Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/0018

 

                   “У и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                  МХЕГ-т холбогдох захиргааны

                               хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                       Х.Батсүрэн

Шүүгчид:                                         М.Батсуурь

                                                            Д.Мөнхтуяа

                                                            П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 128/ШШ2021/0573  дугаар шийдвэр, 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны 668 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г нарын гаргасан гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шайрийбуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “У и” ХХК-иас “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092/43 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1 Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, “У и” ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос МХЕГ-т гаргасан “... “У и” ХХК нь  байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж хууль зөрчиж байгааг шалгуулах тухай” гомдол, хүсэлтийг үндэслэн тус газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092/43 дугаар албан шаардлагыг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн.  

2.2 Уг албан шаардлагаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг; ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалууд хуулийн зүйл заалтыг бүрэн тусгаагүй нь Хөдөлмөрийн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дахь заалтыг; маргаан таслах комиссыг байгуулж ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх заалтыг; аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн харилцаанд хийх дотоод хяналтыг зохион байгуулж ажиллуулаагүй нь Засгийн газрын 311 дүгээр тогтоолын холбогдох заалтыг тус тус зөрчсөн зөрчил илэрсэн болохыг дурдаж, дараах шаардлага буюу 1. байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажилчидтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт буюу өөрчлөлтийг хийх; 2. ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалуудыг хуулийн зүйл заалттай бүрэн нийцүүлэх; 3. маргаан таслах комиссыг Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм”-ийг үндэслэж байгуулж ажиллуулах; 4. аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн харилцаанд хийх дотоодын хяналтыг зохион байгуулж ажиллуулахыг шаардаж, шаардлагын хариуг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний дотор ирүүлэхийг мэдэгдсэн.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

3.1  “…Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж заасан. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болно хэмээн хуулиар тусгайлан зөвшөөрсөн байдаг. Тус компанийн ажиллах хүчний шаардлага нь төслийн үе шатуудтай шууд холбоотой, түүнээс бүрэн хамааралтай байдгаас гадна “О т” ХХК-ийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлагаас хамаардаг. Манай компани “О т” ХХК-тай хугацаатай гэрээ байгуулсан тул бид төслийн тодорхой үе шатанд шаардагдах ажил үүргийг гүйцэтгэх түр ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Иймд компани нь дээр дурдсан үндэслэлийн дагуу гагцхүү түр ажлын байранд ажиллаж буй зарим ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд хуульд бүрэн нийцсэн хэмээн үзэж байна.

3.2  ... Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйл нь хөдөлмөрийн дотоод журамтай холбоотой асуудлыг зохицуулсан байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудалд огт хамааралгүй заалт юм. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын хэлбэр, агуулга, тэдгээрт тавигдах шаардлагыг тогтоосон зохицуулалт Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид байхгүй. Компанийн гаргасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах тухай аливаа тушаал нь тушаал гаргах үндэслэл болсон холбогдох хуулийн заалтуудтай бүрэн нийцсэн байдаг.

3.3 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл гомдолд заасан асуудал, түүний дагуу гаргасан удирдамжийн хүрээнд хийдэг. ... МХЕГ- хяналт шалгалтаар гомдолд дурдаагүй, маргаангүй, хамааралгүй асуудлаар хяналт шалгалт хийгээд зогсохгүй, тэдгээрт дүгнэлт өгч албан шаардлага хүргүүлснийг компанийн зүгээс хуульд нийцээгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч С.Б: “… Уг хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 4.6 кодтой хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудсаар хяналт шалгалтыг хийхэд тус компанид зөрчил дутагдлууд илэрч зөрчлийг арилгуулахаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №01-06-092/43 тоот албан шаардлагыг гаргаж хүргүүлсэн. “У и” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бүх ажилчид  нь ажил олгогчийн заасан ажлын байранд, тэдгээрээс тогтоосон горимын дагуу, ажил олгогчоос олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр тэдгээрийн удирдлагын дор батлагдсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч байгаа нь ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил олгогчийн тушаал шийдвэр болон бусад эрх зүйн баримтаар нотлогдож байгаа тул байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1 заалтыг зөрчсөн” гэжээ.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2021/0573 дугаар шийдвэрээр:

5.1 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 52 дугаар зүйлийн 52.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092/43 дугаар албан шаардлагыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин захиргааны шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч МХЕГ- нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092/43 дугаар албан шаардлага хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.2 Уг шийдвэрийг гаргахдаа дараах дүгнэлтийг хийсэн:

5.2.1 “...нэхэмжлэгч компани нь байнгын ажлын байранд ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хэрэгцээ, шаардлага байсан эсэх, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахдаа ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсон эсэх, мөн нэхэмжлэгч компани нь “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-тай эсэх, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажилладаг эсэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал ...” гэж дүгнэлт хийж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаар магадлалаар:  

6.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2021/0573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092/43 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж  өөрчилсөн байна.

6.2 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүд хийсэн:

6.2.1 Анхан шатны шүүх “... хариуцагч нь 261 ажилтны хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан шалтгаан нөхцөл, харилцан тохиролцсон эсэхийг бүгдийг үзээгүй, ... тус компани нь байнгын ажлын байранд ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хэрэгцээ шаардлага байгаа эсэх, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахдаа ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсон эсэхийг тодруулах”-аар маргаан бүхий актыг дахин акт гартал түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.

6.2.2 “... хэрэгт авагдсан байнгын ажлын байранд нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээнүүдэд ямар шалтгаанаар төслийн хугацаанаас бага нэг жилийн хугацаатай байгуулах болсон үндэслэл шаардлага тодорхойгүй, ажилтан тус бүрийн ажил, үүрэг ямар хугацаанд дуусгавар болохыг заагаагүй, нийтлэг байдлаар байнгын ажлын байранд ажиллах ажилтнуудтай нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх тул ажилтан тус бүртэй ажлын онцлогт нь тохируулж харилцан тохиролцон “хугацаатай” гэрээ байгуулсан гэж үзэхээргүй байна.

6.2.3 “... хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг сунгахгүй ажилтнуудын эрх, ашиг хохирч байгаа талаар шалгуулахыг хүссэнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээг байгуулах, нийтлэг байдлаар холбогдох хуулийн заалтыг мөрдөх, гэрээнээс үүдсэн маргааныг шийдвэрлэх процесс зэрэгтэй холбоотой Хөдөлмөрийн хуулийн заалтыг мөрдөж байгаа эсэхийг хянан шалгасныг гомдлын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээргүй байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г нарын хяналтын журмаар гомдол гаргасан гомдлыг 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр  шийдвэрлэсэн.

8. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

8.1.2 “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 128/ШШ2021/0573 шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 23.2 дахь хэсгийн агуулгыг “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулах эсхүл “төслийн хугацаагаар байгуулах” гэж тайлбарлан хэргийг шийдсэн.

8.1.3 “... компани ажилтнуудтайгаа байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний талаар анхан шатны шүүх ... Хөдөлмөрийн тухай 23.2.2-т заасны дагуу талууд харилцан тохиролцсоноор хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх асуудлаар дараах дүгнэлтийг хийсэн нь хуулийг илтэд буруу тайлбарлан, зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.              Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс компани нь хэдийгээр төсөл хэрэгжүүлэгч боловч тодорхой шалтгаангүй бол байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй байсан бөгөөд тус “хугацаагүй” хөдөлмөрийн гэрээ нь ажил үүрэг дуусгавар болсноор хөдөлмөрийн гэрээ мөн адил дуусгавар болно гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн.

  8.1.4 Иймд компаний ажилтнуудтайгаа байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь хууль зөрчөөгүй талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байсаар байтал давж заалдах шатны шүүхээс иргэний эрх зүйн асуудалд хамаарах хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй, хөдөлмөрийн гэрээг төсөл хэрэгжих хугацаагаар байгуулах ёстой байсан хэмээн дүгнэсэн төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

8.1.5 ... Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албан шаардлагыг ямар баримт бичигт үндэслэн гаргасан нь тодорхой бус процессийн илэрхий алдаа гарсан байтал давж заалдах шатны шүүхээс хяналт шалгалт нь хуульд нийцсэн бөгөөд компаний хууль ёсны эрх зөрчигдөөгүй талаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

8.1.6 Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, мөн захиргааны хэргийн шүүхийн хяналтын зүйлд хамаарахгүй иргэний эрх зүйн гэрээнд хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан гэж үзэж байна” гэжээ.

8.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

8.2.1 “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэж үзэж байна.

8.2.2 Хавтаст хэрэгт авагдсан нэг жилийн хугацаатай байгуулсан 34 хөдөлмөрийн гэрээтэй холбоотой хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тухайн хөдөлмөрийн гэрээнүүдийг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т заасныг зөрчөөгүй болохыг нэгэнт тогтоосон байхад Давж заалдах шатны шүүх дахин нотлох оролдлого хийснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

8.2.3 Шалгалтын тэмдэглэл, хариуцагч С.Б-ийн тухайн өдөр шалгалт хийснийг нотлох хамгийн гол баримт бичиг, нөгөө талаас маргаж буй захиргааны актыг хууль ёсны гэж үзэх хамгийн гол шалгуур юм. Үүнийг Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэжээ.

9. Хэргийн бусад оролцогчийн байр суурь:

9.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

9.2 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б хяналтын шатны шүүх хуралдаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх байр суурьтай оролцсон.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

11. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл /-ийг/, ... үндэслэн хийх”-ээр заасны дагуу Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас ирүүлсэн “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж  хууль  зөрчиж байгааг шалгуулах тухай” гомдол, хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01-06092/43 дугаар “Албан шаардлага”-ыг нэхэмжлэгч “У и” ХХК-д хүргүүлсэн; нэхэмжлэгчээс уг “албан шаардлага”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг “... хууль зөрчсөн, ... шүүхийн онцгой харьяалал, мөн хөдөлмөрийн харилцаан дахь Компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр гаргажээ.

12. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг тодорхойлсон, үүнд 5.7, 5.9-д заасны дагуу хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэх бөгөөд шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал, дүгнэлт болон шалгуулагч этгээдийн санал, хүсэлтийг тусгасан шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэж, нэгийг шалгуулагч этгээдэд өгөхөөр тусгайлан журамласан  байна.

13. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас МХЕГ-т хандаж гаргасан гомдолд “... “У и” ХХК нь 2019 онд 419 ажлын байр баталсан боловч 333-д хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар дурдаж, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хууль зөрчдөг асуудлыг шалгаж өгөх”-ийг хүссэн; хяналт шалгалтын  удирдамжид  “нийт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шалгах”-аар заасан; хариуцагч нь шалгалтын хүрээнд 41 ажилтны хувийн хэргийг /хэрэгт нотлох баримтаар хавсаргасан/ авч үзсэн ба шалгалтын явцад тэмдэглэл үйлдээгүй байна.

14. Дээрх баримтуудын хүрээнд улсын байцаагчийн “Албан шаардлага”-ын хууль зүйн үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт өгөх боломжгүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй  талаар дурдаж шүүхээс гаргах шийдвэрийн төрөл болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасныг хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

15. Өөрөөр хэлбэл, “У и” ХХК-ийн 2019 онд баталсан “ажлын байр”-ны  хэд  нь “байнгын”, хэд нь “түр”, үүнийг ямар шалгуураар тогтоосон,  “байнгын ажлын байранд” хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үндэслэл шаардлага нь юу болох, эдгээрийг холбогдох гэрээнд хэрхэн тодорхойлсон, шалгалтаар авч үзсэн /39 гэрээ/ гэх гэрээнүүдэд холбогдуулан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан хэдэн тохиолдол гарсан, харилцан тохирсон нэрийн дор “хугацаатай” гэрээ байгуулдаг гэх гомдол үндэслэлтэй эсэхийг хяналт шалгалтын удирдамжид заасны дагуу бүрэн гүйцэд  шалгаж, тогтоосны үндсэн дээр захиргааны шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмаар гаргах нь зүйтэй юм.

16. Шүүхийн уг шийдвэрт нэхэмжлэгчээс “хэргийн нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдож байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангуулахаар давж заалдах журмаар гомдол гаргасан,  харин хариуцагч  уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.

17. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн уг гомдлоор хэргийг хянахдаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан “шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...” -аар заасныг зөрчсөнөөс гадна нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг гаргахдаа, хяналт шалгалтаар тогтоогоогүй бөгөөд “Албан шаардлага”-ын үндэслэл болоогүй “хугацаатай гэрээг төсөл хэрэгжих хугацаанаас богино хугацаагаар байгуулсан” гэх дүгнэлтэд үндэслэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ.

18. Иймээс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын энэ үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

19. Түүнчлэн, хариуцагч нь захиргааны шийдвэрийг дахин гаргахдаа дараах асуудлыг анхаарвал зохино.

20. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтоох”-оор, холбогдох хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан  Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д “хөдөлмөрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулна”, 140.2-т “хөдөлмөрийн улсын хяналтын үйл ажиллагааг хөдөлмөрийн улсын хяналтын дүрмээр зохицуулна”, 140.3-т “хөдөлмөрийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална” гэж  тус тус заасан,  Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”-ийн Хоёр-ын 2.7-д хөдөлмөрийн улсын хяналтын чиглэлийг тодорхойлсон байна.

21. Үүний  2.7.3-т “хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажил гүйцэтгэх, дуусгавар болох, цуцлах болон хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны шийдвэрлэлтэд хяналт тавих” гэж зааснаас үзвэл, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах харилцаанд ажил олгогчоос Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөдөлмөрийн хяналтын   улсын байцаагч хяналт тавих эрхтэй ч Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль дахь “гэрээний чөлөөт байдал”-ын хууль зүйн ойлголтыг анхаарч, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

22. Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2021/0573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

          ШҮҮГЧИД                                                                    М.БАТСУУРЬ

                                                                                       Д.МӨНХТУЯА

                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ                   

ИЛТГЭГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Ч.ТУНГАЛАГ