Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01392

 

 

 

 

 

 

 

   2023                 07               17                                                  210/МА2023/01392

 

 

 

 

Л.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/02732 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Чын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШГазарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00924 дугаар шийдвэрээр “Даймонд очир ББСБ” ХХК-д 129,007,807.04 төгрөгийг Л.Чаас гаргуулан олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г дугаар байрны 75 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095751 дугаарт бүртгэлтэй 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж 87 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205002233 тоот дугаарт бүртгэлтэй 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж 87 тоот хаягт байрлах Ү-2205031279 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ШГазарт даалгахаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1419 дугаар магадлалыг  Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2021/00098 дугаар тогтоолоор “...хариуцагчаас 115,259,989.2 төгрөгийг гаргуулах” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.  

1.2. Барьцаа хөрөнгүүдийг 2021 оны 12 дугаар сард тогтоосон үнэлгээгээр хоёр дахь дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь хууль зүйн боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулах хуулийн зохицуулалттай. Мөн Л.Чын нэхэмжлэлтэй холбоотой маргааныг улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэж, шийдвэрийг хариуцагчид хүргүүлснээс хойш 2 сарын хугацаа өнгөрсөн тул хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

1.3. Хариуцагч байгууллага 2021 онд шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг анх тогтоолгосон. Энэхүү үнэлгээгээр хариуцагч ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчиж байна. Иймд барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг дахин тогтоохыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэрт дурдагдсан барьцаа хөрөнгүүдийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолуудаар тус тус тогтоолуудаар битүүмжилсэн.

2.2. Хөрөнгийн үнэлгээ нь дээр талууд тохиролцоогүй тул 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/329, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/352 дугаар шинжээч томилох тогтоолоор “Файн эстимэйт” ХХК, “Голден пэйж аудит” ХХК-г тус тус шинжээчээр томилоход газрыг 171,545,000 төгрөгөөр, орон сууцыг 161,816,867 төгрөгөөр тус тус үнэлсэн.

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд авахад үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд мэдээлэх явцад төлбөр төлөгч болон өмчлөгч нараас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/Ш32022/01710 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хөрөнгийн үнэлгээнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/01068 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/01069 дүгээр магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00887 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.

2.3. Улсын дээд шүүхийн тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, барьцаа хөрөнгүүдийг үл хөдлөх хөрөнгийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хоёр албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэж, дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг талуудад танилцуулсан.

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч талуудаас хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон, дахин үнэлгээ тогтоолгох талаар ШГазар болон шийдвэр гүйцэтгэгчид санал, хүсэлт болон хөрөнгийн үнэ өссөн гэх нотлох баримт хүргүүлээгүй байна.

2.5. Мөн 2021 оноос хойш төлбөр төлөгч иргэн нь 2021 оны 11 сар, 12 сард шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс 4,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг өдийг хүртэл огт төлж барагдуулахгүй байгаа нь төлбөр авагчийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ШГазарт холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, 75 тоотод байрлах Ү-2204095751 тоот улсын бүртгэлийн дугаартай 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах Г-2205002233 тоот улсын бүртгэлийн дугаартай 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах Ү-2205031279 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Чын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 101/ШШ2023/02732 шүүхийн шийдвэрийг 06 дугаар сарын 08-ны өдөр гардаж аваад, эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.4-т “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжийн дагуу түдгэлзүүлсэн байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан хугацаа уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй байна.” гэсэн нь үндэслэлгүй байна.

Ийнхүү ШГазар барьцаа хөрөнгөд холбогдох Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны явуулахаар товлосон нь хууль зөрчсөн байх тул уг дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй.

4.2. Барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг дахин тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэгч Л.Ч нь хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай, 324 м.кв талбайтай, хувийн сууцыг газрын хамт 304,560,000 төгрөгөөр үнэлсэн буюу өмнө оныхоос 79%-аар өссөн, Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай, 76 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 210,520,000 төгрөгөөр үнэлсэн буюу өмнөх оныхоос 34%-аар өссөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан бөгөөд дээрх барьцаа хөрөнгүүдийн үнийн өсөлт нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

          2. Нэхэмжлэгч Л.Ч нь ШГазарт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

          3. Төлбөр төлөгч Л.Чаас 115,259,989 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 734,249 төгрөгийг тус тус гаргуулж “Даймонд очир ББСБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, 75 тоотод байрлах Ү-2204095751 тоот улсын бүртгэлийн дугаартай 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах Г-2205002233 тоот улсын бүртгэлийн дугаартай 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах Ү-2205031279 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ШГазарт даалгаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/00924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1419 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2021/00098 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

          4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг  2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21260324/07, 21260324/08 тоот тогтоолуудаар битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21260324/09, 21260324/10 тоот тогтоолуудаар хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ. / хх-ийн 51-54,74, 77-87/

5.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/329 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Файн-Эстимэйт” ХХК болон “Голден фэйж аудит” ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, шинжээч “Файн-Эстимэйт” ХХК-иас Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах Г-2205002233 тоот улсын бүртгэлийн дугаартай 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах Ү-2205031279 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 171,545,000 төгрөг, шинжээч “Голден фэйж аудит” ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, 75 тоотод байрлах Ү-2204095751 тоот улсын бүртгэлийн дугаартай 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 161,816,867 төгрөг гэж тус тус тогтоожээ . /1-р хх-ийн 88-94, 233-250, 2-р хх-1-18/

5.2. Төлбөр төлөгч Л.Ч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Алтанцэцэг нар нь “Файн-Эстимэйт” ХХК болон “Голден фэйж аудит” ХХК-иас гаргасан дээрх үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/01068 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/01069 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2022/00887 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-126-143 дугаар тал/

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилсон, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлсэн зэрэг ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй.

6. Хариуцагч байгууллагаас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/43 тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад зарласныг төлбөр төлөгч Л.Ч нь эс зөвшөөрч, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-227/00588 тоот мэдэгдэл, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03/399 тоот шийдвэрээр хүлээн авахаас татгалзсан хариуг хүлээн авсанаас хойш шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт нийцсэн байна. /1-р хх. 38-41/

7. Нэхэмжлэгч нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг гүйцэтгэх хуулийн зохицуулалтыг зөрчиж дуудлага худалдааг явуулсан” гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй.

7.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацаа нь анхны албадан дуудлага худалдаанд хамаарах хугацаа бөгөөд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах хугацаатай холбоотой журмыг тогтоосон хэм хэмжээ биш юм.

7.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан хугацаа нь хоёр дахь албадан дуудлага худалдаанд хамааралтай хугацаа бөгөөд анхны албадан дуудлага худалдааг явуулсан өдрөөс хойших хугацаанд төлбөр төлөгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлж шүүхэд гомдол гаргасан гаргасантай холбоотойгоор хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

8. Нэхэмжлэгчээс битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгөд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ хийлгүүлж, эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нэмэгдсэн болохыг баримтаар гаргасан байх боловч тухайн эд хөрөнгийн үнэ цэнэ өөрчлөгдөхөөс өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байхад нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн хугацаанд үнийн өөрчлөлт бий болсонд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрыг буруутгах үндэслэлгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үнийн өөрчлөлт болон 6 сарын хугацаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан хугацааны дотор явуулаагүй эс үйлдэхүй болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Харин, нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд уг нөхцөл байдал бүрдэх нь үнэлгээг дахин тогтоох үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн атлаа хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шүүх үнэлгээтэй холбоотой маргаан шийдвэрлэх эрхийг олгосон зохицуулалт биш тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан өөрчлөлтийг оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/02732 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “55 дугаар зүйлийн 55.5” гэснийг “55 дугаар зүйлийн 55.7” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

                                                ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                  С.ЭНХБАЯР