Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 00109

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

иргэдийн төлөөлөгч Г.Дэлгэрмаа,

хохирогч Б.Эрдэнэтулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг, шүүгдэгч Ж.Билэг-Өрнөх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жааханц овогт Жигжидсүрэнгийн Билэг-Өрнөхөд холбогдох 132/2016/0106/Э/ индекстэй, 201506000338 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн Сэлбийн 4-36 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Сум дундын шүүхийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Жааханц овогт Жигжидсүрэнгийн Билэг-Өрнөх /РД:РМ78031613/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Билэг-Өрнөх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг "Уушийн өвөр" гэх газарт оршин суух иргэн Т.Ариажавын гэрт иргэн Б.Эрдэнэтулгыг шалтаг шалтгаангүйгээр зүүн гарын булчин тус газарт хутгаар хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судаллаа Үүнд:

       Шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхийн өгсөн: Би Осор, Даваадорж, Загдсүмбэ, Амгалан нартай хамт Орхон аймгаас Заамарын уурхай руу явж байсан юм. Бид голоор гарах замаа мэдэхгүй байсан учраас айлаас зам асуухаар болсон. Даваадорж бид 2 зам асуухаар айлд орсон юм. Тэр айл идэш хийж байсан, мөн монгол архи, пиво зэргийг уугаад сууж байсан. Гэрийн эзнийг Ариажав гэдэг. Тэр хүн Даваадорж бид хоёрыг хоол идээд яв, хамт явж байгаа хүмүүсээ гэрт оруулаарай гэж хэлсэн. Бид түүний хэлсэний дагуу гадаа байгаа Осор, Амгалан, Загдсүмбэ нарыг дуудаад гэрт оруулж хоол идэхдээ 0.75 литрийн архи авч орсон. Үүний дараа гэрт байгаа хүмүүс гадаа идэшний үхэр янзлахаар гарсан. Гадаа гараад би 0.75 литрийн архийг тойруулсан, харин Эрдэнэтулга монгол архийг тойруулсан. Би архи тойруулж байхдаа Эрдэнэтулгыг 1 удаа алгасчихсан юм. Тухайн үедээ түүнийг архинаас алгасаад тойруулсан гэдгээ мэдээгүй. Хүмүүс үхэр янзлахаар явсан хойгуур Эрдэнэтулга бид хоёр үлдсэн бөгөөд бид бага зэрэг зайтай сууж байсан. Энэ үед Эрдэнэтулга архи алгасаж тойруулдаг хаанахын ёс вэ гэж хэлсэн. Харин би уучлаарай гээд архи хийж өгсөн. Үүний дараа хүмүүс гэр рүү орсон бөгөөд тойруулж байсан архи арай дуусаагүй байсан. Амгалан бид хоёр явахыг хүлээгээд гадаа машиндаа сууж байгаад явахгүй болохоор нь Амгалан намайг хурдан явах арга хэмжээ ав гэж хэлэхээр би гэрт орсон. Намайг гэрт ороход айлын эзэн идэш янзлаж байгаа учраас архи уухгүй гээд гадагшаа гарсан. Осор "жолооч яараад байгаа" гээд мөн гадагшаа гарсан. Харин Даваадорж намайг мах ид гэж хэлсэн. Мах идээд сууж байхад Загдсүрэн, Даваадорж нар гэрийн эзэнд явлаа гэдгээ хэлнэ гээд мөн л гадагшаа гарсан. Тэр үед Загдсүмбийг харахад хөл дээрээ тогтож чадахгүй согтсон байсан. Загдсүмбэ, Эрдэнэтулга нар багын найзууд гээд тэврэлдээд байсан. Гэрт Эрдэнэтулга бид хоёр үлдсэн бөгөөд тэр надад "чи тийм том юм бол гараад үзчихье" гээд намайг заамдах гээд 2 гараараа далайсан. Би тэр үед мах идэж байсан бөгөөд түүнийг болиулах гээд баруун гартаа хутга барьсан чигээрээ боссон. Гэтэл миний барьж байсан хутга Эрдэнэтулгын зүүн гар руу зоогдсон байсан. Загдсүмбэ гаднаас орж ирээд намайг яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Араас нь бусад хүмүүс орж ирсэн. Эрдэнэтулга согтуу байсан учраас орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн. Түүний хувцасыг тайлахад цус гарч байсан. Бид Эрдэнэтулгыг гэрт нь хүргэж өгсөн. Эрдэнэтулгыг эмнэлэг рүү авч явах гэсэн боловч мал маллаж байгаа учраас явахгүй гээд байсан. Эрдэнэтулга явахгүй гээд байсан хэдий ч түүний гараас цус гараад байсан учраас бүгд ярилцаж байгаад Орхон аймгийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед Амгалан арай эрүүл байсан. Амгалангийн мэдүүлэг надтай адилхан байдаг бөгөөд бусад хүмүүсийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Цагдаа нар гэрчүүдийн тайлбарыг авсан. Осор надад Эрдэнэтулгыг тайлбартаа юу болсон гэдгийг огт мэдэхгүй байна гэж хэлж байсан гэж хэлсэн. Гэтэл Эрдэнэтулгын энэ тайлбар хавтаст хэрэгт байхгүй байсан. Харин миний тайлбар байсан. Би хэрэг болсон үйл явдлаас хойш хохирогч Эрдэнэтулгатай уулзсан, ярилцсан. Эрдэнэтулга эм тариа, шатахууны мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би мод авах гэж байсан 250000 төгрөгөө түүнд өгсөн. Эрдэнэтулгын эхнэрийн дүү "энэ хүнд гэмт хэрэг, хохирлыг барагдуулахгүй бол шоронд явах болно" гэж хэлсэн. Эрдэнэтулгын эхнэрийн дүү нь надаас 15000000 төгрөг өгчихвөл цагдаад мэдэгдэхгүй гэж хэлсэн. Би 15000000 төгрөг өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Харин Эрдэнэтулгын эхнэр 7500000 төгрөг өгчих гэж хэлсэн. Эрдэнэтулгын эхнэрийн дүүд нь таньдаг хурандаа хүн байдаг гээд шууд түүн рүү ярьсан. Энэ үйл явдал болох үед энхэр маань төрөөд удаагүй байсан. Бид модгүй болсон учраас хөлслөж байсан байшиндаа байх боломжгүй болсон. Ийм учраас би эхнэр, хүүхдүүдээ аваад Улаанбаатар хот руу явсан. Үүнээс хойш намайг эрэн сурвалжилсан байсан. Би Эрдэнэтулгыг санамсаргүйгээр гэмтээсэн. 7500000 төгрөгийг олж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Би Эрдэнэтулгын танил тал буюу хурандаа хүн их нөлөөлдөг юм биш биз дээ гэсэн хардлагатай байгаа. Учир нь гэрч нар өмнөх тайлбараасаа их зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан. Эрдэнэтулгатай дараа уулзахад 500000 төгрөг өгчих гэж хэлсэн гэв.

       Хохирогч Б.Эрдэнэтулгын өгсөн: Энэ үйл явдал 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Орхон сумын 2 дугаар бригадад болсон юм. Би гэртээ хоньчинтойгоо үлдсэн бөгөөд адуундаа явах замдаа Ариажав ахынд орсон юм. Ариажав ах 1 литр монгол архи халааж өгөөд ууж байхад Ариажав ахын хүргэн Базарсад 3-4 хүний хамт идэш авахаар ирсэн. Базарсад 2.5 литр пиво авч ирж өгсөн. Тэрийг ууж байхад гаднаас заамарын уурхай явж байгаа гээд 2 залуу зам асуухаар орж ирсэн юм. Ариажав ах тэднийг хоол ид гэж хэлсэн. Тэр 2 залуу гадаа байгаа хамт явсан хүмүүсээ дуудсан. Тэдний нэг нь 0.75 литрий архи авч ирсэн. Үхэр унагахаар бүгд гэрээс гарсан бөгөөд бид тэнд архийг тойруулж уусан. Гэрт 2 эмэгтэй хүн л үлдсэн. Бид гарсаны дараа Ариажав ах монгол архиа аваад ир гэж хэлэхээр би авч ирсэн. Харин Билэг-Өрнөх 0.75 литрийн архи авч ирсэн байсан. Би монгол архийг, харин Билэг-Өрнөх 0.75 литрийн архийг тойруулсан. Үүний дараа бид гэрт орсон бөгөөд Ариажав ах Базарсадтай хамт гадаа идэш янзлахаар гарсан. Загдсүмбэ бид хоёр багын найзууд юм. Загдсүмбэ бид хоёр тийм ч дотны найзууд биш. Би Загдсүмбэтэй гадаа хэсэг юм ярьсан. Биднийг хэсэг юм яриад гэртээ ороход Заамарын уурхай явах хүмүүс хөдлөх гэж байсан. Тэд заамарын уурхай руу алт ухахаар явж байгаагаа хэлсэн. Билэг-Өрнөх намайг ямар ч шалтгаангүй хутгалсан. Гадаа архи ууж байхад би түүнд намайг алгассан гэж хэлсэн нь үнэн. Харин би Билэг-Өрнөхийг хэл амаар доромжилж, түүнийг заамдахаар боссон зүйл байхгүй. Одоо миний биеийн эрүүл мэндийн байдал гайгүй болсон. Хохирол төлбөрт 250000 төгрөг авсан, надад одоо бодит нотлох баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй байна гэв.

      201606000338 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

      Хохирогч Б.Эрдэнэтулгын өгсөн: …2015 оны 11 дүгээр сарын 22-ны өглөөний 9 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг "Халиуны уушигийн өвөр" гэх газарт адуунд явж байгаад Ариажав ахын гэрт ороход миний дараахан гаднаас танил Базарсад ах 2 охин, хүргэний хамт идэш авах гэж ирсэн. Тэгээд мах чанаж өгөөд байж байхад гаднаас Төв аймгийн Заамар сум явах гэж байгаа гэж 5 залуу хар өнгийн машинтай ирсэн. Зам асуух гэж орж ирсэн нэг залуу нь Ариажав ахыг таньдаг юм байна лээ, би ирсэн залуучуудыг огт танихгүй. Ариажав ах хоол идээд яв гэж хэлэхэд хоол  идэцгээсэн.  Бүх хүмүүс гэрийг тойроод сууж байсан.  Нэг нь гадагшаа гараад машинаасаа нэг шил 0,75 литрийн "Ерөөл" нэртэй архийг оруулж ирсэн. Архийг Ариажав ах миний баруун гар талд суугаад тойруулж байхад миний зүүн гар талд нэг хүний цаана сууж байсан танихгүй залуу мах идэж байсан эрээн иштэй хутгаараа зүүн гарын булчин руу нэг удаа хутгалсан. Тэгэхэд нөгөө залуучууд нь хүн алчихлаа гэж яриад байсан. Нэг мэдсэн миний толгой эргээд юм орж гараад байсан. Тэгээд эмнэлэгт ирээд оёо тавьж байхад нь ухаан орсон. Эмнэлэгт хэвтэж байхад 2-3 хоногийн дараа намайг хутгалсан залуу над дээр ирж 250000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгэхэд нэрээ Билэг-Өрнөх гэж байсан. Тэрнээс хойш ирээгүй. Би адуу хайж яваад даарсандаа хамаатан Ариажав ахын гэрт орсон юм. Ариажав ахын гэрт ороход 1 литр халаасан монгол архийг Орхон аймгаас ирсэн Базарсад ах, Ариажав ах нартай тойруулаад уугаад сууж байхад машинтай   залуучууд   ирсэн.   Би   Билэг-Өрнөхтэй   гэрт   сууж   байхад   хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Урьд өмнөх өш хонзонгийн зүйл байхгүй. Анх удаа гэрт орж ирэхэд нь харсан. Ариажав ах, Базарсад ах бид нар 1 литрийн монгол архи халааж уугаад дөнгөж эхэлж, 2 литрийн пиво уух гээд задалж байсан   болохоор  согтсон  зүйл   байгаагүй.   Машинтай   ирсэн   залуучууд  нилээн халамцуухан гэрт ирсэн юм гэх мэдүүлэг /хх 19 тал/

       Гэрч Т.Ариажавын өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөөний 10 цагийн орчим гэртээ ганцаараа байхад Эрдэнэтулга адуугаа асуугаад ирлээ гэж гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би 1 литр монгол архи халаагаад Эрдэнэтулга бид хоёрыг ууж байхад Базарсад ах хоёр охин, хүргэнтэйгээ хамт идэшний үхэр авахаар орж ирсэн. Гадагшаа гарч үхэрүүдээ цуглуулаад 1 тооны үхэр нядлаад гэрт орж ирж мах чанаад түүнийгээ гаргаад 2,5 литрийн пиво задлаад уугаад сууж байсан чинь гаднаас 5 хүн орж ирсэн. Заамар явах зам хаана байдаг юм гэхээр наад ирсэн зам чинь хөтлөөд явна гэхэд Давка гэх залуу нь намайг болон Базарсад ахыг нутгийн ах нар байна гэж хэлсэн. Би мах идээрэй гэж хэлж гэрт суулгаад айраг хийж өгөн монгол архи, задгай пивоноос нь тойруулаад сууж байхад Давка нэг шил архи оруулаад ир гэж хүн гаргаад 0.75 литрийн Ерөөл нэртэй архи оруулж ирэхээр нь дээрээс нь хүмүүст 2 татуулаад би үхэр нядалж байсан болохоор гадагшаа гарсан чинь нөгөө хүмүүс надтай хамт гэрээс гарч гадаа үлдсэн архиа тойруулж уусан. Давка намайг ахаа явлаа гэр рүү чинь ороод гаръя гэж хэлээд гэрт орцгоосон. Гаднаас гэрт орж ирээд нэг нь за бүгдээрээ явцгаая гэж хэлээд босцгооход Эрдэнэтулгыг өндөр шар залуу нь шалан дээр байсан шар өнгийн эрээн иштэй хутгаар хатгах шиг болохоор нь "тэр залууг чи хүн хутгалчихлаа" гэж хэлэхэд "үгүй ээ, би айлгасан юм" гэсэн. "Наад хутгаа хар" гэхэд хутга нь цустай байхад тэр залуу юм хэлээгүй. Найзууд нь "чи яаж байгаа юм" гэж хэлсэн. Гэрт Базарсад орж ирээд Эрдэнэтулгын хувцасыг тайлж үзэхэд зүүн гарын бугалганд нь хутгалсан байсан. Тэгэхээр нь боож өгөөд эмнэлэг аваад яв гэсэн. Эмнэлэг авч явчихаад "тохирчихлоо, Заамар сум яваад ирээд уулзана" гээд гэрт нь орхисон байсан. Гэрт нь очоод үзэхэд орныхоо өмнө хэвтэж байхаар нь нөгөө залуучууд Эрдэнэтулгыг хамт эмнэлэг рүү явуулсан. Эрдэнэтулга найз гэх залуутайгаа орон дээр сууж байсан. Эсрэг талд нь сандал дээр Давка бид хоёр сууж, доохон талд нь Эрдэнэтулгыг хутгалдаг залуу сууж байсан. Хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Нэрийг нь мэдэхгүй шар царайтай залуу ямарч шалтгаангүй Эрдэнэтулгыг хутгалсан. Эрээн иштэй, шар хутга бол манай гэрийн хутга юм, би 5 залуугийн жолооч гэх залууд нь өгч, хутгыг уутанд хийгээд аваад явсан. Базарсад, Эрдэнэтулга бид нар эрүүл байсан. Гаднаас орж ирсэн 5 залуугийн жолоочоос бусад 4 залуу нь нилээн согтуу байсан. Давка нь урьд өмнө нь бараан зах дээр бараа зардаг байсан болохоор нь танина. Бусдыг нь танихгүй. Манай базын хүргэн нь Эрдэнэтулга юм… гэх мэдүүлэг /ХХ 21-22 тал/

       Гэрч Д.Загдсүмийн өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өглөөний 14-15 цагийн орчим шиг санаж байна. Би гэртээ байсан чинь Осор, Билэг-Өрнөх, жолооч Амгаа, Давкаа нар нь Амгаагийн машинтай /марк дугаарыг нь мэдэхгүй/ ирсэн. Тэгээд шууд Төв аймгийн Заамар сум руу Орхон аймгаас гарч явсан. Орхон сумын "Халиун" багийн орчимд бид нар байшинтай айл руу орсон. Айлд ороод нөгөө хэд нэг хэсэг удахаар нь Амгаа, Осор бид гурав айл руу ороход гэрт 2 эмэгтэй, Тулгаа /жинхэнэ нэрийг мэдэхгүй/ гэх танил залуу, эрэгтэй хүмүүсийн хамт байсан. Адууны гэдэс чанаад тогооноос гарган "дүү нар наашаа сууцгаа" гэхээр нь байшинд суугаад цай амсан адууны чанасан махнаас идэн монгол архи, айраг зэргийг хийж өгөхөөр нь уусан. Гаднаас бид нарын 0,75 литрийн "Ерөөл" нэртэй архийг байшинд орж ирээд тойруулж ууж байхад гэрийн эзэд үхэр нядлах гэж байна гэхээр нь байшингаас бүгд гарцгаасан. Үхэр нядлахыг бүгд хараад байж байхад Билэг-Өрнөх архийг тойруулж, монгол архийг Тулгаа тойруулж үхэр нядалсны дараа гэрт байсан хүмүүс үлдээд гэрийн эзэн, Тулгаа бид нар байшин руу орсон. Орон дээр гэрийн эзэн Тулгаа байшингийн голд түүний баруун гар талд Давка, түүний баруун талд би суугаад монгол архийг Тулгаа тойруулж байхад гаднаас Билэг-Өрнөх байшинд орж ирээд Тулгаагийн урдаас харж сууж байхдаа ширээн дээр байсан хутгыг аван Тулгаагийн зүүн гар руу хутгалсан. Юу болов гээд Тулгаагийн цамцыг яраад үзэхэд зүүн булчиндаа хутгалуулсан байсан. Эмнэлэг рүү Тулгааг авч явахаар болж Осор, Билэгээ, Амгаа нар нь машиндаа суулган авч явсан. Би Давкатай хамт байшинд үлдсэн. 1 цаг орчмын дараа Осор, Билэгээ, Амгаа нар Тулгааг зүгээр гээд байхаар нь гэрт нь үлдээчихлээ гээд байшинд ирсэн. Бид нар хоорондоо яриад болохгүй байхаа гээд Тулгаагийн гэрт очиж Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү Тулгааг хүргэсэн. Би Осортой олон жилийн өмнөх найзууд юм. Тулгаатай бол зүс таних танилууд юм. Билэгээ, Амгаа, Давка нарыг Осороор дамжуулж танилцсан. Орхон аймгаас гарахдаа Осор, Давка бид гурав 0,5 литрийн "Ерөөл" нэртэй литрийн "Боргио" нэртэй пивыг Билэг-Өрнөх ганцаараа уусан. Жолооч Амгаа бол уугаагүй. Байшин дотор хэрүүл маргаан зодоон болоогүй байхад ямар ч шалтгаангүйгээр Билэг-Өрнөх Тулгаагийн зүүн булчинд нэг удаа хутгалсан. Намайг байшинд ороход байшинд байсан хүмүүс монгол архи, айраг ууж байсан. Согтсон зүйл байгаагүй. Үхэр нядалсны дараа Тулгаа нилээн согтсон байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай буюу согтсон зүйл ажиглагдаагүй. Билэг-Өрнөх ширээн дээр байсан хутгыг аваад Тулгааг хутгалсан. Жолооч Амгаа хутгыг аваад Орхон аймгийн цагдаад өгсөн /хх 23-24 тал/,

       Гэрч Я.Амгалангийн өгсөн: ...Замдаа явж байгаад зам мэдэхээ болихоор нь Орхон голын зах дээр байх айлаас зам асуухаар болж айлын гадаа зогсоход Билэг-Өрнөхийн нэг найз нь айл руу орсон. Таньдаг хүн байна хоол ид гэнэ гэхээр нь байшинд ороход 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн идэш хийсэн бололтой мах чанаж, данхтай Монгол архи тойруулж байсан. Би хамт явсан хүмүүстэйгээ чанасан махнаас идсэн, монгол архи уусан зүйл байхгүй. Хамт явж байсан залуу гаднаас 1 шил 0,75 литрийн "Ерөөл" нэртэй архи оруулж ирэн байшинд байсан хүмүүст архийг тойруулсан. Айлын хүмүүс гадаа нэг тооны үхэр нядлах гэж байгаа гэхээр нь байшингаас бүгд гарсан юм. Үхэрний амийг нь тасалчихаад байж байхад гэрийн эзэн танихгүй нь архийг тойруулж байсан. Гэрийн эзэн, танихгүй залуу нар нь байшин руу манай хамт явсан 3 залуутай орсон. Билэг-Өрнөх бид хоёр машин дотор суугаад байж байхад Билэг-Өрнөх удалгүи байшин руу нөгөө хэдийг дуудахаар яваад орсон. Удалгүй айлын нэг хүн гарч ирээд чамтай хамт явж байсан хүн чинь хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Байшин руу ороход айлд байсан нэг хүн орон дээр дээшээ хараад хэвтсэн байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад айлын эзэн Билэг-Өрнөхийг хутгалчихлаа гэж заасан. Би хутгалуулсан хүний хувцасыг нь яраад цээжийг нүцэглэж үзэхэд ямар нэгэн шарх байхгүй байсан мөртлөө цус байгаад байсан. Хувцасных нь ханцуй хэсгийн тайлахад зүүн гарынх нь булчин орчимд хутганы шарх байсныг боогоод эмнэлэг оруулъя гээд өөрийнхөө машинд суулгаад авч явахад хутгалуулсан хүн явахгүй гээд байсан. Замд дугуй хагарахаар нь дугуйгаа солиод тавих хооронд Билэг-Өрнөх хутгалуулсан хүн хоёр Орхон аймаг явахгүй цус тогтчихлоо гэрт аваачаад өгөөдөх гэж хутгалуулсан хүн хэлсэн. Хутгалуулсан хүнийг гэрт нь аваачихад хүн байхгүй байсан. Гэрт нь орхиод хэрэг болсон айлд очиход тэр айлын эзэн цус тогтсон нь хамаагүй, наадахаа эмнэлэгт аваачиж цэвэрлүүлж оёул гэж хэлэхээр нь гэрт нь очоод машиныхаа арын суудалд хөндлөн суулгаад Орхон аймаг руу авч эмнэлэгт хүргэсэн юм. Би 2003 онд Билэг-Өрнөхтэй хамт Орхон аймгийн Онцгой гал түймэртэй тэмцэх хэлтэст ажиллаж байсан болохоор зүс танина. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Нөгөө хүмүүсийг нь бол танихгүй, Билэг-Өрнөхийн найзууд юм. Ямар шалтгааны улмаас хэн гэдэг хүнийг хэн зүүн гарын булчин хэсэгт хутгалсныг мэдэхгүй. Байшинд ороход гэрийн эзэн Билэг-Өрнөх рүү заагаад энэ хүн хутгалчихлаа гэж хэлсэн юм. Байшинд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болсон зүйл байхгүй. Бид нар Орхон аймгаас гарахдаа архи согтуурулах ундааны зүйл хэрэглээгүй. Надтай явсан хүмүүсээс Орхон аймгийн Цагаанчулуут багаас авсан хүн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бусад нь эрүүл байсан. Надтай явсан хүмүүс айлд ирээд монгол архи уугаад нэг шил архи тойруулахад халцгаасан байсан. Монгол архи тойруулсан Бид нартай хамт явж байсан хүмүүсээс нэг нь литрийн "Ерөөл" нэртэй архийг гаргаж ирэн байшин дотор тойруулсан. Би бол уугаагүй. Хутга хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Байшин дотор ороод хутгалсан хутга хаана байгаа талаар асуухад гэрийн эзэн ширээн дээр байсан хүний га хүргэлгүгээр Орхон аймаг руу авч яван нэг цагдаад өгсөн юм. Нилээн их согтсон хүн байсан юм. Байшинд байсан хүмүүсээс Билэг-Өрнөхөөс бусдыг нь бол танихгүй. /хх 25-26 тал/

         Гэрч Д.Осорын өгсөн: …2015 оны 11 дүгээр сарын 22-ны өглөөний 11 цагийн орчим Танил зах дээр Билэг-Өрнөх хүрээд ир гэхээр нь би явж очиход Билэг-Өрнөх, Амгаа машинтайгаа зогсож байсан. Тэгээд явахаар болж гэрээс нь Загдсүм, Давкаа нарыг аваад Төв аймгийн Заамар сум руу явахаар гарсан. Замдаа гарахаас өмнө 0,5 литрийн "Ерөөл" нэртэй архийг Загдсүм бид хоёр хувааж уухад Билэг-Өрнөх ганцаараа 2,5 литрийн "Боргио" нэртэй пивыг уухаар нь Загдсүм бид хоёр хуваалцаж уусан. "Халиун" багийн нутаг руу ороод Билэг-Өрнөх айлаас зам асууя гээд байшинтай айл руу Билэг-Өрнөх, Давка нар эхлэж ороод араас нь Амгаа, Загдсүм бид гурав байшинд ороход 3 эрэгтэй, 2 эмэгтэй мах чанаад тогооноосоо гаргаж байсан. Байшинд байсан хүмүүс бид нарыг цай уу дээшээ суу гэхэд 5 литрийн данхтай монгол архи, айраг ууцгааж байсан. Билэг-Өрнөх надаас нэг шил архи өгчих энэ байшингийн хүмүүст гаргаж өгье эхээр нь би машинаас нэг шил 0.75 литрийн "Ерөөл" нэртэй архийг аван байшинд оруулж задалсан. Айлын хүмүүс үхэр нядлах гэж байгаа гэхээр нь байшинд байсан хүмүүсийн хамт байшингаас гараад үхэр нядалж байгаа газарт очиход Монгол архийг Тулгаа тойруулаад, Билэг-Өрнөх Ерөөл архийг тойруулж байсан. Үхэр өвчиж дуусахад бид нар буцаж байшинд орцгоогоод явцгаая гэхэд нь би гарч бие засчихаад гэрт орж ирсэн чинь танай найз чинь хүн хутгалчихлаа гэж гэрийн эзэн хэлсэн. Хутгалуулсан залууг харсан чинь зүүн гарнаас нь цус гарч байхаар нь Орхон аймаг руу авч явъя гээд Билэг-Өрнөх, Амгалангийн хамт машинд Тулгааг суулгаад Орхон аймаг руу авч явсан. Тэгэхэд Тулгаа замдаа Орхон аймаг явахгүй гэртээ ганцаараа байгаа хадамын малыг харж байгаа гэж хэлэхээр нь гэрт нь хүргэж өгөхөд гэрт нь хүн байхгүй байсан. Гэрт нь оруулж өгөхөд санаа зоволтгүй зүгээр гэж хэлэн гэртээ үлдсэн. Тэгээд анх очсон айлдаа эргээд очиход гэрийн эзэн нь та нар болиочээ наад хүнээ Орхон аймаг руу авч яв гэж хэлэхээр нь бид нар бүгд машиндаа суулгаад Тулгаагынд очоод Тулгааг аван Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Байшин дотор хэрүүл, маргаан зодоон болоогүй байхад ямар ч шалтгаангүйгээр Билэг-Өрнөх Тулгаагийн зүүн булчинд нэг удаа хутгалсан. Билэг-Өрнөх өөрийгөө удирдан жолоодох чадвартай буюу согтсон зүйл ажиглагдаагүй Тулгаа бол нилээн согтсон байсан. Билэг-Өрнөх ширээн дээр байсан хутгыг аваад Тулгааг хутгалсан гэж гэрийн эзэн ярьсан. Би хутгалахад нь нүдээр үзээгүй. Жолооч Амгаа хутгыг аваад Орхон аймгийн цагдаад өгсөн гэх мэдүүлэг /хх … тал/,

       Гэрч С.Алтангадасын өгсөн: 2015 оны 11 сарын дундуур шиг санаж байна найзуудтайгаа алтны уурхайд очиж ажиллах гэж яваад ирэхдээ хүний гарт хутгаар хатгасан гэдгийг нь сонссон гэх мэдүүлэг /хх 136 тал/,

       Гэрч Ц.Эрдэнэзулын өгсөн: Би эхнэр нь юм. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны орой манай нөхөр Эрдэнэтулга нь хүнд хутгалуулсан байна гэж Орхон аймаг дахь Цагдаагийн газраас утасдахаар нь мэдсэн. Тэгээд намайг очиход хамаг өмд, цамц нь цус болсон байдалтай байхаар нь би өөрөө нөхрийгөө эмнэлэг рүү авч явж боолт хийлгэж, эмчилгээ бичүүлэн тэр шөнөдөө гэртээ авчирсан. Тэгээд тэрнээс хойш боолт хийлгэж цэвэрлүүлж, эм тариа авч байсан. 2-3 хоногийн дараа би ажлаасаа чөлөө авсан байхдаа Осор гэх хүнтэй хамт явж Билэг-Өрнөхийн гэрт очиход Билэг-Өрнөх нь эхнэртэйгээ хамт байсан ба муухай юм болоод хутгаар хатгачихлаа гэсэн ба хэрүүл зодоон хийсэн юм уу гэхэд зүгээр хатгачихлаа гээд байсан. Би нөхрийнхөө эмчилгээний зардал мөнгийг яах вэ гэж хэлэхэд айлын хашаа байшин түрээслэж амьдарч байгаа хүмүүс хэцүү юм гэж хэлээд 250000 төгрөг надад бэлнээр өгсөн. Тэрнээс хойш дахин холбоо бариагүй, хаяган дээр нь очиход байхгүй алга болсон. Надад бэлнээр 250000 төгрөг өгсөн, өөр ямар нэгэн мөнгө болон бусад зүйл өгөөгүй гэх мэдүүлэг /хх 137 тал/

      Гэрч Н.Базарсадын өгсөн: Тэгээд юу болсон бэ гэж асуухад Б.Эрдэнэтулга зүгээр зүгээр юу ч болоогүй гэсэн ба зүүн гарын шуу хэсгээр нь цус гараад ханцуйг норгосон байсан. Тэгэхээр нь би наад гарнаас чинь юун цус гараад байгаан гэж хэлээд өмсөж байсан күртикийг нь тайлаад үзсэн чинь зүүн гарын булчинг нь нэвт хатгаж цус гоожуулсан байсан. Тэгэхээр нь би хутгаар хэн хатгасан бэ гэсэн чинь тэр залуусын дундаас нэг нь би хатгасан юм гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би гараараа зодоон хийж чадахгүй хутга бариад байхдаа яадгийн гэж хэлээд цааш нь цохиж унагаасан. Тэгээд тэнд байсан хүмүүст хандан хурдан эмнэлэг рүү авч яв гэж хэлсэн. Тэгтэл тэр хутгалсан гэх залуу би саяхан өршөөлийн хуулиар шоронгоос суллагдсан юм. Би энэ залуутай хоорондоо тохирьё гэж хэлсэн. Тэгээд би жолооч нь эрүүл байсан болохоор чи хурдан эмнэлэгт хүргэж өг, тэгэхгүй бол чи сүүлд нь хариуцлагад унана шүү гэж хэлсэн. Тэгээд хутгалсан, хутгалуулсан хоёрыг жолоочийн хамт Эрдэнэтийн эмнэлэг рүү явуулсан. Тэгээд би үхрээ янзлаад буцаж явсан. Намайг гэрт байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Гэрийн гадаа байж байхад ч ямар нэг хэрүүл маргаан болж байгаа нь мэдэгдээгүй. Хутгалсан гэх залуу нилээн согтуу байрын явж байсан. Тэр хоёр залуугийн хооронд хувийн таарамжгүй харьцаа байгаагүй гэх мэдүүлэг /хх 140-141 тал/

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 1024 тоот:

1.         Б.Эрдэнэтулгын биед зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ.

2.         Уг гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

3.         Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 31-32 тал/ эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг харъяаллын дагуу  шилжүүлэх тогтоол /хх 5, 7 тал/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 15-16 тал/, эд мөрийн баримтыг  хэрэгт хавсаргах тогтоол /хх 17 тал/,  хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 66 тал/, Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх саналтай тогтоол /хх 68 тал/, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан тогтоол /хх 69 тал/, мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгах тогтоолууд /хх 71-73 тал/, сэжигтнээр тооцох тогтоол, тэмдэглэл /хх 154-155 тал/, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл /хх 160-161 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх 163-173 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж эд мөрийн баримтаар хураагдсан эрээн иштэй 1 ширхэг хутгыг үзүүлж таниулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Билэг-Өрнөх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг "Уушийн өвөр" гэх газарт оршин суух Т.Ариажавын гэрт Б.Эрдэнэтулгыг шалтаг шалтгаангүйгээр зүүн гарын булчин тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн болох нь хэрэг үйл явдал болсон цаг, хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Б.Эрдэнэтулга, гэрч Э.Ариажав, Д.Загдсүм, Я.Амгалан, Д.Осор, Н.Базарсад нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 1024 тоот дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрээн иштэй хутга зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Билэг-Өрнөх, хохирогч Б.Эрдэнэтулга нарын хооронд архи алгасаж аягалсанаас үүдэлтэй хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээр тэдний хооронд тийм маргаан үүссэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд ямар ч шалтаг шалтгаангүйгээр бусдыг хутгалсан үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгэм дэх хүмүүсийн харилцааны цогц, нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжээрээ танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрээн иштэй хутганы хувьд хэрэг үйл явдал болсон айлын эзэн гэрч Ариажав шинж тэмдгийг тодорхой зааж, хутгыг жолооч залууд өгсөн талаар "Эрээн иштэй, шар хутга бол манай гэрийн хутга юм, би 5 залуугийн жолооч гэх залууд нь өгч, хутгыг уутанд хийгээд аваад явсан" гэж,  гэрч Д.Осор "Билэг-Өрнөх ширээн дээр байсан хутгыг аваад Тулгааг хутгалсан гэж гэрийн эзэн ярьсан. Би хутгалахыг нь нүдээр үзээгүй. Амгалан жолооч хутгыг аваад Орхон аймгийн цагдаад өгсөн гэсэн" гэж, гэрч Я.Амгалан  "Хутга хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Байшин дотор ороод хутгалсан хутга хаана байгаа талаар асуухад гэрийн эзэн ширээн дээр байсан бор иштэй хутга заахаар нь би ууттай гурилан бүтээгдэхүүний уутыг суллан хийж хүний гар хүргэлгүйгээр Орхон аймгийн цагдаад өгсөн юм" гэж, шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлах явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг хохирогч Б.Эрдэнэтулга "намайг хутгалсан хутга мөн байна, ширээн дээр мах идэж байсан хутга" гэж тус тус мэдүүлж, хэргийн 67 дугаар талд гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан байгаагаас үзэхэд  эрээн иштэй хутга нь тухайн хэрэгт хамааралтай, энэ хэргийн эд мөрийн баримт гэж үзэх үндэслэлтэй байна. Харин байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч эд мөрийн баримтаар хураан авах тэмдэглэл үйлдэхдээ түүнийг шар иштэй гэж содон шинж тэмдгийг бичилгүй орхигдуулан, хохирогчоос хураан авсан гэж ташаа мэдээлэл бичиж, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоолд Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болд-Эрдэнээс хураан авсан талаар тодорхой дурдсан байна.

Иймд шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхийг танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба түүнийг эмчлүүлэхтэй холбогдож гарсан зардалд 250000 төгрөгийг төлсөн, хохирогч нь эмчилгээтэй холбогдуулан нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэжээ. Харин хохирогч өвчтэй байх хугацаандаа олох байсан орлогоо нэхэмжлэнэ гэсэн боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогчийн биед учирсан гэмтэл гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарахаас гадна хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлтийг шинжээч гаргасан байгааг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхөд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон анх удаа хорих ял шийтгүүлж байгаа болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхийн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрээн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жааханц овогт Жигжидсүрэнгийн Билэг-Өрнөхийг танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаddгаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхөд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Билэг-Өрнөхийн цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрээн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн "Эд мөрийн баримт устгах комисст"-т даалгаж, шүүгдэгч Ж.Билэг-Өрнөх нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Билэг-Өрнөх авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ЦЭРЭНХАНД

                                   ШҮҮГЧИД                                             С.ЦЭРЭНДУЛАМ

                                                                                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН