захирамжийн дагуу хэргийн 60-94 дүгээр талд авагдсан санхүүгийн баримтуудыг хариуцагчаас гаргаж өгчээ. Гэтэл уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан шаардлагыг хангаагүй буюу хэргийн оролцогчийн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсаныг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу, шүүхийн журмаар хариуцагчаас гаргуулсан дээрх нотлох баримтуудыг шүүх хуульд заасан шаардлагыг хангуулж хэрэгт аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй атлаа нэхэмжлэгчийг цалин хөлсөө дутуу авсан талаар нарийн тооцоололгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.-т заасан журамд нийцээгүй.
Иймд дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэж, залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62315 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгчид буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62315 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч О.Мад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
С.ӨМИРБЕК