Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 02

 

 

 

  

  

Ц.Одбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2016/0057/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Ялтан                                                        Ц.Одбаяр

           Ялтны өмгөөлөгч                                     Ж.Нарантуяа

            Хохирогч                                                        Ц.Ганбаатар          

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 65А дугаар шийтгэх тогтоолтой Ц.Одбаярт холбогдох 201606000087 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ц.Ганбаатар, ялтан Ц.Одбаяр, ялтны өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Уутай овогт Цогтбаярын Одбаяр, 1991 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк 107 дугаар байр 171 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ГЙ91071217 регистрийн дугаартай.

Ц.Одбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багийн нутаг “Бөөрөг” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Ганбаатарын толгойн тус газарт модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 65А дугаар шийтгэх тогтоолоор:

Уутай овогт Цогтбаярын Одбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ц.Одбаярыг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Одбаярт оногдуулсан 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ц.Одбаярын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, 

 

Шүүгдэгч Ц.Одбаяр бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Одбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

     Хохирогч Ц.Ганбаатар давж заалдах гомдолдоо: “... Ц.Одбаяр нь ам бүл 2, өөрийн хүү О.Лутцэгцийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4-р хороо Голденпарк 107-ийн 171 тоотод амьдардаг. Хүүгийн ээж Дэлгэр нь зүрх судасны хүнд өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэхээр явсан. Түүний хүү О.Лутцэгц нь аавтайгаа хамт хоёулаа амьдардаг ба Ц.Одбаярын асрамжинд байдаг нь үнэн бюмаа. Иймд … Ц.Одбаяр нь ганц бие эцэг байх тул Эрүүгийн ерөнхий хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулж өгнө үү...” гэжээ.

Ялтан Ц.Одбаяр давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хувийн байдлыг харгалзах үзэхгүйгээр хорих ял эдлүүлэхээр дахин шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсаар байна. Миний бие шүүхэд хүсэлт гаргахад хүсэлтийг огт хүлээж аваагүй нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна ... О.Лутцэгц нь миний төрсөн хүү мөн бөгөөд хүүгийн талаарх баримтууд хууль ёсны дагуу авагдсан байхад шүүх хүлээж авсан атлаа эргэлзээтэй гэж үзэж эцэслэн шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг зөрчсөн байна ... хүүгээ айлд орхиод гарсан ба одоо хүү маана хэний асрамжинд байгаа, мөн байгаа газар нь тодорхойгүй, эцгийн хувьд бага насны хүүхэддээ маш их санаа зовж, цагдан хорих байранд хүүгийнхээ талаар бодож сэтгэлийн шаналалтай байна ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэжээ.  

Ялтны өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: “... хэргийн зүйлчлэл, ялын бодлоготой санал нэг байгаа боловч анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой асуудлыг шалгаж, нэг мөр болголгүйгээр эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна ... шинэ нотлох баримтыг мөрдөн байцаалтанд аваагүй, бэхжигдээгүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзэж Ц.Одбаярыг 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан нь өрөөсгөл байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих зүйлд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох тухай асуудал гол байр суурийг эзэлдэг. Гэтэл өмнөх давж заалдах хурлын үед шинэ нөхцөл байдал илэрч төрсөн эх нь хүү О.Лутцэгцийг эцэгт нь өгөөд явсан гэдэг бөгөөд энэ асуудлыг мөрдөн байцаалтанд буцааж шалгуулж үнэн мөнийг тогтоолгох зайлшгүй чухал байна. Учир нь үлдэж буй насанд хүрээгүй О.Лутцэгцийг хэний асрамжинд яаж үлдээх тухай асуудлыг шүүх орхигдууллаа. Иймд … Ц.Одбаярын хувийн байдал, 3 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг мөн эсэх асуудлаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтанд буцааж анхан шатны шүүхийн 65А шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Одбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн нутаг Бөөрөг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж бие махбодид нь “… баруун чамархай хэсгийн далд хугарал, хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа тархи дарагдалт, тархины хаван, тархи доргилт, дух, баруун шанаа, чамархайны зөөлөн эдийн няцрал бүхий … ” хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь

хохирогч Ц.Ганбаатар, гэрч Г.Сувд, Ц.Ууганцогт, Т.Онолбат нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 117, 1160 дугаар дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

 Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ялтан Ц.Одбаярын хувийн байдлын талаарх баримтуудыг дүгнэн үзэхэд

Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант багийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 239, 340 тоот “Тус сумын иргэн Ц.Одбаяр нь ээж, эгчийнхээ хүүгийн хамт ам бүл 3 амьдардаг…” гэх тодорхойлолт, гэрч Ц.Одмаа, Г.Эрдэнэсувд нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан боловч

Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтаар “гй91071217 регистрийн дугаартай Уутай овогтой Цогтбаярын Одбаяр нь Улаанбаатар Баянгол 4-р хороо голден парк 107-р байр 171 тоот” гэх оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт, уг хаяганд бүртгэлтэй гэх иргэний үнэмлэхний лавлагаа хавтаст хэргийн 81-82 дугаар хуудсанд авагдсан байна.

Мөн 2015 оны 02 дугаар сарын 19-ны өдөр төрсөн хүү Лутцэгцийг эцэг Уутай овогт Одбаяраар овоглон төрсний бүртгэлд 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон /хх 236/ байх бөгөөд

Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолтоор Ц.Одбаяр нь ам бүл 2, хүү О.Лутцэгцийн хамт оршин суудаг, өөрөөр хэлбэл 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг болох нь тогтоогдож байх тул хохирогч, ялтан нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Ц.Одбаярт хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 65А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:           

        “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1., 63.2., 63.3.т зааснаар Ц.Одбаярт 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж,

         ялтан хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Ц.Ганбаатар, ялтан Ц.Одбаяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3.  Ц.Одбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

                                       ШҮҮГЧИД                                           Ц.ТУЯА        

     

                                                                                                     С.УРАНЧИМЭГ