Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2019/ДШМ/507

 

 

 

 

 

 

 

 

 

Ф.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ням-Очир,

шүүгдэгч Ф.З-гийн өмгөөлөгч М.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Пын өмгөөлөгч Ш.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлоор Ф.З-д холбогдох 1728001120134 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ф.З /Fan Zhen Hai/, 1965 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд найрамдах хятад ард улсын Шандунь мужид төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үнэлгээчин мэргэжилтэй, “Дун Юань” ХХК-ний Хар толгойн уурхайн даргаар ажилладаг, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Бүгд найрамдах хятад ард улсын Шандунь мужийн Ли И хот, Нужуан дүүрэг, Вэньхуа зам, 180 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Алтаргана” хотхоны 44А байрны 1002 тоотод түр оршин сууж байгаа гэх, /паспортын дугаар: Е88925764/;

          Ф.З нь Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Дун Юань” ХХК-ний Хар толгойн уурхайн даргаар ажиллах хугацаандаа компаний удирдлагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн компаний жолооч Н.Гэрэлт-Одод үүрэг өгч, тусгай зөвшөөрөлгүйгээр натри сульфид /Na2S-60%, Fe-0.15%, Sodium sulfide CAS-1313-82-2/ гэх химийн хорт, аюултай бодис 82 тонныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 6-82 тоот хашаанаас Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутагт байрлах “Дун Юань” ХХК-ний үйл ажиллагаа явуулдаг Хар толгойн уурхай хүртэл 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 28-ны өдөр хүртэлх хугацаанд хууль бусаар тээвэрлэсэн,

          Өмнөговь аймгийн Номгон сумын "Дэрсэнэ-Ус" багийн нутаг дэвсгэрт байрлах "Дун Юань" ХХК-ний Хар толгойн уурхайн баяжуулах үйлдвэрийн дотор болон гадна орчинд 2017 оны 9 дүгээр сарын 12-наас 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт, аюултай бодис болох 82 тонн натри сульфид /Na2S Sodium sulfide/ -ыг хууль бусаар хадгалж, улмаар тусгай зөвшөөрлийн дагуу олборлосон хүдрийг боловсруулах зорилгоор дээрх химийн хорт, аюултай бодисыг ашиглаж гаргасан хүдрийн баяжмалаас 203.75 тонныг 4 автомашинд ачуулж, 2017 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд Номгон сумын төв хүртэл, 60 тонн хүдрийн баяжмалыг 1 автомашинд ачуулж, 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-ний өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Номгон сумын Дун-Овоо гэх газар хүртэл хууль бусаар тээвэрлэсэн,

          2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар олж, тээвэрлэсэн, Өмнөговь аймгийн Номгон сумын "Дэрсэнэ-Ус" багийн нутаг дэвсгэрт байрлах "Дун Юань" ХХК-ний Хар толгойн уурхайн баяжуулах үйлдвэрт авчирсан дээрх химийн хорт, аюултай бодис болох 82 тонн натри сульфидийг хууль бусаар хадгалж, ашиглан хүдрийн баяжмал бэлтгэх явцдаа баяжуулах технологийн горим /баяжуулах үйлдвэрийн болон хаягдлын далан/ зөрчсөнөөс Говь, цөлийн хуурай ландшафтад гадаргын ил урсац үүсгэсэн, далд уурхайн шүүрлийн усыг байгальд шууд асгаж, 5120 м2 хөрсийг химийн бодисоор бохирдуулж, 2.27 га талбайд эвдрэл үүсгэж, 41150 м3 ухаш бүхий эвдрэлийг газрын хэвлийд үүсгэсэн зэргээр Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 134.168.951 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ф.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ф.З-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ф.З /Fan Zhen Hai/-г 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.З нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ф.З-д оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 177 уут баяжмалаас 133 уут, 1650 ширхэг уут химийн бодисыг тус тус улсын орлогод оруулж, 44 уут баяжмалыг хууль ёсны эзэмшигч "Дун Юань" ХХК-д буцаан олгож, шүүгдэгч Ф.З /Fan Zhen Hai/ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Пын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "... хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй." гэсэнтэй зөрчилдөж байна. Учир нь, гэрч Д.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ “Энэ 82 тонн ...Энхтуяа л уг химийн бодисыг ашиглах, хэрэглэх хэрэгтэй байна гэж яриад байсан. ...” гэх мэдүүлэг \1хх-118-120/, гэрч Ли Хүй Мин-ий "...2017 оны 8 сарын сүүлээр Хуо Бао Лин-гийн Баянзүрх дүүргийн тэнд айлын хашаанд химийн бодисыг түр буулгаад 14 хоног болгоод ачуулсан. Энхтуяа өөрөө химийн бодисыг тухайн хашаанд буулгаад, уурхай руу ачуулах шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж байсан. ...” гэх, гэрч Ли Багана “...Монгол талын гүйцэтгэх захирал Энхтуяа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг байсан. ...” гэх, гэрч Мөнхбаярын “...2015 оны 6 сарын үед манайх химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гээд 2016 оны 1 дүгээр сард надад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. 2017 оны 5 дугаар сарын сүүлээр Хятад ажилчид ирсний дотор Ф.З ирсэн. Баяжуулах үйл ажиллагаа гэсэн чинь үлдэгдэл бодис бага байсан бөгөөд дахиад бодис татах шаардлага гарсан байх. ...” гэжээ. ...Эдгээрээс харахад уурхайд 2016 оноос л химийн бодис ашиглаж байжээ. Ф.З химийн бодис авчирч, ашигласан нь “Дун Юань” ХХК-ний химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж, баяжмал гаргаж байсан үйлдлийг нотолж байх бөгөөд түүний үйлдлийн үргэлжлэл юм.

Энхтуяаг тухайн компанид хамааралтай гэсэн бичиг баримт олдоогүй учир түүний үйл ажиллагаа нь компанийг төлөөлөхгүй гэж улсын яллагч дүгнэсэн нь уг хэрэгт “Дун Юань” ХХК хамааралгүй гэдгийг ямар нэгэн байдлаар батлах зорилго агуулжээ. Өөрөөр хэлбэл, улсын яллагч ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт хийжээ. Энхтуяа захирал гэдгийг бүх гэрч мэдүүлдэг, цалин авч байсныг нотолсон байдаг бөгөөд Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд компанийг төлөөлж, тусгай зөвшөөрөл хөөцөлдөж явдаг. Шаардлагатай үед компаний хөрөнгө оруулагч болон ажилтнуудтай холбоо тогтоон, шийдвэр гаргаж ажиллуулдаг нь гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээ, төрийн албан байгууллагуудад хүргүүлж байсан баримт бичиг зэргээс компанийг удирдах эрхтэй этгээдүүдийн нэг гэж харагдаж байна.

Шүүх хурал дээр хохирогчийн өмгөөлөгч миний бие урьд нь гаргасан 4 машин, саяхан баригддаг 1 машин баяжмалыг борлуулаад ашгийг хэн хүртэх вэ гэсэн асуултанд Ф.З хариулахдаа “...“Дун Юань” ХХК хүртэнэ. ...” гэж хариулж байсан. 2014 оноос 2016 онуудад “Гашуун сухайт”-ын гаалиар гаргаж байсан баяжмалууд нь “Дун Юань” ХХК-ний нэрээр гарч байсан зэргээс Ф.З нь компаний эрх ашгийн төлөө, тэдний заавраар үйл ажиллагаа явуулж байсан гэж үзнэ. Хил гаалийн мэдүүлэгт “Дун Юань” ХХК алт, мөнгө, хар тулга гаргадаг талаарх мэдүүлэг баримт байна.

Уг компани 2014 оноос хойш хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан нь гаалийн мэдүүлгээр нотлогдсон ба 2016 оны 1 дүгээр сард “Гашуун сухайт”-ын гаалиар баяжмал гарсныг Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдэж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байсан боловч үндэслэлгүй хүчингүй болгож байсныг анхаарна уу.

Тус компани 2014 оноос хойш ямар ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, 2014, 2015, 2016 онуудад нийт 1426,6 тонн баяжмал бэлтгэж, 1126,6 тонныг “Гашуун сухайт”-ын хилээр гаргасан нь гаалийн бүрдүүлэлтээр нотлогдсон. 2015 онд хууль бусаар бэлтгэсэн гэх 439053,48 кг буюу 439 тонн баяжмалаас 338,8 тонныг “Гашуун сухайт”-ын боомтоор 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нь гаалийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл энэ нотлох баримтыг шалгалгүй, мөн кг-ыг тоннд шилжүүлэхдээ алдаа гаргасан байна. 439053,48 кг-ийг тонн-д шилжүүлбэл 439 тонн болох ба шийдвэрт тусгагдсан 44 уут нь 44 тонн болж байна.

Хууль бусаар ашигт малтмал олборлосон байгааг өөхшүүлж, 44 уут баяжмалыг хууль ёсны эзэмшигч “Дун Юань” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "...хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ...ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээд ...шийтгэл оногдуулна.” гэж заасан.

Энэ хэрэгт “Дун Юань” ХХК хамааралгүй юм бол хохирлыг яагаад төлөөд байдаг билээ. Өөрөөр хэлбэл, “Дун Юань” ХХК гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн байна.

Уурхайн хаягдлын далангаас шүүрсэн хүнд металл, хүнцлээр бохирдсон, хордсон хөрс, усыг бүрэн саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан. Энэ ажлыг заавал эзэнжүүлж хийлгэх үүргийг шүүхээр гаргуулах хүсэлтэй байна.

Давах гомдлын үйл баримт, үндэслэл, эрүүгийн хэрэгт хамааралтай тохиолдлыг нягтлан шалгах ажиллагааг хууль хяналтын болон шүүхийн байгууллагаас хийхийг хүсээгүй. "Дун Юань" ХХК-ний хууль зөрчсөн ажиллагааны талаар 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр сэтгүүлч Б.Отгон “Ийгл ТВ”-ийн Эрэн сурвалжлах нэвтрүүлгээр "Хар толгойн ордод ноёрхлоо тогтоосон Хятадын уурхай" гэх нэртэй 25 минутын нэвтрүүлэг цацагдсанаар миний гаргаж байгаа гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Эдгээр байдалд анхаарлаа хандуулан 128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг прокурорт буцаан нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой танилцахад Эрүүгийн хуулийн аль зүйл, заалтыг буруу хэрэглэсэн талаар дурдаагүй ба ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгч уг уурхайд 2017 оны 5 дугаар сард ирсэн. Гомдолд 2017 оны 5 дугаар сараас өмнөх үйл явдлын талаар дурдсан байгаа нь хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Мөн хавтас хэрэгт авагдсан баримтаар “Дун Юань” ХХК нь 2014, 2015, 2016 онуудад хуулийн дагуу зохих зөвшөөрлөө аваад хагас дутуу ажиллаж байсан нь тогтоогддог. Мөн шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Хэргийн газрын үзлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр өмнөх жилүүдэд ашиглаж байсан баяжмал нь тухай үйлдвэрт хадгалагдаж байсныг мөн тогтоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх битүүмжлэгдсэн баяжмалуудаас 44 уут нь өмнөх жилүүдэд авагдсан баяжмал гэдгийг гэрчийн мэдүүлгүүдээр тогтоосон тул энэ 44 уут баяжмалыг авч үлдсэн байх. Иргэн Ф.З нь энэ хэргийн улмаас учирсан хохирол болох 134.168.951 төгрөгийг төлсөн. “Дун Юань” ХХК-ний зүгээс төлсөн гэх баримт байхгүй. Хавтас хэрэгт авагдсан баримтыг гомдол гаргагч тал буруугаар тайлбарласан. Нөхөн сэргээлтийг Ф.З өөрөө эхлүүлээд Өмнөговь аймгийн Байгаль орчны газар болон “Дун Юань” ХХК-д хүлээлгэн өгч байгаа. Энэ хавар нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн хийх гэж байгаа. Миний үйлчлүүлэгч “Дун Юань” ХХК-д туршилт, тохируулга хийх зорилгоор ирсэн. Ингэхдээ тухайн компаний удирдлагуудад мэдэгдэхгүйгээр химийн бодис ачуулж, тухайн туршилтын ажлыг дур мэдэж хийсэн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодиттой дүгнэлт хийсэн. Энэ хэрэг 2017 оноос хойш шалгагдаж байгаа. Хэргийн бодит нөхцөл байдал бүрэн хангагдсан, хохирлоо бүрэн төлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ф.З-г хорт бодис тээвэрлэсэн, мөн байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайханы гаргасан гомдолд 2014, 2015, 2016 оны асуудлууд нилээд дурдагдсан байна. Гомдлын утга найруулга ойлгомжгүй, өмнөх бичсэн зүйлээ хойно нь үгүйсгэсэн байдалтай байна. Шүүгдэгч Ф.З нь 2017 оны 5 дугаар сард ирж “Дун Юань” ХХК-д ажилласан. Урд байдаг захиралтай тохиролцсон гэдэг боловч ямар нэгэн гэрээ байдаггүй. Өөрийн дураар химийн бодис ашиглаж, баяжмал боловсруулах ажлыг туршиж байсан гэж өөрөө хэлдэг. Уг ажлаа хийхийн тулд 2 удаа тээвэрлэлт хийсэн байдаг. Хохирол төлбөрт 134.168.951 төгрөгийг төлсөн. Мөрдөн байцаалтын шатанд байгальд нөхөн сэргээлт хийгдэж байгаа талаар гэрчүүд мэдүүлдэг. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын “...Өвлийн улиралд очиж үзлэг хийхэд химийн бодис нь саармагжсан байна. ...” гэх мэдүүлэг байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байхын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэв.

 Учир нь, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ф.З-г “Химийн хорт, аюултай бодис хууль бусаар авсан, хадгалсан, ашигласан, тээвэрлэсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдсэн атал анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Химийн хорт, аюултай бодис тээвэрлэсэн, ашигласан гэх гэмт хэргийн шинжүүдээр нь гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Ф.З-д холбогдох “Химийн хорт, аюултай бодис хууль бусаар авсан, хадгалсан” гэх  гэмт хэргийн шинжийг шийтгэх тогтоолд үгүйсгээгүй нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. 

Түүнчлэн, шүүгдэгч Ф.З-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2 дахь заалтын “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 дахь заалтын “гэмт хэргийн сэдэлт” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тодруулан шалгаагүй байна.

Хавтас хэрэгт “Дун Юань” ХХК-ний захирлаар Ч.Энхтуяа, Жан Чин Юй нар ажиллаж байсан талаарх гэрч нарын мэдүүлгүүд авагдсан байх бөгөөд тус компаний захирлаар эдгээр хүмүүс ажиллаж байсан эсэхийг нягтлан шалгах ажиллагаа хангалттай хийгдээгүй байна.

Тухайлбал, гэрч Д.Болор-Эрдэнийн “...Ч.Энхтуяатай утсаар яриад 80 тонн натрийн сульфит байна. Эрээнд ирсэн байгаа, оруулаад өгөөч гэхээр нь Дэлгэрбаярын компаний нэр дээр оруулж өгсөн. Энхтуяатай гэрээ хийсэн. ...” /1хх 118-120/,

Х.Эрдэнэжавын “...Хятад ажилчдыг авч ирэх тушаалыг Энхтуяа дарга өгдөг. ...” /1хх 60-62/,

Ц.Мөнхбаярын “...Тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой баримтуудыг Ч.Энхтуяа захирал Улаанбаатар хотод хөөцөлддөг. ...” /1хх 69-71, 4хх 133/,

Н.Угтахбаярын “...Холбогдох тусгай зөвшөөрлүүд байхгүй байна. Мөн химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй, баяжмал гаргаад байна гэхэд Ч.Энхтуяа захирал “Удахгүй зөвшөөрлүүд гарна, манайх үйл ажиллагаа явуулаагүй гэж хэлээрэй.” гэдэг. ...” /1хх 87-89/,

Х.Мөнхтуяагийн “...Энхтуяа захирал хөөцөлдөж байгаад хилээр баяжмал гаргаж байсан. ...” /1хх 109/,

Б.Оргилмаагийн “... “Дун Юань” ХХК 2014 оны 1 дүгээр сар хүртэл олборлолт баяжуулалт хийгээд хөрөнгө оруулалт зогссон гэх шалтгаанаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэсэн албан бичиг тус компаний гүйцэтгэх захирал Ч.Энхтуяагаас манай байгууллагад жил болгон ирдэг байсан. ...” /1хх 132/,

Ф.З-гийн “... Ч.Энхтуяа, Жан нар хүдэр олборлох зөвшөөрөл өгөхөөр би ажиллахаар хүлээж байсан...” /1хх 152-157/ гэх мэдүүлгүүд, 2007 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 07/01 дугаартай захирлын  “Ч.Энхтуяаг компаний гүйцэтгэх захирлын албан тушаалд 2007 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулах” гэсэн тушаал, “Дун Юань” ХХК-ний захирлын тушаал /4хх 245/, “Реагент баражс” ХХК Р.Дэлгэрбаяр, “Дун Юань” ХХК-ний Ч.Энхтуяа нарын хооронд хийсэн “82 тонн химийн бодис худалдсан” худалдах, худалдан авах гэрээ /1хх 121-131/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Мөн гэрч Р.Дэлгэрбаяр, Н.Болд-Эрдэнэ нарын мэдүүлгээр Монгол Улсын хилээр 82 тонн химийн хорт, аюултай бодис оруулж ирэх талаар Ч.Энхтуяа нь гэрээ хэлцэл хийсэн байх бөгөөд энэхүү гэрээ нь хэний ашиг сонирхлын үүднээс уг химийн бодисыг оруулж ирсэн талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.”, 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.”  гэж тус тус заажээ.

Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд “Тухайн үед хаагдсан байсан уурхайг ажиллуулж байсан байдаг. ... Ф.З нь Монгол Улсын хилээр химийн хорт бодис нэвтрүүлснийг тогтоогоогүй. ...” гэх дүгнэлт гаргажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж хууль бусаар газрын хэвлийд халдсан бол ...” гэж заасан байх тул “Дун Юань” ХХК-ний тусгай зөвшөөрлийн талаар холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулах.

Химийн хорт, аюултай бодисыг худалдаж авсан санхүүгийн эх үүсвэр, татварын асуудлыг шалгаж, буруутай хувь хүн, хуулийн этгээдийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөх.

“Дун Юань” ХХК нь химийн бодис худалдаж авсан эсэх, уг бодисыг ашиглан олборлолт явуулсан эсэх, түүнчлэн ажилчдын цалин хөлсний болон химийн бодис ашиглан гаргаж авсан баяжмалыг тээвэрлэх, хилээр гаргах ажлыг компани санхүүжүүлж байсан эсэхийг шалгаж, хуулийн этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах асуудлыг анхааран үзэх шаардлагатай байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд тус шүүх хуралдаанд “...Энэ хэргийн хүрээнд нийт учирсан хохирол болох 134.168.951 төгрөгийг иргэн Ф.З төлсөн. ...Нөхөн сэргээлтийг Ф.З өөрөө эхлүүлээд Өмнөговь аймгийн Байгаль орчны газар болон “Дун Юань” ХХК-д хүлээлгэж өгч байгаа. Энэ хавар нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлээд хийх гэж байгаа. ...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ. Шүүгдэгч Ф.З-д хохирол төлбөр төлөх болон нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэр байсан эсэх нь эргэлзээтэй байх тул энэ хэрэгт “Дун Юань” ХХК-ний оролцоо байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ.

Химийн хорт бодисыг ашигласны улмаас газрын хөрс бохирдсон, химийн хорт бодисын нөлөөгөөр ан амьтан үхсэн нөхцөл байдал авагдсан байх тул уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1, 24.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар анхан шатны шүүх шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах, хууль зүйн дүгнэлтээ шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт тусгах ёстой ба анхан шатны шүүхийн зарим асуудалд хийгээгүй хууль зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх нөхөж хийх боломжгүй юм.

Иймд, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Пын өмгөөлөгч Ш.Жаргалсайханы давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ф.З-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ф.З-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ф.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр нэмж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх хэмжээ арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ