Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0573

 

 

 

 

 

 

2021 09 06 128/ШШ2021/0573

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.И ХХК,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092... дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ба,, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.И ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 03 сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль (2009)-ийн хэрэгжилттэй холбоотойгоор Компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтыг хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б******* хийсэн ба улмаар №01-06-092... тоот албан шаардлага (Албан шаардлага), №4.6 Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудсыг 2020 оны 03 сарын 05-ны өдөр компанид хүргүүлсэн. Албан шаардлагад дараах зөрчил дутагдлыг тогтоосон гэсэн байна. Үүнд:

1. Ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг;

2. Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалууд хуулийн зүйл заалтыг бүрэн тусгаагүй нь Хөдөлмөрийн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дахь заалтыг;

3. Маргаан таслах комиссыг байгуулж ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх заалтыг;

4. Аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн харилцаанд хийх дотоод хяналтыг зохион байгуулж ажиллуулаагүй нь Засгийн газрын 311 дүгээр тогтоолын холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэжээ.

Хяналт шалгалтын явцад тогтоосон зөрчил, албан шаардлагад дурдсан шаардлагууд нь холбогдох хууль тогтоомжтой нийцээгүй, компанийн бодит нөхцөл байдал, бизнесийн үйл ажиллагааны онцлогийг харгалзаж үзээгүйгээс гадна хөдөлмөрийн харилцаан дахь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн тухайд. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Хөдөлмөрийн тухай хуулийн 21.7 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.7 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох тухай тусгаснаас бусдаар хугацаатай гэрээний зохицуулалттай огт хамааралгүй зохицуулалт юм. Тус компанид талууд гарын үсэг зураагүй ямар ч хөдөлмөрийн гэрээ байдаггүй. Иймээс албан шаардлагад Хөдөлмөрийн хуулийн 21.7 дахь заалтыг ишилсэн нь дээрх асуудалд огт хамааралгүй хуулийн зохицуулалт юм. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно хэмээн хуулиар тусгайлан зөвшөөрсөн байдаг. Манай Компани Монгол Улсад гагцхүү Оюу Толгой ХХК (ОТ)-д гэрээний дагуу үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ОТ ХХК-с өөр үйлчлүүлэгч байхгүй. Тус компанийн ажиллах хүчний шаардлага нь Төслийн үе шатуудтай шууд холбоотой, түүнээс бүрэн хамааралтай байдгаас гадна ОТ ХХК-ийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлагаас хамаардаг. Манай компани О******* хугацаатай гэрээ байгуулсан тул бид Төслийн тодорхой үе шатанд шаардагдах ажил үүргийг гүйцэтгэх түр ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг.

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал Хөдөлмөрийн хууль зөрчсөн тухайд. Хөдөлмөрийн хуулийн 130 дугаар зүйл нь хөдөлмөрийн дотоод журамтай холбоотой асуудлыг зохицуулсан байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудалд огт хамааралгүй заалт юм. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын хэлбэр, агуулга, тэдгээрт тавигдах шаардлагыг тогтоосон зохицуулалт Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид байхгүй. Тушаал яг ийм тийм байх ёстой гэж хатуу тогтоосон загвар, стандарт ч байдаггүй атал хуулийн огт хамааралгүй заалтыг үндэслэн компанийн гүйцэтгэх захирлын гаргасан тушаалыг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зүйд нийцэхгүй байна. Ажил олгогчоос гаргасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаал нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шүүхийн онцгой харьяаллын маргаанд хамаардаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалтай холбоотой аливаа маргаан, асуудлыг гагцхүү Монгол Улсын шүүх харьяалан шийдвэрлэхээр Хөдөлмөрийн хуульд тусгайлан заасан. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шүүхийн онцгой харьяаллын асуудлыг хөндөж, түүнд дүгнэлт гаргасан нь хууль болон шүүхийн онцгой харьяаллыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хяналт шалгалтын хамрах хүрээг зөрчсөн тухай, Хяналт шалгалтын Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан 2020 оны 02 сарын 05-ны өдрийн №35 тоот гомдолд үндэслэсэн байдаг. Тус гомдолд (а) Компани байнгын ажлын байранд ажилтантай хугацаатай гэрээ байгуулдаг; мөн (b) хөдөлмөрийн гэрээгээ хугацаагүй болгуулах санал гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгуулах талаар хүсэлт тавьсан ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг сунгахгүй ажлаас халах зэргээр ажилтнуудын эрх ашгийг хохироож байгаа зэрэг асуудлыг шалгаж өгөхийг хүссэн байдаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар аас гомдолд дурдаагүй (а) маргаан таслах комисс байгуулаагүй; болон (b) хөдөлмөрийн харилцаанд хийх дотоод хяналтыг зохион байгуулж ажиллуулаагүй зэрэг асуудлыг шалгаж дүгнэлт гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл болсон Гомдолд заасан асуудал, түүний дагуу гаргасан удирдамжийн хүрээнд хийдэг. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалтаар гомдолд дурдаагүй, маргаангүй, хамааралгүй асуудлаар хяналт шалгалт хийгээд зогсохгүй, тэдгээрт дүгнэлт өгч албан шаардлага хүргүүлснийг Компанийн зүгээс хуульд нийцээгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн, манай ажилтнуудын зүгээс дээрх асуудлаар (маргаан таслах комисс байгуулаагүй, хөдөлмөрийн харилцаанд хийх дотоод хяналтыг зохион байгуулж ажиллуулаагүй) аливаа гомдол, маргаан гаргаж байгаагүй болохыг Компанийн зүгээс дурдахыг хүсэж байна. Иймээс Албан шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн илрүүлсэн гэх зөрчил болон түүнийг тогтоосон гэх зөрчилд хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй зүйлүүд байна. ... Ийм байхад албан шаардлагын толгой хэсэг нь хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаагүй байгуулсан нь зөрчил байна гэсэн. Энэ нь агуулга болон хэлбэрийн хувьд зөрчил гарч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр хүмүүсийг ажлаас халсан. Тэдгээр хүмүүс нь шүүхэд хандсан шүүх шийдэхдээ төсөлд ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хуульд зааснаар байнгын ажлын байр гэж үзэх боловч шууд ажлын байранд хугацаагүй ажиллах бодит боломжгүй тул байнгын ажлын байр дээрх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзсэн. Эдгээр шүүхийн шийдвэр нь хавтаст хэрэгт авагдсан ба нотлох баримт шинжлэн судлахад гарч ирэх байх. Уг шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамж, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, У.И ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн өргөдлийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Ба.... миний бие 2020 оны 03 сарын 02-ны өдөр У.И ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн болно. Уг хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 4.6 кодтой Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас-аар хяналт шалгалтыг хийхэд тус компанид зөрчил дутагдлууд илэрч зөрчлийг арилгуулахаар 2020 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 01-06-092/43 тоот албан шаардлагыг гаргаж хүргүүлсэн билээ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Өргөдөл дээр хөдөлмөрийн гэрээний тухай асуудал байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хяналт хийнэ гэж заасан. Үүн дотроос ажлаас асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэсэн нь үнэн. Хөндөж байгаа асуудал нь ажлын байран дээр яагаад хугацаатай гэрээ байгуулж байна вэ гэдэг зүйл юм.

Анх 1991 онд бүх хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдана гэж батлагдаж байсан. Түүнээс хойш нэхэмжлэгчийн гаргаж байгаа асуудлууд гарсан учир нэмэлтээр оруулсан. Хугацаатай гэрээ байгуулах хэд хэдэн үндэслэл байгаа. Үүнд шинээр ажилд орсон, дагалдан хийж ажилтнууд тэр нь 6 сар хүртэлх хугацаатай байна гэж заасан. Иймд харилцан тохиролцсон хугацаанд 3 сарын дотор хугацаатай гэрээ байгуулж болно. Энэ асуудлыг үйлдвэрчний эвлэлийн холбоо тавиагүй. Хөдөлмөрийн хугацаатай гэрээн дээр гарч байгаа тушаал шийдвэрийг шүүхийн үзлэгээр харсан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль дээр бүх зүйлийг зааж өгдөг. Хяналтын хуудас дээр 20 асуудал байгаагаас нэхэмжлэгчид компанид 4 асуудал байна гэж үзсэн. Бүх төрлийн зөрчлүүд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт цахим системд орсон. Цахим системд орсноор зөрчилд хийж байгаа тэмдэглэл зэргийг Зөрчлийн хуульд бүгдийг оруулсан. Зөрчлийн тэмдэглэл цахим системд ордоггүй. Шүүх хуралдаанд орохоор ийм асуудал гараад ирдэг.

Зөрчлийн тэмдэглэл бичээгүй шалтаан нь маргааш нь уулзъя гэж тохирсон нь үнэн. Тэгсэн дарга нартай уулзаад зөрчил байна, маргааш уулзахаар тохирсон гэхэд нэг байгууллагын зөрчлийг тус байгууллагад нь очиж хэлж яах вэ гэсэн. Та албан шаардлагаа өгчих гэсэн. Би албан шаардлага дээр маргаан үүснэ гэж бодоогүй. Нэхэмжлэгч компани дээр очих гэсэн ажлын шаардлагаас болоод боломж олдоогүй. Хяналтын хуудсыг нэхэмжлэгчийн компанид танилцуулж гарын үсэг зуруулсан. Иймд хууль зөрчсөн зүйл байхгүй. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хийх ажлыг хийсэн ажлаас буруу халсан гэсэн зүйл яриагүй. Надад 40 гаран ажилчдын хувийн хэргийг авч ирж өгсөн. Түүн дээрээс тушаал шийдвэр нь зөв гарч уу, хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулсан талаар хяналт хийсэн. Намайг дотоод журамтай танилцаагүй гэж байна, эх хувиараа надад байгаа. Иймд дотоод журамтай танилцаагүй гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан тайлбартаа: Манай У.И ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тус ХХК-д ажилладаг ажилчдыг өөртөө нэгтгэн 2018 оны 05 сарын 30-ны өдөр гишүүдийнхээ хөдөлмөрлөх болон хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үүсгэн байгуулагдсан билээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-д хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон аливаа асуудлаар гишүүд, ажилтны санаа, бодол, эрэлт хэрэгцээг судлан захиргаанд шаардлага тавих, мэдэгдэл гаргах, зохих байгууллагад төлөөлөх гэж заасны дагуу бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гомдол гаргасны үндсэн дээр Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б******* нь 2020 оны 03 сарын 02-ны өдрийн №01-06-092... тоот албан шаардлагыг У.И ХХК-д хүргүүлсэн байдаг.

Манай байгууллага нь 2019 онд нийт 499 ажилтантай байсан бөгөөд дийлэнх буюу 358 албан тушаал нь хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллуулдаг болно. 2019 оны 05 сарын 09-ны өдрийн 089/19 тоот тушаалаар нийт 419 ажлын байр батлагдсан бөгөөд үүний 333 хөдөлмөрийн хугацаатай гэрээтэй ажилладаг. Энэ нь дараах байдлаар хууль тогтоомж зөрчиж байна гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор батлагдсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ гэж тодорхойлсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 7-д гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэж заасан. Гэтэл бидэнтэй ямар үндэслэл шаардлагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулаад байгаа нь тодорхойгүй байдаг.

Манай байгууллагын нийт ажилчдаас 2017 оны 03 сараас өмнө ажилд орсон хүмүүс хөдөлмөрийн гэрээгээ хугацаагүй байгуулсан байдаг бөгөөд харин үүнээс хойш орсон хүмүүс бүгд хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажилладаг. Үүнээс үзвэл нийт ажилчдын 50 хувиас илүү нь хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд мөн адил албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээг зарим ажилтантай хугацаатай, зарим ажилтантай хугацаагүй байгуулах зэргээр ажлын байран дээр ялгаварлал, давуу байдлыг бий болгодог. Мөн хөдөлмөрийн гэрээг хууль зөрчиж хугацаатай байгуулаад хугацаа нь дуусах бүрд сунгаад явдаг бөгөөд нэгээс дээш удаа хөдөлмөрийн гэрээ нь сунгагдсан хүмүүс маш олон бий. Ямар үндэслэл, шаардлагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байгаа нь тодорхойгүй, мөн энэ талаар шаардлага тавьж компанийн удирдлагуудад хандахаар тодорхой хариу өгөхгүй, эсвэл ажлаас хална гэж сүрдүүлдэг бөгөөд үүнийгээ ч биелүүлж эхнээс нь халаад эхэлсэн. Энэ мэтээр У.И ХХК нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Б******* нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх албан шаардлагыг гаргасан бөгөөд уг албан шаардлага нь хууль тогтоомжид нийцэж байгаа тул У.И ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гишүүдийн эрхийг хамгаалах зорилгоор байгуулагдсан. Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12, 5.5 дахь хэсэгт тус тус зааснаар ажилтны холбоотой хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргах, зохих байгууллагыг зөвшөөрүүлэх эрхтэй. Үүний хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрчим хүч, геологи уул уурхайн мэргэжлийн холбоонд саналуудыг гаргасны үндсэн дээр энэхүү хяналт шалгалт явагдсан гэж ойлгож байна. Улсын байцагчийн акт нь 4 үндэслэлээр гарч байгаа. ... Тухайн ажлын байранд байнгын болон байнгын бус гэдгийг ялгахгүйгээр гэрээ байгуулсан. Бодит байдал дээр 2017 оны 3 дугаар сараас хойш ажилд орсон хүмүүстэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Түүнээс өмнө ажиллаж байсан бол хугацаагүй гэрээ байгуулна гэсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж бичгээр дүгнэлт гаргасантай санал нийлж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.3 дахь хэсэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалтын багц хөтөлбөрийг явуулахдаа хуульд заасан үндэслэлээр явуулна гэж заасан. Хавтаст хэргийн 80, 84 дүгээрт талд Мэргэжлийн хяналтын байгууллагын даргын баталсан удирдамж, мөн хяналтын хуудас байна. Хяналтын хуудас дээр хариуцагчийн хэлснээр 21-н асуудал буюу төлөвлөгөөт хяналт шалгалтын бүхий л асуудал орсон учир энэ шалгалт нь удирдамжид заасан асуудлын хүрээнд уг шалгалт хийгдсэн

Ажил олгогчийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг тусгаагүй гэж тайлбарласан. Энэ талаар хариуцагчид маргах зүйл байдаггүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс мөн маргаан байдаггүй.

Маргаан таслах зөвлөлийн байгуулж ажиллуулаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарладаг. Энэ компани нь 2015 онд Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалтай байгууллага гэдгээс үл хамааран, мөн эрх зүйн орчин ямар байхаас үл хамааран Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлж ажиллах ёстой байдаг. Гэтэл 2021 он хүртэл 5 жилийн хугацаанд ажиллаж байх хугацаанд маргаан таслах зөвлөлийг томилж ажиллуулаагүй байдаг. Үүнийг улсын байцаагч шалгаж илрүүлсэн байдаг. 5 жилийн хугацаанд тухайн ажилчид шүүхийн өмнө шатанд маргаан таслах зөвлөлд хандах эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна.

Аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөрийн харилцаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллуулаагүй буюу Засгийн газрын 326 дугаартай тогтоолыг зөрчсөн. Аж ахуй нэгж байгууллагад дотоод хяналт шалгалт явуулаагүй ба шалгалт явуулсан баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй. Иймд захиргааны актаар тогтоогдсон 4 зөрчил үндэслэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх У.И ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092... дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан1  ба уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянасан бөгөөд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б... нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Шалгалт хийлгэх тухай 35 дугаар албан бичгийг үндэслэн хийгдсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай 01/78 дугаартай удирдамжтайгаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч У.И ХХК-ийн хүний нөөцтэй холбоотой баримт бичигт хяналт, шалгалтыг хийж маргаан бүхий улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01-06-092... дугаартай албан шаардлагыг бичжээ[2].

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ; Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Хөдөлмөрийн тухай хуулийн 21.7 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.7 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох тухай тусгаснаас бусдаар хугацаатай гэрээний зохицуулалттай огт хамааралгүй зохицуулалт юм. Тус Компанид талууд гарын үсэг зураагүй ямар ч хөдөлмөрийн гэрээ байдаггүй. Иймээс Албан шаардлагад Хөдөлмөрийн хуулийн 21.7 дахь заалтыг ишилсэн нь дээрх асуудалд огт хамааралгүй хуулийн зохицуулалт юм. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно хэмээн хуулиар тусгайлан зөвшөөрсөн байдаг. Манай компани Монгол Улсад гагцхүү О... ХХК (ОТ)-д гэрээний дагуу үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Оюу толгойгоос өөр үйлчлүүлэгч байхгүй. Тус компанийн ажиллах хүчний шаардлага нь төслийн үе шатуудтай шууд холбоотой, түүнээс бүрэн хамааралтай байдгаас гадна ОТ ХХК-ийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлагаас хамаардаг. Манай компани ОТ ХХК-тай хугацаатай гэрээ байгуулсан тул бид төслийн тодорхой үе шатанд шаардагдах ажил үүргийг гүйцэтгэх түр ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг.

Хөдөлмөрийн хуулийн 130 дугаар зүйл нь хөдөлмөрийн дотоод журамтай холбоотой асуудлыг зохицуулсан байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудалд огт хамааралгүй заалт юм. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын хэлбэр, агуулга, тэдгээрт тавигдах шаардлагыг тогтоосон зохицуулалт Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид байхгүй. Ажил олгогчоос гаргасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаал нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шүүхийн онцгой харьяаллын маргаанд хамаардаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалтай холбоотой аливаа маргаан, асуудлыг гагцхүү Монгол Улсын шүүх харьяалан шийдвэрлэхээр Хөдөлмөрийн хуульд тусгайлан заасан. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шүүхийн онцгой харьяаллын асуудлыг хөндөж, түүнд дүгнэлт гаргасан нь хууль болон шүүхийн онцгой харьяаллыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Маргаан бүхий хяналт шалгалт нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан 2020 оны 02 сарын 05-ны өдрийн №35 тоот гомдолд үндэслэсэн байдаг. Тус гомдолд (а) Компани байнгын ажлын байранд ажилтантай хугацаатай гэрээ байгуулдаг; мөн (b) хөдөлмөрийн гэрээгээ хугацаагүй болгуулах санал гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгуулах талаар хүсэлт тавьсан ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг сунгахгүй ажлаас халах зэргээр ажилтнуудын эрх ашгийг хохироож байгаа зэрэг асуудлыг шалгаж өгөхийг хүссэн байдаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гомдолд дурдаагүй (а) маргаан таслах комисс байгуулаагүй; болон (b) хөдөлмөрийн харилцаанд хийх дотоод хяналтыг зохион байгуулж ажиллуулаагүй зэрэг асуудлыг шалгаж дүгнэлт гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл болсон Гомдолд заасан асуудал, түүний дагуу гаргасан удирдамжийн хүрээнд хийдэг. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар маргаан хяналт шалгалтаар гомдолд дурдаагүй, маргаангүй, хамааралгүй асуудлаар хяналт шалгалт хийгээд зогсохгүй, тэдгээрт дүгнэлт өгч албан шаардлага хүргүүлснийг компанийн зүгээс хуульд нийцээгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ; ...Хөдөлмөрийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хяналт хийнэ гэж заасан. ... Хөндөж байгаа асуудал нь байнгын ажлын байран дээр яагаад хугацаатай гэрээ байгуулж байна вэ гэдэг зүйл юм. Анх 1991 онд бүх хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдана гэж батлагдаж байсан. Түүнээс хойш нэхэмжлэгчийн гаргаж байгаа асуудлууд гарсан учир нэмэлтээр оруулсан. Хугацаатай гэрээ байгуулах хэд хэдэн үндэслэл байгаа. Үүнд шинээр ажилд орсон, дагалдан хийж ажилтнууд тэр нь 6 сар хүртэлх хугацаатай байна гэж заасан. Иймд харилцан тохиролцсон хугацаанд 3 сарын дотор хугацаатай гэрээ байгуулж болно. Хяналтын хуудас дээр 20 асуудал байгаагаас нэхэмжлэгчид компанид 4 асуудал байна гэж үзсэн. ... Зөрчлийн тэмдэглэл бичээгүй шалтаан нь маргааш нь уулзъя гэж тохирсон нь үнэн. Тэгсэн дарга нартай уулзаад зөрчил байна, маргааш уулзахаар тохирсон гэхэд нэг байгууллагын зөрчлийг тус байгууллагад нь очиж хэлж яах вэ гэсэн. Та албан шаардлагаа өгчих гэсэн. Надад 40 гаран ажилчдын хувийн хэргийг авч ирж өгсөн. Түүн дээрээс тушаал шийдвэр нь зөв гарч уу, хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулсан талаар хяналт хийсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Тухайн ажлын байранд байнгын болон байнгын бус гэдгийг ялгахгүйгээр гэрээ байгуулсан. Бодит байдал дээр 2017 оны 3 дугаар сараас хойш ажилд орсон хүмүүстэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Түүнээс өмнө ажиллаж байсан бол хугацаагүй гэрээ байгуулна гэсэн. Ажил олгогчийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг тусгаагүй гэж тайлбарласан. Энэ талаар хариуцагчид маргах зүйл байдаггүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс мөн маргаан байдаггүй.

Маргаан таслах зөвлөлийн байгуулж ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарладаг. Энэ компани нь 2015 онд Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалтай байгууллага гэдгээс үл хамааран, мөн эрх зүйн орчин ямар байхаас үл хамааран Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлж ажиллах ёстой байдаг. Гэтэл 2021 он хүртэл 5 жилийн хугацаанд ажиллаж байх хугацаанд маргаан таслах зөвлөлийг томилж ажиллуулаагүй байдаг. Аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөрийн харилцаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллуулаагүй буюу Засгийн газрын 311 дугаартай тогтоолыг зөрчсөн. Аж ахуй нэгж байгууллагад дотоод хяналт шалгалт явуулаагүй ба шалгалт явуулсан баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй. Иймд захиргааны актаар тогтоогдсон 4 зөрчил үндэслэлтэй байна гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас маргаан бүхий албан шаардлагаар нэхэмжлэгч У.И ХХК-ийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалууд хуулийн зүйл заалтыг бүрэн тусгаагүй, маргаан таслах комиссыг байгуулж ажиллуулаагүй, байгууллагын хөдөлмөрийн харилцаанд хийх дотоодын хяналтыг зохион байгуулж ажиллаагүй гэх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж 4 заалт бүхий албан шаардлагыг бичжээ.

I. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч У.И ХХК нь маргаан бүхий хяналт, шалгалт хийгдэх үед нийт 345 ажилтантай байсан байх бөгөөд хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй 261, хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй 84 ажилтан байсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь хяналт, шалгалтыг явуулахдаа тухайн компанийн нийт 345 ажилтны хувийн хэргээс 40 гаран ажилтны хувийн хэргийг үзэж маргаан бүхий захиргааны актыг үйлджээ.

Дээрх үйл баримттай хэргийн оролцогч нар маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл. Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам, 5.9. Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:, 52 дугаар зүйл. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 52.2.3. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөхөөр байх бөгөөд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийхээр байна.

Маргаан бүхий тохиолдолд, улсын байцаагч нь шалгалтын тэмдэглэлийг үйлдээгүй бөгөөд мөн удирдамжид заасан асуудлын хүрээнд хяналт, шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй байх тул хяналт шалгалтыг явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай 01/78 дугаартай удирдамжаар хяналт, шалгалтад нэхэмжлэгч компанийн нийт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогч болон компанийн ҮЭ хороотой байгуулсан хамтын гэрээ, ажил олгогчоос гаргасан тушаал шийдвэр, цалин хөлс бодолт анхан шатны бичиг баримтыг хамруулж шалгахаар тусгажээ. Гэтэл улсын байцаагч нь удирдамжид дурдсан бүхий л баримт бичгийг үзэж, шалгалгүйгээр зөвхөн 40 гаран ажилтны хувийн хэргийн үзэж, маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн нь хяналт, шалгалтыг хуульд заасан журмын хийсэн гэж үзэхээргүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээний хугацаа, 23.1. Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна., 23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна:, 23.2.1. байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй;, 23.2.2. энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай; гэж тус тус заасан бөгөөд мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 7 дугаарт: Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно., Харин энэ зүйлийн 23.2.2.-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохихоор байна гэж тайлбарлажээ.

Хуулийн дээрх заалтууд болон Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар зэргээс үзвэл ажил олгогч нь байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах бөгөөд ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор хуульчилсан байна.

Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч улсын байцаагч нь нэхэмжлэгч У.И ХХК-ийн хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй 261 ажилтны хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах шалтгаан нөхцөл ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн байсан эсэх мөн хугацаатай гэрээг байгуулахдаа ажилтан, ажил олгогч нар нь харилцан тохиролцсон эсэх зэргийг шалгаж тогтоолгүйгээр байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж албан шаардлага бичсэн нь үндэслэлгүй байна.

II. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалууд хуулийн зүйл заалтыг бүрэн тусгаагүй гэх зөрчлийн тухайд:

Улсын байцаагч маргаан бүхий захиргааны акт даа ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалууд хуулийн зүйл заалтыг бүрэн тусгаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дах заалтыг зөрчсөн гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйл. Хөдөлмөрийн дотоод журам, 130.1. Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ гэж заажээ.

Улсын байцаагч нь маргаан бүхий хяналт, шалгалтыг явуулахдаа нэхэмжлэгч компанийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалуудыг бүрэн гүйцэт үзээгүй, мөн ажил олгогчийн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалуудад хуулийн ямар заалтууд бичигдэх ёстойгоос ажил олгогч бичилгүй орхигдуулсан, хуулийн заалт бичилгүй орхигдуулсан нь Хөдөлмөрийн хуулийн хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэх хуулийг заалтыг хэрхэн, яаж зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна.

III. Маргаан таслах комиссыг байгуулж ажиллуулаагүй гэх зөрчлийн тухайд:

Улсын байцаагч маргаан бүхий захиргааны акт даа маргаан таслах комиссыг байгуулж ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйл. Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэх маргаан, 126.1. Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч компани нь хуульд зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгуулж ажиллуулаагүй байсан гэх үйл баримттай маргаагүй болно.

Иймд хяналт, шалгалт хийгдэх үед нэхэмжлэгч компанийг хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгуулж ажиллуулах үүргээ биелүүлээгүй байсан байна гэж үзэхээр байна.

IV. Байгууллагын хөдөлмөрийн харилцаанд хийх дотоодын хяналтыг зохион байгуулж ажиллаагүй гэх зөрчлийн тухайд;

Улсын байцаагч маргаан бүхий захиргааны акт даа аж ахуйн нэг байгууллагын хөдөлмөрийн харилцаанд хийх дотоодын хяналтыг зохион байгуулж ажиллуулаагүй нь Засгийн газрын 311 дугаар тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ыг баталжээ.

Уг журмын 1.3-т Аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү нийтлэг журамд нийцүүлэн, өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-тай байна гэж заажээ.

Журмын дээрх заалтаас үзвэл аж ахуйн нэгж, байгууллага нь Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-тай байхаар байх бөгөөд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулдаг байхаар байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар нь нэхэмжлэгч компани нь Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-тай, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажилладаг, ажилладаггүй гэж маргадаг бөгөөд энэ үйл баримт нь хэрхэн ямар байсан болох нь баримтаар тогтоогддоггүй болно.

Дээрхээс үзвэл улсын байцаагч нь нэхэмжлэгч компанийг Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-тай эсэх, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулдаг эсэхийг шалгаж тогтоолгүйгээр албан шаардлага бичсэн байна гэж үзэхээр байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч компани нь байнгын ажлын байранд ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хэрэгцээ, шаардлага байсан эсэх, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахдаа ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсон эсэх, мөн нэхэмжлэгч компани нь Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-тай эсэх, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажилладаг эсэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 52 дугаар зүйлийн 52.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092... дугаар албан шаардлагыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин захиргааны шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092... дугаар албан шаардлага хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 36-37 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 82 дугаар хуудас