Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2018/0270/З |
Дугаар | 221/МА2019/0076 |
Огноо | 2019-02-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0076
|
|
|
Ж.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0739 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Д-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0739 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “н”, 29.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-д заасныг тус тус Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.6, 29.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Ж.Д миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дугаар захирамжийн Ж.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.Д миний ТҮЦ-ийг МУИС-ийн номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломж олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар ашиглах эрх олгосон шийдвэр, дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагатай байгуулсан газар ашиглах гэрээгүйгээр, дан ганц газрын төлбөрийг тодорхойлох тухай актын үндсэн дээр газрын төлбөрийг төлж, тус дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ-ийн зориулалтаар газар ашиглаж байсныгаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон хэрэг гэж марган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй...” гэж буруу дүгнэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Миний бие Сүхбаатар дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагатай газар ашиглах гэрээг 1999 оноос хойш он дараалан байгуулж ирсэн байдаг бөгөөд үүнийг нотлох 2001 оны иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2003 оны иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2006 оны газрын төлбөр тогтоох тухай акт, 2009 оны газрын төлбөр тогтоох тухай акт №6/18, 2014 оны газрын төлбөрийг тодорхойлох тухай акт №6/18 нь надад хадгалагдан үлдсэн байсныг миний бие шүүхэд өгсөн, энэ нь хэргийн материалд тодорхой тусгагдсан байгаа. Шүүхээс “...Газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг нийтийн эзэмшлийн зам талбайд газар ашиглах эрх олгосон зөвшөөрөл гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэхдээ тухайн захиргааны гэрээг байгуулсан захиргааны шийдвэрийн чөлөөт байдалд халдсан гэж үзэхээр дүгнэлт хийжээ.
Захиргааны байгууллага иргэдтэй эрх зүйн ямар бичиг баримт үйлдэх нь тухайн захиргааны байгууллагын сонголт бөгөөд Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт гэх баримтад миний бие гарын үсэг зурж байгуулан, тухайн газрыг ашиглаж зохих газрын төлбөрийг хууль журмын дагуу төлж ирсэн намайг үүгээр буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Нөгөө талаас анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/150 дугаартай захирамж, түүний дагуу өгсөн Хотын ерөнхий архитектор Л.Нямсүрэнгийн 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Мэдэгдэл” зөвшөөрөл, 2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Г, Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Б нарын өгсөн зөвшөөрлийн дагуу уг байршилд ТҮЦ-ээ шинэчлэн ажиллуулж ирсэн үйл баримт, Газрын төлбөрийг зохих ёсоор төлж ирсэн нотлох баримтад дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”-ыг зөрчсөн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0739 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Д нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн иргэн Ж.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бус захиргааны актаас үүссэн үр дагаврыг арилгуулж Ж.Д миний ТҮЦ-ийг Монгол Улсын Их сургуулийн номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг надад олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л, 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг үндэслэн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Засаг даргад хандан ирүүлсэн 02-01-06/157 дугаар актыг хэрэгжүүлж, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдэд худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгүүд нь нийтийн эзэмшлийн зам, талбайд худалдаа эрхэлж байгаа нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 5 дугаар зүйлийн 5.1.8, Худалдаа, үйлчилгээ явуулж буй газар нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 5 дугаар зүйлийн 5.1.9, мөн хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8.6 дахь заалтыг зөрчсөн гэж “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийн худалдаа эрхлэгчийн үйл ажиллагааг түр зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлэх”-ээр гарсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Үйл ажиллагааг зогсоож нийтийн зам талбайг чөлөөлөх тухай” 02-01-06/157 дугаар актын хавсралтад нэхэмжлэгч Ж.Д-ын Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны автобусны буудалд байрлах түргэн үйлчилгээний цэг багтжээ. Харин уг улсын ахлах байцаагчийн акттай хэргийн оролцогчид маргаагүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02-01-06/157 дугаар акт хүчин төгөлдөр байна.
Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх зарим түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхөөр зохих байгууллагуудад үүрэг болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.
Мөн анхан шатны шүүхийн “...эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбай дээр үйл ажиллагаа явуулж буй этгээд нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар мэдэгдэл өгсөн даруйд мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авч газрыг чөлөөлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан хариуцагчийн зүгээс мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д заасан газрыг чөлөөлөх арга хэмжээг авч, түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэснийг буруутгах боломжгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэгт бичвэрийн болон хууль хэрэглээний алдаа байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0739 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн иргэн Ж.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бус захиргааны актаас үүссэн үр дагаврыг арилгуулж Ж.Д миний түргэн үйлчилгээний цэгийг Монгол Улсын Их сургуулийн номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг надад олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч М.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР