Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00823

 

Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийдвэр,        

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Гансүхэд холбогдох,

Нийгмийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 8 820 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч байгаа иргэдийн цэргийн албанаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг шалгаж гарсан зөрчлийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэдэгдсэн. Шалгалтаар Л.Гансүх нь 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн албан хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохдоо цэргийн албанаас Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлын учир халагдсан байсан атлаа эрүүл мэндийн улмаас халагдсан гэж хуурамч лавлагааг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлэн өгч, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон байна. Иймд үндэслэлгүй авсан 8 820 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай ах цэргийн албанд 10 жил ажилласан. Цэргийн алба хааж байх хугацаандаа нүдэндээ гэмтэл авч, түүнийгээ үндэслэж нотлох баримтаа бүрдүүлж, тэтгэвэр тогтоолгосон. Бид хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөөгүй гэжээ. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Гансүхээс 8 820 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч НДХ-нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Л.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамжид 156 084 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-т” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Гансүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын гомдлоо гаргаж байна.Манай төрсөн ах Л.Гансүх нь 1981-1992 оны 02 cap хүртэл цэргийн алба хаасан бөгөөд 1992 оны 02 сард нүдэндээ гэмтэл авч хараа нь муудсаны улмаас цэргийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан байдаг юм. Тухайн үед хээрийн сургууль хийж байгаад биедээ гэмтэл авч цэргийн коспиталд удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл манай ах 10 гаруй жил цэргийн алба хааж цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байсан нь хууль зөрчөөгүй юм. Харин Батлан хамгаалахын төв архивт хадгалагдсан архивын баримт бичгийн бүрдэл болон ажилчдын задгай байдлаас болж эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байгаагаас шалтгаалж тэтгэврээ үргэлжлүүлэн авч чадахгүй хохирч байна. Манай ах Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл огт байхгүй бөгөөд цэргийн байгууллагад 10 жил гаруй алба хааж цэргээс эрүүл мэндийн шалтгаанаар халагдсаны хувьд тэтгэвэр авах эрх нь үүссэн байхад дээрх хуулийн заалтыг баримталж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед Батлан хамгаалахын Төв архивын орлогч дарга Х.Цагаанхүүгээр архивын лавлагаа гаргаж авсан бөгөөд манай ах Х.Цагаанхүүг огт танихгүй Х.Цагаанхүү дарга манай ахын лавлагааг хуулийн дагуу гаргаж өгсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа манай ахыг эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдаагүй ар гэрийн гачигдлаар халагдсан лавлагаа гарч ирсэн учраас үндэслэлгүй тэтгэвэр авсан гэж үзэж нийгмийн даатгалын байцаагч акт тавьсан юм. Үнэхээр тухайн үед манай ахын эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан лавлагаа архивт нь байхгүй байхад лавлагаа гаргаж өгсөн Х.Цагаанхүү дарга энэ асуудлаар эрүүгийн хэрэгт татагдаж гэм буруутай болох нь шүүгчийн захирамжаар тогтоогддог юм. Өөрөөр хэлбэл манай ах хуурамч ямар ч баримт бичиг бүрдүүлээгүй байхад манай ахыг хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэвэр тоггоолгосон гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна. Тэгээд ч Х.Цагаанхүү дарга өөрийн гэм буруугаа хүлээж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж өршөөл үзүүлэх хуульд хамрагдсан байдаг юм.

Иймд гэмт хэрэг үйлдэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж Өршөөл үзүүлэх хуульд хамрагдсан Х.Цагаанхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар хууль хэрэглээний алдааг залруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Л.Гансүхэд холбогдуулан үндэслэлгүй авсан тэтгэврийн 8 820 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1\02 дугаар актад “...Л.Гансүх нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалтаар 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохдоо Батлан хамгаалах төв архивын 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5099 тоот архивын лавлагааны “1992.02.13.-ны өдрийн 18 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлын учир” халагдсаныг “эрүүл мэндийн улмаас” гэж засварлан хуурамч бичиг баримтаар, Л.Гансүхэд тэтгэвэр тогтоолгож, 8 820 900 төгрөгийг үндэслэлгүйгээр тогтоолгон авсан зөрчил илрэв” гэжээ \хх-ийн 2-3 дугаар тал\.

 

Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1\02 дугаар акт гарах үед Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан 23 дугаар зүйлийн 1-д: “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд ... хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэл зэргээр тэтгэвэр буюу тэтгэмжийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлж, иргэнийг 40000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 60000-100000 төгрөгөөр, байгууллагыг 200000–250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасан байжээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйл 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байна. Ийнхүү шинэ найруулгаар хуулийн 23 дугаар зүйл нь “1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн агуулгатай болжээ.

 

Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1\02 дугаар актыг Л.Гансүхэд танилцуулсан эсэх, улмаар Л.Гансүх актын талаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан эсэх, нэхэмжлэгч төлбөр төлөхийг урьд өмнө шаардаж байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна улсын байцаагчийн 2014 оны актыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 10 дугаар сар хүртэл  хэрэгжүүлээгүй шалтгаан тодорхой бус байна.

 

Шүүх хариуцагч Л.Гансүхээс төлбөр гаргуулах эсэх асуудлыг хянан шийдвэрлэхэд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн хуучин найруулгыг баримтлах, эсхүл шинэчилсэн найруулгыг буцаан хэрэглэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх учиртай.

Түүнчлэн, цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжийг зөрчигчдөд ногдуулах захиргааны шийтгэл улсын байцаагчийн актын үндэслэл болсон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтаас хасагдсан нөхцөлд шүүх тухайн хуулийг эсхүл өөр хуулийг хэрэглэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно.

Нөгөө талаар, улсын байцаагчийн актад Л.Гансүхийг бичиг баримт засварлан, хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэвэр тогтоолгосон гэж заасан байна. Гэтэл хэрэгт  Л.Гансүхийг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх байдлыг нотолсон баримт авагдаагүй байна.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цагаанхүүд холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар хэрэгсэхгүй болгожээ \хх-ийн 30 дугаар тал\.

Энэ захирамжид зааснаар Г.Цагаанхүү гэгч нь 9 иргэнд \тэдгээрийн дотор Л.Гансүхэд\ архивын хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн, улмаар нийт 99 628 180 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж заасан байна. Мөн захирамжид яллагдагч Г.Цагаанхүү хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, улсад учирсан хохирлыг түүнээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг заажээ.

Дээрх байдлаас үзвэл цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг хууль бусаар тогтоолгосон гэх үйл баримтын эрх зүйн үр дагаврыг шүүгчийн захирамжид зааснаар Г.Цагаанхүү, улсын байцаагчийн актад зааснаар Л.Гансүх хариуцахаар болж байгааг шүүх анхаараагүй байна.

 

Түүнчлэн, цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн, улмаар улсад хохирол учруулсан үйл баримт, гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаагүй байхад улсын байцаагч 2014 онд ямар баримтад үндэслэн акт гаргасан болох нь ойлгомжгүй байна.

 

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна” гэж заажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасан байна. Л.Гансүх хэдийнээс ямар хэмжээний тэтгэвэр авч байсан, түүний тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоосон эсэх, зогсоосон бол хэдийнээс гэх байдлыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нөгөө талаар, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол тэтгэврээс нь суутгал хийж болох ба нэг удаагийн суутгалын хэмжээ нь тэтгэмжийн болон сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй байна.

Хариуцагч Л.Гансүхийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоосон эсэх нь тодорхой бус байгаагаас гадна тэрээр одоо ямар нэг тэтгэвэр авч буй эсэх нь тогтоогдоогүй, улмаар төлбөрийг хариуцах үндэслэлтэй гэж үзвэл тэтгэврээс суутгал хийх журмаар, эсхүл бүрэн хэмжээгээр төлөх зэрэгт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан зохицуулалтыг үндэслэл болгожээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Гэм хор учруулснаас үүрэг үүссэн гэж үзэх, улмаар уг гэм хорыг арилгах хариуцлага ногдуулахын тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, хариуцагч хууль бус үйлдэл хийсэн \эс үйлдэхүй гаргасан\ байх, энэ үйлдэл \эс үйлдэхүйд\ гэм буруутай байх, энэхүү үйлдэл \эс үйлдэхүй\ болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо байх учиртай.

Хэрэгт хариуцагч Л.Гансүхийн хууль бус үйлдэл, түүний гэм бурууг нотлох баримт авагдаагүй, шүүх дээрх байдлыг хэргийн оролцогчдоос тодруулаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Л.Гансүхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагчаас түүний авсан хөрөнгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч уг хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байх, нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд үүрэг үүсээгүй байх, эсхүл тэдгээрийн хоорондох үүргийн харилцаа дуусгавар болсон байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Л.Гансүх цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгосон талаар талууд маргаагүй боловч хэдэн оны ямар шийдвэрээр хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон, хэдий хугацаанд тэтгэврийг ямар хэмжээгээр авсан болох нь баримтаар тогтоогдоогүй байна. Энэ тохиолдолд  нэхэмжлэгч өөрийн хүлээсэн үүргээ гүйцэтгэж, хариуцагчид шилжүүлсэн хөрөнгийн хэмжээг тодорхой бус гэж үзнэ.

Хариуцагч Л.Гансүхийн тэтгэвэр олголтыг хуульд зааснаар түдгэлзүүлэн зогсоосон эсэх, зогсоосон бол ямар шийдвэрээр хэзээ гэдэг нь мөн баримтаар тогтоогдоогүй тул    нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондох үүргийн харилцаа дуусгавар болсон үйл баримт нотлогдоогүй гэж үзнэ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтыг баримтлахдаа давж заалдах шатны шүүх хууль буцаан хэрэглэх эсэх асуудлын талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, тухайн зохицуулалтын аль хувилбарыг хэрэглэсэн нь тодорхой бус байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний дээрх алдааг хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд залруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 156 084 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН