Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01761

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 15 өдөр Дуга210/МА2023/01761

 

 

Б.*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/03249 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******ий нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:*******,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Азикапитал корпорэйшн ББСБ ХХК нарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантуяа, түүний өмгөөлөгч Б.Отгонпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, агуулга:

 

1.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1552 дугаар магадлалаар Б.*******өөс 53,111,909 төгрөг гаргуулан Азикапитал корпорэйшн ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Б.*******ий өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051734 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70Б байр, 17 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэж, улмаар тус шийдвэртэй холбоотой Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудас гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн байдаг. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 160,514,890 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдсэн бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

 

1.2. Б.*******ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх аливаа ажиллагаанд байлцуулааггүй, оролцуулаагүй.

1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулдаг. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээчийн томилдог. Гэтэл хөрөнгийн үнэлгээнээс харахад шийдвэр гүйцэтгэгчийн томилсон гэх "Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэхэд эргэлзээтэй буюу хөрөнгийн үнэлгээг Г.Отгонбаяр гэх үнэлгээчинд итгэмжлэл олгож хийлгэсэн.

 

1.3. Орон сууц буюу хөрөнгийг үнэлэхдээ мөнгө, санхүүгийн зах зээл, инфляц, түүнчлэн мөнгөнийн бодлогыг хүүг хөтөц үзүүлэлт болгохдоо буруу буюу өнөөгийн бодит байдлаас 2021 оны нөхцөл байдалтай холбож зөрүүтэй тооцоолсон байна. Жишээ нь, ам.долларын ханшийг 2,850 төгрөг, бодлогын хүүг 6 хувь, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн харьцуулсан судалгааг 2021 оны 2 дугаар улирлын байдлаар ашигласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

1.4. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ интернет зарын сайтаар зарлагдсан орон сууцны үнийн мэдээлэлтэй харьцуулжээ. Гомдол гаргах өдрийн байдлаар л гэхэд Содон хороолол /21-р хороолол/-н ойролцоо 112 ширхэг зар байхад ямар үндэслэлээр гэдэг нь тодорхой бус 3 зарыг тухайлан авч тэдгээрийн үнийг жишсэн нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй байна.

 

Иймд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн гэх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгийг төлбөр төлөгч Б.*******ийг биечлэн байлцуулан битүүмжлэн, хурааж, үнийн саналыг өөрөөс нь бичгээр хүлээн авсан.

 

Тэрээр өөрөө үнэлгээний талаарх саналыг бичгээр өгсөн. Дээрх ажиллагаа бүрт төлбөр төлөгч Б.******* оролцсон, эдгээр ажиллагааны талаар тухай бүрт тэмдэглэл үйлдсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг гэж заасан бөгөөд тухайлан хуулийн этгээд болон иргэн гэж тодотгоогүй мөн хуулийн этгээд нь тусгай мэдлэг мэргэжил эзэмших боломжгүй тул Сэлэнгэ эстимэйт ХХК нь итгэмжлэлийн дагуу шинжээч Т.Отгонбаярыг төлөөлүүлсэн хуулийн этгээд тул шинжээч томилох тогтоолд Т.Отгонбаярыг томилсон нь хууль зөрчөөгүй. Мөн шинжээч нь үнэлгээний үндсэн 3 аргаар үнэлэхэд тус хөрөнгө нь орон сууцны зориулалттай тул орлогын хандлагаар тооцоолоогүй, өртгийн хандлагын үнэлгээ нь 122,516,494.42 төгрөг, жишиг үнийн аргаар 160,514,890 төгрөгөөр тогтоогдсон тул уг дүнгээр үнэлгээг тогтоосон. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаарх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд барьцаа хөрөнгийг үнэлэх ажиллагаа холбогдох хуульд заасны дагуу явагдсан учир үнэлгээг хүчингүй болгох тухай Б.*******ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан тайлбар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, шүүгчийн захирамж байгаа гэснийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан "энэ 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчиж хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, төлбөр авагч /зээлдүүлэгч/ Ази капитал корпорэйшн ББСБ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШТ2023/00107 дугаар тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/03191 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийг хэвээр үлдээсэн ба уг захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.

 

Мөн анхан шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дах заалтын Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэснийг ноцтой зөрчиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 001/XT2022/00389 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байж, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/Ш32023/08808 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг*******т даалгаж хууль бус шийдвэр гаргаж, төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах хуулийн хугацаанд гомдол гаргаагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн хариу тайлбар зэргээр тодорхой нотлогдож байдаг.

 

Иймд Б.*******ий хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан, хариуцагч*******т холбогдох, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2201051734 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал/18062/ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70б байр, 17 тоот, 60 мкв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн нийт үнийг 160,514,890 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн зарчим 6.1, 6.4 дэх хэсэг заасан хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон эрхийг хязгаарласан. Тодруулбал, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантуяаг тус шүүхэд ирчихсэн байхад оролцуулалгүйгээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэмээн үзэж, хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хуралдааныг тэгш эрхийн зарчим дээр явуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.1 дэх хэсэг эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх 25.1.2 дах хэсэг ...шүүх хуралдаанд оролцох зэрэг нэхэмжлэгчийн эрхээр хангалгүйгээр орхигдуулж процессийн алдаатай, ноцтой зөрчил гаргасан.

 

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШТ2023/00107 дугаартай Гомдол шийдвэрлэх тухай тогтоолын хуулбарыг хавсаргасан байх ба уг тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/03191 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийг хэвээр үлдээжээ. Энэхүү шүүхийн тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй байхаас гадна уг тогтоолоор нэхэмжлэгчийн өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хэдийд хүлээж авсныг тодорхойлох боломжгүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь анх 2022 оны 10 дугаар сарын 27-ын өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарсан байдаг боловч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/03191 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гарсан. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй байсан ба үүнтэй холбоотой эмнэлгийн магадлагаа, шүүх хуралдааныг боломжит богино хугацаагаар хойшлуулах хүсэлтийн хамт шүүх рүү илгээсэн боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзан нэхэмжлэлийг буцаасан байдаг ба уг захирамжид гомдол гарган 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШТ2023/00107 дугаартай Гомдол шийдвэрлэх тухай тогтоол гарсан бөгөөд гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул уг захирамж албажиж гармагц бид тус шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргасан тул хариуцагчийн дээрх тайлбар ор үндэслэлгүй юм.

 

4.3. Шүүх хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шинжээч Сэлэнгэ Эстимэйт ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байх ба харин нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй, ийнхүү зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно хэмээн тайлбарласан.

 

Гэтэл нэхэмжлэгч нь дор дурдсан үндэслэлүүдээр хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа тайлбарласан байдаг. Төлбөр төлөгч Б.*******ийг Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ буюу хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах, ажиллагаанд байлцах эрхтэй. Гэтэл төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх аливаа ажиллагаанд байлцуулдаггүй, оролцуулдаггүй.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10/308 дугаартай шинжээч томилох тогтоолын1 дэх хэсэгт Г.Отгонбаяр ХХК-г шинжээчээр томилсугай гээдГ.Отгонбаярт эрх үүрэг танилцуулжээ. Гэтэл хөрөнгийн үнэлгээнээс харахад шийдвэр гүйцэтгэгчийн томилсон гэх Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэхэд эргэлзээтэй буюу хөрөнгийн үнэлгээг Г.Отгонбаяр гэх үнэлгээчинд итгэмжлэл олгож хийлгэжээ.

 

Орон сууц буюу хөрөнгийг үнэлэхдээ мөнгө, санхүүгийн зах зээл, инфляц, түүнчлэн мөнгөний бодлогыг хүүг хөтөч үзүүлэлт болгохдоо буруу буюу өнөөгийн бодит байдлаас 2021 оны нөхцөл байдалтай холбож зөрүүтэй тооцоолсон байна. Жишээ нь, ам.долларын ханшийг 2848 төгрөг, бодлогын хүүг хувь, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн харьцуулсан судалгааг 2021 оны 2 дугаар улирлын байдлаар ашигласныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа мөн хөрөнгийн үнэлгээ хийхдээ Содон хороолол /21-р хороолол/-н ойролцоо 112 ширхэг зар байхад ямар үндэслэлээр гэдэг нь тодорхой бус 3 зарыг тухайлан авч тэдгээрийн үнийг жишсэн нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй байна.

 

Үнэлгээний тайлангийн задаргаанаас үзвэл Монгол улсын эдийн засгийн судалгаа болон шинэ болон хуучин орон сууц зах зээлийн байдалыг тодорхойлох нэг үзүүлэлт болох валютын ханшийн тоймыг гаргахдаа үнэлгээ хийж тогтоосон хугацаа болох 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн валютын ханшаар тооцож гаргаагүй байх бөгөөд тус өдрөөс даруй 1 жил 2 сарын өмнөх хугацаанд буюу Монгол банкны валютын ханшийн мэдээг 2021 оны 08 дугаар сарын эцсийн байдлаар тооцож 2848.5 төгрөг жишин авч үзсэн байдаг. Сэлэнгэ эстимэйт ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярын гаргасан үнэлгээний тайлан нь бүхэлдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн бөгөөд дээрх байдлаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа юм.

 

4.4. Нэхэмжлэгч Б.*******ий өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051734 дугаарт бүртгэлтэй байрны үнэлгээг хийхдээ "Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Үнэлгээний тайлан нь өөрөө Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт "үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн нэр, хөрөнгийн үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, Мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл зааснаар хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа дээрх дурдсан мэдээллүүдийг тусгасан байхыг шаарддаг. Нэхэмжлэгч Б.*******ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051734 дугаарт бүртгэлтэй байрны үнэлгээний тайланд ... мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл буюу мэргэжлийн үнэлгээчин Г.Отгонбаярын мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл огт тусгагдаагүй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж, олон улсын стандартыг бариагүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч*******т холбогдуулан Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан маргасан байна.

 

3.******* нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаартай шийдвэр, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0906 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн мөн сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4.Талууд шинжээчийн үнэлгээ бодитой эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.*******ийг ажиллагаанд оролцуулсан эсэх талаар маргажээ.

 

4.а.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22280430/01 дугаартай тогтоол үйлдэж, Эрхийн улсын бүртгэлийн Y-2201051734 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал/18062/ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70б байр, 17 тоот, 60 мкв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцыг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа Б.*******ийг оролцуулсан, мөн хураан авах ажиллагаанд орон сууцны эзэмшигч болон хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулсан байх тул тухайн ажиллагаануудад төлбөр төлөгчийг оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журам, хугацааны тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан талаарх баримтыг ирүүлээгүй тул ажиллагаа хуульд нийцсэн гэж дүгнэснийг буруутгахгүй. /хх 80-94/

 

4.б.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүйн улмаас хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилсон байна. Тодруулбал, тухайн эд хөрөнгийг үнэлж буй саналаа төлбөр авагч Азикапитал корпорэйшн ББСБ ХХК нь барьцаа хөрөнгийг 65,000,000 төгрөгөөр үнэлсэн /хх 101/, төлбөр төлөгч Б.******* 192,000,000 төгрөг гэсэн үнийн санал өгсөн учир шинжээч Г.Отгонбаярыг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоох ажиллагааг хариуцагч байгууллагаас явуулсан байна. /хх96,103/ Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн гаргасан дүгнэлтэд Г.Отгонбаяр үнэлгээг гаргаад гарын үсэг зурсан байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний зөвшөөрөл бүхий этгээдийг шинжээчээр томилсон бөгөөд тухайн шинжээч нь үнэлгээний тайланг гаргасан байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

4.в.Шинжээч Г.Отгонбаярт, Сэлэнгэ Эстимэйт ХХК нь дээрх эд хөрөнгийг үнэлэх, үнэлгээний тайланг бэлтгэх, гарын үсэг зурах, тамга тэмдгээр баталгаажуулах бүрэн эрхийг олгосны дагуу шинжээч нь эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ олон улсын стандарт, зах зээлийн үнэ, зах зээлийн хандлага, нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн арга, өртгийн хандлагын аргыг ашигласан байна. Тэрээр жишиг үнийн аргыг сонгон авч, Эрхийн улсын бүртгэлийн Y-2201051734 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал/18062/ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70б байр, 17 тоот, 60 мкв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 160,514,890 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн заасантай нийцжээ. /хх 120-149/ Иймд тухайн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4.г.Хэргийн 119-149 дэх талд авагдсан Үнэлгээний тайлангаас үзвэл, үнэлгээчин үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ гаргасан хуулийн этгээдийн нэр, хөрөнгө үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл тусгагдсан байна. /хх124/ Иймд даатгалын талаарх мэдээлэлгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 

4.д.Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Гомдлын энэхүү үндэслэлтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өмгөөлөгч С.Саруултөгөлдөрт гэж хаягласан албан бичгийг хэрэгт хавсаргасан байна.

 

Тухайн баримтаас үзвэл Ч.Гантуяа шүүх хуралдаан болсон өдрийн хэдэн цаг, хэдэн минутад шүүх рүү нэвтэрсэн нь тодорхой бус байх тул шүүх хуралдааны товлосон цагт ирсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэжээ.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/03249 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД