Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 0021

 

 

                                            

 

 

 

                                        

 

 

                                            Б.Алтанбаганад холбогдох эрүүгийн

                                                               хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2016/0090/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

Прокурор                                                  Г.Эсэн

            Ялтны өмгөөлөгч                                     П.Ган-Очир

            Нарийн бичгийн дарга                            Э.Цэнгүүн нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Алтанбаганад холбогдох 201606000240 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Алтанбаганы давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Архнайхан овогт Балжиннямын Алтанбагана, 1967 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Б хэсгийн 2-10 тоотод оршин суух, “Булган” зочид буудалд үйлчлэгч ажилтай, ял шийтгэлгүй, ГМ67102107 регистрийн дугаартай.

Б.Алтанбагана нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах “Булган” зочид буудлын гадна өөрийн төрсөн эгч Б.Алтанзагасыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор:

Архнайхан овогт Балжиннямын Алтанбаганыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Б.Алтанбаганыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Б.Алтанбагана нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.Алтанбагана нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Алтанбаганаас 53.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Алтанзагасд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтанбаганад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

     Шүүгдэгч Б.Алтанбагана давж заалдах гомдолдoo: “...Анхан шатны шүүхээр  960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Миний бие төрсөн эгч Алтанзагастай сайн дурын үндсэн дээр эвлэрч Эрдэнэтэд өөрийн биеэр орж хохирлын мөнгө 70.000 төгрөгийг эгч Алтанзагаст өгсөн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…Шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэнтэй холбогдуулан гаргах саналгүй, татгалзах зүйл байхгүй... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд

Архнайхан овогт Балжиннямын Алтанбагана нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлалтай “Булган” зочид буудал дотор өөрийн төрсөн эгч Б.Алтанзагастай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зочид буудлаас чирч гаргах явцдаа бие махбодид нь “...зүүн 2,3,4-р хуруунд эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

хохирогч Б.Алтанзагасын мэдүүлэг /хх 6-7/, гэрч З.Хулганаагийн “... та хоёр боль гэхэд Б.Алтанбагана тэр хүүхнийг гарнаас нь татаад буудлаас гадагшаа гарсан...би салгасан ... Алтанбагана буудлаас гаргахдаа тэр эмэгтэйн аль билээ гарнаас нь татаж гаргахдаа эсгүй гэмтээсэн байх ...” гэх мэдүүлэг /хх-9/,  шүүгдэгч Б.Алтанбаганы хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг /хх 17/, 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 297 тоот “Б.Алтанзагасын биед зүүн 2, 3, 4-р хуруунд эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 12/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв байна.

Б.Алтанбагана нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Алтанзагас нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн баримт /хх-54/-ыг давж заалдах шатны шүүхэд гомдлын хамт хавсарган ирүүлжээ.

Иймд Б.Алтанбаганы “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр Б.Алтанбаганыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3, 323 дугаар зүйлийн 323.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Алтанбаганыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Б.Алтанбаганад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

                                  ШҮҮГЧИД                                   З.ХОСБАЯР        

     

                                                                                  С.УРАНЧИМЭГ