Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0092

 

 

 

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, П.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0822 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б-ын нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0822 дугаар шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6, 23.7-д заасныг баримтлан “Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Авилгалтай тэмцэх газрын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 тоот захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэхгүй гэж дүгнэжээ. Хуулийн энэхүү заалтад: “...хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан” байгаа нь харагдаж байна. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуульд шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн ойлголт бий. Надад холбогдох хэргийг гэрч, хохирогч нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан. Нэгэнт хохирогч нь тодорхойгүй юм бол хаанаас гэрч олох гэж эрүүгийн хэргийг түдгэлзүүлээд байгааг Авилгалтай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тодорхой мэдэх учиртай.

Тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас намайг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тодорхойлсон 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 0006901 тоот тодорхойлолт гаргаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн намайг 2015 оны 7 дугаар сард “Иргэний нисэхийн үндэсний корпорац” гэх төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлаар томилогдоход Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын зөрчилгүй гэж тодорхойлж байсан. Гэтэл тухайн үед миний биеийг дээрх эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан хэрэг түдгэлзээтэй байсан.

Шүүгч “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэдгийг ингэж тайлбарлажээ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан байх бөгөөд дээрх маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчид ямар нэг үүрэг хүлээлгэсэн, хориг тавьсан, эрх зүйн байдлыг дордуулсан эрх зүйн акт биш бөгөөд хариуцагч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтыг хийж дээрх хариуг хүргүүлсэн байна гэж шүүгч дүгнэсэн хэрнээ. Авлигатай тэмцэх газар албан бичгээр намайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллуулж болохгүй гэж чиглэл өгсөн байгаа нь хориглосон утгыг илэрхийлж байгааг анхаараагүй,

Шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Хуулийн энэхүү заалтад: “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоосон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна “гэснээс харахад миний хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт” илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон ямар нотлох баримтыг үндэслэсэн Авлигатай тэмцэх газар нь дүгнэлт гаргасан болох нь ойлгомжгүй байхад шүүх уг хүн эрүүгийн хэрэгт шалгагдаж, хэрэг нь түдгэлзсэн гэдгийг ашиг сонирхлын зөрчилтэй нотлогдсон гэж дүгнэсэн нь хууль бус байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна. Учир нь :

Нэхэмжлэгч шүүхэд хариуцагч Авлигатай тэмцэх газрын албан бичиг хэргийн бүртгэлд нэр дэвшигч миний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаж хэдэн сарын хэдний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн талаар үзлэг хийх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй.

Харин хариуцагчийг маргаан бүхий бичиг баримтыг өөрсдөө гаргаж шүүхэд ирүүлэхийг даалгасан.

Энэ байдлаас дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн гаргасан татгалзалтай холбоотой, түүнд нийцсэн баримтыг шүүхэд ирүүлэх нь ойлгомжтой.

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архив, бичиг хэрэгт Т.Б миний ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянасан тухай албан тоотыг хэдний өдөр ирүүлснийг хүлээн авч бүртгэсэн болон хэрхэн баталгаажуулсан талаар үзлэг хийхийг хүссэн хүсэлтийг олон хоног явдал чирэгдэл болгож удаа дараа харилцан албан бичгээр харилцсаны эцэст хангасан боловч хэрэгт ач холбогдол бүхий баримтад шүүх үзлэг хийж чадаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шүүхийн өмнө тэгш байх зарчим алдагдсан.

Гэтэл 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд ажиллаж байсан н.Сайнбилэг гэдэг хүн шүүх хуралд гэрчээр оролцож тус газар нь төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу явсан болон ирсэн бичгийн бүртгэл хөтөлдөг бүртгэлийн дэвтэр байдаг болохыг нотолж мэдүүлэг өгсөн. Шүүгч үүнийг үнэлээгүй.

Тухайлбал: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бичиг хэрэгт надад холбогдох ашиг сонирхлын мэдүүлгийг хянасан тухай Авлигатай тэмцэх газрын албан тоотыг хэдэн сарын хэдний өдөр хүлээж авсан нь тодорхойгүй.

Миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хэдийд ямар үндэслэлтэй мэдүүлэг хянасан тухай албан бичиг ирүүлэх гэж байгаа талаар 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Засгийн газрын ордонд өдөр бүр өөрийн биеэр нэвтрэн орж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бичиг хэргээс байнга асууж байсан тул хуулийн хугацаанд ирүүлээгүй болохыг нь маш сайн мэдэж байсан болохоор л ингэж нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг шүүх хэрэгжүүлж чадаагүй.

Учир нь Авлигатай тэмцэх газар миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасан хугацаанаас хэтрүүлсэн үйлдлээ нууж байгаа болох нь тодорхой байна.

Шүүгч, “Иргэний нисэхийн үндэсний корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг харилцан хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан байх бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болоод тус агентлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан “Иргэний нисэхийн үндэсний корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь тус тусын дүрэмтэй, хоёр тусдаа байгууллага байна. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн гадаад сургалт, түүний зардалтай холбоотой асуудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан “Иргэний нисэхийн үндэсний корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хамаарахгүй учраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу уг албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүгч дүгнэж байгаа нь Т.Б намайг корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж болно, агентлагийн даргаар ажиллаж болохгүй гэж шууд дүгнэсэн. Гэтэл хавтас хэрэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Иргэний нисэхийн үндэсний корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ялгааг заасан нотлох баримт байхгүй байхад шүүгч юуг үндэслэн энэ дүгнэлтийг хийсэн нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Б нь Авлигатай тэмцэх газарт холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 дугаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Авлигатай тэмцэх газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад нэр дэвшсэн Т.Б-ын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаад 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” 01/5315 дугаар албан бичгээр “...Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна. Иймд Т.Б нь нэр дэвшсэн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна” гэсэн мэдэгдлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад хүргүүлжээ.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх эрхийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар Авлигатай тэмцэх газарт олгожээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүхийн дүгнэлтээр Авлигатай тэмцэх газар нь хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн маргаан бүхий 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 дугаар албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар дүгнэх үндэслэл, нөхцөл тогтоогдохгүй байх тул шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлгүй.

Тодруулбал, утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тухайн захиргааны актыг эрх зүйн мэдлэггүй, ердийн ухамсрын түвшинд хэн ч хараад хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийхүйц байхыг ойлгодог, түүнчлэн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг нь хувийн болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй гэсэн эрх зүйн үндсэн зарчимд нийцсэн байхыг ойлгоно.

Гэтэл Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” 01/5315 дугаар албан бичгийг дээрх тайлбарт тодорхойлсон байдлаар дүгнэгдэх боломжгүй байна.

Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий акт “илт хууль бус” байх шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгчийн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг шүүх хэрэгжүүлж чадаагүй...” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэгт бичвэрийн болон хууль хэрэглээний алдаа байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0822 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “...3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн ... 23.5, 23.7” гэснийг хасч, “...23.6” гэсний дараа “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1” гэж нэмж, 2 дахь заалтын “... дпагуу” гэснийг “... дагуу” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР