Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 01

 

 

 

  

  

 

 

 

 

Ж.Билэг-Өрнөхөд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2016/0106/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

            Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Ялтан                                                        Ж.Билэг-Өрнөх

           Ялтны өмгөөлөгч                                     М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолтой Ж.Билэг-Өрнөхөд холбогдох 201506000338 дугаартай эрүүгийн хэргийг ялтан өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Жааханц овогт Жигжидсүрэнгийн Билэг-Өрнөх, 1978 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Сэлбийн 4-36 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, РМ78031613 регистрийн дугаартай.

Ж.Билэг-Өрнөх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг "Уушийн өвөр" гэх газарт оршин суух иргэн Т.Ариажавын гэрт иргэн Б.Эрдэнэтулгыг шалтаг шалтгаангүйгээр зүүн гарын булчин тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор:

   Шүүгдэгч Жааханц овогт Жигжидсүрэнгийн Билэг-Өрнөхийг танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхөд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхийн цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрээн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн "Эд мөрийн баримт устгах комисст"-т даалгаж, шүүгдэгч Ж.Билэг-Өрнөх нь төлөх төлбөргүй болохыг дурьдаж,

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

     Ялтны өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдолдоо: “ .... Ж.Билэг-Өрнөхийн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гадаа архи ууж байхад хохирогч Эрдэнэтулгыг алгасч архи тойруулснаас хоорондын зохисгүй харьцаа үүссэн болох нь Ж.Билэг-Өрнөхийн “Эрдэнэтулга архи алгасч тойруулдаг нь хаанахын ёс вэ” гэж хэлсэн, гэрч Ариажавын “Эрдэнэтулга гаднаас нэг залуутай ярьсаар орж ирсэн” гэх

 

 

мэдүүлэг зэргээс харахад тэдний маргаан үргэлжилж ийм нөхцөл байдал бий болгосон байна. Иймд Ж.Билэг-Өрнөхийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй…” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ж.Билэг-Өрнөх нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Уушийн-Өвөр” гэх газарт оршин суух иргэн Т.Ариажавын гэрт Б.Эрдэнэтулгын зүүн гарын булчин руу хутгаар хатгаж бие махбодид нь “…зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий” хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 1024 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Ялтны өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нар нь “…хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү…” гэх давж заалдах гомдол гаргасан, Ж.Билэг-Өрнөх нь сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ “…архи алгасч тойрууллаа гээд бид хоёр маргалдсан…” гэсэн боловч дээрх гомдол, мэдүүлгүүд нь

хохирогч Б.Эрдэнэтулгын “… миний зүүн гар талд нэг хүний цаана сууж байсан танихгүй залуу мах идэж байсан эрээн иштэй хутгаар зүүн гарын булчин руу нэг удаа хутгалсан… хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй…” гэх /хх 19/,

гэрч Т.Ариажавын “…Эрдэнэтулгыг өндөр шар залуу нь махан дээр байсан шар өнгийн эврэн иштэй хутгаар хатгах шиг болохоор нь тэр залууг чи хүн хутгалчихлаа гэж хэлэхэд үгүй ээ би айлгасан юм гэсэн…Эрдэнэтулга хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан юм байхгүй…” гэх  21-22,

гэрч Д.Загдсүмийн “… Билэг-Өрнөх байшинд орж ирээд ширээн дээр байсан хутгыг аван Тулгаагийн зүүн гар луу хутгалсан..байшин дотор хэрүүл маргаан зодоон болоогүй…”  гэх /хх 24/, гэрч Я.Амгалангийн “…Билэг-Өрнөх бид хоёр машин дотор

суугаад байж байхад Билэг-Өрнөх удалгүй байшин руу нөгөө хэдийг дуудахаар яваад орсон. Удалгүй айлын нэг хүн гарч ирээд чамтай хамт явж байсан хүн чинь хүн хутгалчихлаа гэж хэлсэн… ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй…” гэх /хх 26/,

гэрч Д.Осор, Н.Базарсад нарын “…байшин дотор хэрүүл маргаан зодоон болоогүй…гэрийн гадаа байхад ч ямар нэг хэрүүл маргаан болоогүй…” гэх /28, 141/ мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл ялтан Ж.Билэг-Өрнөхийг хувийн сэдэлтээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх ба хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтны өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “…Ж.Билэг-Өрнөх 2 хүүхдийн хамт амьдардаг тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү…” гэх тайлбарыг хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нотлох баримтыг үндэслэж тогтоолд өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүнийг 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

                                       ШҮҮГЧИД                                           Ц.ТУЯА        

     

                                                                                                     С.УРАНЧИМЭГ