Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 Нарийн бичгийн дарга В.Орхон,

 Улсын яллагч Ш.Алтанцэцэг,

Шүүгдэгч Ц. Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 1810027030049 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, стратеги тактик, команд штаб мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, захирагчийн орлогч ажилтай, гавъяа шагналгүй,

Урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 251.1-д хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц. Б

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр "Говь" үйлдвэрийн урд байрлах Энхийг сахиулагчдын байрны дэргэд иргэн Г.М-д дүүг нь “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “... Манай дүү С нь Батлан хамгаалахын их сургуульд орох хүсэлтэй байсан ба тухайн үед элсэлтийн шалгалтаа өгч чадаагүй хоцорчихсон. ...Батлан хамгаалахын их сургуульд багшилдаг Б гэх хүнтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхэн гадна очиж уулзаад учир байдлаа хэлсэн. Тухайн үед Б нь манай дүүг сургуульд оруулж өгч чадна наадмын баяраас өмнө мөнгийг нь олоод өгчих 3.500.000 төгрөг болно гэхээр нь мөнгө олоод 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэрийхэн гадна уулзаж 2.000.000 төгрөг өгөөд 5 хоногийн дараа үлдэгдэл 1.500.000 төргөг бэлнээр өгсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хувцасныхаа мөнгө болон 800.000 төгрөгийг авч ирж өгөөрэй одоо асуудалгүй бүх зүйл болно гэж хэлсэн...” гэжээ. /хх-5-6-р тал/,

Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07-р сард манай хамаатаны дүү Сумъяабазар Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургууль төгссөн гээд ирсэн. Тухайн үед элсэлтийн шалгалт өгөх гэхэд бүртгэлүүд хийгдээд дуусчихсан байсан. Манай дүү Батлан хамгаалахын их сургуульд элсэн орж суралцах сонирхолтой тул би найз А-тэй уулзаж асуухад би хамаатаныхаа ахаас асууж өгье гэж хэлээд удаагүй Б гэх хүний утасны дугаарыг өгөхөөр нь залгаж ярихад ирээд уулз гэж хэлээд хаягаа зааж өгөхөөр нь ах М, дүү С нарын хамт гэрийнхэн нь гадаа уулзахад тэр ах өөрийгөө Батлан хамгаалахын их сургуульд багшилж байгаад одоо Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа хурандаа цолтой гээд үнэмлэхээ үзүүлж байсан. Тэгээд манай дүүг сургуульд оруулахад 3.500.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Би маргааш нь хөдөө ажилтай байсан тул яваад манай ах М тэрнээс хойш Б гэх хүнтэй холбогдож уулзаад нийт 3.500.000 төгрөг өгсөн гэж байсан боловч манай дүүг сургуульд оруулж өгч чадаагүй...” гэжээ. /хх-10-р тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25/, ял шалгах хуудас /хх-26/, Батлан Хамгаалах Яамны төв архивын лавлагаа/ хх-48/, Батлан Хамгаалах Яамны тодорхойлолт /хх-50/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр "Говь" үйлдвэрийн урд байрлах Энхийг сахиулагчдын байрны дэргэд иргэ Г.Мад дүүг нь Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөгийг залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлбөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-59-61/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Ц.Б нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирогч Г.М нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Ц-н Б-г бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг дурдсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ