Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 123/2017/0052/З |
Дугаар | 221/МА2019/0075 |
Огноо | 2019-02-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0075
|
|
|
“Э н х” ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, Б.Б, хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Д, хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2018/0037 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э н х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2018/0037 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 136 дугаар зүйлийн 136.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Л, Б.Б, Ч.Н, Ж.З нарын нэр бүхий 10 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э н х” ТББ-аас төлөөлөн гаргасан “Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тоот тогтоолыг болон мөн өдрийн 09 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолыг болон Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах” гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс нэхэмжлэгчийн “...Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай...” шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нэр бүхий иргэдийг гэрчээр асуусан тэмдэглэлд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж 02 тоот тогтоолыг гаргасан болохыг мэдүүлсэн... Төв аймгийн прокурорын тогтоолоор... тогтоогдсон...” ...хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар 02 дугаартай тогтоолыг гаргасан болох нь нотлогдож байна...” “...Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасан чиг үүргийг зөрчөөгүй...” нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий актын улмаас хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.1-д хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. 25.1-д хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасан.
Гэтэл хариуцагчийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хурлыг хуралдуулахгүйгээр 02 тоот тогтоол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2-т заасан “...бичгээр гаргасан захиргааны актыг баталсан захиргааны байгууллага тодорхойгүй...” гэх илт хууль бус шинжийг бүрэн агуулж байгаа болно.
Шүүхээс зөвхөн хэрэгт авагдсан “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол” болон гэрчээр асуугдсан байдалд үндэслэж дүгнэлт хийсэн.
Гэтэл хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, зарим гэрч нь илт худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй үйл баримтыг харгалзан үзээгүй бөгөөд энэхүү байдлыг нотлох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах гэрч асуулгах, гэрч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй гэдгийг нотлох баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргийг шүүх гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн.
Мөн хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тоот тогтоол нь он сар, бичиглэлийн зөрүүтэй байдалтай байгаа нь уг тогтоолыг өөр өөр цаг хугацаанд нөхөж хийсэн болохыг харуулж байгаа болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч иргэд нь уг тогтоолын дагуу ажиллаж байгаа уурхайн үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд эрх ашиг нь зөвхөн газар эзэмших эрхээр хязгаарлагдахгүй байгаад дүгнэлт хийсэнгүй.
Төв аймгийн Утаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг “...2017 оны 09 дугаартай тогтоол нь Ашигт малтмал, газрын тосны газар очсоноор ямар эрх зүйн үр дагавар бий болсон түүний улмаас нэхэмжлэгч иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг гаргаагүй болохоо хариуцагч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2-т заасан илт хууль бус акт болохыг нотолж байна.
Уг илт хууль бус тогтоолыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-д заасан дүгнэлтийг гаргасны дагуу Бор-Өндөрийн хишиг ЗБН бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгч иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон дээр дурдсан эрхийг зөрчиж байгаа болно.
Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчаас шүүх хуралдаанд “...Уг тогтоолоор зөвхөн 02 тоот тогтоолдоо тодотгол хийсэн...ямар нэгэн байдлаар тусгай хэрэгцээнд авсан асуудлыг шийдвэрлээгүй...” гэж тайлбарласан явдалд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Уг тогтоолоор ямар нэгэн байдлаар 02 тоот тогтоолд тодотгол хийсэн зүйл огт байхгүй бөгөөд харин тус сумын нутаг дэвсгэрт байрлах Бор-Өндөрийн өвөр гэсэн газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагын ашигт малтмалын асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээг заасан бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “...тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох гэж аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийтлэг бүрэн эрхийг заасан.
Уг нийтлэг бүрэн эрхийг аль шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайлан хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 151 дүгээр тогтоолын 7.1.2-т “Аймаг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аймаг нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцэн шийдвэрлэнэ...” нарийвчлан тодорхойлж заасан.
Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төв аймгийн Угтаалцайдам сумын Бор-Өндөрийн өвөр гэх газрыг ямар нэгэн байдлаар тусгай хэрэгцээнд аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон.
Иймд Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт олгогдоогүй эрхийг эдэлж 2017 оны 07 дугаар сарын 17-ны 06 дугаартай тогтоолыг гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасан илт хууль бус шинжийг агуулж байгаа болно.
Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаартай захирамж нь дээрх илт хууль бус болон хүчингүй захиргааны актуудыг үндэслэж гарсан байгаа байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.
Иймд дээрх үндэслэлийн дагуу Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 0037 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багын иргэн Д.Л, Б.Б, Ч.Ц, Б.Э, Б.Б, Э.Б, Я.Ц, Т.Э, Ч.Н, Ж.З нараас “Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд төлөөлөн гаргах итгэмжлэлийг “Э н х” ТББ-ын тэргүүн Г.А-д 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгожээ.
Улмаар дээрх нэр бүхий иргэдийг төлөөлөн “Э н х” ТББ-аас Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр шүүхэд гаргасныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШЗ2017/0337 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Харин “Э н х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний “Хэрэг шилжүүлэх тухай” 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 123/ЗТ2018/047 дугаар тогтоолоор тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаагаас шүүгч Д.Зоригтбаатарт[1], 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 123/ЗТ2018/058 дугаар тогтоолоор шүүгч Д.Зоригтбаатараас шүүгч Ч.Одсүрэнд[2], 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ЗТ2018/064 дүгээр тогтоолоор шүүгч Ч.Одсүрэнгээс шүүгч Д.Зоригтбаатарт[3], 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 123/ЗТ2018/066 дугаар тогтоолоор шүүгч Д.Зоригтбаатараас шүүгч Б.Хажидмаад[4] тус тус шилжүүлжээ.
Гэтэл “Э н х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хуульд заасны журмын дагуу шүүгч Б.Хажидмаагаас шүүгч Д.Зоригтбаатарт шилжүүлээгүй байхад хэргийг шүүгч Д.Зоригтбаатар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасан байхад хэргийг шийдвэрлэх шүүгчийг томилж, албажуулах Ерөнхий шүүгчийн захирамжийг гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм.
Тиймээс анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх дараах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзлээ.
1. “Э н х” ТББ-ын нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн. Гэтэл нэр бүхий иргэдээс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах итгэмжлэлийг “Э н х” ТББ-ын тэргүүнд олгосон байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлох.
Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлох нь маргаан бүхий захиргааны актын улмаас хэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болох талаар шүүх дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой.
2. Төв аймгийн Угтаалцайдам сумын 3 дугаар багийн, мөн Асгат багын Засаг даргын тодорхойлолт, гэрч тус сумын газрын даамал Б.М-ийн мэдүүлэг нь Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багын иргэн Д.Л, Б.Б, Ч.Ц, Б.Э, Б.Б, Э.Б, Я.Ц, Т.Э, Ч.Н, Ж.З нарын өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа гэх газар, тэдгээрийн газрын байршлыг хангалттай тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл тус иргэд нь бодитоор ямар байршилд газар эзэмшиж, ашиглаж байгааг газрын кадастрын зураглал, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд авагдаагүй тул эдгээр иргэдийн газартай холбоотой нотлох баримтыг цуглуулах нь маргаан бүхий актад дүгнэлт хийхэд ач холбогдолтой байхаар байна.
3. “Маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж тодорхойлон гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүднээс маргаан бүхий актыг хянахад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан ямар үндэслэлээр шаардлага гаргасан болохыг тодруулан холбогдох нотлох баримтыг цуглуулах нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Тиймээс анхан шатны шүүх дээр дурдсан ажиллагааг явуулж холбогдох нотлох баримтуудыг цуглуулахаас гадна хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2018/0037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
[1] Хэргийн 2-р хавтас, 131-133 дахь тал
[2] Хэргийн 2-р хавтас, 159-160 дахь тал
[3] Хэргийн 2-р хавтас, 210-211 дэх тал
[4] Хэргийн 2-р хавтас, 232-234 дэх тал